Манай сонины “харьяат”, сэтгүүлч Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” нэртэй нэгэн ном бичиж дуусгаад, саяхан хэвлэлтэд шилжүүлжээ. Тэрбээр 1926-1930 онд Герман, Франц улсад явж, суралцсан хүүхдүүдийн талаар сүүлийн долоон жилийн хугацаанд судалгаа хийжээ.
Нийт гурван дэвтрээс бүрдэх эл цувралын тэргүүн дэвтэрт Франц улсад сурч байсан дөрвөн хөвгүүн болон Мэргэн гүн Гомбожав, Ж.Цэвээний гэргий Ц.Бадамжав түүнчлэн тэдний Францад суралцах ажлыг санаачлан зохион байгуулсан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн хүмүүсийн амьдрал, хувь заяаны тухай өгүүлсэн аж.
Бид уг бүтээлийн “Алс газар сурахаар одох замд...” бүлэгт багтсан нэгэн хүний талаар толилуулж байна.
ЭХЛЭЛ:
Нэгэн зууны тэртээ буюу 1926-1930 онд Франц улсад суралцсан дөрвөн хөвгүүний амьдрал, хувь заяаны тухай өгүүлсэн “Алс газар сурахаар одогсод” бичлэгээ 2009 онд “Үнэн” сонинд нийтлүүлсэн юм. Тухайн үед Намсрайн холбогдолтой материал олдоогүй тул товчхон дурдаад өнгөрсөн бөгөөд тэр цагаас хойш түүний тухай сураг ажиг тавьсаар явсан билээ. Дараа нь энэ хүний тухай дахин бичихээр эрэл хайгуул хийсэн боловч намтар түүхийнх нь талаар тодорхой баримт олдохгүй л байлаа. Харин нэг удаа Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Мөнхбаяртай ярилцаж суугаад нэрийг нь дурдвал “Лагнаадоржийн Намсрай мөн үү? Өмнөговь аймгийн харьяат хүн биз дээ? Манайхаас гаргасан цагаан номд хэдэн мөр юм бий дээ. Та үзээрэй” гэсэн нь миний эрлийг товчилсон юм.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос эрхлэн хэвлүүлсэн “Цагаан ном”-д (УБ.1993) “Намсрай Лагнаадоржийн. 1910-1941. Өмнөговь Манлай. Цэргийн клубт зурагчин, зохиолч. Нас 31. цаазлагдсан” гэсэн хэдхэн өгүүлбэр л байлаа. Энэ хэдэн мөрөөс улбаалан 2013 оны арванхоёрдугаар сард Л.Намсрайн тухай архивын лавлагаа хүссэн өргөдөл Тагнуулын ерөнхий газарт гаргасан юм. Миний хүсэлтийн хариуд 2014 оны гуравдугаар сарын 26-ны өдөр ТЕГ-ын Тусгай архиваас гаргаж өгсөн лавлагаанд Л.Намсрайн намтар, уран бүтээлийн талаар болон хэрхэн ямар ял оноож шийтгэсэн тухай тодорхой өгүүлсэн байв. 1926-1930 онд Франц улсад явж суралцсан дөрвөн хөвгүүний нэг болох Л.Намсрайн амьдрал, хувь заяаны эмгэнэлтэй түүхийг архивын баримт түшиглэн уншигч Танд толилуулж байна.

ЗУРААЧ НАМСРАЙ
Хэдэн жилийн өмнө “UBS” телевизийн найруулагч С.Болдын “Хөх сүмийн голын өглөө” ном олж үзсэн юм. Эрдэмтэн О.Намнандоржийн охин Дэнсмаа надад уншуулахаар өгсөн уг номоос Л.Намсрайг зураач байсныг нь батлах нэгэн өгүүлбэр олж үзээд хэчнээн их баярласан гэж санана. Найруулагч С.Болд нь түүхч С.Идшинноровтой хамтран “Алс газар сурахаар одогсод” (2001) хэмээх баримтат кино бүтээсэн бөгөөд энэ тухай өөрийнхөө номд дэлгэрэнгүй өгүүлсэн байв. Тэрбээр кино бүтээх ажлаар зураглаач Г.Дэлгэрийн (Германд суралцаж байсан Б.Гомбын хүү-Ч.Б) хамт Герман, Франц улсад зорчиж, Лицей Мишлейд айлчилжээ. Тус сургуулийн захирал, ноён Жан Лесус манай уран бүтээлчдийг хүлээн авч уулзан сургуулиа танилцуулсан байна. Найруулагч С.Болд энэ тухай “Бидэнд сургуулийнхаа ойгоор зохион байгуулсан үзэсгэлэн, музейг үзүүлэв.
Сургуулийнхаа тухай ном бичиж байгаа музейн хүнтэй танилцлаа. Сургуулийн хуучин номын санд байгаа номууд нь I, II дайны үед сүйтгэгдсэн боловч сэргээн засварлаж хадгалахад ихээхэн чармайлт тавьж байгаа юм байна. Мөн зургийн хичээл хийж байсан гоёмсог хийцтэй бяцхан байшинг үзүүлсэн юм. Тэндээс манай Намсрай зургийн эрдэм хүртэж, эх орондоо ирээд цэргийн театрт найруулагч, зураачаар ажиллаж байсан” гэжээ. Энэ өгүүлбэрээс анзаарвал “Парист суралцаж ахуйдаа Намсрай зургийн дугуйланд явж байсан” гэх ам дамжсан яриа үнэний ортой төдийгүй түүний зурах авьяас чухамхүү Лицей Мишлейд байхаас нь тодорчээ гэлтэй. Тэрбээр Парисаас эргэж ирээд хэд хэдэн газар зураачаар ажиллаж байсан бөгөөд энэ тухай нь ТЕГ-ын Тусгай архивын лавлагаанд: “Лагнаадоржийн Намсрай нь Өмнөговь аймгийн Гурванхараат гэдэг газар 1910 онд төрсөн.
1924 он хүртэл эцэг эхийн хамт мал маллаж амьдарч байгаад мөн онд эцэг Баттөгсийн Лагнаадоржийг нас барахад Богдхан уулын аймгийн яамны эмч, лам Даваасамбуугийн галчаар, одоогийн Төв аймгийн Лүн суманд ажиллаж байгаад 1925 онд Улаанбаатар хотноо Оюутны сургуульд сайн дураар элсэн орж суралцжээ. Тухайн үеийн нам засгийн удирдагчдын шийдвэрээр 1926-1929 онд Герман, Франц улсад явж суралцсан 35 хүүхдийн хамт Франц улсын Парис хотын Лицей Мишлей гэдэг 15 жилийн хугацаатай дээд сургуульд 1929 оны арванхоёрдугаар сар хүртэл 1-3 дугаар ангийг төгсгөн суралцаж байтал нутагтаа дуудагдан буцаж иржээ. 1930 онд нутагтаа ирээд Намын түр сургуульд дэлхийн байдал, тоо бодлогын багш, 1930-1932 онд Ардыг Гэгээрүүлэх яаманд зурагчин, 1932- 1933 онд Улсын хэвлэлд зураачаар ажиллажээ” гэсэн байв.
Дээрх мэдээлэлд үндэслэн Л.Намсрайг зураач байсан тухай нотлох мэдээ занги олохоор 1920-1940 оны үеийн сонин, сэтгүүлийн хуучин дугаарууд шүүрдэн үзэж, буурлуудын дурсамж сэлт уншиж байхад багагүй баримт гарч ирж байх юм. Тэрбээр зурагт хуудасны төрөлд хүч сорин бүтээл туурвиж байсан бөгөөд түүний нэгэн зурагт хуудас нь 1931 онд хэвлэгджээ. Латин бичиг сурахыг уриалсан “Чи Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 10 жилийн ойд бичиг мэдэх болсон уу” нэртэй уг зурагт хуудсыг АГЯ-наас эрхлэн хэвлүүлж, орон даяар тарааж байсан гэдэг. Ц.Эрдэнэцог, Ж.Саруулбуян нарын “Монголын зурагт хуудас” (УБ.2011) бүтээлийн 29 дэх талд нийтлэгдсэн энэ зургийн тайлбарт “Зураач Л.Намсрай” хэмээн бичсэн нь буй. Энэхүү зурагт хуудас нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд түүний нэрийн хуудас болж үлдсэн юм. Ц.Эрдэнэцог, Ж.Саруулбуян нар дээрх бүтээлдээ “...Тэр үеийн (гучаад оны-Ч.Б) зурагт хуудаснаас Б.Шарав, А.Соёлтой, Л.Намхайцэрэн, Л.Гаваа зэрэг зураачид мөн Б.Аюурзана, Бадрах, Намсрай зэрэг сэхээтнүүдийн зурсан бүтээлүүд ур чадвар, зохиомж шийдлийн хувьд нэлээд боловсронгуй болж, зурагт хуудасны хэв шинжийг илэрхийлж байв” гэжээ.
Манай урдаа барьдаг урлаг судлаач эрхмүүдийн энэ үнэлэлт дүгнэлт нь Л.Намсрайн хэр зэрэг уртай зураач байсныг нотолж байна бус уу. Харин түүний сонин, сэтгүүлийн нүүрнээ үлдээсэн зургууд, хэвлэл, номын чимэглэлийн бүтээл, зурагт хуудас зэргийг эрэн сурвалжилж, судлан шинжлэх ажил одоо болтол эзнээ хүлээсээр... Хэвлэлийн ахмад ажилтан Г.Насанбуянгийн дурсамжид: “...Тэр үед зураг сийлэх ажлыг хийдэг байсан ч хулдаасан бар хийдэггүй байв. Гэтэл Германд (Францад-Ч.Б) сургууль төгсөж ирсэн Намсрай торгүй зургийг хүрэн хулдаасан дээр сийлж байлаа. Энэ бол хулдаасан бар анх удаа манай үйлдвэрт нэвтэрсэн явдал билээ. Намсрай гуай мөн л хатуу үед хилс хэрэгт холбогдож амь алдсан даа” хэмээжээ. Энэ дурсамжаас үзвэл Л.Намсрай нь манай хэвлэлийн ахмад ажилтны нэг төдийгүй хэвлэлийн салбарт хулдаасан барын аргыг анх нэвтрүүлсэн зураач байжээ.
Эцэст нь нэгэн сонирхолтой баримтыг уншигч Танд танилцуулъя. Урлаг судлаач эрдэмтэн Л.Сономцэрэн “Орчин үеийн Монголын дүрслэх урлаг. 1921-1940” (УБ.1976) бүтээлдээ “...Төрмөнх, Сэнгэ, А.Дашдорж, Л.Намсрай зэрэг хүмүүс 1933-1934 оны үед Багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд оройн цагаар бүлгэм байгуулан зураач Соёлтойгоор зураг заалгаж байжээ” хэмээн өгүүлсэн байх юм. Энэ баримтаас харахад Л.Намсрай нь 1930-аад оны нэрт зураач, Багшийн сургуулийн зургийн багш А.Соёлтойн шавь байжээ. “Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос” хэмээсэн эртний үг юутай үнэн бэ!
ЗОХИОЛЧ НАМСРАЙ
Утга зохиол судлагч, профессор Д.Цэнд “Утга зохиол, урлаг” сонинд (1990) нийтлүүлсэн “Хавтасны шүлэг”-тээ Л.Намсрайн тухай өгүүлээд түүний 1942 онд бичсэн товч намтрыг хавсаргажээ. Энэхүү намтар нь Л.Намсрайн уран зохиолд хэрхэн шамдан тэмүүлж байсан, урлан бүтээхүйн үйлсэд хэрхэн хөдөлмөрлөж явсаны тайлан байлаа.
ТҮҮНИЙГ СИЙРҮҮЛБЭЛ
“...34 оны зургадугаар сард дунд даргаар дэвшин “Улаан одон” сонин ба Хувьсгалын музейд гэрэл зурагчнаар хавсран ажиллаж мөн оны долдугаар сард “Гэзэгтэй гэлэн” хэмээх жүжгийн зохиол хийж Уран сайхны зөвлөлд өгсөн нь дарагдсан болно. 35 оны намар өөрийн хүслээр Цэргийн театрт тайзны эрхлэгчээр шилжиж, 36 оны зун “Нэмэх халуун” хэмээх үзэгдлийг зохиож цэргийн театрын тайзан дээр тавьсан ба мөн жижиг шүлэг, холбоо мэтийг бичиж эхэлсэн ба 1937 оны аравдугаар сард цэргийн театрын туслах, ахлах даргаар дэвшиж, мөн оны эцсээр “Тайжчуудын чуулган” хэмээх амьд сониныг зохиож, мөн газрын тайзан дээр тавьсан ба 38 оны эхээр “Монгол баатрын ээж” аялгуут бүжгийн үгийг бичиж, мөн хавар нь “Долоон булчирхай” хэмээх амьд сониныг бичиж, зун нь “Туслан хорлогч” хэмээх үзэгдлийг бичиж, намар нь “Ямар ч эмнэлэггүй” хэмээгч өгүүллэгийг бичсэн болой.
39 оны эхээр орон тоогоор халагдсан боловч үнэмлэх хүлээж мөн театрт жил хэр гар зурагчаар ажиллах завсар “Өргөмөл Сувд” (Хэрмэл Дамбийжаа) хэмээх аялгуут жүжгийг зохиож мөн “Ах СССР” гэдэг дуу бичсэн. 40 оны нэгдүгээр сараас улиран суусан бага дарга зурагчаар ажиллаж мөн оны эхээр “Би өгөөгүй юм гэж үү” хэмээх үзэгдлийг зохиож тавьсан ба “Чоно голын манжин” хэмээх жүжгийг зохиосон нь засвартай болсон ба жич “Бугласан тархи” хэмээх шүлэг бичсэн. 41 оны хавар хувьсгалын 20 жилийн уралдаанд “Аав хүүгийн тангараг” хэмээх дуу, намар нь “Цэцэг нуурын дугуйлан” хэмээх жүжиг бичсэн, жич бас “Зохиомол өнчин” хэмээх үзэгдэл, “Хохь нь болоод жорлойно доо” хэмээх шог дуу (частушка)-г тус тус бичиж батлуулахаар өгсөн.
Мөн оны аравдугаар сараас туслах найруулагчийн ажлыг хийж буй” гэжээ. Энэ намтраас нь үзвэл тэрбээр 1934-1941 оны хооронд буюу долоон жилийн хугацаанд дуу, шүлэг, жижиг үзэгдэл, аялгуут жүжгийн зохиол 20 шахмыг бичсэн бололтой. Заримыг нь тайзнаа тавьсан ч зарим нь театрын шаардлага хангахгүй байжээ. АГЯ, Улсын хэвлэлийн хороо, Хувьсгалын музей, “Улаан од” сонин зэрэг голцуу соёл урлаг, боловсролын салбарт ажиллаж байсан тэрбээр уран зохиолд шимтэн дурлах болсон нь аргагүй биз. Цэргийн театрт ажиллах болсноор энэ сонирхол нь бүр ч илүү давамгайлсан байж мэднэ. Тэгээд ч тэрбээр ажлын хажуугаар Багш нарын соёлын ордны утга зохиолын дугуйланд хичээллэх болжээ.
Энэ тухай нь “...Д.Нацагдоржийн удирдаж байсан утга зохиолын бүлгэмд Д.Сэнгээ, Л.Цэнд-Очир, Б.Лувсандагва, Л.Намсрай зэрэг хүмүүс оролцож, жүжиг зохиол бичиж байжээ” хэмээн ШУА-ийн цуврал 108 ботийн нэг “Тайзны урлаг судлал” (УБ.2010) номд өгүүлсэн байх юм. Л.Намсрай нь “Өргөмөл Сувд” жүжгийн зохиолоороо Монголын театрын урлагийн түүхнээ мөнхрөн үлдсэн бөгөөд утга зохиол судлагч Д.Цэндийн тодорхойлсноор “1930-аад оны манай жүжгийн зохиолын нэрд гарсан төлөөлөгчийн нэг” байжээ.
“ФРАНЦ, ГЕРМАН, ЯПОН ГУРВАН УЛСЫН ТАГНУУЛ”
Л.Намсрай 1936-1938 онд Цэргийн театрт туслах дарга, хувцасны эрхлэгч, туслах найруулагч, 1940 оноос улиран суусан бага дарга, зурагчин зэрэг ажлууд хийж байгаад 1941 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр баривчлагджээ. Түүнийг буруутгасан хэрэг гэвэл: “Франц улсад суралцаж байхдаа хөрөнг өтний үзэл онолоор хүмүүжсэн, угаасаа тайж язгууртан, хувьсгалын бодлогыг зөвшөөрд өгг үй, 1929 оноос Францын тагнуулын газрын тагнуулч, цэргийн эрхтэн генерал Джордж Ассолонд элсэн Францын тагнуул болж, өөрийн улсад ирснээс хойш Мэргэн гүн Гомбожавын удирдлагаар удаа дараа тагнуулын мэдээ хураалгаж байсан.
Гомбожавын шийдвэрээр 1932-1936 онд Германы тагнуул Дэмчигийн Буддаритай ажиллаж, цэргийн тухай тагнуулын мэдээг удаа дараа хураалгаж байснаас гадна гэрэл зургийн материалыг хорлон сүйтгэх сүүлийн үед Буддарийн шийдвэрээр ИшАюуш, Балданцэрэн нарын удирдлагаар Японы тагнуулчидтай хамтран ажилласан нь өөрийн нь удаа дараагийн мэдүүлэг, гэрч ... нарын гэрчилснээр батлагдсан” гэжээ. Цэргийн Дээд Шүүхийн шүүх коллегийн 1943 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн долдугаар хурлын тогтоолоор Л.Намсрайг Улсын эрүүгийн хуулийн (1942 оны) 44 дүгээр зүйлд заасныг баримтлан аливаа эрхийг эвдэн, давж заалдах эрхгүйгээр хувийн эд хөрөнгийг хураан улсын орлого болгож, буудан алах ял оноосон байна.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Гурван улсын тагнуулын байгууллагад удаа дараа элсэн орж ард түмний эрх чөлөөт засаг төр, жаргалант амьдралыг эсэргүүцэн устгах ажилд идэвхтэй ажиллаж байсан нь хөнгөтгөн үзэх шалтгаангүй аюултай дайсан мөн” гээд түүний амь гуйсан хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгожээ. Зураг зурж, шүлэг зохиож, жүжгийн зохиол бичин тайзнаа тоглуулж явсан онгодтой залуу хилс хэргээр цаазын ял сонссон нь юутай аймшигтай, юутай эмгэнэлтэй! Тэр үед тэрбээр 34 настай байжээ. “Франц, Герман, Япон гурван улсын тагнуул, аюултай дайсан мөн” гэсэн хуурамч, харгис хатуу ял сонссон түүний сэтгэлд нартай өдөр аянга нижигнэн, цахилгаан цахих шиг л болсон болов уу.
Хөдөө нутагт төрж мал маллан өссөн, хүрээ хийд бараадан амь зууж явсан монгол залуу “Франц, Герман, Япон гурван улсын тагнуул” болчихдог нь хачирхалтай хэрэг шүү! Ямар Араб Лоуренс, Рихард Зорге, Жеймс Бонд биш дээ. “Францын тагнуулын газрын тагнуулч, цэргийн эрхтэн генерал Джордж Ассолонд элсэн Францын тагнуул болж” гэсэн зохиомол хэрэг тулгуулсан түүний залуу насыг бодохоор элэг эмтэрч, “хүрэл зүрх ч хайлна”. Эрүүл ухаантай хүний зүүдэнд ч оромгүй гүжир ял сонсож, цаазаар авахуулсан түүний хэргийг хожим Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүх хянаад 2000 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.
ТӨГСГӨЛ
1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан 40-өөд залуусын дотроос их хядлагын улаан сүүдэрт дайруулан цаазлагдсан хэдэн хүний нэг нь Л.Намсрай юм. Хувьсгалт нам төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээх хүнд ялд унасан түүний нэрийг 1990 он хүртэл манай соёл урлагийн түүхэнд бараг дурдалгүй явж ирсэн. Олон жил нэр нь мартагдаж, он цагийн тоосонд бүдгэрэн дарагдсан билээ. Авьяас билигтэн ид насандаа өөд болох нь уншиж дуусаагүй сайхан ном гэнэт хийсэн арилахтай адил гэдэг.
Алт живж, холтос хөвдөг нь үнэн энэ хорвоод 34 жил амьдарсан авьяас төгөлдөр уран бүтээлч Л.Намсрай нь манай хэвлэх үйлдвэрийн ууган ажилтан төдийгүй 1930-аад оны жүжгийн зохиолын нэрд гарсан төлөөлөгчийн нэг, зураач, найруулагч байсан билээ. Тиймээс манай дүрслэх урлаг, театрын урлаг, хэвлэл мэдээллийн түүхэнд түүнийг эзэлбэл зохих сууринд нь залж, бүтээлийг нь судлан шинжлэх, дурсгалыг нь мөнхжүүлэх зэрэг ажил хийх цаг аль хэдийнэ болжээ. Хилсээр хэлмэгдсэн түүний алдрыг ингэж сэргээвэл сүнс нь амирлаж, амар тайван нойрсох нь магад.