Бид газар доорх баялагаа боловсруулдаггүйгээс хэд дахин хямд үнээр гадаад руу гаргадаг. Харин тэд авсныгаа боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эргээд бидэнд өндөр үнээр “шахдаг”. Энэ бүхнээс ангижрах цорын ганц арга нь Монгол худалдан авагч бус үйлдвэрлэгч орон болох юм.
Үүний эхлэлийг “Эрдмин” компанийнхан тавиад байна. Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг тус компани 1997 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал хүдрийг боловсруулж, катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлсэн бол өдгөө гурав дахь жилдээ стандартын шаардлага хангасан зэс цувимал, зэс утас, хүчний кабель, цахилгаан монтажны зэс утас, уртасгагч залгуур зэрэг 50 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотооддоо хямд үнээр борлуулж байна. УИХ-ын гишүүн, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэг энэ үйлдвэрийг байгуулжээ. “Эрдмин” ХХК хоёр үйлдвэртэй, 100 гаруй ажилчинтай.

Нэгэнд нь катодын зэс гаргаж авдаг бол нөгөөд нь зэсээ эцсийн бүтээгдэхүүн болгодог. Катодын зэсийн үйлдвэрт 80 гаруй хүн ажилладаг бөгөөд 99.999 хувь буюу Лондоны металлийн биржийн “А” зэрэглэлийн цэвэр зэс үйлдвэрлэдэг.
Зэс утас үйлдвэрлэл нь зэс хайлуулж цувих, зэс утас нарийсгах, ээрэх, бүрэх гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, катодын зэсээ хоногт 1.5 тн зэс хайлуулах хүчин чадал бүхий зууханд 1145 градуст хайлуулж, найман мм-ын голчтой зэс цувимал үйлдвэрлэдэг. Дараа нь нарийсгах дамжлагын машинаар 1.04-8 мм-ийн голчтой 11 төрлийн зэс утас гаргаж авдаг. Ингээд утсаа дамранд ороож, дараа нь бүрнэ. PVC хэмээх будаа шиг нунтагаас өнгийг нь сонгон бүрэх машинд хийснээр машин утсыг бүрж эхэлдэг. Хэрэв саарал өнгөөр бүрэх бол хар, цагаан, цэнхэрийг холиход л хангалттай.

Тус үйлдвэрийнхэн нунтагаа Тайванийн компаниас нэг кг-ыг нь дөрвөн ам.доллараар авч байжээ. Монголд ийм үйлдвэр байхгүй, аль нь сайн бэ гэдгийг мэдэхгүй учир хамгийн сайныг нь хямд үнээр авч байна гэж итгэж явсан гэнэ. Гэтэл Хятадад болсон олон улсын үзэсгэлэн худалдаанд нөгөө нунтагийнх нь нэг кг-ыг 1.4 ам.доллараар зарж байж. Тайванийн компани 1.4 долларын үнэтэй нунтагийг дөрвөн доллараар зарж байсан аж.
Бүрсэн зэс утсанд алдаа гарсан эсэхийг “Spank tester” машин шалгана. Ер нь бол энд бүх зүйлийг машин хийдэг бөгөөд мэргэжилтнүүд тохиргоог нь тааруулахад л болно. Бүрэх дамжлагын машин нь Тайвань, бусад нь Германых юм байна. Хэрэв утасны бүрхүүлд ямар нэг цоорхой байвал машин дохио өгдөг. Зэс утсаа бүрсний дараа хэмжээ тавьж, тасална. Бэлэн болсон утсанд сэрээ, залгуур угсарснаар уртасгагч залгуур бэлэн болдог.

Сэрээ, залгуурыг Монголд хийдэг компани байхгүй учир БНХАУ-аас худалдаж авдаг. Сэрээний гадна талын бариулыг мөн л машины тусламжтай хийдэг аж. “Манайх залгуурыг хийж болох ч тоног төхөөрөмж авахад хөрөнгө хэрэгтэй. Гэхдээ бүгдийг нь нэг компани хийх нь буруу. Ганц компани хөгжөөд бусад нь хөгжихгүй. Бусад орны жишгийг харахад нэг нь утсаа, нөгөө нь сэрээг, бас нэг нь залгуураа хийгээд нийлүүлж угсардаг тусдаа компани байдаг юм билээ” хэмээн мэргэжилтнүүд нь ярьсан бол “Эрдмин” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баатар “Монголд энэ салбар хөгжөөгүй учраас мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан. Бид хийхгүй бол өөр хэн ч хийхгүй юм байна гэдгийг ойлгосон.
Гадаадынхан бол бүр ч хийхгүй шүү дээ. Манай компанийн 58 хувийн хувьцааг Америкийн MSR компани эзэмшдэг. Тэднийхээс зөвшөөрөл ч авалгүй, зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн хийж эхэлсэн” гэв. Өдгөө тус компани бүтээгдэхүүнээ Орхон аймагт болон Улаанбаатар хотод үйлдвэрийн үнээр борлуулж байна. Хэрэв та дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл Зуун айл дахь барилгын материалын худалдааны “Атлас” төвд нэрийн дэлгүүр нь бий.
Шинэ юм бүхэн амаргүй. Туршлагагүй, дээрээс өмнө нь ийм үйлдвэр байгаагүй учир энэ бүхэнд хүрэх гэж тэд нэлээдгүй бэрхшээл туулжээ. Түүнчлэн ашигт малтмалын тухай хуульд “Эрдмин” шиг онцлогтой үйлдвэрийн талаар дурдаагүй байдаг гэнэ.
Ж.Баатар: Төрийн дэмжлэг байхгүй бол бид яаж ч зүтгээд хэрэг алга
“Эрдмин” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Зэсээр эцсийн бүтээгдэхүүн хийдэг компани Монголд өөр байдаг уу?
-Байхгүй. Зэсээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хийе гэвэл бид катодын зэсээ чөлөөтэй зарна. Зэсээр юм хийдэг байгууллага байхгүй учраас экспортолдог. Манайх үйлдвэрлэж байгаа утасныхаа төрлөөр Монголын зах зээлийг бүрэн хангах боломжтой. Хямд, чанартай болохоор барилгын компанийнхан манай бүтээгдэхүүнийг дуртай авдаг. Харин төрийн өмчийн байгууллагууд авдаггүй. “Эрдэнэт” үйлдвэр манай 25 хувийг эзэмшдэг. Оросоос утсаа 100 хувь авдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн манайхаас бага хэмжээгээр авах болсон.
-Бүтээгдэхүүнээ гадаадад борлуулах боломж бий юу?
-Монголоос бусад улс боловсруулсан бүтээгдэхүүнээс импортын татвар авдаг учраас өөрсдийнх нь бүтээгдэхүүн хямд үнэтэй байдаг.
-Нэг уртасгагч залгуураас хэдэн төгрөгийн ашиг олдог вэ?
-Манай гол ашиг бол катодын зэсийн борлуулалт. Уртасгагч, цахилгаан утаснаас ямар ч ашиг гардаггүй. Учир нь бид үйлдвэрийнхээ хүчин чадлын дөнгөж арван хувийг ашигладаг. Ядаж 30 хувийг нь ашиглавал ашигтай ажиллана. Ажилчдын цалин, цахилгаан, ус, тоног төхөөрөмжийн зардал, татвар зэргийг цөөхөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ хуваахаар ашиггүй болчихож байгаа юм. Ажилчдаа хийснээр нь биш цагаар нь цалинжуулдаг.
-Борлуулалт хэр байна вэ?
-Муу. 100 айлын “Атлас” төвд борлуулалтын нэг цэгтэй. Өргөн хэрэглээний бараа биш учраас олон лангуу нээх хэрэггүй юм билээ. Манай үйлдвэрийн хүчин чадал жилдээ 2000 тн катодын зэс боловсруулаад утас хийх хүчин чадалтай. Уртасгагч залгуурыг гурав, тав, найм, 10 метр урттай хийж байгаа. Хэрэглэгч хүсвэл түүнээс уртыг ч хийж болно. Арван ампер байгаа залгуурын хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй байгаа. Энэ бол Хятадад хамгийн сайн чанартай залгуур. Цаашид Германаас 16 ампертайг авахаар судалгаа хийж байна. Ингэхээр үнэ нь ч нэмэгдэнэ. Гэтэл үнэтэй бүтээгдэхүүн авах хэрэглэгчийн тоо хэд билээ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
-Хамтарч ажилладаг, гэрээтэй хэчнээн компани байдаг вэ?
-Гэрээтэй компани бараг байхгүй. Улаанбаатарын барилгын компаниудын ихэнх нь манайхаас утсаа авдаг. Тусгаар тогтнолын ордны бүх цахилгаан утас манайх. Гэвч сүүлийн үед барилгын салбар уналтад орсон учраас борлуулалт муудсан.
-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Хийхээр төлөвлөсөн олон зүйл байна. Гэхдээ төрийн дэмжлэг байхгүй бол бид яаж ч зүтгээд хэрэг алга. Борлуулж чадвал юу л бол юу хийж болно. Хүмүүс манайд “Юу хийх вэ, мөнгө байна, хамтарч ажиллая” гэж ирдэг. Би “Та юу зарж чадах вэ, тэрийгээ судалчих. Зарж чадах зүйлийг чинь хийж өгье” гэдэг. Манайх үйлдвэрлэгч биш худалдан авагч орон. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулалгүй зарж байгаа нь ашиггүй. Иймээс Монголдоо боловсруулж, борлуулалтад нь төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Монголдоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг төрийн байгууллага нь худалдаж авдгийг бодлогоороо зохицуулж, ижил төрлийн бүтээгдэхүүний импортод татвар тогтоон зах зээлээ хамгаалах хэрэгтэй.


