Манай Засгийн газар, Английн “Рио Тинто”-той хамтран хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслийн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан “Эрдэнэс Монгол” корпорацын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай ярилцлаа.
-“Оюутолгой” төслийн талаар “Рио Тинто”-той үүсгэсэн маргааныг арбитрт хандаж шийдвэрлүүлэх боломж байсан. Хэлэлцээний явцад төслийн далд уурхайн санхүүжилтийг эхлүүлэхээр боллоо. Ямар шалтгаанаар энэ сонголтыг хийсэн бэ?
Д.Г: -Хэлэлцээ хийсэн хоёр тал зарчмын хувьд арбитрт хандах нь нээлттэй гэдгийг харилцан зөвшөөрсөн. Ямар маргаан таслуулахаас үл хамаараад арбитрт хандах нь нээлттэй гэсэн үг. Төслийн хөрөнгө оруулалт онц шалтгаангүйгээр хоёр жил саатлаа. Иймээс хамтрагч талууд харилцан ойлголцож, цаашид маргаан гаргахгүйн тулд тохиролцоо хийсэн. 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд ойлгомжгүй байдлаар тусгасан зарим зүйлийг тодотгож, ойлгомжтой болголоо. Монгол Улсын эдийн засагт, мөн хөрөнгө оруулагч компанид ч ашигтай шийдвэр гэж хатуу итгэсэн учраас тохиролцох замыг сонгосон гэж ойлгож болно.
Б.Б: -Цаг хугацаатай уясан мөнгөний үнэ цэнэ гэсэн ойлголт бий. Монголын эдийн засагт “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт өнөөдөр л орвол илүү ашигтай. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулсан. 2010 оноос бүтээн байгуулалт нь эхэлсэн. Ингэснээр 2011 онд Монголын эдийн засаг 17.3 хувиар өссөн. Эдийн засгийн өсөлтийн далайцыг дахин нэмэгдүүлэх нь чухал юм. Өмнө нь хоёр тал “Оюутолгой” компанийг өөр өөр өнцгөөс хардаг байж. Монголчууд хүнийх юм шиг ханддаг байсан. Өнөөдөр “Оюутолгой” 6400 монгол ажилтантай, Монголын хамгийн том компани гэж харж эзний ёсоор хандах ёстой. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталснаар компанидаа эзний ёсоор хандах, үйл ажиллагааг хянах, өгөөжийг хүртэх нөхцөл бүрдсэн.
-Хэлэлцээ үргэлжилж байх үед хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь, нэмж хэд хэдэн төрлийн татвар, хураамж тогтворжуулах юм байна, татварын хэмжээг бууруулж магадгүй нь, ингэснээр төслөөс манай хүртэх өгөөж буурах нь гэсэн мэдээлэл гарч байсан. Хэлэлцээгээр хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилсөнгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд гар хүрээгүй шалтгаан нь юу вэ?
Б.Б: -Хөрөнгө оруулалтын гэрээ хөрөнгө оруулалт татах хэрэгсэл болдог. Энэ хэрэгслээ бид 2009 онд амжилттай ашигласан. Амжилттай ашиглаж буй хэрэгслээ хөндвөл дараа дараагийн хөрөнгө оруулалтын замыг хаах аюултай гэдгийг сүүлийн гурван жилд мэдэрлээ. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгосон компаниуд, Засгийн газар ч үүнийг мэдэрсэн. Байгуулсан гэрээгээ дагаж мөрдөх нь чухал юм байна. Өнөөдөр гэрээ байгуулчихаад маргааш нь хамтрагчаа хуурвал дараа нь хэн тоож мөнгө өгөх вэ?
-“Оюутолгой” төсөлд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Одоо дахиад зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөө баталлаа. 2009 онд анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байхад энэ төсөлд таван тэрбум ам.доллар шаардлагатай юм байна гэж ойлгуулж байсан шүү дээ.
Д.Г: -Анхны хөрөнгө оруулалт гэсэн нэр томъёо бий. Анхны хөрөнгө оруулалт нь таван сая ам.доллар байлаа гэхэд нийт өртөг нь 20 сая ам.доллар байж болно шүү дээ. Тэгэхээр “Оюутолгой” төслийг анхны тооцоолсон таван тэрбум ам.доллараар 100 жил ажиллуулна гэж байхгүй. Газрын хэвлийд, км-ийн гүнд буй алт, зэсийг олборлоход таван тэрбум ам.доллар хаана нь ч хүрэхгүй. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтыг таван тэрбум ам.доллараар төлөвлөж байсан нь үнэн. Тэгээд тооцсоноос илүү хөрөнгө зарцуулчихсан нь үнэн. Иймээс л зардал хэтрүүлсэн гэх улс төрийн өнгө аястай маргаан дагуулаад байгаа. Жишээ нь, Төрийн ордны урд талд өргөтгөл барьж, Чингис хааны хөшөөг босгоно гээд тооцоо гаргаж тодорхой хэмжээний мөнгө төсөвлөсөн байдаг.
Явцын дунд зах зээлийн нөхцөл, бараа материалын үнэ ханшаас хамаараад өртөг нь хэд дахин өсчихсөн. Өргөтгөл барихаа больё гээд буцааж нураалтай нь биш, нэмж хөрөнгө гаргаад барилгын ажлыг нь дуусгасан. Үүнтэй төстэй зүйл “Оюутолгой”-д болсон хэрэг. Уул геологийн нөхцөл, технологи, санхүү эдийн засгийн байдал зэргээс хамаараад анхны Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)- ээр төсөөлсөн нөхцөл байдал нь огцом өөрчлөгдөж өртөг нь өссөн. Үүнийг хоёр тал харилцан зөвшөөрөх шаардлага гарсан.
-Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөнд “Оюутолгой” нь одоо байгаа болон ирээдүйд авах зээлийг төлнө гэж заасан. Манай Засгийн газар “Оюутолгой” төслийн 34 хувийг “Рио Тинто”-гоос зээлсэн. “Рио Тинто”-гоос авсан зээлээ хэрхэн төлөх вэ?
Г.Д: -Их нарийн зүйл ярихаар хүмүүсийн толгой эргэнэ. 35 жилийнхээ ойг хэдхэн жилийн өмнө хийсэн “Эрдэнэт” үйлдвэртэй “Оюутолгой”- г жишье. “Эрдэнэт” үйлдвэр бол тухайн үеийн ЗХУ, БНМАУ-ын төр хамтарч байгуулсан компани. Манай тал бас л мөнгөгүй байсан. Тэгээд өөрт ногдох 50 хувийн хөрөнгө оруулалтаа ЗХУ-аас зээлсэн байдаг юм. Зээлийн барьцаа нь Эрдэнэтийн овооны зэсийн ордын нөөц, ирээдүйд түүнээс олох ашиг байсан. Манайх 2000 онд хүртэл зээлээ төлсөн. Өөрөөр хэлбэл, Манайх 50 хувьдаа ногдох ашгийг 1978-аас 2000 он хүртэл аваагүй. Зээлсэн л бол буцааж төлөх ёстой. Ногдол ашиг аваагүй ч нөөц ашигласны төлбөр гэх мэт татвар, төлбөр, хураамжаа авсаар ирсэн. “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нүүр царайг яаж өөрчилснийг бид мэднэ. “Оюутолгой” бол “Эрдэнэт”-ээс хоёр дахин том төсөл. Ганцхан жилийн өмнө үйлдвэрлэлээ эхэлж, дөнгөж сая тонн баяжмал борлуулж байна.
Б.Б: -“Оюутолгой” төсөл бол хоёр эзний хамтарсан уул уурхайн бизнес. Хүн ашиг хүртэх гэж бизнес хийдэг. “Оюутолгой” нөөцийн дийлэнх нь газрын гүнд бий. Тэр нөөцийг олборлож, баяжуулаад дэлхийн зах зээлд борлуулбал компани илүү ашигтай ажиллана. “Рио Тинто” компани ч энэ төслийг ашигтай ажиллуулна гэсэн үүрэг хүлээж бидэнтэй гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу аль болох илүү ашигтай ажиллуулах зарчим баримталж байгаа. Бид бүх төрлийн татвар, төлбөр, хураамж авч төслийн өгөөжийг хүртээд эхэлсэн. Саяын хэлэлцээрээр бид Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уул уурхайн бусад компаниудтай адил ямар нэг зардал хасахгүйгээр таван хувийн роялти тооцож авахаар тохиролцсон. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхдөө “Оюутолгой” компани зардлаа хасна гэж зөрүүтэй ойлгож байсан юм билээ. Өмнө нь роялтигаа дутуу төлсөн бол нөхөж төлөхөөр болсон.
-Төслөөс хүртэх үр өгөөж 54.9 хувь болсон нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Ямар учир шалтгаанаар Монголын Засгийн газрын хүртэх өгөөж 1.9 хувиар нэмэгдсэн бэ?
-Гол хүчин зүйл нь зэсийн үнэ. Зэсийн ханшийг өнөөгийн үнэ цэнээр тооцохоор төслийн өгөөжийн 54.9 хувь Монголд ногдохоор байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд хүртэх өгөөжийн талаар тусгаагүй байсан. Монголын Засгийн газарт төслийн өгөөжийн 53, “Рио Тинто”-д 47 хувь нь ногдоно гэж хоёр тал амаар ойлголцож байлаа. Тэгвэл далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд хүртэх өгөөжийг тусгалаа. Бид олон улсын уул уурхайд хэрэглэдэг жишгийн дагуу санхүүгийн моделио хийсэн. Ингэхэд манай хүртэх өгөөж 54.9 хувь байх тооцоо гарсан юм.
-Өгөөжийг хувиар л яриад байгаа. Тэдэн тэрбум ам.доллар ногдоно гэсэн тооцоолол гаргасан уу?
Б.Б: -45-54 тэрбум ам.доллар Монголын талд ногдох тооцоо бий. Зардал хэлбэлзэх учраас ийм барагцаалсан тооцоо гаргасан.
Д.Г: -Ер нь зах зээлийн үнэ, технологи, цаг үеийн нөхцөл байдал, хүдрийн агууламжаас шалтгаалж Монголын хүртэх өгөөж өсөж ч болно, нөгөө талынхаас ялигүй буурч болно. 100 жилд юу болохыг бид мэдэхгүй. Өгөөж хүртэх зарчим хэвээр хадгалагдаж байгаа. Үүнийгээ цаасан дээр буулгаад тохироод, гарын үсгээ зурчихлаа гээд ойлгочих.
Б.Б: -“Оюутолгой” ашигтай ажиллаж байж монголчууд өгөөж хүртэнэ шүү дээ. Ингэхийн тулд Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд сайн засаглалыг хэрэгжүүлж ажиллах ёстой. ТУЗ нь “Оюутолгой”-н үйл ажиллагааг удирдана, засаглалыг нь хэрэгжүүлнэ. Монголын Засгийн газар ТУЗ дэх төлөөллөөрөө дамжуулж, компанийг улам ашигтай ажиллах, хариуцлагатай болгох арга хэмжээг авсаар ирсэн. Одоо улам тодорхой арга хэмжээ авна. Саяын баталсан төлөвлөгөөний дагуу “Оюутолгой” компанийн худалдан авалт, аудитыг ТУЗ дэх Монголыг төлөөлсөн гишүүд хянаж ажиллана.
-Далд уурхайн санхүүжилтэд зургаан тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн. Үүний 4.2 тэрбумыг нь “Рио Тинто”-гийн баталгаатайгаар зээлэхээр болсон. 1.8 тэрбум ам.долларыг нь хэрхэн санхүүжүүлэх вэ?
Б.Б: -Далд уурхайн бүтээн байгуулалтыг хийхэд 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн төсөөлөл бий. Үүний 4.2 тэрбумыг банкнаас зээлж санхүүжүүлье. Үлдсэнийг нь “Оюутолгой” компанийн орлого, мөнгөн урсгалаас санхүүжүүлье гэж төлөвлөсөн.
-Татвартай холбоотой маргаан ямар тохиролцоонд хүрсэн бэ? Аргачлалын зөрүүгээс шалтгаалж маргаан үүссэн. Манай аргачлалыг хүлээн зөвшөөрсөн үү?
Б.Б: -Нэг мөр ойлголцож чадсан. Энэ нь “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ нь 2009 онд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бүх хуулийн хүрээнд байгуулсан баримт бичиг. 2009 онд хүчин төгөлдөр мөрдөж байсан Татварын тухай хуульд 2011 онд өөрчлөлт оруулж. Гэтэл манай татварын байцаагч 2011 онд өөрчлөлт оруулсан хуулийн дагуу шалгалт хийгээд “Оюутолгой” компанид торгууль тавьсан байна лээ. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийнхаа дагуу бүх хяналт шалгалтыг хийдэг байхаар тохиролцсон.
-4.2 тэрбум ам.доллар босгох ажлыг хэн хариуцах вэ?
Б.Б: -“Оюутолгой” компанийн ТУЗ хариуцлага үүрч байгаа. ТУЗ хариуцлагатай ажиллавал 4.2 тэрбум ам.долларын зээл орж ирээд бүтээн байгуулалт эхэлнэ. Аливаа барилга байгууламжийг барихын тулд тодорхой зөвшөөрөл авдаг. Манай зөвшөөрөл олгодог агентлаг, субъект шуурхай ажиллах хэрэгтэй. Ингэж байж төслийн бүтээн байгуулалт хурдан урагшилж, 3000 ажлын байр бий болно, эдийн засгийн эргэлт сайжирна.
-Санхүүжилт татахаас өөр ямар ажил хийх шаардлагатай вэ?
Д.Г: -Ерөнхий сайд “Одоо “Оюутолгой” төсөл эдийн засгийн, компани хооронд асуудал болсон” гэж хэлсэн. Улс төрийн бодлогын шийдвэр нь гарчихлаа. Одоо компанийн хийдэг ажил эхэлж байна. Газрын зөвшөөрөл, усны зөвшөөрөл авна, ТЭЗҮ-ээ батлуулна, хүний нөөцөө бүрдүүлнэ, сургана. Өдөр тутмын ажлууд эхэлнэ.
Б.Б: -“Оюутолгой” төсөл саатсанаар Монголын эдийн засаг гурван тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэсэн тооцоог эдийн засагчид гаргасан байна лээ. Гэхдээ улам ихийг алдах байсныг зогсоож, иргэдийг ажилтай, өндөр орлоготой болгох суурийг тавьж байна. Олон улсын зах зээлд итгэл байхгүй бол хөрөнгө оруулалт татаж чадахгүй гэдгийг арьс махаараа мэдэрлээ. Түнштэйгээ анх байгуулсан гэрээний дагуу ажиллая гэдгээ зарлахад Монголыг эергээр харж эхэлж байна. Үүнийг манай Засгийн газрын болон хувийн хэвшлийн олон улсын зах зээлд гаргасан бондын үнэлгээ сайжирснаас харж болно. Цаашид бид том хэлцлүүд хийсээр байх болно. Хариуцлагатай байж чадвал дэлхийн зах зээл бидэнд нээлттэй байна.
-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хянуулахаар өгсөн ТЭЗҮ-ийг өмнөхийн тодотгол гэж ойлгох уу, эвсэл далд уурхайн ТЭЗҮ гэж ойлгох уу. Цаашид олон ТЭЗҮ хийх шаардлага бий гэж ярьж байгаа. Үүнийг тайлбарлаач.
Д.Г: -Аль ч утгаар нь ойлгож болно. Дахиад “Эрдэнэт”- тэй зүйрлэе. 35 жил ажиллаж буй үйлдвэр анхны боловсруулсан ТЭЗҮ-ийнхээ дагуу ажиллаж байна гэвэл үүн шиг худал зүйл үгүй. Урт хугацаанд үргэлжлэх уул уурхайн төсөлд ганц удаа ТЭЗҮ боловсруулдаггүй юм.
Т.ЭНХБАТ