УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногийн эхний өдөр нээлтээ хийнэ. Парламентад суудалгүй намын дарга нарын мөрөөдөл биелж, эл УИХ тарчихгүй л бол хамгийн сүүлчийн хаврын ээлжит чуулган энэ билээ. Цаана нь хүлээж буй амрын ээлжит чуулганыг л барчихвал энэ УИХ-ынхан хэчнээн хүсээд хийх ажил ч, хугацаа ч үгүй болж байгаа нь тэр. УИХ-ын ээлжит сонгуулийг зарлан, зохион байгуулж, дүнг нь нэгтгэх хий хуйтай үйл явцтай давхацдагийн хувьд 2016 оны хаврын ээлжит чуулганд хүлээлт үүсгэх нь угаасаа утгагүй. Яагаад гэвэл, сонгуулийн солиорлын шинж тэмдэг зарим улстөрчдөд хэдийнэ илэрчихээд байна. Тиймээс энэ удаагийн чуулганаар анх хэлсэн, амласан, хүлээлт үүсгэсэн хамаг ажлаа нугалж, ажил хэрэг болгох шаардлага хууль тогтоогчдыг хүлээж байгаа.
Энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэхээр 33 төсөл жагсааж, араас нь хамгийн сүүлд хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлээд буй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг “бусад” гэх нэрээр оруулжээ. Гэхдээ УИХ-ын даргын захирамжилснаар яаралтай, шаардлагатай төслүүд дарааллын өмнүүр дайрах эрхтэй. Энэхүү жагсаалтын арваннэгдүгээрт Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл байна. Энэ төсөл өмнөх чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын 21 дүгээрт байж, өргөн барихгүй байсаар өндөрлүүлснийг бодвол 10 байр ахих нь бас ч гэж амжилт юм уу. Харин Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн нөгөө тал нь ч байж мэдэх Улс төрийн нам болон түүний санхүүжилтийн тухай хуулийн төсөл жагсаалтад алга. Өмнө нь үүнийг 22 дугаарт жагсаасан байсан юм.
Хүлээлт хийгээд ач холбогдол, суурь шинж чанараараа эдгээр төсөлтэй эн зэрэгцэхүйц төслүүд нь “бусад” ангилалд байгаа. Байхгүй ч байж мэдэх. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэр, харилцан хяналт бий болгож, засаглалын хямралаас зайлсхийх алхмын төсөл байтугай хар зураг нь ч гараагүй байна. Сая чуулганы завсарлагаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг хоёр удаа уулзахдаа санал солилцож, мэдээлэл сонсох түвшинд л уулзаж, ярилцсан юм билээ. Юутай ч энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн нэгдсэн хуулиас гадна Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтаж.
Үүгээр улс төрийн нам, улстөрчдийн шууд нөлөөлөл, дарамт шахалтаас хамгаалагдсан, улс үндэстний хөгжил дэвшил, эрх ашигт үйлчилдэг, мэргэжлийн, эдийн засаг, хууль зүй, нийгмийн баталгаагаар хангагдсан тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх үндсийг тавих учиртай. Мөн жагсаалтад Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн төсөл төгсгөлд нь харагдана лээ. Эдгээр нь шүүх, хуулийн байгууллагад улс төр, авлигаас ангид, хууль дээдэлж ажиллах хатуу шаардлага тавьж, хүний эрх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх нэгээхэн шижим байгаасай гэсэн хүлээлт их байна. Энэчлэн анхаарал татсан цөөнгүй төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр байгаа. Гэвч хэлэлцэх асуудлын дараалалд оруулах нэг хэрэг.
Тэгж яривал дээр дурдсан төслүүд өмнөх сонгуулиас хойших зургаан удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орж гаран яваа юм. Энэ хугацаанд чухам эдгээр асуудлыг урагшлуулна гэж парламентад суудалтай бүх нам хамтарч, шийдлийн Засгийн газар байгуулсан ч дорвитой ахиц алга. Гэвч одоо эрхэм гишүүдэд цаг алга, дэндүү тулчихаж. Алгуурлаж, назгайрах боломж үгүй. Тэглээ гээд ард түмэн “түүхий” хуулийн горыг амсан ёсгүй хүртэх ёсгүй. Тиймээс хамгийн сүүлчийн хаврын чуулганы хором бүрийг хайрлам. Ядаж л хуралдаан таслалгүй, цагтаа эхлүүлчихдэг болоосой. Улс төрийн нам, бүлэг, хувийн гээд элдэв эрх ашгаа хойш тавьж, улс орон , ард иргэдээ гэсэн сэтгэлээр хамтарч, ойлголцох шаардлагатай байна. Тийм ээ, хамгийн сүүлчийн хаврын чуулганыг “хайрлах” шалтгаан хачин их байна.
Б.НОМИН