Уур амьсгалын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид ингэж “гомдоллож” байна. BBC агентлагийн ярилцлага- мэтгэлцээнд оролцсон тэд “Худал үгийг хэдэнтээ давтахаар үнэн болдог шиг үнэн зүйлийг улиглан давтахаар үнэ цэнээ алддаг юм байна. Дулаарлын талаар ярихад одоо анхаарч чагнадаг хүн цөөрчээ. Зарим нь дулаарлыг жам ёсны өөрчлөлт гэж боддог бол зарим нь дулаарлаас үүдэж ийм, тийм гамшиг болно гэхээр биднийг хэтрүүлж байна, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэдэг ердөө мөнгөний ажил, далд бизнес болсон гэж харддаг” хэмээн ярьсан байна.
Арван жилийн өмнө Уур амьсгалын өөрчлөлт, хэвлэл мэдээллийн ажиглалтын төвийг байгуулсан Макс Бойкоффын тогтоосноор 2006-2007 онд олон нийт болоод хэвлэл мэдээллийнхний дунд байгаль экологийн асуудлыг сонирхох нь эрс нэмэгджээ. Харин 2009 онд Копенгаген хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний чуулганы дараагаас энэ хандлага буурч, сараас сард мэдээллийн хувь нь цөөрсөөр одоо нийгмийн асуудлаарх мэдээ сэлтийн 20 хүрэхгүй хувийг экологи, байгаль орчны сэдэв эзэлж байна.
Энэ нь 2004 оныхтой харьцуулахад дэлхийн хэмжээнд 36, АНУ-д 26, Их Британи болоод Европын бусад улсад 55 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Судалгааг 25 орны хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллагад хийсэн аж. Копенгагений чуулган гойд үр дүнд хүрээгүйд олон хүний урам хугарсан, чухам энэ явдлаас болж дэлхий нийт дулаарлыг ноцтой үзэгдэл гэж бодохоо больсон гэж Дэлхийн нөөцийн хүрээлэн (WRI)-гийн Уур амьсгалын хөтөлбөрийн удирдагч Женнифер Морган үзэж байна.
Харин байгаль орчин, нийгмийн сэтгэл зүйч Роберт Гиффордын хэлснээр бидний тархи 300 мянган жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй болохоор хүн гэдэг ойрын хэдэн жилд юу болох бол гэж тэр бүр санаа зовдоггүй, амин хувиа хичээсэн “амьтан” хэвээр байгаа нь энэхүү анзааргагүй, тоомжиргүй байдалд зонхилон нөлөөлж буй гэнэ.
Г.ЛХАГВА