Хамар намхан, хацар, шанаа чинь том, хөл майга, хүзүү богино, нүд чинь онигор, нүүрний арьс чинь “хар” байлаа гээд та өөрийгөө царай муутай, бусдаас өөр гэж голох хэрэггүй ээ. Өөрөө өөртөө гутарч, өрөөлөөс царай муутай гэж бодох бүүр ч зохисгүй. Учир нь та бидний дунд үүнээс ч илүү зовлон туулж, хүний нүүр эгцэлж ч харж үзээгүй олон хүн тарчлан амьдарч байна. 2014 оны арванхоёрдугаар сарын 27. “TV9” телевизийнхэн Монгол Лет Ми-Инь буюу “Би өөрөө гоо сайхан” нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд анхны дугаараа цацсан өдөр. БНСУ-ын “Банобаги” гоо сайхны нэгдсэн эмнэлэгтэй хамтран хийсэн эл шоу нэвтрүүлэгт Монголын 100 гаруй эмэгтэй оролцох хүсэлтээ ирүүлсний дотор эрүү, нүүрний гажигтай, төрөлхийн янз бүрийн эмгэгтэй олон хүн байв.

Тэр дундаа түлэнхийн сорвитой хүн ямар олон байсныг уншигчид санаж байгаа болов уу. Өлгийтэй байхдаа гэр нь шатсанаас болж нүүр, цээж, гар, хөлөө галд “алдсан” 30 орчим насны эмэгтэй амьдралдаа нэг ч удаа зургаа авахуулж үзээгүйгээ уйлан хэлэх. Нүүр, гар нь гүн түлэгдэж, эдгэрэхдээ царайны төрхийг нь алдагдуулан, хүзүү, чих, ам руугаа таталдаж сорвижсон, дуулж, бүжиглэдэг, урлагт хайртай 16-хан настай охин найзтайгаа хамт хичээлдээ явах гэж гэрт нь ороод толгой, шийр хуйхлах гэж байсан гаазанд нь өртөн, насаараа тахир дутуу болсон, 3-4 настайдаа тогоотой халуун цайндаа халтирч унаад биеийнхээ 60 орчим хувийг түлсэн зэрэг золгүй байдлаар хүн харахын эцэсгүй сорвитой болсон хүн ямар олон байсан гээч.
Тэд эрдэм сурч, нийгэмших гэхээр хүүхдүүд “мангас” хэмээн шоолдгоос нь болоод сургуулиа хаяж, гэрийн мухар сахин, “хүний” тооноос өөрсдийгөө хассан байх юм. Хэрвээ Монголд түлэнхийн дараах нөхөн сэргээх мэс засал хийдэг байсансан бол... Түлэнхий бол биеэ даасан шинжлэх ухаан. Гэтэл манайд энэ салбар хаягдчихсан. Олон улсын стандартаар 350-400 мянган хүн тутамд Түлэнхийн нэг төв байх ёстой атал нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод ганц байсныгаа Гэмтлийн эмнэлгийн “бөөрөнд” тасаг болтол нь хумичихсан. 80 ортой энэ тасагт нь өдөр, шөнөгүй түлэгдсэн хүүхэд, томчуудын уйлах, орилох дуу хадаж, өдгөө ачааллаа дийлэхтэй, үгүйтэй л байгаа. Түлэгдэнэ гэдэг 1990 оноос өмнө улирлын чанартай өвчин байсан бол одоо жилийн аль ч улиралд энэ тасгийн ор сулрахгүй, “байнгын” үйлчлүүлэгчтэй болсон.

Тэдний 80 орчим хувь нь 0-5 насныхан байгааг эмч нар хэлж байна. Өдөртөө 20, 30-аараа түлэгдээд ирж буй хүүхдүүд ирээдүйд сорвитой, өрөөл татанхай болж өсөхийг мэргэжлийн хүмүүс баттай хэлнэ лээ. Учир нь Монголд түлэнхийн дараах нөхөн сэргээх, сэргээн засах, гоо сайхны хагалгаа огт хийхгүй байгаа аж. Хийх боломж нь ч байхгүй гэсэн. Уг нь манай Түлэнхийн тасгийн эмч нар гадаадад мэргэжил эзэмшсэн, энэ төрлийн мэс ажилбаруудыг эх орондоо хийчих хэмжээний чадвартай. Харамсалтай нь зориулалтын байр, тоног төхөөрөмж, материаллаг баазгүйгээс энэ бүхэн орхигдоход хүрчээ. Эмч нар “Ойрын арван жилд түлэнхийн нөхөн сэргээх мас заслын суурь нь л тавигдана” хэмээн хатуу ч гэлээ үнэн үг хэлэв. ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах “Түлэгдэхийг зарим хүн тоодоггүй. Жижигхэн шарх үүсээд л эдгэрчихдэг мэтээр ойлгодог. Гэтэл ачир дээрээ түлэнхий нь маш их хор хөнөөлтэй, сорви үүсгэдэг, нас барах шалтгаан болдог.
Нүүр нь түлэгдлээ гэж бодоход гоо сайхан байтугай үндсэн төрхөө хүртэл алдахад хүрдэг. Цаашлаад эрүү, нүүр, үе мөчний гажиг үүсгэх, тахир дутуу болох нь цаг хугацааны асуудал. Өмнөхөө бодвол сүүлийн 10-аад жилд хүмүүс түлэгдэх нь багасаж байгаа ч бүр үгүй болчихоогүй. Монголд түлэнхийн сорвитой хүн маш олон байна. Энэ өвчний дараах нөхөн сэргээх мэс засал сүүлийн 5-10 жилд дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байгаа. Бид Франц, БНСУ-ын Түлэнхийн төвийнхөнтэй хамтран пластик хагалгаа хийдэг болсон ч байр, тоног төхөөрөмж, эмнэлгийн нөхцөлөөс болоод сорви арилгах мэс засал хоцрогдсон. Огт хийхгүй байгаа гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор нийгэмд сорвитой, сэтгэлийн дарамтад орсон, тахир дутуу хүн олшроод буй хэрэг.
Нөхөн сэргээх хагалгааны зардал маш өндөр. Гүн сорвитой, нүүрний төрхөө алдсан, тахир дутуу, татанхай болсон хүмүүст нэг байтугай 3-4 удаа мэс засал хийсэн ч “гоё” болгох боломжгүй. Тэгээд ч нүүрний түлэгдсэн арьс маш олон удаагийн нөхөн сэргээх хагалгааны дараа төрхөө 80-90 хувийг нь л эргүүлэн олох боломжтой. Тухайн хүнээс тэсвэр хатуужил, хугацаа, мөнгө маш их шаарддаг. Учир нь нөхөн сэргээх хагалгаанд биологийн бүтээгдэхүүн, хиймэл арьс их хэмжээгээр ордог. Энэ нь олон улсад өндөр үнэтэй. 10х10 см-ийн харьцаатай буюу алгын чинээ хиймэл арьс л гэхэл 400 мянган төгрөг байдаг. Бид өөрсдөө үүнийг нь хувиараа оруулж ирье гэхээр эрх мэдэл, мөнгө ч алга. Иргэд ч хагалгааны зардлаа дийлэхүйц санхүүгийн чадвартай байх шаардлагатай гээд нөхөн сэргээх мэс заслыг эх орондоо хийдэг болохын тулд эрүүл мэнд, даатгалын системд өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох шаардлагатай. Энэ бол манай тасгийн бус, улс орны эдийн засагтай шууд холбоотой асуудал.

Бидэнд биологийн материалууд, хиймэл арьс хэрэгтэй. Иргэд даатгалаараа нөхөн сэргээх мэс засал хийлгэе гэхээр үүнийг даатгалд тусгаагүй. Тиймээс бид одоо л түлэнхийн дараах нөхөн сэргээх мэс засал гэж ийм зүйл байдаг юм шүү гэдгийг хүмүүст бага ч болов мэдрүүлэхээр зүтгэж явна. Гэхдээ бидний байрыг бариад өгчихөж чадахгүй улс “Юун нөхөн сэргээх хагалгаа” болох байлгүй дээ. Гэсэн ч бид гадаадын тусламжаар ганц нэг тоног төхөөрөмж оруулж ирж байгаа” гэж ярьсан юм. Түлэнхийн тасгийнхан мөнгөний бололцоотой хүмүүсийг нөхөн сэргээх мэс засал хийлгүүлэхээр БНСУ руу явуулдаг юм билээ. Харин санхүүгийн чадваргүй, түлэгдсэн сорви нь том, эрүүл мэндэд нь ноцтой аюул учирч болзошгүй өвчтөнүүдийнхээ мэдээллийг тус улс руу илгээж, ивээн тэтгэгч хайдаг аж. Солонгост нөхөн сэргээх хагалгааны зардал нь хамгийн багадаа 20-200 сая хүртэл вонн буюу 300 орчим сая төгрөг байдаг гэнэ.
Гоо сайхных нь бүр ч үнэтэй. 2012 онд Дорнодод гарсан хээрийн түймрийн үеэр онцгой байдлын аврагчид түлэгдсэн. Тухайн үед Э.Галбадрах эмч газар дээрээс нь хоёр хүн авчраад Түлэнхийн төвдөө эмчилсэн юм билээ. Харамсалтай нь нэг нь нас барж, нөгөө нь БНСУ руу нөхөн сэргээх мэс засал хийлгэхээр явсан. Тэрбээр “Амьд үлдсэн аврагчийн биеийн 60 хувь түлэгдсэн. Тухайн үед БНСУ-д 2-3 сар эмчлүүлээд эх орондоо ирэхдээ өөрийн дүр төрхөө алдсан, хүн гэж хэлэхэд нүд хальтрам харагдсан. Хамар, уруул, хөмсөг нь түлэгдээд байхгүй болчихсон, нүд нь анихаа байчихсан. Түүнээс хойш гурван ч удаа БНСУ руу явж нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн. Гэтэл одоо нүүрнийх нь 70 орчим хувь нь л сэргэж байна. Хөмсөгтэй болгож, уруулын хэлбэрийг нь засаж, хамар суулгасан. Нүд нь бага багаар анивчиж байгаа. Энэ бүхнийг нэг дор хийх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, хүн төрхөнд нь оруулахын тулд доод тал нь 6-7 удаа хагалгаа хийх шаардлагатай. 2-3 жилийн хугацаанд дөнгөж төрхөө л олж байна гэхээр асар их хугацаа шаардаж байгаа нь харагдана. Тэр залуугийн нөхөн сэргээх хагалгааны зардал нь нийт 200 орчим сая вонн болсон. Зөвхөн амьд үлдэхийн тулд 200 сая вонноор эмчилгээ хийлгэсэн. Өдгөө гоо сайхнаа эргүүлэн олж авахын тулд маш их мөнгө зарцуулж байгаа. Гэхдээ энэ бүхнийг хандивлагч байгууллага, эмнэлэг, компанийн тусламжтайгаар зохицуулж байна” гэж ярилаа. Олон улсын стандартаар Түлэнхийн төв нь сэхээний, энгийн, хүүхдийн, том хүний, нөхөн сэргээх, мэс заслын, гоо сайхны, сэргээн засалтын тасагтай байж гэмээнэ тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой. Хүний арьс 1.6-2 ам метр хэмжээтэй, хамгийн том эрхтэн.
Хүний цус, ус гээд бүх шингэнийг гадагшлуулалгүй барьж байдаг. Тусгаарлах 7-8 бүрхүүлтэй, нарны туяагаар өөртөө Д витамин шингээж авдаг. Халуун, дулаан нэвтрүүлдэг, халдвараас хамгаалдаг. Гэтэл уг бүрхүүл нь түлэгдчихээр энэ олон үйл ажиллагаа алдагдаж, хучуур эд нь холбогч эдээр солигдож, тэр чигтээ сорви үүсгэдэг аж. Одоогоор Түлэнхийн тасагт арьсны нөөц алга. Гал, түймэрт өртөж, биеийнх нь ихэнх хэсэг түлэгдсэн өвчтөнүүддээ шархыг нь цэвэрлээд боолт хийхээс өөр юу ч хийж чадахгүй байгаа гэнэ. Хатуухан хэлэхэд үхэхийг нь “хүлээж” суудаг гэхэд хилсдүүлсэн болохгүй. Нөөц арьсгүй учраас түлэгдсэн өвчтөнийхөө эрүүл хэсгээс нь арьс авч нөхдөг аж. Гэсэн ч арьс авсан хэсэгт нь түлэгдсэнээс ялгаагүй сорви үүсдэг учраас тухайн хүний гоо сайханд сөргөөр нөлөөлдөг юм байна. “Аргагүйн эрхэнд л хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж байна. Нэг хэсэг газрынх нь шархыг эдгээхийн тулд нөгөөхийг нь өвчлүүлнэ гэдэг орчин үеийн шинжлэх ухаанд байж боломгүй зүйл” гэж эмч нар хэлж байсан юм.
Хааяа өвчтөний ар гэрийнхний биеэс арьс авдаг ч биологийн тохироо нь таардаггүй учир 14-21 хоноод л ховхроод уначихдаг аж. Хэдэн жилийн өмнө Ховд аймгаас зургаан настай охин түлэгдэж ирэхэд ээжээс нь арьс авч, шарханд нь нөхөхөд 100 хувь тохирч, эдгэрч гарсан гэнэ лээ. Түүнээс хойш ганц, хоёр тохиолдолд л өрөөлийн арьс өвчтөнд ондоошилгүй тогтож үлджээ. Гадаадын олон оронд түлэгдсэн өвчтөнүүдээс өөрөөс нь арьс авч, нөхөх хагалгаа огт хийдэггүй. Хиймэл арьс, биологийн бүтээгдэхүүн ашигладаг юм билээ. Түлэгдсэн өвчтөнд 72 цагийн дотор хиймэл арьс нөхөж, дараа дараагийнхаа эмчилгээг хийдэг аж.
Гэтэл манай Түлэнхийн тасгийнхан арьсны нөөцгүйгээс өвчтөнд яаралтай тусалж чадалгүй хугацаа алддаг. Цаашид сорвитой хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд энэ нь ихээхэн “түлхэц” болж буй аж. Тиймээс Донорын тухай хууль баталбал цогцосноос арьс авч ашиглах боломжтой болно гэцгээж байсан юм. Тухайн хүнийг амьсгал хураасны дараа арьсыг нь авч “Скин банк”-нд хадгалж, түүгээрээ түлэгдсэн өвчтөнүүдийнхээ амийг авардаг жишиг олон улсад байдаг юм байна. Гэтэл манайд хууль эрх зүйн орчин нь байхгүйгээс арьсны нөөц бүрдүүлж чадахгүй байгаа аж. Өөрөөс нь арьс авах боломжгүй, эмнэлэг нөөцгүй, биологийн материал байхгүй үед өвчтөнд хийсэн эмчилгээ үр дүнгээ өгөлгүй, нас барж буй тохиолдол олон байгааг Түлэнхийн тасгийнхан хэлж байсан юм.
Тиймээс хиймэл арьс, бүтээгдэхүүн оруулж ирэхээ байг гэхэд Монголдоо арьсны нөөц бүрдүүлэх хэрэгтэй гэж ярьж байв. Монгол Улс протез буюу хиймэл үе суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болсноор гадаад руу урсах их хэмжээний мөнгийг дотооддоо авч үлдэж чадаж байгаа. Харин өдгөө түлэнхийн дараах нөхөн сэргээх хагалгааг Монголд хийхэд нь хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмжөөр нь хангаж өгөх зайлшгүй шаардлага тулгараад байна. Адаглаад Түлэнхийн төвийн байрыг нэн даруй барьж өгөх хэрэгтэй. Монголчууд бид цөөхүүлээ. Хоол, цайндаа, галд, химийн бодист гэхчлэн янз бүрээр түлэгдсэн хүн бидний эргэн тойронд олон байдаг. Үүний улмаас эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон тэднийг нийгэмшихэд нь, хэн нэгнээс ичиж зоволгүй, адлуулж хараалгалгүй зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдрахад нь туслах хэрэгтэй.
О.БАТ-УНДРАХ