Академич Т.Шагдарсүрэн ахлагчтай Монголын мэс заслын багийнхан 1954-1956 онд туршилтын лаборатори байгуулан, зүрхний гол судас, артерийг хиймэл судсаар орлуулах, зүрхний таславчинд хиймлээр цоорхой гаргаж түүнийгээ нөхөх, хиймэл хавхлага суулгах зэрэг түвэгтэй мэс ажилбарыг нохой дээр амжилттай туршсанаар хүний зүрхэнд мэс хүргэх эхлэл тавигдсан гэдэг. Тухайн үед одоогийн Хүүхдийн II эмнэлгийн ард 12 өрөө модон байшинд туршилтын 20-30 нохойтой, амьтан маллагчтай байсан гэж мэргэжил нэгт нөхөд нь хуучилдаг юм. Үүний дараа буюу 1957 онд хүний зүрхнээс зүү авч, 1958 онд артерийн битүүрээгүй цорго боох, 1960 онд зүрхний хоёр хавтаст хавхлагын нарийслыг тэлэх хагалгаа хийжээ.
1961 онд зүрхний бэтэг, 1963 онд үнхэлцэг хальсыг хэсэгчлэн тайрах зэрэг мэс засал амжилттай хийсэн байдаг. Тэр цагаас хойш Монголын зүрхний мэс заслын салбар үе шаттайгаар хөгжиж, 1969 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт Зүрхний мэс заслын тасаг байгуулагдсанаар өдгөө зүрхний бүх төрлийн гажгийн 80 орчим хувийг зөвхөн энд эмчилж байна. Тэдний нэг, салбарынхаа хүнд ачааг нуруундаа үүрэлцэж, 30 гаруй жилийн түүхийг нь хамтран бичилцэж яваа эрхэмтэй ярилцлаа. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, клиникийн профессор Б.Түмэнжаргал 1981 онд ОХУын I анагаах ухааны дээд сургууль төгсөж ирээд анагаахын ноён оргил гэгддэг зүрхний мэс заслын албатай амьдралаа холбосон олон хүний нэг нь. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу. Уг нь таныг зүрхний мэс засалч гэж сонссон. Яагаад унтуулгын эмч болсон юм бэ?
-Би 1956 онд Завхан аймагт төрсөн. ОХУ-ын анагаахын их сургуульд зургаан жил сурч ирээд Анагаах ухааны хүрээлэнгийн мэс заслын секторт ажиллаж байлаа. Тухайн үед Монголын зүрхний мэс заслын салбарыг тус хүрээлэн, Анагаахын дээд сургууль, Гуравдугаар эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийнхан авч явж байсан юм. Энэ хүрээлэнд ажиллаж байсан минь намайг зүрхний мэс заслын салбар руу гулсан ороход хүргэсэн гэх үү дээ. 1990-ээд оны дунд үе хүртэл зүрхний мэс заслын алба хүрээлэнд, нэг бол Гуравдугаар эмнэлэгт харьяалагдаж явсан. Багт нь дээрх гурван газрын эмч, мэс засалчид байлаа. Үүнээс хойш Гуравдугаар эмнэлэгт Зүрхний мэс заслын тасаг бие даан хөгжиж, өдгөө Зүрхний төв болон өргөжөөд байна. Энэ үед л би тус эмнэлгээр овоглох болсон. Мэс засалчаар хэсэг ажилласны дараа Монголын зүрхний мэс заслын домог гэлцдэг Ц.Бундан эмч “Чи мэдээгүйжүүлэг, эрчим эмчилгээний эмч бол. Унтуулгын эмч ховор, чадвартай хүн хэрэгтэй байна” гэж зөвлөснөөр одоо болтол энэ албандаа зүтгэсээр явна даа.
-“Зүрхний мэс заслыг түвшнийх нь хувьд цөмийн физик, сансрын шинжлэх ухаан, сонгодог урлаг, биотехнологи гэх мэт хамгийн сүүлийн үеийн хүчтэй хөгжиж буй тэр салбаруудтай зүйрлэж болмоор. Өөрөөр хэлбэл, зүрхний мэс засал бол сансрыг эзэмших хэмжээний хэцүү ажил” гэж Б.Болдсайхан эмч хэлж байсан.
-Одоогоос 50-60 жилийн өмнө хүний зүрхийг зогсоогоод, буцаагаад “эвлүүлж”, сэргээнэ гэдэг үлгэр домгийн л зүйл байлаа. Гадаадын эмч нар 10-аад жилийн өмнөөс янз бүрийн төслийн шугамаар Монголд ирэх болсон. Тэд энд ирэхээсээ өмнө биднийг зүрхний мэс засал хийдэг гэж мэддэггүй байсан гэж дараа нь хэлж байсан. Манайхтай ойролцоо хүн амтай, нийгэм, эдийн засгийн нөхцөл нь ч ялгаагүй дэлхийн зарим улсад зүрхний хагалгаа огт хийхгүй байгаа. Гэтэл бид өөрсдийнхөө хэмжээнд, чамгүй хөгжил дэвшилд хүрч явна. Академич Т.Шагдарсүрэнгийн санаачилгаар 1969 оны дөрөвдүгээр сард 50 ортой Зүрх судасны мэс заслын тасаг байгуулж, алтан үеийнхний төлөөлөл болсон Т.Шагдарсүрэн, С.Загдаа, Ц.Бундан, Р.Пүрэв, Ж.Моондой, Ё.Бодьхүү нарын зургаан эмчид Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсэн байдаг. Өнөөдөр бидний дунд Хөдөлмөрийн баатар, доктор, профессор Н.Баасанжав эмчээс эхлээд ардын болон гавьяат эмч нар ажиллаж байна.
-Үнэнийг хэлэхэд тантай уулзах өөр нэг шалтгаан надад байсан. Одоогоос 30 орчим жилийн өмнө 19 настай Ш.Тунгалаг охин төрөлхийн зүрхний гажигтай гэсэн оноштойгоор Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэс засал хийлгэн, эдгэрээд гарсан юм билээ. Тэр эмэгтэй таны өвчтөн байсан гэсэн. “Талархсаныг минь сониноороо дамжуулж өгөөч” гэсэн хүсэлт түүнээс манайд ирсэн юм. “Ямар нэгэн албан тушаалын амбийцгүй. Ажилдаа өөриймсөг, бусдыг ялгалгүй, соёлтой харилцдаг мундаг эмч. Надаас гадна олон хүний амь аварсан” гэж хэлж байна лээ. Та түүнийг санаж байна уу?
-Саналгүй яах вэ. Тунгалаг анхны өвчтөнүүдийн маань нэг байсан учраас мартдаггүй юм. Түүний үеийн хоёр ч охин зүрхний төрөлхийн гажигтай, бас хагалгаанд орж байлаа. Тухайн үед зүрхний мэс засал хийхийн тулд хүний биеийн температурыг мөсөөр хөргөж, зүрхийг нь зогсоогоод цоорхойг нь оёдог байсан. Өглөө 08.00 цагт эхэлсэн хагалгаа 17.00-18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Мэс засал дууссаны дараа хүнээ сэхээн амьдруулах руу шилжүүлнэ. 5-6 цаг өнгөрсний дараа өвчтөн сэрдэг байлаа шүү дээ. Одоо бол багаж, тоног төхөөрөмж сайжирч, эмч нарын маань ур чадвар ч дээшилсэн. Шинжлэх ухааны ололтын ачаар мөсний оронд зүрх орлуулагч буюу цусны зохиомол эргэлтийн аппарат ашиглан зүрхийг зогсоож, 08.00 цагт эхэлсэн мэс засал 11.00 цагт л дуусдаг болсон.
-Сүүлийн үед зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд олон төрөх боллоо. 20-30 жилийн өмнө ийм эмгэгтэй хүүхдүүд хэр оношлогдож байв.
-Манайд мянган хүүхэд тутмын 6-8 нь зүрхний гажигтай төрдөг гэж үздэг. Өмнө нь цөөн, одоо олон гэх нь өрөөсгөл. 1990-ээд оноос оношилгоо сайжирч, орон нутгийн эмч нар ч гэсэн зүрхний гажгийг оношилчихдог болсон. Өмнө нь жилд 20-30 мянган хүүхэд төрдөг байсан бол өдгөө 60-70 мянгад хүрч, төрөлхийн гажигтай, эмчл үүлэх шаардлагатай хүүхэд олширч байна. Зөвхөн төрөлхийн гажиг гэлтгүй цаг агаарын эрс тэс уур амьсгал, хүм үүсийн хайхрамжгүй байдлаас үүдэн зүрхний олдмол гажигтай хүн оношлогдох боллоо. “Зүрхний хавхлагууд нь нарийссан, зүрхний дутагдалд орсон” гэж ярьж байхыг та бишгүй сонссон байх. Манайд долоо хоногт ийм гажигтай 1-2, жилд 200 орчим хүн хагалгаа хийлгэж байна. Сүүлийн үед олдмол гажигтай залуу хүмүүс ирдэг болсон. 2014 онд л гэхэд 20 настай охин зүрхнийхээ хоёр хавхлагыг солиулсан. Гэтэл өндөр хөгжилтэй оронд 70-80 настай хүн ийм хагалгаа хийлгэдэг. Насны эрхээр хавхлага нь зузаарч, хатуурдаг учраас. Чех, АНУ-ын эмч нар “Манайд зүрхний олдмол гажиг оношлогддоггүй” гэж байсан. Манайхан хоолой өвдөх, шүд хорхойтохыг өвчин гэж үздэггүй. Гэтэл хоолойн үрэвсэл архагшаад ревматизм гэх өвчин үүсгэдэг. Холбогч эдийн үрэвсэл гэсэн үг. Эмч нар хэрлэг гэж нэрлэдэг. Хоолойны өвчин нь үе мөчиндөө ороод, цаашлаад зүрхний хавхлагуудыг гэмтээдэг. Хоолой өвдөх нь зүрхний олдмол гажиг үүсгэдэг гэсэн үг.
-Зүрхний төрөлхийн гажигтай 21-25 настай залуус мэс засал хийлгэж байхтай хэд хэд тааралдлаа. Ийм эмгэгтэй удаан явж болдог хэрэг үү?
-Барууны орнуудад зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд төрөх нь ховор. Учир нь ураг эхийн хэвлийд бүрэлдэх үед нь янз бүрийн генетик шинжилгээ хийгээд гажигтай тохиолдолд жирэмслэлтийг таслан зогсоодог хуультай. Манайд ийм эрх зүйн орчин байхгүй. Манайд 1000 хүүхэд тутмын 6-8 нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг гэж дээр хэлсэн. Тэгвэл жилд 50 мянган хүүхэд төрдөг гэж үзвэл 300 орчим нь зүрхний гажигтай байна. Эдгээрийн 50 хувь нь нэг хүртэлх насандаа, 25 хувь нь гурав хүртэлх, үлдсэн нь гурваас дээш настайдаа нас бардаг гэсэн судалгаа бий. Манайд ихэвчлэн гурваас дээш насны хүүхдүүд ирдэг. Нэг хүртэлх насны, хавсарсан гажигтай хүүхдүүдийг бид эмчилж чадахгүй. Идэр насандаа хагалгаа хийлгэж буй залуусын хувьд зүрх ээнэгшин зохицох механизм сайтай. Цоорхой байсан ч зүрх, судасны систем нь өөрөө зохицуулаад ажиллаад байдаг. Тухайн хүний амьдрах орчин, бие организмаас нь шалтгаалаад өөрт нь ямар нэгэн зовиургүй яваад байдаг тал бий. Саяхан 20 настай охин анхныхаа хүүхдийг төрүүлэх гэж байхдаа гажигтай гэдгээ мэдсэн байх жишээтэй. Хэрвээ гажигтай гэдгээ мэдэхгүй удаан явбал зүрх ачааллаа дийлэхээ больж, уушгины артерийн даралт ихсэн хагалгаа хийлгэх боломжгүй болдог.
-Танайхан зүрхний бүх төрлийн гажгийн 80 орчим хувийг эмчилж чадаж байгаа гэсэн. 100 хувь болгохын тулд яах ёстой вэ. Тулгамдаж буй асуудал нь яг юу байна вэ?
-Манайх жилд төрөлхийн болон олдмол гажигтай 500 гаруй хүнд мэс засал хийж байна. Зүрхний 200-300 төрлийн гажиг байдаг. Түүнээс элбэг тохиолддог нь нийт гажгийн 70-80 хувийг эзэлдэг. Эдгээрийг Монголд эмчлэх бүрэн боломжтой. Харин зүрх шилжүүлэн суулгах, зүрхний гол судсууд нь солигдож байрласан, аль нэг ховдол нь бага, эсвэл уушгины артерийн судас нь хөгжөөгүй тохиолдолд манайхан эмчилж дөнгөхгүй. Бид нэг үеэ бодвол тоног төхөөрөмжгүйн зовлон үгүй болсон. Гадаадын хэд хэдэн төсөл хэрэгжиж, зүрхний бүх төрлийн гажиг засах хэмжээний багаж, техниктэй болсон. Төсөв мөнгөний асуудал хүнд байдаг. Нэг удаа хэрэглээд хаядаг цусны зохиомол эргэлтийн аппарат л гэхэд 2.055.000 төгрөг. Мөн эм, тарианы хангамж муу. Уургийн бэлдмэл 50 мл нь л гэхэд 200-300 мянган төгрөгийн үнэтэй. Энэ бүхнийг өвчтөнүүд өөрсдөө худалдаж авч байна. Нэг удаагийн хагалгаанд зөвхөн эм, тариа, самбай зэрэгт 200 мянган төгрөг зарцуулдаг.
Зүрхний мэс засал өртөг өндөртэй. Даатгалаас энэ эмнэлэгт орж ирж буй нийт санхүүжилтийнх нь ихэнхийг манай тасаг “идчихдэг”. Энэ салбарыг цаашид хөгжүүлье гэвэл зүрхний мэс заслын эмч нар нэгдэх хэрэгтэй. ЭХЭМҮТ Зүрх, судасны төв байгуулахаар багаж, тоног төхөөрөмжөө оруулаад ирсэн. Гадаадад эмч нараа сургасан гэсэн. 40 гаруй жилийн түүхтэй манай Зүрхний тасагт хагалгаа хийхэд асуудал гарч байхад хоёр жил сурсан хэдэн хүн энэ ажлыг хийж чадахгүй. ЭХЭМҮТ-ийнхөн зүрхний гажигтай 2000-аад хүүхдийг хяналтдаа байлгаж буй хэрнээ жилд 1-2 удаа гадаадын эмч нар авчирч, хэдхэн хүүхэд эмчлүүлж, 5-10-ыг нь гадаад руу илгээж байгаад үнэхээр санаа зовинож байна. Хэсэг бүлэг эмч нарын амбийцаар тэр хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглож болохгүй. Ингэж хүч тарамдах хэрэггүй. Зүрхний мэс засал тасралтгүй хийгдэж байх ёстой.
-Хүүхдүүдтэй ажиллахад хэцүү байдаг байх. Төрөлхийн гажгаа засуулсан, хавхлага солиулсан өвчтөнүүд жирийн хүн шиг амьдарч чадах уу?
-Өнгөрсөн хугацаанд би 2000 гаруй хагалгаанд оролцжээ. Хүүхдүүд их хөөрхөн. Өөрийг нь эмчлэх гэж байна гэж ойлгохгүй. Цээжний хөндий рүү нь багажаар хатгаж, хурсан шингэнийг нь авдаг. Надаар функц хатгуулсан хүүхдүүд тасагт тааралдахаараа “Нөгөө функц хийдэг, өвтгөдөг муухай ах явж байна” гээд зугтаадаг. Зүрхний төрөлхийн гажгийг бүрэн эмчилбэл 100 хувь эрүүл болно. Өмнө нь хавхлагыг 10 жил болоод сольдог байсан бол өдгөө нэг удаа солиулаад насан туршдаа амьдарч болно. Харин цус шингэлэх эм насан туршдаа уудаг. Хиймэл хавхлагад бүлэн үүсгэхгүйн тулд. Үнэ нь харьцангуй хямд. Сарын хэрэглээ нь 10- 20 мянган төгрөгт багтдаг. Ургийг генийн түвшинд оношилж, хэрвээ гажигтай нь тогтоогдвол жирэмслэлтийг таслан зогсоох хууль, эрх зүйн орчин бий болгох хэрэгтэй байгаа юм. Гажигтай хүүхэд төрснөөр тухайн айл, улс орны эдийн засагт ч сайнаар нөлөөлөхгүй.
О.БАТ-УНДРАХ