ЯДАРСАН ТӨСӨВ, ЯМБАЛСАН ШҮҮХ
Улсын төсөв хэлэлцэх үеэр Их Хурлын дарга З.Энхболд “... төрийн албан хаагчдын цалинг Улсын их хурал тогтоодог учир шүүгчдийн цалинг тогтоосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус шийдвэрийг мөрдөх ёсгүй” гэж ишлэж ширүүн яриад авсан ч тэгсгээд намжив бололтой. Шүүгчдийн цалинг төрийн хэмжээнд ярих болсон нь Шүүхийн ерөнхий зөвлөл УИХ-ын 2011 оны зургадугаар сарын 17-ны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр” гэсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг тогтооход мөрдөж байгаа эрх зүйн актыг зөрчиж, хэт өндөр цалин тогтоож, дураараа аашилсантай холбоотой юм.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн нэг удирдах ажилтан УИХ-ын байнгын хорооны хурал дээр “...шүүгчид төрийн адилтгах албан тушаалтан нарын авдаг цалингаас 14 дахин өндөр цалин авч байна” гэж албан ёсоор мэдээлж байгаа нь сонсогдлоо. Энэ мэдээлэл үнэний хувьтай гэдгийг дараах баримт харуулж байна. Жишээлбэл, Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 6-ны 79 дүгээр тогтоолоор сумын Засаг дарга сардаа 726.327 төгрөгийн цалинтай байхаар тогтоосон байхад, Сум дундын шүүхийн шүүгч сард 2.3 сая төгрөгийн цалин авч, дээр нь “Шүүгчид нэмэгдэл олгох журам” гэсэн тогтоолоор нэмэгдэл цалин олгогдож гурван саяас дээш орлоготой байна. Мөн шүүн таслах ажиллагаанд оролцдоггүй хэрнээ шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүд таван сая хүртэл төгрөгийн цалин авч байна.
Тухайлбал, тус зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяа таван сая гаруй, Д.Дамдин-Од дөрвөн сая гаруй төгрөгийн цалин сар бүр авч байна. Өндөр насны тэтгэвэрт гарсан Б.Сарантуяа өнөөдөр Ерөнхийлөгчөөс их цалин авч, тэтгэвэр цалин хоёроо нэмбэл төрөөс төрсөн тэрбумтнаас дутаад байх юм даанч алга. Шүүгч бол төрийн нэг албан тушаалтан учир одоо хүчин төгөлдөр байгаа Төрийн албаны тухай хуульд захирагдах ёстой. Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1-д “... төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтооно” гэсэн хуулийн шаардлага бичигдсэн байхад Шүүхийн ерөнхий зөвлөл төрийн адилтгах албан тушаалтны цалингаас 14 дахин их цалин тогтоож хуулийг гууль болгосон байна.
Шүүхийн эдийн засгийн баталгаа гэж Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлд шүүх бие даасан төсөвтэй байхаар заасан нь УИХ-аас тогтоодог төсөв, цалингийн хэмжээнд шүүх захирагдахгүй гэсэн утга, агуулгыг илэрхийлээгүй гэдгийг тус зөвлөлийнхөн мэдэж баймаарсан. Мэдсээр байж хууль зөрчиж цалингаа нэмсэн бол хариуцлага хүлээх ёстой. Шүүхийн төсөв бол улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг. Шүүгч бол төрийн албан хаагч учир Төсвийн тухай хуульд захирагдаж байх учиртай.
ДАРЖИН ТӨСӨВ, ДАНХАР ШҮҮХ
Эдийн засгийн хямрал нүүрлэж дээр доргүй хэцүүхэн болсон энэ үед орон тооны оновчтой бодлого тун ч хэрэгтэй юмсан. Гэтэл шүүх шинэчлэл нэрийн дор улсын мөнгийг урсгаж хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгдэхгүй олон орон тоо гарган тэднийг цалинжуулж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө шүүхийн нарийн бичгийн дарга хурлын бэлтгэлээ хангаж, тэмдэглэлээ хөтлөж, шийдвэрээ оролцогч нарт гардуулж өгөөд болоод л байсан. Гэтэл өнөөдөр ганц хүний энэ ажлыг хоёр хүн хийж, орон тоог нэг дахин нэмэгдүүлж, улсын хэмжээнд 500-гаад хүн шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн даргын ажлыг хийж байна. Мөн өмгөөлөгч нарын хийж байсан эвлэрүүлэн зуучлах ажлыг улсын төсвөөс сард 800.000 төгрөгөөр цалинждаг 300 гаруй хүн шүүхийн байранд сууж хийж байна.
Энэ эвлэрүүлэн зуучлагч нар нь ихэвчлэн шүүхээс өндөр насны тэтгэврт гарсан хүмүүс. Тэд тэтгэвэр дээрээ 800.000 төгрөгийн цалинг давхар аваад явж байна. Шүүхийн энэ данхар бүтэц дээр Тахарын алба гэж шүүх, цагдаагаас ч том байгууллага байгуулж, үүдний жижүүрийн үүргийг гүйцэтгүүлж сууна. Тахарын албыг шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор байгуулсан гэнэ. Шүүхийн түүхэнд шүүгчийн амь насанд ажлаас нь болоод халдсан тохиолдол Монголд бараг үгүй. Гэтэл алс холын Америкийг дуурайн 600 гаруй орон тоотой цэрэгжсэн нүсэр байгууллагыг даржин төсвийнхөө нуруун дээр дааж ядтал нь үүрүүлжээ. Ажлын орон тоог ачаалалд нь тааруулж тогтоодог зарчимтай билээ.
Энэ үүднээс харахад улсын хэмжээнд гэмт хэрэг 2010 онд 48170, харин 2013 онд 42589 гарсан статистик мэдээ байна. Энэ баримтаар бол шүүхийн ажлын ачаалал урьд жилээсээ 5681 хэргээр буурсан байхад, шүүх орон тоогоо 300 гаруй шүүгчээс 718 болтол нэмэгдүүлэхээр УИХ-аар төсвөө батлуулсан байх юм. Иймээс төрийн дээд байгууллага шүүхийн энэ эргэлзээтэй төсвийг эргэн харж, тусгай комисс байгуулж ажлын ачааллыг судлан дүгнэлт гаргуулах нь зүйтэй юм. Төсвийн байгууллагууд Засгийн газрын тогтоолоор орон тоогоо багасгаж байхад, Шүүхийн ерөнхий зөвлөл орон тоогоо нэмэх тухай мэдэгдэж байна. Саяхандаа, 2015 оны гуравдугаар сарын 2-нд шүүгч асан, өндөр насны тэтгэвэр тогтоолгоод одоо тус зөвлөлийн хэвлэлийн албаны даргаар ажиллаж буй Л.Бямбаа гэгч телевзээр “... ачааллын хувьд нэг шүүгчид 137.3 хэрэг ногдож байна.
Хэргийн хавтас ихээр нэмэгдэж байна. Иймээс Нийслэлийн шүүхийн орон тоог яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн сүржин зүйл ярилаа. Шүүгч нэг өдөрт нэг хурал хийж буй нь маш их ажлын ачаалал болж байгаа бололтой. Тэгвэл нэг өдөрт эх баригч эмч 10-аас доошгүй эхийг төрүүлж байгаа хэрнээ ажлын ачаалал дийлдэхгүй байна гэж ам ангайсан гэж үү? Авдаг цалин нь эмч 600.000 төгрөг, харин шүүгч зургаан сая шахам төгрөг. Эмч шүүгч хоёр хоёулаа төрийн, төсвийн цалин авдаг мөртөө цалин нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Ажлын ачаалал их байна гэж хэдэн шүүгч гомдол гаргасан тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд ямар баримт байгаа юм бэ? Энэ бүхнийг төрийн зүгээс ул суурьтай шалгах хэрэгтэй. УИХ шүүхийн ам мэхэнд хууртаад 718 шүүгчийн орон тоо баталчихсан биш байгаасай даа. Шүүхийн шинэчлэл гээд Үндсэн хуулиа зөрчсөн алдаагаа зас гэж Үндсэн хуулийн Цэц тогтоол гаргачихаад байхад өмнөөс нь орон тоогоо нэмнэ гээд байгаа ШЕЗ-ийг яалтай.
Ажлын үнэлэмжийн хувьд хүний үйлдсэн хэрэг төвгийг шийдвэрлэдэг шүүгч, хүний амь насыг аврахын төлөө өдөр шөнөгүй тэмцэх эмч хоёрын аль нь үнэлэмжтэй, үнэтэй юм бэ? Үүнийг авдаг цалингийн хэмжээгээр нь үзэхэд эмч хүн сард 600.000 төгрөгийн цалинтай, шүүгч сарын зургаан сая төгрөгийн цалинтай байгаа нь Монголд хүний амь наснаас илүү, гэмт хэрэг шийдэх нь үнэлэмж ихтэй ажил болоод байна. Ахиухан цалин өгвөл авлигаас шүүгчдийг ангижруулна гэсэн аятайхан шалтаг хэлж байгаа нь цалин багатай бол хүн авлига авч болох юм шиг, цаанаа аюул дагуулсан буруу ойлголтыг нийгэмд төрүүлж байх шиг. Шүүхийн орон тоо, цалин нэмэгдээд хуулиа яс барьдаг шударга шүүх Монголд тогтсон гэхэд эргэлзээтэй.
Яагаад гэвэл 2014 онд шүүхийн шударга бус шийдвэрийн талаар үндэсний өдөр тутмын сонинуудад сэтгэл сэртхийлгэсэн баримтууд байнга гарч байлаа. Жишээлбэл, Газрын тосны дарга асан Д.Амарсайхан гэгчид нас барсан хойно нь шүүх ял оноож, дэлхийд байхгүй ичмээр шийдвэр гаргаж, Монгол Улсын нэрийг гутаасан баримт сонинд нийтлэгдэж байв. Яллагчаас илүү яллах сэтгэлгээтэй болчихсон Монголын шүүх хүний эрхийг хүндэтгэдэг байсан бол Д.Амарсайхан агсныг шоронд үхүүлэхгүй байх бололцоо байсан. Яагаад гэвэл Амарсайханы өмгөөлөгч “Энэ хүний эрүүл мэнд муу байна, батлан даалтанд өгөөч” гэж удаа дараа хүсэлт гаргаж шүүхэд өгсөн ч үл ойшоож, үргэлжлүүлж хорьсоор түүнийг диваажинд илгээсэн. Хүнийг цагдан хорих эрхийг Монголд шүүх л эдэлдэг шүү дээ. Иймээс шударга бус шүүгчдэд цалин нэмэх нь шударга ёсонд нийцэнэ гэж үү.
Л.ЁНДОН (Бэлтгэл хурандаа)