Тэндхийнхэн “Гачуурт тосгон” гэж нэрлэнэ. Угтаа бол Баянзүрх дүүргийн XX хорооны нутагт харьяалагддаг. Хотын төвөөс 20-иод км зайтай ч тэнд суурьшигчдын хүрээ өдрөөс өдөрт тэлсээр. Анх 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумын IX багийн нутагт Амгалангийн аж ахуйн Улиастай, Дархит, Хуандайн фермүүдийг түшиглэн энэ тосгоныг байгуулсан түүхтэй. Энд тарвага, зурамнаас эхлээд буга, хүдэр зэрэг ховордсон амьтан ч бий. Гэхдээ үүнийг хамаагүй хэлж болохгүй. Учир нь “Энд ийм тийм амьтан бий гээд хэлчихвэл маргааш нь гэхэд л байхгүй болчих аюултай” хэмээн Д.Баттогтох хэн нэгнээс харамлаж буй мэт их л сандрангуй хэлсэн юм. Энэ хүн бол Гачууртын байгаль хамгаалагч. Тэрбээр тэнд 20 гаруй жил ажиллаж, амьдарч буй. Гэхдээ энэ хугацааныхаа талыг Гачууртын цагдаагийн хэсгийн даргаар ажиллаж өнгөрөөсөн хүн.
ХУЛГАЙГААР МОД ЗӨӨСӨН ХҮНИЙГ 1000 ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ БАЙЖЭЭ
Д.Баттогтох 1950 онд Улаанбаатар хотод төржээ. Амгалан, Хужирбулангийн хооронд түүний бага нас өнгөрсөн бөгөөд одоо ч эндээсээ нэг их холдоогүй аж төрж сууна. Баянзүрх хайрхны урд энгэрээр ээжтэйгээ хамт мойл түүгээд явж байсан хүү жимс самар, мод сөөг, элс хайрганы ширхэг бүрийг хайрлан хамгаалсаар олон ч оныг элээж. Тэрбээр өдгөө 65 настай ч 18-таас дутахааргүй хөнгөн шингэн, ажил үүргээ ч гялалзтал биелүүлж, нийслэлийн аварга ажилтан хэмээгдэн “гүйж” явна. Түүний цагдаагийн байгууллагад ажиллах болсон түүх нь хувь тохиол гэлтэй. Тэрбээр 1969 онд Хужирбулангийн цэргийн ангид татагдан ирээд жилийн дараа ОХУ-д сургуульд сурах аз тохиосон аж. Гэвч сургуулиа төгсөж чадалгүй ар гэрийн гачигдлаар Монголдоо буцаад иржээ. Түүний анхны хүүхэд төрсөн бөгөөд эхнэр, хүүхдийг нь харж хандах хүнгүйгээс ийн сургуулиа орхисон байна.
Уг нь бол 300 гаруй хүүхдээс шалгарсан тавын нэг нь Баттогтох. Ингээд Дорнодын Матад суманд цэргийн нууц бичиж, хянах үүрэгтэй Нууцын даргаар томилогдон очжээ. Тэнд байхад нь нэг оны цэрэг нь цагдаа болчихсон мундаг явж байсан нь Баттогтохыг цагдаа болох хүсэлд автуулсан аж. Тэрбээр “Нэг өдөр цэргийн онжавтайгаа таарлаа. Тэгтэл намайгаа таньдаггүй байна шүү. Би уг нь цэрэгтээ ангийн нярав байсан юм. Гэнэт дургүй хүрээд “Энэ нөхөр цагдаа болоод байхад би яагаад болдоггүй юм бэ” гэж бодоод УЦСЕГ-ын боловсон хүчинтэй уулзахад “Судална аа” гэж байна. Ингээд удалгүй Толгойтод жижүүрийн цагдаа болов. Эхлээд юу хийхээ ч сайн мэддэггүй байлаа. Тухайн үед цагдаа гэж хэлүүлэх дүргүй, сэргийлэгч гэж ярьдаг байсан юм” гэв.
Цагдаагийн байгууллагад 25 жил ажиллаж байтал дарга нь нэг л өдөр түүнийг тэтгэвэртээ гарах болсныг индэр дээрээс зарлачихсан аж. “Хөөгдөж байгаа юм шиг санагдаад болдоггүй. Тэгэхээр нь энэ жил гарахгүй ээ. Ирэх жил гарна гээд гэдийчихлээ” гэж хэлээд тэрбээр инээмсэглэн суув. Жижүүрийн цагдаагаас дэд хурандаа болтлоо зүтгэсэн Баттогтох байгаль хамгаалагч болсон нь бас л хувь тавилан гэлтэй. Гачууртын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан танил залуу нь зам тээврийн ослоор нас барсан аж. Ингээд түүний оронд ажиллахаар болов. Баттогтохыг байгаль хамгаалагч болсон үед буюу 2001 онд хүмүүсийн мөнгө олох хялбар арга нь ойгоос мод авчирч борлуулах байж. Эзэнгүй шахуу ой модыг хэн дуртай нь огтолж сүйтгэнэ. Хулгайгаар мод зөөж буй хүмүүсийг ердөө 1000 төгрөгөөр торгодог байжээ.
Одоо бол цалингийн доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болсон. Тухайн үед Гачууртын байгаль хамгаалагч нар гэж настай голдуу хүмүүс байсан гэнэ. Харин одоо хамгийн ахмад нь Баттогтох. Гачууртын нутаг дэвсгэр 77 мянган га газартай. Баянзүрх хайрхан, Хужирбулан, Гүнжийн хоолой, Шар хоолой дамнасан бүсийг тэрбээр хамгаална. Өмнө нь цагдаа байсан болохоор ч тэр үү, хулгайгаар мод зөөсөн хүмүүстэй хэл амаараа гэхээс илүү нударгаар ойлголцдог байснаа нуусангүй. “Зил-131” машинтай хулгайгаар мод зөөгөөд явж байгаа хүмүүсийг зогсоогоод хугархай униар “хашраадаг” байжээ. Зарим нь машинаа хаяад зугтдаг гэнэ. “Хэлж, ярьж ойлгуулж болдоггүй байсан юм уу” гэхээр “Дөнгөж ургаж буй модыг хүртэл хайр найргүй огтолж, зөөж байгаа хүмүүстэй юу ярих билээ. Эхлээд учирлаж хэлдэг байсан. Үг авдаг нь цөөн. Тухайн үед ой мод, байгалийн баялгийг хамгаалах эрх зүйн орчин одоогийнх шиг бүрдээгүй байлаа. Одоо бол машиныхаа багажинд шуудай хүрэхгүй мод хийгээд явж байхад л хууль яриад зогсоно шүү дээ” гэж “гэмээ цайруулсан” юм.
Түүнийг тэндхийнхэн Гачууртын “аав” гэж авгайлна. Ингэж дуудуулахдаа ч тэр дуртай. Хулгайгаар мод зөөж байсан олон хүнийг хугархай униар “шийтгэж” байсан ч эргээд өс санасан нь үгүй. Харин ч буруу зүйл хийхэд алганы амт үзүүлдэг аав шигээ санаж ийн хүндэтгэдэг аж. Баттогтох “Хулгайгаар мод, элс хайрга зөөсөн олон хүнийг загнахыг нь загнаж, заримд нь гар хүрдэг байлаа. Хатуу байсаан, би. Гэхдээ ял сонсох хэмжээнд хүргэж явсангүй” гэв. Сүүлийн хэдэн жил Гачууртын “аав” маань тархи толгой, нуруу нугас барьдаг болжээ. Баттогтох гуай “Нөгөө салгаж өгдөг хүн чинь эвлүүлдэг болсон байна шүү дээ” гээд хээв нэг ярих нь аргагүй л буйд газрын эгэл жирийн хэрнээ элдэв маяггүй шулуун шударга хүн болохыг нь илтгэх мэт.
“ЧҮДЭНЗ ЗУРЖ НЭГЭНДЭЭ ДОХИО ӨГДӨГ БАЙЛАА”
Анх тэрбээр ойн эргүүлд морьтой явдаг байжээ. Гар утас, харилцаа холбоо гэх юм байхгүй учраас чүдэнз зурж, гэрэл гарган нэг нэгэндээ дохио өгдөг байсан гэнэ. Хүн сийрэг байсан учраас нэгнийхээ асаасан чүдэнзний гэрлээр баримжаалаад болоод л байсан аж. Харин одоо мотоцикльтой болж, дэвшсэн. Унины хугархайнаас өөр барих “зэвсэггүй” байгаль хамгаалагчид одоо цахилгаан бороохой, гар чийдэн, камер, аппарат зэргийг ашиглан орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна. Морьтой эргүүл хийгээд явж байхад нь хурдан буу, машинтай нөхдүүд тоох ч үгүй давхилдаад өнгөрдөг байж. Зогсоох гэж хойноос нь хөөгөөд ч нэмэргүй. Харин одоо гар утсаараа хаана, ямар хүн явж байгааг нэгэндээ мэдээлчихнэ. Үүний зэрэгцээ нөгөө урт гартнуудын арга ч нарийсан, хаана байцаагч явааг шуурхай дамжуулдаг болж. Тэндхийн байгаль хамгаалагчид саяхан зургаан машин мод хулгайгаар авч явж байсныг хурааж, улсын орлого болгосон байна. Хураасан модыг борлуулах алба гэж бий.
Энд тэндгүй түймэр гарч, хуурайшилт ихтэй байгаа энэ үед Баттогтохын хариуцсан газарт ч түймэр гарч багагүй сандаргасан гэнэ. Ялангуяа бөөгийн зан үйл хийж байгаад гал алдах тохиодол цөөнгүй аж. Хэд хоногийн өмнө ууланд бөө нар гал асааж байхаар нь Баттогтох очиж, ил гал гаргахгүй байхыг анхааруулахад, “Би чамайг “унтраагаад” хаяна шүү” гэж сүрдүүлсэн аж. Тэгэхээр нь тэрбээр хоёр модны хооронд уясан улаан утсыг нь таслаад нөгөө бөөг уулнаас буулгажээ. Тэрбээр “Айж зугтаад байвал яаж ажлаа хийх вэ. Төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа хүн шүү дээ, би” хэмээв. Энэ мэтчилэн ажил үүргээ гүйцэтгээд явж байхад нь айлгаж, сүрдүүлэх, дарамтлах, бүр гар хүрсэн тохиолдол ч бий гэнэ. 10-аад жилийн өмнө 3-4 машинтай хулгайгаар мод зөөж байсан хүмүүсийн үйлдлийг таслан зогсоохоор шаардлага тавихад машинаас том биетэй залуус бууж ирээд түүнийг сүрдүүлжээ. Өөрийгөө тэрбээр “Би гэж хав нохой шиг юм “хуцсаар” байгаад гурван машин мод буулгуулж байлаа.
Байгаль орчны гэмт хэргийн тухай ойлголт тухайн үед байсангүй. Их хэмжээний мод хулгайгаар зөөсөн Равдан гэж нөхөр нэг жил орчим хоригдсон шүү” гэж ярив. Модноос гадна элс, хайрга, шороо, чулуу хүртэл хулгайгаар зөөх явдал тасардаггүй гэнэ. Тэрбээр, “Гал түлж, гэрээ дулаацуулах хэрэгцээ хүнд бий. Гэхдээ мод бэлтгэхэд заасан цаг хугацаатай. Гурвдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20 хүртэл хуурайшилтын үе. Энэ үед ой руу орохыг ч хориглодог. Намрын хуурайшилтын үе есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20. Гэтэл манайхан хориотой үед, ямар ч зөвшөөрөл, гарал үүслийн бичиггүйгээр мод зөөх гээд д зүтгэчих юм. Уг нь ойд унасан мод зөндөө. Салхитай үед толгой дээрээс унаад ирж мэдэхээр ч хуурайшсан мод олон. Үүнийг сайхан цэвэрлэж, түлээнд хэрэглээд оронд нь мод тарих хэрэгтэй. Хуурай мод хорхойд идэгдэхээс гадна түймэр гарах үед хамгийн их гал хөгжөөдөг юм. Унасан модыг цэвэрлэж, ойг эрүүлжүүлэхийг бодлогоор зохицуулдаг болмоор байна” гэв.
Мөн тэрбээр “Байгаль хамгаалагч гэхээр зөвхөн хулгайн модтой тэмцээд байдаг юм биш. Бид байгалийн бүхий л баялгийг чадах чинээгээр харж хандах, хамгаалах, хайрлах үүрэгтэй хүмүүс. Сүүлийн үед нойр булчирхайд сайн гээд зурам их агнаж байна. Манай Гачууртад мойл, самар, долоогоно, гүзээлзгэнэ, аньс, нохойн хошуу зэрэг олон төрлийн жимс ургадаг ч одоо ховор болжээ. Самар нь гүйцэд боловсроогүй байхад хуш модыг мунаар нүдээд бүр хөрөөдөж унагаж байна. “Мойл түүх гэхээр гар өвдөөд” гээд модыг нь хөрөөдөөд зогсож байсан хүнтэй ч тааралдсан. Ингэж хайр найргүй хандаад байхаар үр хойч маань юу идэх билээ. Аньс л гэхэд дэлгэсэн хивс шиг сайхан байж билээ. Гэтэл одоо ховордчихоод байна. Нэг л их цэмцгэр, ганган залуус ирээд голын усанд машинаа угаагаад, баахан хог хаячихаад яваад өгөх юм.
Хэлэхээр өөдөөс хэдэрлээд үг авахгүй шинжтэй. Хүмүүс бид байгалиасаа л урган гарсан шүү дээ. Хэдийгээр бид өөр өөр шашин шүтлэгтэй ч хэзээ нэгэн цагт бүх хүн бурхны өмнө нүглээ наминчилна гэж би боддог. Энэ дэлхийд ирсэн юм чинь буцах нь үнэн шүү дээ. Энэ насандаа нүгэл үйлдсэн хүнийг бурхан яллана. Баян байгаад ч нэмэргүй. Дараагийн үр хойчоо эцэг эхийнхээ үйлдсэн төлөөсийг төлж, яллуулмааргүй байгаа юм” хэмээсэн. Гачууртад буга, хүдэр гээд ховордсон амьтад бий. Тэндхийн буга хандгайг Богд уулынхтай цус сэлбүүлэхээр ангийн гарц хийж өгсөн аж. “Туул гол энэ хавар цөн түрсэн шүү” хэмээн тэрбээр олзуурхаад, Туул голын усны урсацыг сайжруулах зорилгоор минж нутагшуулсан. Мөн далан барьж байна” гэж сонин болгож ярив.
Баттогтох зургаан хүүхэдтэй. Нэгээс бусад нь дээд сургууль төгссөн. Хоёр нь цагдаагийн алба хаагч. Түүний гэргий Н.Сосоржамаа нь Дулааны II цахилгаан станцад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Гачууртын “аав”-ын тэтгэвэрт гарах нас нь болсон хэдий ч энэ ажилдаа хоргодсоор. Хүүхэд шигээ хүмүүсийн дунд суугаад төрийн албаны шалгалт өгөөд л, хувийн машинаараа эргүүл хийгээд л, урт гартнуудыг “хашраасаар” явна. Гачууртад улсын байгаль хамгаалагч гэж байдаггүй нь асуудал гарахад тэр дор нь хариуцлага хүлээлгэх хүч сул юм шиг санагдсаныг нуух юун.
Ч.БОЛОРТУЯА