МУИС-ийн Экологийн боловсролын төв дэргэдээ байгаль орчны сургалт, танин мэдэхүйн хүлэмжтэй болжээ. Уг хүлэмжийг 30 гаруй жилийн өмнө аж ахуйн үйлчилгээний зориулалтаар барьсан ч засвар хийгээгүй удсанаас тусгаарлалт нь муудаж, дулааны алдагдалд орсон байж. Тиймээс тус төв Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн дэмжлэгээр төсөл хэрэгжүүлж, жилийн дөрвөн улирал ургамал ургах боломжтой, орчин үеийн хүлэмж болгон тохижуулсан байна.
Уг хүлэмжид “Ажилсаг чийгийн улаан хорхой”, “Үл үзэгдэгчийн мөрөөр”, “Байгалийн массаж” зэрэг 10-аад өртөө байгуулснаас гадна иргэдэд ургамлыг хэрхэн арчилж, ургуулах талаар зөвлөгөө өгдөг юм байна. “Ажилсаг чийгийн улаан хорхой” өртөөнд биднийг очиход уг амьтан байгальд хэрхэн эерэг нөлөө үзүүлдгийг хүүхдүүдэд тайлбарлаж байлаа. Чийгийн улаан хорхой элс, чулуутай орчинд шим тэжээлтэй хөрс бий болгохоор “ажиллаж” байв.
Хүүхдүүд энэ хорхойн ач тусыг мэддэггүй учраас хөнөөж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг аж. Тиймээс тэдэнд чийгийн улаан хорхойн ач тусыг таниулахын тулд уг өртөөг байгуулжээ. “Байгалийн массаж” өртөөнд төрөл бүрийн чулуу, элс шороон дээр хөл нүцгэн алхах боломжтой. Энэ өртөөнөөс байгалийн чулууны талаар мэдлэгтэй болох бөгөөд эрүүл мэндэд ямар эерэг нөлөө үзүүлдгийг мэргэжилтнүүд тайлбарлана.
Хүлэмжийн нөгөө талд тус төвийн мэргэжилтнүүд цэцгийн мандлын үрсэлгээ суулгаж байлаа. Тэнд зуны улиралд хотын гудамж, талбайд ургуулах цэцэг, ногоог үрслүүлж, борлуулдаг аж. Экологийн боловсролын төвд хүлэмжээс гадна 300 гаруй үзмэртэй амьтны музей бий. Тус музейг ЕБС-ийн сурагчдын болон их, дээд сургуулийн оюутнуудын сургалт, дадлагын бааз болгох зорилгоор 2002 онд МУИС-ийн Биологийн факультетийн Амьтан судлалын тэнхимтэй хамтран сэргээн засварласан юм байна.
Экологи- байгалийн музейд Монгол орны экосистемийн онцлогийг харуулсан үзмэрээс гадна гадаадын орноос бэлэглэсэн матар, тогос, далайн хав зэрэг үзмэр ч бий. Түүнчлэн тус төв хашаандаа 30 гаруй модтой цэцэрлэгт хүрээлэнтэй. Голт бор, монос, тэхийн шээг, гацуур, үхрийн нүд, чацаргана зэрэг шилмүүст болон навчит ургамал, жимс жимсгэний 3500 гаруй мод, сөөг ургаж байгаа аж.
Э.НЯМДУЛАМ