-Танд энэ өдрийн мэнд хүргэе. ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагч, Ерөнхий сайдын зөвлөх асан, Увс аймгийн Ардчилсан намын дарга гээд таны тухай албаны мэдээлэл их байх юм. Тэгэхээр таны хувийн амьдрал, төрсөн нутаг, төгссөн сургууль, гэр бүлийн тань тухай асуултаар ярилцлагаа эхэлье.
-Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Олон жил тогтвортой хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна.
Би Увс аймгийн Тэс сумын хүн. Аав маань Сүх-Очирын Одон гэж сумынхаа Тэжээлийн аж ахуйн инженерийг насаараа хийсэн шинийг санаачлагч хүн байсан. Бид эхээс есүүлээ. Би айлын тав дахь хүүхэд. Тав дахь хүүхэд чинь алдарт эхийн одон ээждээ авчирдаг одонгийн хүүхэд гэгддэг байлаа. Ингээд бодохоор би Одон овогтой одонгийн хүүхэд болж байна аа даа. 1991 онд КТМС-д инженер эдийн засгийн ангид элсэн орж төгссөн. Тэр үеэсээ сонирхдог байсан сэдвээ одоо болтол хаялгүй эдийн засгийн бүтцийн чиглэлээр докторын судалгааны ажлаа үргэлжүүлж байна. Мөн энэ чиглэлээрээ судалгаагаа ахиулах зорилгоор саяхан Харвардын их сургуульд суралцаад судалгааны ажил дээрээ тэндхийн профессоруудаар санал шүүмж сонсоод ирлээ. Ер нь судалгааны ажил их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг ажил шүү дээ. Миний эхнэрийг Р.Цэвэлмаа гэдэг арван жилийн ангийн маань ширээний охин. Бид гурван хүүтэй.
-Та шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. Ер нь та хувьдаа Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг юу гэж дүгнэх вэ. Ер нь хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаад төрийн өндөр албан тушаалд очиход ямар байдаг юм байна?
-2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайд санал тавьсны дагуу эдийн засгийн, тэр дундаа үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан. Ажил болгон өөрийн гэсэн онцлогтой учраас хоёр зүйлийг тодотгох шаардлагатай. Нэгдүгээрт, зөвлөхийн ажил тухайн Ерөнхий сайдын хүсэл эрмэлзэл, багийн ажиллагаа гээд бүх зүйлээс шууд хамааралтай. Хоёрдугаарт, Монголын нийгмийн бүхий л орчинд өрнөж буй мэдээ мэдээллийн урсгалын халуун цэг дээр байдаг давуу талтай. Удирдлагад нь хоёр жил гаруй ажилласан хүний хувьд хэлэхэд Н.Алтанхуяг дарга улсын ажлыг үнэхээр чин сэтгэлээсээ хийдэг хүн болох нь мэдрэгддэг байсан.
Харин миний хувьд улс төрийн албан тушаал хашиж байхад нийт Монголын улс төрийн амьдралд өөрчилж болмоор зүйл нэлээд анзаарагддаг байлаа. Ер нь Монголын улс төрийн амьдралд аливаа ажлыг төсөл гэж харахгүйгээр хэрэгжүүлэх явц нь хувь хүмүүсийн харилцаан дээр урсаад байх юм. Алийн болгон ингэх билээ дээ. Бизнест бол бүх зүйлийг төсөл хэлбэрээр хардаг. Төсөл гэдэг чинь тогтсон цаг хугацаатай, хүрэх зорилготой, хүрээгүй бол хүлээх хариуцлагатай, буух эзэн, буцах хаягтай байдаг. Магадгүй энийг улс төрийн онцлог гэж дүгнэх хүмүүс байгаа байх. Гэхдээ алийн болгон тэр буруу онцлогоо улс төр нэрээр халхлаад тээгээд явах билээ. Харин Шинэчлэлийн засгийн газар үүнийг өөрчлөхөөр нэлээд ажилласан болов уу.
-Та Увс аймгийн Ардчилсан намын даргын албан тушаалд очоод удаагүй байгаа. Энэ албан тушаал дээр ирээд та нутаг орныхоо төлөө юу хийхийг зорьж байгаа вэ?
-Би Сайханбилэг сайдын зөвлөхөөр бас хэсэг ажилласан шүү дээ. Ерөнхий сайдын зөвлөхөөр гурван жил ажиллах хугацаанд надад нэг бодол төрөөд байсан юм. Улс оронд өрнөж буй бүхий л мэдээллийн дунд ажиллаж үзлээ. Одоо тэдгээр асуудлыг бие даан шийдэх түвшинд ажиллаад, хариуцлага хүлээгээд үзвэл яах бол гэсэн бодол л доо. Юмыг энэ болохгүй, тэр болохгүй байна гээд шүүмжлээд суух хамгийн амархан. Харин зүхээд суугаад байгаа тэр харанхуйдаа ганц ч гэсэн лаа асаах хэцүү. Гэхдээ залуу хүний хувьд албаны унаатай, халж солих ажилчинтай, зарцуулах төсөв мөнгөтэй газрыг шууд зоривол алсдаа өөрт л муу. Тиймээс намын даргын ажлыг сонгосон хэрэг. Учир нь намын дарга чинь бодлого чиглэлээ гаргаж, бусдыг түүн рүүгээ уриалан дуудаж итгэлийг нь олж, төсөв мөнгөө босгож бүрдүүлдэг, багаараа хамтдаа зүтгэдэг ажил.
-Та улс төрийн хоёр том хүчний нэгийнх нь намын дарга тэр тусмаа аймгийн эрх баригч намын даргын ажлыг авлаа. Ямар нэгэн байдлаар таны баримтлах бодлого чиглэлээс бүхэл бүтэн аймгийн ард иргэдийн амьдрал хамааралтай болно гэсэн үг. Та ер нь Ардчилсан намын ажлыг юу гэж дүгнэж үзэж байна вэ?
-Энэ асуултанд хоёр түвшинд хариулах шаардлагатай байх. Нэгдүгээрт, Монголын түвшинд нам гэдэг чухам ямар байгуулага, ямар түвшинд ирээд байна, юуг нь цаашид засаж, юуг нь анхаарах ёстой гэдэг асуудал. Хоёрдугаарт, таны асуусан асуулт буюу Увс аймгийн АН-ын тухайд.
Ер нь нам гэж байгууллагын нөлөө хот, хөдөө гэлтгүй улс орон даяар маш их болж. Арга ч үгүй биз. Манай улсын ДНБ-ий тал шахам хувийг төр засаг нь мэдэж байна. Гэтэл тэр баялгийн гол хуваарилалтын цэг болсон төрийг чинь ялсан нам нь удирддаг. Улс даяар төрийн өмчит 100 гаруй компани бий. Тэдний үнэлгээ гэхэд 24 их наяд орчим төгрөг байна. Тиймээс намын нөлөө, дам эрх мэдэл тоглоомын дүрмээ дагаад яалт ч үгүй их. Хөдөө орон нутаг руу гол амьжиргаа нь болсон ажлын байр, орлогын хуваарилалтаа дагаад энэ нь бүр ч өснө. Үүний цаана иргэдийн маш том итгэл, хүлээлт байгаа. Хүлээлт бүхэн хариуцлага гэсэн үг. Тиймээс намууд өөрсдийгөө нэг сайн дүгнэх, цаашид ямар байдлаар иргэдийн шаардлагад нийцэж ажиллах талаар зарчмын ахисан ойлголтод хүрэх цаг үе тулаад байгаа юм. Ингэхийн тулд намууд гурван зүйл дээр анхаарал хандуулах шаардлагатай байх.
-Сонирхолтой санагдаж байна. Ямар гурван зүйл вэ?
-Нам гэдэг зөвхөн Монголд байгаа бүтэц биш. Хүн төрөлхтөнд үүнийг шийдээд, туулаад, зохицоод ирсэн туршлага байгаа. Ямар ч намд нэгдүгээрт, үзэл баримтлал хоёрдугаарт, тодорхой зорилго гуравдугаарт, боловсон хүчний чадвар гэсэн гурван үндсэн асуудал байдаг. Өнөөдөр Монголын намууд нэгнийгээ үзэл баримтлал нь тодорхой, тодорхойгүй гэж 25 жил маргалдсан. Гэвч бодит байдал дээр бүгд л энэ ардчилсан системийг хүлээн зөвшөөрөөд явж байна. Хэн ч ардчиллыг эсэргүүцээгүй, хувийн өмч, эрх чөлөөг үгүйсгээгүй. Гэтэл нөгөө хоёр чухал хүчин зүйл болсон тодорхой зорилго, боловсон хүчний чадвар хоёр дээр торгуулийн хуудас аваад байна.
Иргэд, бизнес эрхлэгчид өнөөдөр төр засгаас цаг хугацаатай, хариуцах эзэнтэй, үүрэг даалгавар тодорхой зорилго бүхий тоглоомын дүрмийг хүсэж байна шүү дээ. Тухайлбал, Монголын хөгжлийн тэргүүлэх чиглэл яг юу юм, уул уурхайн ордууд хэзээ, хэдий хугацаанд ашиглагдаж, ямар хэмжээний орлого орж, ямар ямар төсөл санхүүжүүлэх юм. Ядаж л V цахилгаан станц чухам хэзээ босох юм. 21 аймгийг засмал замтай хэзээ холбож дуусах юм. Эдгээр ажлуудын хөрөнгө оруулалт, зээл концесс түүний санхүүжилт гээд. Тиймээс намууд маань сонгууль гэхээр гоё ганган үг хөөцөлдөхөөсөө илүүтэйгээр мөрийн хөтөлбөртөө дээрх зорилгыг тодорхой тусгахын тулд судалгаа тооцоонд суурилж, бодлогын чиглэлээр ажиллах нь хүсэл биш шаардлага болоод байна. Дараагийн маш чухал асуудал бол хүний нөөц. Нөгөө судлаад тавьсан сайхан зорилгыг чинь ялсан намын боловсон хүчин очиж даргын албаны ямбыг эдэлж, ялыг үүрч хийх хэрэгтэй болно оо доо. Гэтэл намуудын төрийн албанд нийлүүлж байгаа боловсон хүчнүүд маань энэ шаардлагыг хангах зүй ёсны шаардлага үүснэ. Тиймээс нам өөрөө шилдэг боловсон хүчнийг шалгаруулж төр засгийн албанд томилдог ил тод, шударга тогтолцоотой байх ёстой. Мөн боловсон хүчнээ байнгын бэлддэг бодлоготой байх ёстой.
-Таныг Увс аймгийн намын даргын ажлыг аваад зорилго, боловсон хүчин гэсэн хоёр асуудал дээр анхаарлаа хандуулан ажиллана гэж ойлгож болох уу?
-Яг зөв. Гэхдээ бид ажиллана биш ажиллаж эхлээд байна. Би шууд намын дарга болъё гээд урд өдөр нь бодоод, өглөө нь болчихсонгүй л дээ. Эхлээд намын дарга болохоосоо жилийн өмнө нөгөө тодорхой зорилгоо судлах санаатайгаар Увс аймгийн хөгжлийн хөтөлбөр буюу “Их Наядын Увс” гэж эдийн засгийн хөгжлийн судалгааг жил гарантай аймгийн Засаг дарга Цэндсүрэнгийн багтай хамтарч хийсэн юм. Их наяд гэдэг нь учиртай. Одоо байгаа Монголын бүх аймгуудын дундаж ДНБ 200-250 орчим тэрбум төгрөг. Үүний 80 хувь нь улсаас ирдэг төсвийн мөнгө. Тиймээс Монголын 21 аймаг бүгд улсаас буюу татварын 90 хувийг бүрдүүлдэг 100 орчим компаниараа тэжээгддэг гэсэн үг. Гэтэл тэр орон нутаг чинь өөрөө өөрийгөө тэжээх, тэжээхээр барахгүй ДНБ-ээ дөрөв дахин өсгөж, нэг их наядын хэмжээнд хүрэх боломж байна гэдгийг баталсан судалгааны ажил юм. Энэ нь Увс аймгийн АН тодорхой зорилгоо судалж, орон нутгаа хөгжүүлэх тэргүүлэх чиглэлээ сонгосон гэсэн үг. Гэхдээ бид энэ ажлаа зүгээр л нэг цаас болгоод шүлсээ үсчүүлэхийг бодсонгүй. Нэгэнт намын дарга болсон болохоор багтайгаа хамтраад эхний үр дүнгээ үзэхээр шийдээд хэд хэдэн бодит ажил санаачлаад явж байна. Тухайлбал, энэ оны зургадугаар сард Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганыг Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулах гэж байна. Энэ талаар цаг нь дөхөхөөр илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүрэх байх. Хэдэн сар бэлтгэл ажлаа хангасан энэ чуулганы хүрээнд урьдчилсан байдолаар гадаад, дотоодын 90 орчим хөрөнгө оруулагчид оролцох болоод байна.
-Танай нам их том зорилго тавиад явж байгаа юм байна. Харин одоо дараагийн асуулт бол мэдээж энэ зорилгоо биелүүлэх боловсон хүчний бодлогодоо хэр анхаарал хандуулан ажиллаж байна вэ?
-Сайхан асуулт байна. Нэгдүгээрт, “Их Наядын Увс” хөтөлбөрийг том зорилго гэхээсээ илүүтэйгээр тодорхой зорилго бүхий хөтөлбөр байлгах нь чухал юм. Энэ нь бодит ажил болохын тулд боловсон хүчний чадавхийн асуудал мэдээж язгуур асуудал. Өнгөрсөн гуравдугаар сард бид аймгийнхаа АН-ын гол хүч болсон аймгийн төвийн үүр, сумдын намаас нийт 40 орчим хүнийг авчирч, Их Тэнгэрийн аманд хоёр өдрийн сургалт явуулснаар миний намын дарга авсан эхний ажлын маань гараа эхэлсэн.
Сургалтанд маань багаар ажиллах чиглэлээр Өөрчлөлтийг чиглүүлэгч төвийнхөн маш сайхан сургалт явуулсан. Мөн Монголын Эдийн Засгийн Форумын баг манай хамт олонд тулгамдаад байгаа асуудал, шийдлийг хэрхэн олох талаар маш үр дүнтэй сургалт явууллаа. Нийт хүндэт зочид, сайд, сургагч багш гээд гээд маш өргөн бүрэлдэхүүнтэй сургалт явагдсан. Мөн одоогийн байдлаар намынхаа арваад залуучуудыг Удирдлагын академид сургаж байна. Цаашдаа урт, богино хэмжээний үр дүнтэй чанартай сургалтанд 100-гаад хүнийг хамруулах төлөвлөгөө гаргаад байна. Гэхдээ сургалтанд хэдэн хүн хамрагдах тоо чухал биш л дээ. Үнэхээр хэрэгтэй хүн нь хэрэгтэй зүйлдээ сурч чадвал нэг хоёр хүн ч асар том хүч шүү дээ.
-Сайн багш, шилдэг боловсон хүчнээс бодлогоо гаргахаас гадна ард иргэдийн санаа бодлыг авах нь их чухал шүү дээ?
-Маш зөв. Санал нэг байна. Иргэдээс аваагүй санал иргэдийн дэмжлэгтэй ажил болж чадахгүй. Би хувьдаа бүх ажлыг иргэдээс санал авч бодлогоо боловсруулах, боловсруулсан бодлогоо ил тод тунгалаг хэрэгжүүлэх, түүнийгээ тодорхой цаг хугацаанд тогтмол тайлагнах гэж гурван ажлыг ямар ч алба цаг ямагт ягштал биелүүлэх ёстой гэж үздэг. Тиймээс иргэдээс авах санал онцгой чухал. Мөн иргэд гэдэгт сонгуулийн насны томчуудыг гэж ойлгохгүй байна. Манай намынхан саяхан Увс аймгийнхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байгааг хойч үеийнхнээсээ тольдож мэдэхийн тулд “Хүслийн захиа” хэмээх аяныг ЕБС-ын хүүхдүүдийн дунд өрнүүллээ.
Нийтдээ 3500 гаруй хүүхдүүд буюу дөрвөн сурагч тутмын нэг нь хамрагдана гэж бид үүнийг эхлэхдээ бодоогүй. Бас хүүхдийн нүд ямар хурц, ямар шударга, ямар гэгээлэг болохыг захидлуудаас харсан. Тухайлбал, Улаангом сумын нэг хорооны хүүхдүүдийн нийт захидлын 90 хувь нь хорооныхоо хогны асуудлыг ямар нэгэн байдлаар дурдсан байх жишээтэй. Тэгэхээр орон нутгийн удирдлагууд тус хорооны хогны асуудалд нь анхаарах хэрэгтэй байгаа биз. Энэ бол ердөө жишээ. Баярлам, бахархам, гуниглам, бусдад туслахыг хүссэн, бүр зарим нэг захиаг нь уншсан хүний нүднээс нулимс гармаар маш олон хүслийн захидал байсан. Бас хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой тусламж хүссэн захидлууд цөөнгүй ирсэн. Хүүхдийн зовлонгоор улс төр хийх нь зохимжгүй учраас мэргэжлийн байгууллагуудад шилжүүлж хамтран ажиллаж байгаа.
-Нийт хэдэн хүүхдийн хүсэл биелүүлсэн бэ?
-Манай намын зүгээс хүүхдүүдийн хүслийг биелүүлэх аян гэж зарласан. Энэ аянд УИХ-ын даргаас эхлээд хэд хэдэн УИХ-ын гишүүд, олон арван аж ахуй нэгжүүд, Увс аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хамт олон, гандан хийд гээд нийт 300 гаруй хүн оролцож, хүүхдүүдийн хүсэл биелүүлсэн. Дуучин Төрмандах нэг охины аавынх нь эмчилгээнд туслахаар тоглолт хийж 1000 гаруй хүнийг хамруулсан. Тусалсан нийт ажлын өгөөжийг 2000 орчим гаруй хүүхэд хүртээд байна. Энэ дашрамд тусалж дэмжиж оролцсон бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.
-Та сая “Иргэдээс санал авч бодлогоо гаргах ёстой. Тэр бодлогоо ил тод тунгалаг хэрэгжүүлж, цаг тухайд нь тайлагнах хэрэгтэй” гэлээ. Ил тод тунгалаг, бас тайлагналын хувьд яаж ажиллах хэрэгтэй вэ?
-Санаачилж хэрэгжүүлж чадвал маш олон арга бий. Увс аймгийн АН-ын хувьд яг энэ чиглэлээр одоо ажиллах гэж байна. Увс аймгийн иргэд өмнөх сонгуулиар Ардчилсан намыг сонгосон. Тиймээс бид энэ долоо хоногоос эхлэн Увс аймагт Ардчилсан нам ялсны 1000 дахь өдрийг тэмдэглэж, гурван жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, цаашид юун дээр анхаарах вэ гэдэгт ард түмнийхээ санал бодлыг сонсох юм. Иргэдийн хатуу шүүмжлэлээс айлгүй, мөн сайн ажиллана гэж амлалт өгч алба хашиж байгаа хүмүүсээ шударгаар дүгнэх нь заавал хийх ёстой ажил гэж үзэж байгаа юм. Мөн үүнтэй зэрэгцээд, намынхаа шинэчилсэн бүртгэлийг цахим хэлбэрээр хийж, судалгаа авах ажлуудыг явуулна.
-Хоёулаа намын талаар нэлээд ярилаа. Арай хувийн шинжтэй асуулт асууя. Та ТЭСО корпорацийг үүсгэн байгуулж төдийгөөс өдий хүртэл өсгөж өндийлгөсөн хүн. Танай компани үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг. Та бизнесийн салбар, тэр тундаа компанийнхаа талаар яриач?
-Юуны өмнө хэлэхэд миний хувьд өнөөдөр ТЭСО-д шууд ажилладаггүй хөрөнгө оруулагч. Өнөөдөр Монголын томоохон бизнесүүд хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлага тусдаа салж засаглалын хувьд өөр түвшинд очоод байгаа шүү дээ. Хамтын хүч, инноваци гэсэн хоёр ойлголтын огтлолцол нь ТЭСО-ийн тодорхойлолт, философи болов уу. Бид хэд нугалсан наймаа, гэнэтийн ашиг гэх зэрэг өнөө маргаашийн ашиг хонжоо харж ажиллаж байсангүй. 1000 гаруй ажилтантай энэ айлын явуулдаг гол үйл ажиллагаа нь Монгол нутагт бий болсон аливаа бүтээгдэхүүн, түүхий эдийг шинэ техник технологиор чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө тэмүүлдэг. Мөн барилга, уул уурхай, ложистик зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна.
ТЭСО компани Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад сүүлийн жилүүдэд байнга багтаж байгаа. Нэгэнт ТОП гэдэг нэрийн жагсаалтанд хүрсэн бол эх орныхоо өмнө хүлээх үүрэг, нийгмийн хариуцлага гэж байх ёстой. Байнга байран дээрээ эргээд байвал тэр ТОП гэдэг нэрэнд багтахын хэрэг юун. Тиймээс Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсад экпортлохыг зорьж байна. Сүүлийн үед гадаад харилцаа, гадаад зах зээлдээ илүү анхаарч, олон улсын үзэсгэлэн яармагуудад маш их хөрөнгө зарцуулан оролцож байна. Зөвхөн хүнснийх гэлтгүй, Монголоос ямар ямар бүтээгдэхүүнийг тухайн орны зах зээлд гаргах боломжтойг судалж, тэдний стандарт шаардлагад нийцүүлэх тал дээр ихээхэн анхаарч байна. Тодорхой төслүүд явж байгаа.
ТЭСО-гийн ажилд томоохон үнэлгээ өгсөн нэг үйл явдал саяхан болсон. Энэ нь саяхан Европын сэргээн босголт банк Монголоос анх удаа ТЭСО компанид төгрөгийн, маш бага хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн явдал. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед Монголын аж ахуйн нэгжид итгэж төгрөгөөр зээл олгосон нь энэ компанийн явж ирсэн замнал, бизнесийн хандлага, экспортын төсөл, менежментийн төлөвлөгөө, засаглалын эрүүл тогтолцоог бодитоор үнэлсэн хэрэг л дээ. Би арван жил гүйцэтгэх захирлаар нь ажилласан. Сүүлд ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байгаад улс төр рүү орсон. Компани ч гэсэн эзэн нэртэй нэг хүний байнгын захиргаанд байвал нэг хэвд баригдаж засаглал мууддаг жамтай. Тиймээс аливаа ажилд эхлэх үеээ мэдэрч, оргил үедээ хүчээ өгч зүтгэн, дараа үеэ бэлдэж цаг нь болохоор итгэл хүлээлгэх ёстой. Олон шинэ санаа гаргаад цааш нь авч явах ирээдүйтэй залуу ганц ТЭСО-д гэлтгүй бүхий л салбарт байгаа.
-Монголын бараа бүтээгдхүүнийг олон улсад гаргана гэдэг зорилго тань бахархам сонсогдож байна. Ярилцлагаа энэ асуултаар өндөрлөе. Одоо таны улс төрийн амьдралд хамгийн ихээр хийхийг хүсэж, тэмүүлж байгаа ойрын том зорилго юу байна вэ?
-Бодож төлөвлөж мөрөөдөж байгаа зүйл олон байна. Хамгийн түрүүнд анхаарах ёстой ажил маань нэг хамт олны итгэлийг аваад ажиллаж байгаа юм бол одоогийн Увсын намын даргын ажлаа л сайн хийхийг хүсэж байна. 2012 онд анх удаагаа орон нутагтаа ялалт байгуулан эрх барьж байгаа шүү дээ. Ялалтын буухиаг хадгална, ялж үзээгүй Их хуралд амжилт гаргах ёстой гээд ажлууд байна аа.
Хэрвээ Монгол Улс парламентийн засаглалтай улс байх л юм бол намууд хүчирхэг байх ёстой. Намууд чинь улс төрийн зах зээл дээр бараа нийлүүлдэг, хэрэглэгчээ татахын төлөө ажилладаг байгууллагууд биз дээ. Тиймээс бодлогын чадавхийн хувьд илүү бэхжих, хүчирхэг болох шаардлага үүсээд байгаа нь харагдаж байна.
Л.Ганчимэг