НАЙДВАР ХАМГИЙН СҮҮЛД БӨХДӨГ
Хөгшин хүн үхэхээрээ айлгах нь элбэг. Харин тэр үхэл гэгч хажууханд нь ирснийг мэдэхээрээ хүн гэдэг амьтан өнөөхийг тийм ч амархан хүлээн зөвшөөрч чаддаггүй бололтой. Ямар ч саад бэрхшээлтэй нүүр учруулсан бай, хэчнээн олон удаа өөрөөр нь элэглэн тохуурхлаа гээд үнэндээ эцэст нь амьдралд хайртай байх шалтгаан хүмүүст үлддэг л хойно. Нээрээ бид амьдралд хэчнээн хайртай юм бэ. Элэгний хорт хавдартай, дал гаруй насны эмэгтэй охиноороо түшүүлэн эмчийн өрөөнөөс нүд дүүрэн нулимстай гарч ирэв. Хавдар нь хэт хожуу үедээ оношлогдож, ХСҮТ-д элэгний суваг боох, түлэх эмчилгээ хийлгэсэн ч энэ удаагийн эмчийн үзлэгээр дахин өөр газруудад үсэрхийлсэн гэдэг хариу сонсчээ. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат энэ эмээгийн хувьд одоо үндсэндээ шинж тэмдгийн буюу хөнгөвчлөх эмчилгээнээс өөр арга зам үлдээгүй аж. Хэзээ ч төсөөлөөгүй муу мэдээгээ сонссон эмээгийн горьдлого гэхдээ бүрэн тасарсангүй.
Зовхи нь бууж яваа ч гал нь хараахан бөхөөгүй зөөлөн бор нүдээр “Одоо яах вэ” гэх шиг хоёр охин руугаа харав. Охид нь яах учраа олохгүй түгдчиж байх зуур эмээгийн түрүүнээс хойш барьж ядсан нулимс аягаа халин урслаа. Тэгтэл том охин нь “Та хоёр түр хариад амарч бай. Би хотоос ирсэн ЭХО-ны эмчид үзүүлэх дугаар авчихаад таныг дуудъя. Тэр эмч ямар нэг нааштай хариу хэлж магад” гэхэд эмээ дуугүй толгой дохиод үүд тийш гэлдрэв. Харин охин нь ЭХО-ны эмчид үзүүлэх дугаар авахаар үлдэж, эмнэлэгт ажилладаг нэг танилдаа учир байдлаа хэлж, зөвшөөрүүллээ. Найдвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг л энэ байх.
Уг нь түрүүнд үзүүлсэн ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн мэс заслын их эмч Э.Тайванбаатар, Дүрс оношилгооны их эмч Д.Оюунцэцэг хоёр ялгаагүй яг адилхан онош хэлэх нь тодорхой шүү дээ. Хавдар нэгэнт хугацаа алдсан л бол ямар ч өршөөлгүй өвчин. Өмнөговийн Хилийн цэргийн 131 дүгээр ангийн хамт олны гаргасан “Хавдархав дарсан хилэн” гэдэг уриа үнэндээ оновчтой санагдсаныг нуух юун. Хайртай хүмүүсээ нэгэнт хорт хавдар туссан хойно нь хэдүүлээ дагаж бөндөгнөөд, хэчнээн сайн гэсэн болгоныг авч өгөөд ч нэмэргүй. Түүний оронд жилдээ ядаж нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд дагуулж очоод оруулдаг байвал тэр л хайртай хүмүүсийнхээ төлөө бидний хийж чадах зүйл.
Яагаад гэвэл хавдар нэг л өдөр бидний бие эрхтэнд ирээд “наалдчихдаг” эд биш. Урьдчилан сэргийлж болдог өвчин. Харамсалтай нь үүнийг хүмүүс төдийлэн ойлгохгүй хэвээр л байна. ХСҮТ, ХААН банк, МҮОНРТ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы зорилго үүнд чиглэж буйг багийн бүрэлдэхүүнд тав хоног хамт явахдаа ойлгов.
ЗАЛУУСЫН ЭРҮҮЛ МЭНД ОРХИГДООД БАЙХ ШИГ
Дэлхий дахинд төдийгүй Монголд жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг үзлэг шинжилгээнд хамруулах, орон нутгийн эмнэлгийн ажилтнуудыг чадавхижуулах зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян 2015” энэ жил 12 аймагт үзлэг шинжилгээ хийж буйн нэг нь Өмнөговь. В, С вирусийн тархалт газар авахын зэрэгцээ архи, согтууруулах ундааны хэрэглээ их байгаагаас Өмнөговь аймагт элэг, цөс, нойр булчирхайн хавдар өндөр үзүүлэлттэй гарч буйг ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн мэс заслын эмч Э.Тайванбаатар хэлсэн. Хамгийн гол нь энэ төрлийн архаг өвчлөл хөдөөгийн залуучуудын дунд их байгаа нь анзааралгүй орхиж боломгүй асуудал гэдгийг ч сануулав.
Үнэндээ идэр залууст чиглэсэн олон төрлийн ажил зохион байгуулж, тэдэнд хорт хавдрын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийн талаар ойлголт өгөх, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг мэдээлэл олгоход анхаарах цаг болсон гэлтэй. Хаа газар эмч нар үзлэг шинжилгээ хийхээр “үйлчлүүлэгсэд” нь ихэвчлэн хөгшчүүл байдаг. Гэтэл яг ажил хөдөлмөр эрхэлж буй идэр залуус “бас л завгүй” гэдэг шалтгаанаар хойш суудаг. Албан байгууллага нь ч ажилтнуудынхаа эрүүл мэндэд цаг гарган, чөлөө өгдөггүй. Үүний уршгаар ид хийж бүтээх насан дээрээ яваа залуусын хэдэн хувь нь эрүүл мэндээ бага багаар алдаж буйг хэн ч мэдэхгүй. Эрүүл мэндийн үзлэг гээч зүйлийг залуу хүнд огт хамааралгүй мэтээр ойлгодог нь манайхны сэтгэлгээний “онцлог”.
ЯПОН БҮСГҮЙН ЗӨВЛӨГӨӨ
Төвийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хөдөөд зөвхөн үзлэг шинжилгээ хийгээд зогсохгүй, орон нутгийн эмч, сувилагч эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд “Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулдаг аж. Өмнөговь аймгийн есөн сумаас цугласан эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд энэ удаа ХСҮТ-ийн их эмч, хорт хавдрын улсын хэмжээний бүртгэл мэдээлэл хариуцсан Т.Ундармаа хичээл заалаа. Тав дахь жилдээ хэрэгжиж буй үндэсний аяны багийнхан тус аймагт дөрвөн жил ирж байгаа учраас хүмүүс нь асуудлаа огт мэдэхгүй биш, багагүй туршлага хуримтлуулсан болох нь сургалтын явцад анзаарагдаж байв. Гэхдээ л хүн хэлэхээс нааш санахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй гэдэг болохоор хавдрын чиглэлээр олон улсад гарч буй шинэ дэвшил, эмчилгээ үйлчилгээний илүү боловсронгуй арга барилын талаар номын дуу сонсгож байх нь зөв биз.
ХСҮТ-ийн Мэс заслын тасгийн ахлах сувилагч Д.Золбаяр Өмнөговь аймгийн сувилагчдад мөн л хавдрын үеийн асаргаа сувилгааны тухай хичээл заав. Химийн тариаг яаж аюулгүй залгах, хэвтрийн дэглэмд орсон өвчтөнийг хэрхэн угааж цэвэрлэх, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн сэтгэл санааг давхар засахаас эхлээд хорт хавдраар өвчилсөн хүнийг асарч сувилах нь ихээхэн онцлогтой ажил гэнэ. Энэ тухай ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн Саэки Шокогийн гаргасан судалгаанд үндэслэн тэрбээр сургалтаа явуулав. Тэр дундаас анхаарал татсан гол зүйл нь хүн архи уухдаа нэг удаа 23 граммаас хэтрүүлэхгүй байвал эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхгүй гэдэг судалгаа.
Хамгийн их уулаа гэхэд 70 граммаас хэтрэх ёсгүй гэдэг “алтан дүрэм” хүмүүс бидний эрүүл аж төрөхийн үндэс гэдгийг сувилагч нар тун анхааралтай сонсож, хүмүүст энэ тухай цааш түгээхээ хэлсэн. Түүнчлэн хүн нэг удаа хооллохдоо алганы хэмжээтэй талх, мөн хэмжээний мах, будаа идэж байх ёстой аж. Алга гэхээр их сайндаа л хааш хаашаа 6-8 см гэсэн үг. Ногоог харин нэг алгаас арай ахиу хэрэглэж болох гэнэ. Япончууд эрүүл, урт насалдгийн нууц магадгүй эндээс эхтэй байх шүү.
ХААН БАНКНЫ АЖИЛТНУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН “ЗҮТГЭЛТНҮҮД” БОЛЖЭЭ
Хүн амын дунд эрүүл зөв амьдралын дадал хэвшүүлэх, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа өрнүүлэх, зөвхөн эрүүл мэндийн байгууллага гэлтгүй төр, хувийн хэвшлийнхний салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ аяны хүрээнд зохион байгуулдаг нэг чухал ажил нь ХААН банкны орон даяарх ажилтнуудаас эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэх. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тус банкныхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдээс хамгийн түрүүнд зангарагтай хөдөлж, монгол түмний дунд аюулын харанга дэлдээд буй хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлсэд нэгдсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ХААН банк “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг санхүүжүүлэхэд зориулж 543 сая төгрөг зарцуулаад байгаа аж.
Гэхдээ зөвхөн санхүүгээр нь дэмжээд зогсохгүй, өөрсдийн ажилтнуудаа энэ ажилд татан оруулсан нь бодит үр дүнгээ өгч байгааг аяны нээлтийн үеэр орон нутгийн удирдлагууд онцолсон. 2014 оны байдлаар ХААН банкны 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн салбарын нийт 1692 ажилтныг хавдрын эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хавдар өвчний нийгэмд учруулж буй хор хөнөөлийн талаар сургалтад хамруулж, энэ чиглэлийн мэдээлэл, сурталчилгааг олон нийтэд хүргэх арга зүйд сургажээ.
Өмнөговь аймгийн сайн дурын идэвхтэнүүд гэхэд л өнгөрсөн хугацаанд Оюутолгойн, Тавантолгойн уурхайн ам болон нүүрс тээвэрлэж буй жолооч нараас эхлээд такси үйлчилгээнийхэн, цэргийн анги, төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, томоохон худалдааны төвүүд гээд олон салбарын ард иргэдэд хорт хавдраас сэргийлэх сургалт хийснээ тооцооны төвийн харилцааны менежер Г.Данзанлхагва хэлсэн.
Л.ГАНЧИМЭГ