Хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрт үед нь оношилж, эмчлэхийн зэрэгцээ орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж дадлагажуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян” тав дахь жилдээ хэрэгжиж буй. Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд энэ жил долоон багт хуваагдан, 12 аймагт үзлэг шинжилгээ хийж байгаа юм.
Хавдрын эмч нар орон нутагт ажиллаад чухам юу хийдэг, ард иргэд үзлэг шинжилгээндээ хэр идэвхтэй оролцдог, ерөөс энэхүү аян ямархуу үр дүнтэй хэрэгжиж байгаа талаар сурвалжлахаар сэтгүүлч миний бие аяны багийнхантай хамт Өмнөговь аймгийг зорилоо. 11 “доктортой” манай багт ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын болон Толгой, хүзүүний, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийнхан тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” шагналтай хоёр ч эмч явж буйг дуулах таатай байв.

МЭС ЗАСАЛ “БӨӨНДСӨН” БАГИЙН АХЛАГЧ
ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Э.Амарсанаа манай багийн ахлагч. Өмнөговь аймагт элэгний хорт хавдрын араас эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар түгээмэл оношлогддог тул тэр хэрээрээ багийн ахлагчийн маань удирдан хийх мэс засал ч цөөнгүй байв. Өндгөвчний хортой хавдар үүсэх магадлал өндөртэй дөрвөн эмэгтэй энэ үзлэгээр оношлогдсон тул түүний ахалсан мэс заслын баг аяны хоёр дахь өдөр уг эмэгтэйчүүдийг хагалгаанд орууллаа. Ингэснээр дөрвөн эмэгтэй хавдраар өвчлөх аюулаас ангижирсан гэсэн үг. Хавдрыг аль болох эрт оношилно, тэр чинээгээрээ эмчилгээний үр дүн 100 хувь гардаг учраас тэр шүү дээ. Түүнчлэн Өмнөговийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)- ийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нартай хамтран дурангийн гурван хагалгаа хийсэн юм. Дээрээс нь хэвлийн нээлттэй мэс заслаар хоёр ч эмэгтэйн хавдрыг авлаа. Энэ мэтээр мэс заслын баг явсны хэрэг гарч, хавдрын хамгийн төгс эмчилгээ гэгддэг хагалгаагаар 25 хүнд эрүүл энх амьдрал бэлэглэв.
Ерөнхий мэс заслын их эмч Ч.Сарантулга гэхэд л зургаан хагалгаа хийсэн. Тэдгээрийг хотод хийсэн бол хүн тус бүр 175 мянган төгрөг төлөхийн дээр ор хэзээ гарах бол хэмээн хагалгаанд орох ээлжээ хүлээхээс эхлээд ар гэрийнхнээ дагуулж явах, хамаатан садныдаа толгой хоргодох гээд эдийн засгийн олон асуудлаас салж буйг хэлэх нь зүйтэй. Бас нэг чухал зүйл гэвэл Өмнөговиос хоёр эмчийг ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт очиж, ажлын байранд дагалдуулан сургахаа Э.Амарсанаа эмч тасгийн эрхлэгчийн хувиар амлав.

“ХОТООС ИРСЭН ЭМЧ АЛЬ НЬ ВЭ”
“ХСҮТ-ийн Химийн тасгийн их эмч Ц.Цолмонтуяа үзлэг хийж, зөвлөгөө өгч байна” гэсэн хаяг бүхий өрөөнд орж ирсэн хүмүүс энэ асуултыг ёс юм шиг заавал асууна. Босго давав уу, үгүй юү “Та хэдийн аль нь хотоос ирсэн эмч вэ” гээд л өвчтөний үзлэгийн картаа бариад хүн хүний царай руу нухацтай харна. Орон нутгийнхаа эмч, сувилагч нараас санаа зовж байгаа шинж тэдэнд алга. Өнөөдүүл ч ч сурчихсан, дэмий л инээмсэглээд сууж байх. Хүний сэтгэл гэдэг хачин шүү. Өөрт байгаа зүйлээ үнэлэхгүй хэрнээ байхгүй зүйлийг л үргэлж илүү, сайн сайхан гэж төсөөлдөг. Ийм хандлага эрүүл мэндийн салбарт бүр ч илүү ажиглагддагийг хот, хөдөөгийн эмч нар хэлнэ лээ.
Хөдөөгийнхөн болохоор хотын эмчид үзүүлэхийн түүс болно, хотынхон болохоор гадаадын эмч нарт “бараалхахын” хүслэн. Мэргэжлийн хувьд яг адилхан зэрэг дэвтэй эмч, ижилхэн багаж төхөөрөмжөөр үзлэг хийж байхад л заавал дэргэдэх доктороосоо дээлтэй ламыг илүү гэж үздэг Бумаа хүүхний зан монголчуудад одоо ч байсаар ажээ. Өмнөговьд ажилласан тав хоногийн хугацаанд Цоомоо эмч ямартай ч 100 гаруй хүнд хавдрын хяналтын үзлэг хийж, сэтгэлийг нь амраав.

ХЭЗЭЭНИЙ ТАНЬДАГ ХҮН ШИГ...
ХСҮТ-ийн Толгой, хүзүүний мэс заслын их эмч М.Энхтуул Өмнөговиос олон шинэ “танил”-тай болоод буцав. Тэрбээр үзлэг хийсэн хүмүүсийнхээ заримд “Хотод очоод, компьютерын зураг авахуулаарай. Төвөнхөө заавал дурандуулаарай” гээд, нэр, хаяг, утасны дугаараа бичиж өгөх аж. Энэ хүмүүс үнэхээр хот орж үзүүлэх болов уу гэж намайг асуухад эмч өөдөөс “Ирэлгүй яах вэ. Хотод очоод холбоо барих эмчтэй болсон учраас харин ч хурдан ирнэ. Хэзээний таньдаг хүн шиг “Эмч ээ, би ирчихлээ” гээд утасддаг юм” гэлээ. Нээрээ л тэгдэг байх даа. Их хөлийн газарт ирээд, хаана, хэнд хандах ёстойгоо мэдэхгүй гэх биш. “Хотын эмчтэй танилцсаны хэрэг юу билээ, бушуухан очоод үзүүлчихье” гэх хүн олон гэнэ. Энэ мэт энгийн зүйл дээр ч “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы ач тус гарч байгаа болов уу. Бас М.Энхтуул эмч тэнд ажиллах хугацаандаа хортой, хоргүй, хавдрын урьтал өвчтэй долоон хүнд мэс засал хийснийг дурдах ёстой. Хавдраа авахуулсан хүмүүсийн дунд БОЭТ-ийн сувилагч хүртэл байв. Энгийн нэг мэнгэ хүртэл хортой хавдар байх эрсдэлтэй гэдгийг тэр анзаараагүй явсан юм.

ҮЛ ИТГЭГСЭД
“Монголчууд өвдөх дуртай хүмүүс” гэж нэгэн эмчийн хэлсэн үг ортой болохыг Өмнөговьд очоод илүүтэй мэдрэв. ЭХО-ны эмчид үзүүлээд ямар нэгэн өвчин эмгэг “олдохгүй” бол “Үнэхээр зүгээр гэж үү. Миний бөөр үрэвсэлтэй байгаа биз дээ” гэх үл итгэгч хөдөөд лав дэндүү олон юм. ХСҮТ-ийн Дүрс оношилгооны их эмч Д.Оюунцэцэгийн “Та эрүүл байна аа” гэдэг үг тэдний урмыг хугалах нь жигтэй. Ерөөс манайхны хувьд юу ч хамаагүй, ямар нэг өвчин “олж” хэлж өгсөн эмч л хамгийн сайн хүн бололтой, янз нь. “Цөсний хана зузаарч, элэг чинь өөхөлж байна шүү” гэхээр нүд нь сэргэж, “Бушуухан эмнэлэгт л хэвтье, ямар эмчилгээ хийлгэх вэ” хэмээн дуу шуу ороод явчихна. Харин эмч “Ямар ч эмчилгээ шаардлагагүй. Та өөрөө л амьдралын хэв маягаа өөрчилж, зохистой хоол хүнс хэрэглэ.
Дасгал хөдөлгөөн хийж, жингээ барь” гэвэл дуугаа хураачихна. Эрүүл мэндээ эмч, эмнэлэгт даатгачихаад, өөрөө сулдаа ганхаж явдаг ийм сэтгэлгээ амь бөх оршсоор байгаа учраас л бид хавдарт дарлуулчихаад яваа бололтой. Хаа газарт үзлэгээр очиход ЭХО, элэг, цөс, эмэгтэйчүүдийн эмч нар хамгийн их ачаалалтай байдаг гэнэ. Тэр ёсоор Оюунаа эмчийн өрөөний үүдэнд өдөрт 30-40 хүн зоолттой дугаарлан зогсох аж. Тэдэн дунд хавдрын нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд байх шаардлагагүй буюу 2015 он гарснаас хойш хоёр, гурван удаа ЭХО-д харуулсан хүн ч цөөнгүй байв. Тэгээд эцэст нь тэр олон хүнээс хортой, хоргүй хавдартай нь гарын арван хуруунд багтахаар цөөн байсан нь бидний хувьд баярламаар үзүүлэлт боловч хөдөөгийнхөнд тийм санагдсан үгүйг мэдэхгүй юм.
ЭМЭГТЭЙЧҮҮД ИЛҮҮ “МАЯГТАЙ”
Эмэгтэйчүүдийн зөвлөх Поликлиникийн эрхлэгч Ц.Пүрэвдулам, мэс заслын их эмч Г.Лхагвадорж нар зэргэлдээ өрөөнд үзлэг хийж байхад “Эрэгтэй хүнд үзүүлэхээс санаа зовоод байх юм” хэмээн дугаараа дураараа өөрчлөх бүсгүйчүүд мэр сэр харагдав. Бас зарим нь нэг эмчид үзүүлчихээд, нөгөөд нь очиж, эмчийн мэдлэг чадварыг нь “сорих” жишээтэй. Гэхдээ Өмнөговийн бүх сумаас цугласан эмэгтэйчүүд арай ч бүгд тэгж дурандаа авирлаагүй тулдаа үзлэг хуваарийн дагуу явагдаж дууссан. Эндхийн нэг давуу тал нь аймагтаа эсийн шинжилгээ авдаг учраас заавал хот руу явдал суудал болгохгүй, асуудлыг газар дээр нь шийдэхэд дөхөм байдаг аж. Энэ шинжилгээгээр сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл ХСҮТ рүү явуулж, дараагийн арга хэмжээг авдаг гэнэ.
“Эмэгтэйчүүдийн хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаагийн ачаар манай аяны хүрээнд энэ төрлийн хорт хавдар хожуу үедээ оношлогдох нь цөөрч байна. Ялангуяа орон нутагт бүсгүйчүүд товлолт үзлэгтээ идэвхтэй хамрагдаж байгаа нь анзаарагдлаа. Ер нь хөдөөгийнхөн хот орон газрынхныг бодоход аминдаа арчаатай. Энд тэндээс эмч нар үзлэгээр ирлээ гэвэл яаж ийгээд үзүүлэхийг боддог. Гэтэл яг албан ажил хийж буй бүсгүйчүүд үзлэг шинжилгээнд хамрагдахдаа хойрго байдаг” хэмээн Ц.Пүрэвдулам эмч ярилаа.

ДУРАН АЙМШИГТАЙ ЗҮЙЛ БИШ
Дурангийн их эмч Б.Амарбатын өрөөний үүдэнд дугаарласан хүмүүс “Ходоод дурандуулах чинь тийм ч аймшигтай зүйл биш юм байна” гэсээр гарч ирцгээх. Дуран оношилгоо тэдний хувьд шинэ зүйл болохоор ямар байдаг бол гэсэн айдас, эргэлзээ байх нь арга ч үгүй биз. Үзлэгийн өрөөнд орж ирэх хүмүүсийн сэтгэл санааг хэрхэн засахаа, яаж хошигнохоо ч эмч, сувилагч хоёр андахгүй юм. Өмнөговийн БОЭТ дурангийн цоо шинэхэн аппарат саяхан авсан ч ид шидийг нь үзэж амжаагүй байсныг хавдрын эсрэг аянаар очсон эмч анх ажиллуулсанд нутгийнхан ам сайтай байв. Дурангийн эмчээ сургаж байгаа гэсэн учраас удахгүй тэднийх шинэхэн төхөөрөмжөө “үзмэрт” байлгахгүй болох биз ээ.
Л.ГАНЧИМЭГ