Төрийн шагналт, зураач Ц.Цэгмэдийн охин Цацралтай ярилцсанаа хүргэе.
-Таныг СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн хувцас загварын анги төгссөн гэж дуулсан. Тэгэхээр анхандаа зураач болъё гэж бодоогүй байх нь ээ?
-Намайг 10 жилээ төгсөх үед Соёлмаа багштай Монголын анхны хувцас загварын анги нээгдсэн нь тухайн үедээ л шинэлэг, олны анхаарал татахаар байсан. Би багаасаа зурахын хажуугаар хааяа зүү утас нийлүүлчихдэг байсан болохоор тэр ангийг сонирхсон. Гэрийнхэн ч “Загварын чиглэлээр сурвал ядах нь ээ эмэгтэй хүн өөрийгөө зөв хувцаслана” гэж намайг дэмжсэн юм. Хичээл гүнзгийрэх тусам зураг бараг зурдаггүй, эсгүүр гаргадаг, техникийн хүн болдог юм билээ. Тэгээд л зурах багасаад ирэхээр тэр мэргэжил надад тохиромжгүйг мэдэрсэн. Гэхдээ хувцас загварын ангид сурсан жилүүдээ цагаа дэмий үрсэн хэрэг гэж боддоггүй. Их зүйл мэдэж авсан.
-Тэгвэл мэргэжлээ дээшлүүлэхдээ яагаад Германыг сонгосон юм бэ?
-Олон гүн ухаантан, зохиолч, орчин үеийн зураачид герман гаралтай тул илүү оюунлаг орон гэж бодож сонгосон гэх үү дээ. Тэгээд ч миний сурсан Берлиний урлагийн их сургууль Европтоо хамгийн нэр хүндтэй, алдартай нь. Мартин Киппенбергер, Георг Базелиц, Йорг Иммендорф, Герхард Рихтер, Даниэль Рихтер тэргүүтэй орчин үеийн хамгийн мундаг гэгддэг олон зураач энэ сургуулийн профессорууд. Урлагийг ямар ч хэлбэрээр илэрхийлж болно. Хамгийн гол нь өөрийнхөө бүтээсэнд бүрэн итгэлтэй, үнэнч байж, түүнийгээ урлаг гэж үзэх нь чухал гэдгийг тэд надад заасан. Хоёрдугаарт, өөрийгөө далайн нэгхэн дусал, өчүүхэн гэдгийг мэдэрсэн. Гуравдугаарт, эрс тэрс зүйлс ч гэсэн нэгдэж л чадвал маш хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-Тэд таныг юу гэж үнэлдэг байв?
-Томас Зипп багш маань “Манай ангиас чи л юм дуулгана даа” гэдэг байлаа. Сургуулиа төгсөхөөсөө өмнө би гэр бүлтэй болж, анхны хүүхдээ төрүүлсэн юм. Тэр үед багш их халаглаж “Харамсалтай нь чи сонголтоо хийлээ” гэсэн. Гэр бүл зохиох нь жинхэнэ зураач болж, амжилтад хүрэхэд муугаар нөлөөлнө гэж багш үздэг. Тэр тусмаа эмэгтэй зураачдад илүү хамаатай асуудал гэдэг. Дэлхийн энэ зууны шилдэг 100 контемпорари зураачийн жагсаалтад эмэгтэй зураач хоёрхон л багтдаг. Эрчүүд давамгайлсан энэ салбарт эмэгтэй хүн зүтгэх амаргүй, адил эрхгүй гэдгийг энэ үзүүлэлт харуулж байна. Гэсэн ч бүгдийг хослуулж болдгийг би багшдаа баталсаар байгаа. “Энэ зургийг эмэгтэй хүн зурсан нь илт мэдэгдэж байна” гэж хэлэх нь бараг л муугаар үнэлж байгаа утгатай.
-Бүтээлээр нь тухайн зураачийг юу боддог, ямар хүн бэ гэдгийг таньж болно гэдэг юм билээ. Эмэгтэй хүний ертөнц илүү романтик, цэвэр байдаг болохоор ч тэр үү, бүсгүй хүний бүтээл гэж мэдэгддэг юм болов уу?
-Тийм байж болох л юм. Гэхдээ энэ бол хэвшмэл бодол. Романтик гэхээр өнгөцхөн гэдэгтэй адил ойлгогддог бололтой. Урлагт эмэгтэй, эрэгтэй гэх чанарын үзүүлэлт байхгүй шүү дээ. Харин жендерийг өөрийнхөө дагнасан сэдэв болгосон уран бүтээлчид бий. Сара Лука, Синди Шерман зэрэг зураач бүсгүйчүүдийг их хүндэлдэг.
-Ингээд бодоход зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолчдын ч гэсэн олонх нь эрэгтэй байдаг. Тэднээр эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулуулах гэж бурхан эрэгтэй уран бүтээлч олон “төрүүлдэг” гэж бодож байна уу, эсвэл энэ зөвхөн эмэгтэй хүний давхар үүрэг, ар гэрийн ажилтай холбоотой юу?
-Анхнаасаа л эрчүүд давамгайлсан салбарт эмэгтэй хүн яаж ч хичээсэн бэрхшээлтэй тулгардаг. Эрчүүдээс хоёр дахин их хөдөлмөрлөж, бас илүү овсгоотой байж гэмээнэ адил амжилтад хүрнэ. Гэр бүлтэй бол бүр их хэцүү.

-Авьяас байхад давамгайлал тийм чухал гэж үү?
-Амжилтад хүрэхэд авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь нөлөөлдөг гэдэгт би итгэдэг.
-Зөөлөн нь хатуугаа гэдэг шиг айл гэрийн эзэгтэй амьдралыг зөөллөдөг. Харин эмэгтэй зураачийн урлаг дахь үүрэг гэж бий юү?
-Урлагт зөвхөн эмэгтэй хүний үүрэг гэж тусдаа байхгүй ээ. Агуулга сайтай, чанартай уран бүтээл хийх нь бүх зураачийн эрмэлзэл. “Пөөх, энэ эмэгтэй хүний бүтээл юм уу” гэж шагшруулж чадаж байвал сайн. Эцэстээ “Энэ эмэгтэй хүний бүтээл шиг харагдаж байна” гэдэг нь тааруухан гэсэн үнэлэмж биш, магтаалын үг болж чадтал нь зураач бүсгүйчүүд үзүүлээд өгөх хэрэгтэй.
-Монголд давхар ажил хийхгүй л бол зөвхөн уран бүтээлээ туурвиад амьдрах хэцүү. Та Германы ямар нэгэн галерейд харьяалагддаг уу. Хүний нутагт уран бүтээл хийхийн зэрэгцээ гэр бүлээ анхаарахын тулд амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Байнгын харьяалалтай галерей байхгүй ч тогтмол хамтран ажилладаг хүмүүс бий. Эрээн цаасаар гараа уяулахгүйг аль болох хичээдэг юм. Сурсан мэдсэнээ ашиглан амьдарч болж л байна. Маш их авьяастай хэрнээ тэс өөр салбарт ажиллаж байгаа хүмүүсийг хараад харамсдаг ч амьдрал хойно яая гэх вэ. Берлиний урлагийн их сургуульд цагийн багшаар ажилладаг. Уран зурагт арьсны өнгө хэрхэн найруулж гаргах вэ, орон зай гэж юу вэ гэх зэргээр сэдэвчилсэн хичээл заадаг юм.
-Таны аав, Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд лаа асааж зурдаг юм билээ. Танд уран бүтээлээ туурвихад ямар нэгэн зуршил байдаг уу?
-Өдөр сургууль, гэр бүл, ахуй амьдрал гэсээр 21.00 цагт унтаад 02.00 цагт сэрж, 06.00 хүртэл ажилладаг. Яагаад ч юм тэр үед оюун санаа илүү төвлөрдөг. Үүр цайх үеийн цэнхэрдүү гэгээ, шувуудын жиргээ, хүйтэн цэнгэг агаар цаанаа л сайхан. Гэхдээ нойроо тасалж, эрүүл бус унтаад сурчихсан болохоор хурдан хөгширнө байх даа. Хөөмийгөөс авахуулаад хүнд рок, электро гээд л төрөл бүрийн хөгжим сонсож, муудсан жийнсээ өмсөөд хөл нүцгэн зурах дуртай. Яагаад ч юм хөлний улаараа энерги авч, илүү эрх чөлөөтэй болох шиг санагддаг.
-Зураач хүн ар гэрээ давхар анхаарах хэцүү гэж та түрүүн хэлсэн. Тэгвэл Цэгмэд гуай зураач, бас аавын ажлын алиныг нь илүү сайн хийдэг вэ?
-Хэцүү асуулт байна. Агуу дотоод ертөнцтэй, ийм сайн зураач аавтай нь миний аз гэж боддог. Байнга толгойгоо илүүлэхээс илүү урлагийн түүх, соёл, шашин гэх мэт орчлонгийн эрээн бараан олон сэдвээр түүнтэй ярилцахад тархийг минь цэнэглэж, уран бүтээлд хэрэг болох санаа ч төрүүлдэг. Ямар ч сонголт хийсэн надад итгэж, дэмждэгт нь ээж, аавдаа баярладаг. Аав бодлоо хуваалцдаг ч намайг ямар нэгэн зүйлд хэзээ ч ятгаж байгаагүй.
-Зураач болох тавилантай нь л урлагт зүтгэдэг гэж боддог уу, эсвэл гэр бүлийн нөлөөлөл байх уу?
-Аав минь уран бүтээлч биш байсан ч гэсэн би зураач л болох байсан биз. Ямартай ч урлагтай холбоотой л ажил хийнэ. Мэдээж зураач аавтай болохоор багаасаа л тосон будгийн шингэлэгчийн үнэрт дасаж, одоо сэнгэнэхэд нь гэртээ байгаа юм шиг өег санагддаг байх. Хувь заяанд итгэдэг. Дуртай зүйлээ хийгээд амьдрах нь ажил биш, аз жаргал юм даа.
-Та хоёрын уран бүтээлийн ертөнц хэр өөр вэ?
-Өнгөц харахад ажиллагаа, бүх зүйл нь тэс өөр хэрнээ сэдвээрээ огтлолцох нь бий. Аав минь нэн эртний үед бөө нарын бэлгэшээж зурсан хадны зураг судалж бүтээлдээ дүрсэлдэг бол би хүн яагаад далд ертөнцөд итгэж, бурхныг хайдаг юм бол гэдгийн хариултыг эрдэг. Бэлгэдэл зүйн дүрслэлийг сонгодгоороо аавтайгаа төстэй байх. Мормон, шинжлэх ухаан, бөө мөргөл, буддын шашин бүгд л олон янзын цонхоор нэг л нар руу ширтэж байгаа. Тэр цонхнуудын шил, хүрээ нь ямар байгаагийн нарийн ялгааг олох би дуртай.
-Та нэг ярилцлагадаа “Нууц бүхэн миний сонирхлыг татдаг” гэсэн байна лээ. Нууц тайлахын тулд хэрхдэг вэ?
-Өөр дээрээ туршилт хийхээс буцахгүй шүү (инээв). Оюун санаагаа байнга нээлттэй байлгаж, намайг гайхашруулах боломжийг бусдад олгодог.
-Орчлонгийн энэ олон нууцаас хариуг нь олж, ухаарсан нь юу вэ?
-Би ч ухааралдаа дүгнэлт хийх насандаа арай л очоогүй байна. Амьдралын зам урт, сурч мэдэх зүйл олон бий. Миний хэлэх гэж байгаа зүйл догма шиг санагдаж магадгүй л дээ. Сайн сайхан зүйлийг хүн өөрөө бүтээх хэрэгтэй. Бурхан, чөтгөр буюу сайн, муу хоёул хүний дотор оршдог ч аль талаа хөгжүүлэх нь өөрийн сонголт гэдгийг одоогоор ойлгоод байна. Дэнд үү рационал ч гэлээ би гайхамшигт итгэсэн хэвээрээ байх болно.
-Магадгүй гайхамшигт итгэхийг урлаг уран бүтээлчээс шаарддаг юм болов уу?
-Тийм шүү. Дотоод хүүхдээ сэрээж, хааяа саналыг нь сонсох хэрэгтэй. Тэгэхээр аав бид хоёрын ярилцаад сууж байгаа нь заримдаа дөрвөн настай хүүхдүүд тоглож байгаа юм шиг мэдрэгддэг байх нь (инээв).
-Европт олон жил амьдрахаар илүү чөлөөтэй сэтгэдэг болсон байх. Энэ нь таны уран бүтээлд нөлөөлж байна уу?
-Хүний хүмүүжил, сурсан мэдсэн, амьдралд тохиосон хувь заяа, бийр зотонд хүрэх үеийн мэдрэмжийн нэгтгэл нь сэтгэлгээний задрал гэж ойлгодог. Мэдээж Европт олон жил амьдарсны нөлөө байдаг биз. Гэхдээ миний бүтээлд нүүдэлчин сэтгэлгээ бас их байгаа бололтой. Энд үзэсгэлэнгээ дэлгэхээр сонирхогчид “Яг л Монгол үнэртэж байна. Оньсого шиг юм” гэдэг. Манай ангийнханд багштай яг адилхан зурдаг болтлоо нөлөөнд нь орсон зураач олон бий. Нөлөөлөл бүхий зүйл үүдээс өөрийгөө чөлөөлж байхыг эрмэлздэг. Миний зургийг хараад багш нь Томас Зипп, аав нь Цэгмэд юм байна гэж танигддаггүйд баяртай байдаг. Өрнө, дорныхны гоо сайхны мэдрэмж бага зэрэг ялгаатай. Европчууд гүйцэтгэл нь эцэстээ тулсан, илт чимэглэлийн маягийн уран зураг таашаадаг гэх үү дээ. Олон нийтийн хүсэмжилдэг зүйлийг дээр хэллээ. Мэдээж энэ олны дунд өөр мэдрэмжтэй хүмүүс байлг үй яах вэ.
-Массын тухай сая дурдлаа. Зургаа зурж байхдаа үзэгчдэд ямар сэтгэгдэл төрөх бол гэж боддог уу?
-Дууссан хойно нь хааяа боддог. Гэхдээ хэн нэгний бодох, хэлэх зүйлд зориулж зургаа засдаггүй. Заавал худалдах юмсан гэх бодлыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Зүгээр л хүссэнээ хийж таашаал аваад, дуртай нэг нь авна биз гэж бодоход толгойд тоормос байхгүй сайхан байдаг юм.
-Таны зургийн үнийг асуухгүй. Гэхдээ ямар хүн худалдаж авах нь таны сонирхлыг хэр татдаг вэ?
-Германд бүх зүйл рационал байдаг болохоор зургаа дуртайгаараа үнэлэх ойлголт байхгүй. Зургийн хэмжээ, техник, зураачийн намтар гэх мэтийн мэдээллийг оруулсан томъёоллоор өртгийг нь тогтоодог юм. Миний зургийг худалдан авагч болон сонирхогчийг ажиглах нь ээ, мэргэжил, нийгмийн давхаргаас үл хамааран надтай төстэй сэтгэдэг, тухайн зурагт үнэхээр дурлаж авдаг шиг санагддаг. Тийм ч болохоор тэр хүндээ маш нандин зүйл байх.
Б.ДӨЛГӨӨН