Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөө 2015 онд нэг алхмаар урагшилж, дэлхийн 172 орноос 96-д эрэмбэлэгдлээ. Манайхан эдийн засагтаа эрх чөлөө олгоод эрэмбэ ахисан гэвэл эндүүрэл. Өмнөх жил урд явсан Замби улсын эдийн засгийн эрх чөлөө муудсанаар манай эрэмбэ ахисан хэрэг. Үнэндээ Монголын эдийн засгийн эрх чөлөө дээрдээгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. “Heritage” сан болон “Wall street journal” сэтгүүл хамтран 1995 оноос хойш гаргаж буй эдийн засгийн эрх чөлөөний индексийн 76 дугаар байрт манай улс “давхиж” явсан түүх бий. Ганцхан жилийн дотор буюу 2013 онд манай үзүүлэлт 97 руу “шидэгдэв”. Тухайн үед Засгийн газар “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг зогсоосон, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавих концессийн гэрээг цуцлаад байв.
Дэлхийд томоохонд тооцогдох хоёр том төслийнхөө хувь заяатай холбоотой гэрээг улс төрийн явцуу эрх ашиг харж “царцаасан” учир хөрөнгө оруулагчид Монголд итгэл алдрав. Эцэст нь эдийн засгийн эрх чөлөө маруухан орон гэж үнэлэгдлээ. “Heritage” сангийн ангиллаар манай улс боломжийн эрх чөлөөтэй хэсэгт багтаж байлаа. Гэтэл одоо бараг эрх чөлөөгүй гэсэн ангилалд орж байна. Эдийн засгийн эрх чөлөөг хумьсан үйл явдал дээрхээр хязгаарлагдаагүй. 2013 онд татварын маргаан үүсгэж, гадаадын иргэдийг шалгаж эхэлсэн. Улмаар 1.5 тэрбум ам.доллар зээлж, Засгийн газрынхаа өрийг өсгөсөн нь эрх чөлөө хумигдахад хувь нэмрээ оруулав. Нэмж “Самурай” бонд гаргаснаар Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувьтай дүйгээд байна.
Нэг талаар зээл авч төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх нь эдийн засагтаа сайн нөлөөтэй ч эрх чөлөөг нь хязгаарладаг аж. Их хэмжээний өр тавих нь татвар, төлбөр, хураамж, шимтгэлээ нэмэх магадлалыг ихэсгэдэг байна. Татвараа нэмбэл эдийн засгийн эрх чөлөөгөө хумьж байна гэсэн үг. Харин манайд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээг хязгаарладаг. Энэ нь эдийн засгийн эрх чөлөөг хамгаалж буй сайн зохицуулалт юмсанж. Эдийн засгийн эрх чөлөөг 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Ингэхдээ шалгуур тус бүрт 100 хүртэлх оноо өгөх учиртай. Оноо 100 руу ойртох тусам эдийн засгийн эрх чөлөөтэй гэж дүгнэж болно.
Монгол Улс хөдөлмөрийн болон төсвийн эрх чөлөө гэсэн хоёр шалгуур үзүүлэлтээр 80-аас дээш оноо авчээ. Манайх ажилгүйдэл багатай. Мөн хөдөлмөр эрхлэхэд ямар нэг саад бэрхшээл байдаггүй. Тиймээс өндөр оноо авах нь зүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Засгийн газрын өр, төсвийн алдагдлыг хязгаарлаж, түүхий эдийн үнийг бодитоор тооцдог. Эдгээр зохицуулалт нь төсвийн эрх чөлөөний оноог нэмэгдүүлж байна. Төсвөө зохистой тогтвортой барьж буйг үнэлж байгаа хэрэг. Харин хувийн өмчийг хамгаалах, авлигаас ангид байх шалгуур үзүүлэлт 30-аас бага оноо авчээ. Хувийн өмчийг хамгаалах, хүндэтгэн үзэх үзэл манай нийгэмд төлөвшихгүй байгаа нь үнэн. Үүнийг нүүдэлчин ахуй, соёлын сэтгэлгээтэй холбон тайлбарладаг. Авлига хэрээс хэтэрснийг хүн бүр мэддэг, ярьдаг. Өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар төрийн өндөр албан тушаалтанд авлига өгдөг байсан.
Харин одоо авлига төрөөр зогсохгүй, корпорацын үйл ажиллагаанд халдварласан. Томоохон компанид туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэлт хийхэд менежерийнх нь гарыг хүндрүүлдэг жишиг тогтоод байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг эхлүүлж, Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж, төмөр зам тавих ажлыг эхлүүлнэ гэж өнгөрсөн ням гаригт мэдэгдлээ. З.Энхболд Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулж, хамтран ажиллах гэрээг УИХ-аар хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Хоёр толгойг шийдлээ гэхэд манай улсын эдийн засгийн эрх чөлөөний эрэмбэ ирэх жил 80 дугаар байр хавьцаа л очно. Эдийн засгийн эрх чөлөөгөө сайжруулахын тулд манайхан илүү их хичээх ёстой. Монголчууд Хонконг, Сингапур, Өмнөд Солонгос, Японы хөгжлийн хурдыг шагшиж, АНУ-ыг даган дуурайх дуртай.
Эдийн засаг нь өндөр хөгжсөн эдгээр улс эрх чөлөөний индексийг тэрг үүлж байна. Эдийн засагт нь уул уурхай томоохон байр суурь эзэлдгээрээ манайхтай төстэй Чили гэхэд индексийн долдугаарт бичигджээ. Сангийн яам 2008 оноос хойш төсөв, санхүүгийн бодлогод Чилийн туршлагыг нэлээд нэвтрүүлсэн. Тиймээс манай төсөв, санхүүгийн шалгуур үзүүлэлт хамгийн өндөр оноо авсан байх. Эдийн засгийн эрх чөлөөний индексийг Хонконг тэргүүлж, Сингапур удаад нь явна. Сингапур улсад 30 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн гурав нь л тус улсын харьяат иргэдийн өмч. Бусад нь гадаадын хөрөнгө оруулалттай. Гэтэл манай улсад ганц ч гадаадын банк байхгүй. Гадаадын банк салбараа нээе гэхээр зөвшөөрдөггүй. “Bank of China”-г салбараа нээх сургаар эсэргүүцсээр болиулсан. Саяхан барилга угсралтын “Заг” компанийн захирал Б.Нэмэхбаатар “Гадаадын банк оруулж ирэх хэрэгтэй байна. Монголын арилжааны банкуудын жилийн хугацаатай, 24 хувийн хүүтэй зээлээр орон сууцны томоохон хотхон, хороолол барих төсөл хэрэгжүүлэх боломжгүй.
Бидэнд урт хугацаатай, бага хүүтэй зээл хэрэгтэй” гэж ярив. Энэ бол барилгын бизнес санхүүгийн эрх чөлөөгүй байгаагийн илэрхийлэл. Арилжааны банкны эзэд гадаадын банк оруулж ирэхийг эсэргүүцэн, лообий хийдэг. Банкны эздийн ашиг орлого буурах учраас тэр. Харин гадаадын банк оруулж ирвэл олон монгол хожих нь ойлгомжтой. Ер нь гадаадынхан бидний ашгийг авчихна, баялгийг идчихнэ гэсэн харамлах сэдэл эдийн засагт олон хязгаар, хориглолт бий болгодог жамтай. “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Ж.Болор “Гадаадын компаниуд манайд салбараа нээгээд ашиг олог. Бид ашгаа алдаж байна гэж харамсах бус, манай улс маш их ашиг үйлдвэрлэх чадвартай гэж бахархах ёстой” гэж ярьсан юм. Харин төсвийн алдагдлыг нэмэх, үр ашиггүй зарцуулах, авлига өгөх, зах зээлд Засгийн газрын оролцох зэрэг эдийн засгийн сахилга батыг алдагдуулдаг зүйлсийг сайтар хязгаарлахыг эрх чөлөөг дэмжиж буйд тооцдог байна.
Манай улс эдийн засгийн эрх чөлөөг хангахын тулд өмчийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэх, авлигыг таслан зогсоох, Засгийн газрын оролцоог бууруулах, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжих хэрэгтэй. Эрх чөлөөг хангах нь бүх зүйлийг хяналтгүйгээр сул орхи гэсэн үг огт биш. Хамгийн гол нь эдийн засгийг ойлгомжтой, нийцтэй зохицуулах нь эрх чөлөө олгож буй нэг хэлбэр. Татварын орчноор жишээ татахад, Монголын компанид хөрөнгө оруулаад хувьцаагаа ашигтай худалдсан тохиолдолд татвар төлөх эсэх нь тодорхойгүй байна. Саяхан нэгэн гадаадын иргэн хувьцаагаа үнэд хүргэж зарчихаад Жастин Капла шиг хэрэгт унаж магадгүй гэж болгоомжлоод татвараа төлөх гэтэл хөрөнгө оруулалтын ашгаас татвар хураах механизм хуульд ер тусгаагүй байсан гэдэг. Татварын хуулиа шинэчилж хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болгох нь хүртэл эдийн засгийн эрх чөлөөг хангах явдал юмсанж. Ерөнхий сайд өнгөрсөн ням гаригт эрчим хүч, шатахуун, үр тарианы үнийг чөлөөлөхөө амлалаа. Засгийн газар эдийн засаг дахь оролцоогоо бууруулахаар шийджээ. Хориглосон, хязгаарласан хуулиудаа зассан. Одоо зогсоосон, гацаасан төслүүдээ хөдөлгөх гэж байна. Эдийн засгийн алдсан эрх чөлөөгөө эргүүлж авчрах, илүү ахиулах шийдвэрүүд удахгүй төрөх бололтой.
Т.ЭНХБАТ