Дарханд нэг цагийн дотор хүргэж өгнө гэх нь холгүй юм ярьдаг болж. Улаанбаатараас 230 км зайтай тус аймаг руу ганц цагийн дотор “нисээд” очих юм гэнэ. Энэ үлгэрт итгэсэн хүмүүс хол замд гарахдаа хувийн унаа, микро автобусыг илүүд үзэх болсон байна. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд тохирсон зориулалтын автобусаар зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, иргэд хол газрыг богино хугацаанд туулах хүсэлтэй байна. Мэдээж хэн ч зорьсон газартаа хурдан хүрэхийг л хүснэ. Би ч мөн адил хөдөө байдаг аав ээждээ очихдоо автобусанд найман цаг “налайж” явахаас илүү хурдан шуурхайгаар нь суудлын машин аль эсвэл микрог сонгодог. Гэхдээ яарвал даарна гэдэг шиг хол замд найдвартай унаа л “чулуу” болдгийг орон нутагт гарч буй ослоос харж болох юм.
Он гарснаас хойш улсын хэмжээнд зам тээврийн 706 осол гарчээ. Үүний 303 нь орон нутгийн замд тохиолдож, 70 хүн нас барсан бол 201 нь гэмтэж бэртсэн байна. Осол гаргасан автомашины ихэнх нь өмнө нь зөрчил гарган Авто тээврийн үндэсний төвд хар данстай болсон хувийн машинууд байдаг аж. Бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэж буй зөрчил өмнөх онтой харьцуулахад 20 дахин нэмэгдсэн болохыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж буй. Монголчуудын талаас илүү хувь нь хөдөө амьдарч байна. Тэдний олонх нь малаа маллан, ногоогоо тарьж суугаа. Зуны дэлгэр цагт нийслэлчүүд сүү, цагаан идээ бараадан, агаар салхинд амрахаар хөдөө явцгаадаг.
Өргөн уудам тал нутагт тархан суурьшсан монголчуудын хувьд хот хоорондын тээвэр хамгийн чухал асуудлын нэг. Хүрээ орж, галын хайч авна гэдэг шиг Улаанбаатар орохгүй л бол шийдэх боломжгүй зүйл хөдөө газар их. Адаглаад их, дээд сургуульд сурах гэж, олигтойхон ажил хийх гэж, орчин үетэйгээ хөл нийлүүлэх гэж нийслэл хотоо бараадна. Тиймдээ ч хөдөөнөөс хот руу чиглэсэн цуваа өдөр шөнөгүй үргэлжилсээр. Төв аймгийн Зуунмод болон нийслэлээс хамгийн хол буюу 1740 км-т орших Баян-Өлгий аймгаас ч хотыг зорих хүмүүсийн хөл татрахгүй. Увс, Баян-Өлгий, Ховд аймаг, Улаанбаатарын хооронд хатуу хучилттай зам тавиагүй учраас ОХУ-д үйлдвэрлэсэн “ПАЗ” маркийн автобусаар энэ чиглэлд зорчигч тээвэрлэж байгаа аж. Бусад нь орчин үеийн шаардлагад нийцсэн автобусаар зорчиж буй.
Микронуудаас болж, автобусаар үйлчлүүлэх хүн цөөрч, ашиггүй ажиллаж байгаа талаар орон нутгийн тээвэрт явдаг “Жигд эргэлт” ХХК-ийн захирал Г.Батдорж манай сонинд хандсан юм. Тус компани Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар луу, Улаанбаатараас тус сум руу долоо хоногт гурван удаа хот хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Тосонцэнгэл рүү хэзээнээс зорчигч тээвэрлэж эхэлсэн юм бэ. Ямар унаагаар үйлчлүүлэх нь тухайн хүний сонголт биз дээ?
-Авто тээврийн үндэсний төвийн албан ёсны зөвшөөрөлтэй, 45 хүний суудалтай, зориулалтын автобусаар тосонцэнгэлчүүддээ үйлчлээд хоёр жил болж байна. 100 гаруй сая төгрөгөөрөө хоёр автобус оруулж ирсэн. Одоо зургаан автобусаар үйлчилж байна. Автобус явуулахаас өмнө Тосонцэнгэл рүү микронууд хүн тээвэрлэдэг байлаа. Гэтэл стандарт шаардлага хангасан автобуснууд явж байхад зэрэгцээд микронууд хүн “булаацалдаж” эхэлсэн. Микро автобусууд зай багатай болохоор хүмүүс ая тухтай зорчиж чаддаггүй. Тэгээд ч цөөхөн хүн суугаад л дүүрчихнэ. Тийм болохоор хүүхэдтэй, том биетэй, ачаа бараа авч яваа хүмүүсийг илүү ая тухтай зорчуулахаар зорьсон юм. Гэтэл микроны жолооч, орон нутгийн байцаагч нар үүнийг эсэргүүцэн, автобусны цонх, дугуй хагалах зэргээр халдаж эхэлсэн. Тиймээс орон нутгийн замд тохирсон автобуснуудыг үйлчилгээнд явуулахыг төр засгаас дэмжиж өгөөч гэсэн үүднээс танай сонинд хандаж байгаа нь энэ.
-Тус сум руу танай компанийн зургаан автобуснаас гадна найман микро явдаг гэл үү. Ийм олон унаа явахаар суух хүн олдох уу?
-Завхан аймгийн төв рүү л автобус явдаг байсан. Тосонцэнгэлд 10 гаруй мянган хүн амьдарч байна. Хотод байгаа оюутан хүүхдээ эргэхээс эхлээд Улаанбаатарыг зоригсод олон. Өдөрт 50-60 хүн тогтмол явдаг. Автобус эхний хэд хоног хүнгүй шахам явдаг байлаа. Удалгүй хүмүүс автобусны давуу талыг мэддэг болж ядаж л хөл тэнэгэр явахыг хүсдэг болсон. Гэтэл микронууд хурдан шуурхай үйлчилнэ гээд хүмүүсийг автобусанд суулгахгүй “татаж чангааж” зовоодог боллоо. Орон нутгийн тээвэр гэдэг олон хүний амь нас хариуцсан амаргүй ажил шүү дээ. Ядаж л ээлжийн хоёр жолоочтой, оношилгоонд орсон, бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх нь аюулгүй болохыг иргэд удахгүй ойлгох байх. Харин орон нутгийн тээврийн талаар албаны хүн юу хэлэх бол.
Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас энэ талаар тодрууллаа.
Ж.ЭНХБАТ: АВТОБУСНЫ ХУРДЫГ НЭМЭХ САНАЛ ГАРГАСАН Ч ТАТГАЛЗСАН
-Орон нутагт хот хоорондын хэчнээн тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа вэ?
-21 аймаг, 96 сум, нийслэлээс алслагдсан гурван дүүрэгт 1156 тээврийн хэрэгсэл хот хоорондын нийтийн тээвэрт үйлчилж байна. Засгийн газар, Зам тээврийн яамнаас 21 аймгаа хатуу хучилттай замтай холбох, дунд болон том оврын автобусаар үйлчлэх бодлого барьж байгаа. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хот хоорондын нийтийн тээвэрт суудлын бүс, байршил тогтоох, хурд хэмжих төхөөрөмж, агааржуулагчтай автобусаар үйлчилж байна. Гар утасны сүлжээ ордоггүй газар хиймэл дагуулаар байршил тогтоож байгаа. Байгалийн үзэгдэл, техникийн гэмтлээс болж замд саатсан автобусны байршлыг тогтоож, ОБЕГ, цагдаагийн байгууллагатай хамтарч тусламж үзүүлдэг болсон.
-Танай газраас орон нутгийн замд хяналт, шалгалт хийсэн юм байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, нэгнийгээ гүйцэж түрүүлэх гэж дайрдаг зөрчил их гардаг шүү дээ.
-Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газартай хамтран он гарснаас хойш шугам замын шалгалтыг таван удаа хийлээ. Нийт 6426 автомашин шалгаснаас 1165 жолооч хурд хэтрүүлэх, тээврийн хяналтын шалгалтад ороогүй, стандартын бус неон гэрэл тавьсан зэрэг зөрчил гаргасан. Тэдэнд арга хэмжээ авсан. Өнгөрсөн онд хурд хэтрүүлсэн 14 жолоочийн эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаанд хассан.
-Орон нутагт зам тээврийн ноцтой осол гарах нь ихсэж байгаа талаар Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлдэг. Осол бууруулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Он гарсаар орон нутгийн замд осол гарах нь ихэссэн. Осол гаргасан тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь автомашин, микро. “Нарантуул” захын эргэн тойрноос зөвшөөрөлгүй хувийн машинууд орон нутаг руу их явж байна. Бараг л 150 км/цагийн хурдтай явна гэх нь холгүй юм ярьж, автобусанд суух хүмүүсийг дундаас нь “урвуулаад” байна. “Зорчигч тээвэрлэх албан ёсны зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэлд битгий суугаач ээ” гэж иргэдэд анхааруулъя.
-Автобуснууд удаан явдаг учраас иргэд суудлын машинд суудаг. Автобусны зорчих хурдыг нэмж болдоггүй юм уу?
-Засгийн газрын 2004 оны тогтоолоор Замын хөдөлгөөний дүрэмд “Хот хооронд үйлчилж буй автобус 70 км/цаг хурдтай явна” гэж заасан. Энэ нь осол гарахаас сэргийлсэн сайн талтай ч эргээд сөрөг байдал үүсгэсэн. Орон нутгийн зорчигчид “Автобус удаан явдаг” гээд хувийн машиныг сонгодог болсон. Тиймээс бид автобусны нэг цагт туулах хурдыг 80 км болгох саналаа Зам, тээврийн яамныханд өгсөн ч “Орон нутгийн зам тойрог, эргэлт ихтэй, өргөн биш учраас боломжгүй” гэсэн хариу өгсөн.
-Улаанбаатарт микронуудыг хотын төвөөр зорчуулахгүй байгаа. Тэгсэн хэрнээ орон нутгийн замд яагаад явуулаад байгаа юм бэ?
-Ирэх арванхоёрдугаар сарын 31 гэхэд хот хоорондын нийтийн тээвэрт микронуудыг явуулахгүй. Өөрөөр хэлбэл, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс ганц ч микро үйлчилгээнд гарахгүй гэсэн үг. Одоогоор манай төвд бүртгэлтэй, стандартын шаардлага хангасан 250 микро орон нутаг руу зорчигч тээвэрлэж байгаа. Бага оврын эдгээр тээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэсэн. Тухайн үйлдвэр нь татан буугдаж, дахин ганц ч микро, “Истана” шинээр үйлдвэрлээгүй. Ашиглалтын хугацаа нь 12 жил байдаг. Зургаан сарын дараа гэхэд энэ хугацаа нь дуусах юм.
-Орон нутгийн замд шөнө зорчигч тээвэрлэхгүй байж болдоггүй юм уу. Жолооч нь зүүрмэглэхээс эхлээд осол гарах аюултай шүү дээ.
-Өглөө нь хотод ирж ажлаа амжуулаад оройдоо нутаг буцах сонирхолтой хүн олон бий. Улаанбаатараас Хөвсгөл рүү зөвхөн 15.00 цагаас автобус явдаг байсныг өглөө 08.00 цагт явдаг болгосон. Бид аль болох шөнийн тээвэр хийлгэхгүй байхад анхаарч байгаа. Хэрэв автобуснууд шөнө явахаа больчихвол хувийн унаа, микронууд энэ боломжийг ашиглана шүү дээ. Улаанбаатараас 500 км хол алслагдсан аймгуудын орон нутгийн тээвэрт хоёр ээлжийн жолооч үйлчилж байгаа.
Ч.БОЛОРТУЯА