“Та нар ч яах вэ. Харин тэр фэйсбүүк, твиттергүй хүмүүс л жинхэнэ аюултай. Юу бодож элийрч явдгийг нь мэдэх аргагүй”. Онигоо ч гэмээр ийм нэгэн марзан яриа гарчээ, цаана чинь. Дэмий маазарч, юу бодсон санаснаа бурж, далан булчирхайгаа тоочдог нөхөд фэйсбүүк, твиттерээр дүүрчихсэн болоод тэр биз ээ. Тархинд зурсхийсэн бодол уруул давж, бусдын сонорт хүртлээ тодорхой хугацаа шаарддаг бол, цахим энэ орон зайд ердөө хэдэн хуруугаа хөдөлгөөд л гүйцээ.
Ямар ч цензургүй, нээлттэй, асар уудам орон зай. Хэн нэгнийг газар дор ортол гутаан доромжилж болно, эс бөгөөс тэнгэрт тултал нь магтаж долигононо. Цэц булаалдана, биенээсээ давж гарах гэж улайрна. Учрыг нь ч гүйцэд ухаараагүй байж олныг турхирна, талцуулна. Бултаараа туйлширна, улстөржиж хэнхэглэнэ. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид уг нь азтай хүмүүс.
Хэвлэн нийтлэх, хэлэх ярих эрхээ хэнээс ч үл хамааран эдэлнэ. Гэхдээ ертөнцийн сошиал давалгаа, хязгааргүй энэ эрх чөлөө заримдаа надад айдас төрүүлдэг. “Хүн болгон сэтгүүлч болсон” гэж төрийн тэргүүний хэлдэг үнэн л дээ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лавлаж, эх сурвалжаас нь тодруулж мэдээллийг олон нийтэд хүргэдэг бол цахим орон зай дахь энэ олон “сэтгүүлч”-д дээрх алтан зарчим огтоос хамаагүй. Үгээр хүнийг үхүүлж ч болдог амьдралын хууль энд ч бас үйлчилнэ.
Тиймээс л аюултай гээд байгаа хэрэг. Худал үгийг олон ярихаар үнэн болдог гэдэг үг ч бий. Нэгнээсээ хальт сонсоод жиргэснийг нөгөө нь өлгөж аваад, цахим ертөнцөөр дуулиан болгож, маргааш нь албаны хүмүүс тайлбар хийж, хэвлэлийн хурал хийхээс аргагүйд хүрч байгааг юу гэж тайлбарлах вэ. Цахим ертөнц ямар хүчтэй болохыг, нөгөөтэйгүүр ямар балаг тарьж мэдэхийг энэ жишээ харуулж байна. Хууль, дүрэм үйлчилдэггүй үл үзэгдэх энэ орон зайд хяналт цензур тавья гэж дөвчигнөмөөргүй байна. Элийрч л байг дээ гээд бас орхичихмооргүй ч юм шиг.
Тас харанхуйд бэдэрч яваа хүн бүхий л эд, эсээ ажиллуулан, сонор сэрэмжтэй явдаг бол худал, үнэн нь мэдэгдэгдэхгүй мэдээллийн энэ далайд сэлж яваа хүн түүн лугаа үгээ цэнэдэг, буруу алхам хийхээс болгоомжилдог л байх учиртай. Түүнээс биш долоон булчирхайгаа тоочиж, маазардаг, дагалдан баясдаг, үнэнийг гуйвуулж, худлыг хөхиүлэн дэмждэг байж болохгүй.
Г.ОЮУНГЭРЭЛ