Монгол Улсад амьдарч байгаа иргэн, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүхэн хуульд захирагдах ёстой. Гэтэл борооны дараах мөөг шиг олширч, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай хаяа зэрэгцэн орон сууц, нийтийн байр, хонгил, бүр айлд байрлах болсон өдөр өнжүүлэх төвд хууль алга. Хууль үйлчлэхгүй байгаа юм биш, ерөөсөө энэ төвд зориулсан хууль, стандарт, дүрэм, журам Монгол Улсад байдаггүй юм байна. Ийм ч учраас өнөөдөр өдөр өнжүүлэх төдөн төв үйл ажиллагаа явуулдаг гэсэн албан байтугай албан бус тоо ч алга. Тэр ч бүү хэл тэдэнд зөвшөөрөл олгодог яам, агентлаг, төрийн бус байгууллага ч олдсонгүй. Өдөр өнжүүлэх төв хүүхдэд боловсрол олгох ёстой.
Үгүй ядаж даалгаврыг нь хийлгэдэг учраас БСШУЯ-нд хамааралтай гэж ойлгоод мэргэжилтнээс нь тус төвд хэн ажиллах ёстой, үйл ажиллагаанд нь яаж хяналт тавьдгийг тодруулахад “Манайд хамааралгүй. Ажлын байр бий болгож, хөдөлмөр эрхэлж байгаа гэдгээрээ Хөдөлмөрийн яаманд харьяалагдах учиртай” гэв. Харин Хөдөлмөрийн яамныхан өөрсдөөсөө түлхэж, “Хүний хөгжилтэй холбоотой учраас ХАХНХЯ мэдэх ёстой” гэсэн юм. Гэтэл тус яам нь мөн л өдөр өнжүүлэх төвийн талаар мэдээлэлгүй, БСШУЯ-ныхнаас асуухыг зөвлөлөө. Өөрөөр хэлбэл, өдөр өнжүүлэхийн талаар сурагласаар эхэлсэн цэгтээ эргээд ирэв. Энэ бол манай төрийн байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулсаар ирсний тод жишээ.
Өдөр өнжүүлэх төв манайд хамгийн анх хэзээ байгуулагдсаныг хэлж мэдэхгүй ч энэ талаар ярьж эхэлсэн нь наанадаж гурав, дөрвөн жилийн тэртээ. Гэтэл өдий болтол нэг ч дүрэм, журам батлагдаагүй нь тус төвийг бизнес болгон “цэцэглүүлэгчдийн” тоог нэмж буй хэрэг. БСШУ-ы сайд Л.Гантөмөр манай сонинд өдөр өнжүүлэх төвийн талаар “Ер нь хүүхдийг хичээлийн бус цагаар сургах сургалт олон байх тусмаа сайн. Бид чөлөөт цагаа өнгөрөөх газар алга гэж үглээд байдаг. Тэр нь том стадион байх албагүй. Орон сууцанд теннисний клуб, шатрын дугуйлан ажиллаж, гэрээр төгөлдөр хуур зааж байх юм бол бид чөлөөт цагаа хэн нэгнээс яаж өнгөрөөх вэ гэж асуухгүй. Тиймээс өдөр өнжүүлэх болон сургалтын төвүүдийг стандарт гаргаж, чангатгахаас илүү харин улам сулруулж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэвэл тэтгэвэрт гарсан багш нарт дахиад 10 жил ажиллах боломж байна” гэж ярьсан удаатай.
Гэхдээ дэмжих нэг хэрэг. Хяналт тавих нь түүнээс өөр асуудал юм. Амьдрал ахуйгаа сайжруулж, орлогын эх үүсвэртэй болохын тулд хүн бүхэнд ажил хийж, хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Ингэж гэмээнэ гэдэс цатгалан, мөр бүтэн явна. Харин хүүхэдтэй хүнд энэ хариуцлага хоёр дахин нэмэгддэг. Гэтэл манайд хүүхдээ харах, хичээлийг нь давтуулахын тулд эцэг, эхийн аль цалин багатай нь ажлаасаа чөлөө авах, эсвэл гарах сонголттой нүүр тулдаг. Учир нь нийслэлд төдийгүй улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй. Сургуулиуд хүүхдүүдээ арай чамай багтааж байгаа бол цэцэрлэгийн нэг ангид стандартаараа 25 хүүхэд сурах ёстой байтал өдгөө 50-уулаа хичээллэж байна. Ингээд ч цаана нь таван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чаддаггүй.
Тэднийг цэцэрлэгт хамруулахад 100-150 хүүхдийн багтаамжтай 800 цэцэрлэг шаардлагатай. Манай улс ийм олон цэцэрлэгийг нэг жилийн дотор барих нь байтугай, ирэх 10 жилд ч барьж чадахгүй. Жилд 20 цэцэрлэг ашиглалтад орвол дээдийн заяа. Өөрөөр хэлбэл, ойрын 40 жилд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй гэсэн үг. Харин үүнийг шийдэх нэг “түлхүүр” нь өдөр өнжүүлэх төв юм. Цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй, эцэг, эхчүүдэд хүүхдэдээ гаргах цаг хомс болсон энэ үед тус төв нь цэцэрлэг, сургууль, эцэг, эхийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Тиймээс эдгээр төвийн ач тусыг ойлгож, сайшаах хүн олон. Сурагчдыг хичээлээс нь авах, сургуульд нь хүргэх, хичээлийг нь давтуулах гээд ач тус их. Цэцэрлэгийн хүүхдэд өгөх хоолны илчлэг, хэмжээ гэж байдаг бол өдөр өнжүүлэх төв хүүхдэд юу өгдөгийг бурхан л мэдэх байх.
Энэ төвүүд мөнгө олохын тулд цэцэрлэгийн насны хүүхдийг ч авдаг. Тэдэнд дуу, шүлэг цээжлүүлэх, зураг зуруулж, гарыг нь зүгшрүүлж сургах зэргээр сургуульд бэлтгэх ёстой. Гэтэл юу заадаг нь бас л бүрхэг. Өдөр өнжүүлэхэд хүүхдээ өгдөг эцэг, эхчүүд энэ талаар “Хүүхдэд юм заадаггүй шүү дээ. Өдөржин дөрвөн хананы дунд хашдаг газар. Төлбөр нь цэцэрлэгийнхээс хямд болохоор нь хүүхдээ өгдөг” гэв. Уг нь энэ төв олон улсад тодорхой хууль, эрх зүйн орчин, боловсролын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг юм байна. Зарим нь боловсролын салбарын нэг хэсэг хэмээн үзэж, Боловсролын яам нь хичээлийн хөтөлбөрийг нь боловсруулж, Нийгмийн хамгааллын яам нь үйл ажиллагааны чиг үүргийг нь тодорхойлон, хяналт тавьдаг байх жишээтэй. Харин манайд хууль, тогтоомж байхгүй, аль ч яаманд харьяалагддаггүй учраас энэ үйлчилгээг “мөнгөний хүүдий” төдийг өөр харах хүн цөөнгүй байгаа юм.
Хэдийгээр өдөр өнжүүлэх төвтэй холбоотой элдэв хэл ам одоохондоо гараагүй ч ямар нэгэн асуудал үүслээ гэхэд хариуцах эзэнгүй олдохгүй нь. Хуулиас гадуур, татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтойг нь мэдсэн танил маань хоёр өрөө байраа өдөр өнжүүлэх төв болгохоор зэхэж байгаагаа дуулгалаа. Энэ мэтчилэн дуртай нэг нь хууль байхг үйн “цоорхой”-г ашиглан, тус төвийг бизнес төдийгөөр ашиглахаас сэргийлж, нэн яаралтай хууль, тогтоомж, стандарт батлах хэрэгтэй юм. Нэгэнт хууль, тогтоомж байхгүй учраас энэ төв хяналт, шалгалтын гадуур өнгөрч, тэр орчмынх нь л хүмүүс мэдэхээр орчинд, хаяггүй үйл ажиллагаа явуулдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан “Өдөр өнжүүлэхтэй холбоотой гомдол бараг ирдэггүй. Ирлээ ч хууль нь байхгүй учраас гомдол хүлээж авдаггүй юм. Хуульд нийцсэн, эс бөгөөс нийцээгүй гэх боломжгүй тул шалгалт хийх ч аргагүй байдаг” гэлээ.
Харин хоёр жилийн өмнө ШӨХТГ-аас өдөр өнжүүлэх төвүүдэд шалгалт хийсэн ч одоо байцаагч нар нь солигдсон учраас мэдээлэл өгөх хүн байхгүй гэнэ. Өдөр өнжүүлэх төвүүд нь бүгд хараар будахуйц муу байгаа юм биш. Сайн нь ч, муу нь ч байна. Зарим нь хүүхдийн эрүүл ахуйн шинжилгээний бичгийг үзэж, тогооч, эмч, багштайгаар үйл ажиллагаа явуулж, сар гаруйн дотор хүүхдийг уншуулж, бичүүлж сургаж байхад нөгөө нь зөвхөн ашгийн төлөө, нохойн хороо аятай оготны нүх шиг байрандаа ямар ч мэргэжлийн хүнгүйгээр үйл ажиллагаа явуулж, хүүхдийг харах төдий л ажиллаж байна. 2-10 настай хүүхдүүдэд нэг багш хичээл заах нь яавч оновчтой биш.
Иймээс өдөр өнжүүлэх төвүүдийг нас насаар нь ангилж, төрөлж үүлэх шаардлага ч бий. Ер нь өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг дүгнэн сайныг нь урамшуулж, саарт нь сануулга өгөн, цаашилбал үйл ажиллагааг нь зогсоодог мэргэжлийн байгууллага хэрэгтэй байна. Хариуцах эзэн, хараагаа бэлчээх хяналтын байгууллагатай болсноор өдөр өнжүүлэх төвүүд цэгцэндээ орж, тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна. Ядаж л элдэв асуудал үүслээ гэхэд буух эзэн, буцах хаяг нь нэг байвал хэн хэндээ тустай. Харин өдгөө өдөр өнжүүлэх төв БСШУЯ, ХАХНХЯ, Хөдөлмөрийн яамны дунд “өнчин хүүхэд” шиг л байна. Тиймээс аль нэг яам нь энэ төвийг харьяалалдаа авч, гай, гавьяа хоёрыг нь зэрэг үүрч байвал уг нь зүгээрсэн.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ