Сүүлийн хоёр жилд байдал улам дордож, хамар хашааг нь, айлын ногооны талбайг нь худалдаж аваад том том нүх ухан хайрга, дайргаа хаяанд нь олборлодог байдал зах замбараагаа алдаад байна
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу бидний хэлж заншсанаар Туул тосгоныхон элс, хайрга, дайрга олборлогчидтой тэмцсээр бараг л гурав, дөрвөн жилийн нүүр үзлээ. Шороон замаар өдөр шөнөгүй давхилдах хүнд даацын машинуудын дуу чимээ, тоос шороо нь тэндхийн оршин суугчдыг хөгшид, хүүхэдгүй астма, гамрит, харшлын өвчтэй болгожээ. Айл бүрт шахам хамар ам нь шуухитнасан, нүд нь улайж улцайсан хүн нэмэгдсээр байна. Уг нь тэдний ихэнх нь хотын тоос шороо, дуу чимээнээс алс, “хотын хөдөө” хэмээх уул ус, ургамал ногоо жигдэрсэн эрүүл орчинд мал маллаж, ногооны аж ахуй эрхлэн, амар тайван амьдрахыг илүүд үзсэн. Харамсалтай нь хайрга, дайрга олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд стандарт байхгүй, хараа хяналт хангалтгүйгээс энэ хавьд малаа бэлчээх газар нутаггүй, ухсан нүх, уул уурхайн бүсээс ч дор орчин нөхцөл бий болжээ. Иргэд мэргэжлийн хяналтаас эхлээд холбогдох төрийн байгууллагуудад энэ талаар өч төчнөөн бичиг цаас, өргөдөл, гомдол илгээсэн. Гэвч нэг мөр таслан зогсоох арга хэмжээ авч, Туул тосгоныхны эрүүл орчинд аж төрөх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хамгаалах төрийн байгууллага, албан тушаалтан алга байна.
Ямар сайндаа л тэд эцсийн аргаа хэрэглэж Биокомбинат, Шувуун фабрикийн авто замаар хүнд даацын машинуудыг явуулахгүйн тулд зам хаан тэмцэж эхлэх вэ дээ. “Эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрхээ бид л хамгаалахгүй бол бидний төлөө ажиллах төрийн байгууллага гэж алга. Хайрга, дайрга олборлохыг бид эсэргүүцээгүй. Эсэргүүцээд ч дийлэхгүй юм билээ. Харин тээвэрлэлт хийж буй шороон замаа хатуу хучилттай болгож, бидний эрүүл мэндийг хамгаалж өгөөч л гэж хүсэж байна. Ямар сайндаа л урин дулаан цаг, ид ажлын үеэр мал ахуй, тариалалтын ажлаа хойш тавин замаа хааж, ингэж ээлжлэн жижүүрлэж байх вэ дээ” хэмээн аргаа барсан иргэд ярьж байна. Туул тосгон нийт 5672 га газар нутагтай. Үүний дийлэнхэд нь хайрга, дайрга буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож, одоогоор 80 гаруй аж ахуйн нэгж олборлолт явуулдаг аж. Өдөрт багаар тооцоход хайрга, дайрга тээвэрлэсэн хүнд даацын 10-20 автомашин гэрийнх нь хаяагаар шороон замаар тоос татуулан давхилдаж, харуй бүрий болмогц бүр ч олширдог гэхээр эндхийнхэн үнэхээр хүнд нөхцөлд амьдарч буйг түвэггүй ойлгож болно.
Тэд гэр хороолол, суурьшлын бүс дундуур тээвэрлэлт хийдэг 2.5 км шороон замыг хатуу хучилттай болгохыг Элс, хайрга үйлдвэрлэгчдийн холбооныхноос өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн шаарджээ. Гэвч тухайн үед 50 метр сайжруулсан зам тавьсан болоод л орхисон гэнэ. Тиймээс хорооны иргэд хуралдаж, Иргэдийн нийтийн хурлаараа уг асуудлыг хэлэлцээд зам хаан эсэргүүцлээ илэрхийлж буй нь энэ аж. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны ИНХ-ын дарга Д.Энхтайванаас энэ талаар тодруулахад “Бид хатуу хучилттай зам тавиулах талаар сүүлийн жил гаруйн хугацаанд шат шатны байгууллагад хандан, хэлэлцүүлэг хийж, гарц хайсаар ирсэн. Нааштай зүйл ч гарсан. Нисэхээс Шувуун фабрик хүртэлх авто замыг засаж, шинэчилж чадсан. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг журамлах, заримыг нь цуцлуулах хүсэлт, шаардлагуудыг холбогдох дээд байгууллагуудад бичгээр хүргүүлсэн.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу бид хүнд даацын машинуудын замыг хаагаад байна. Ялангуяа гэр хороолол дундуур явсан 2.5 км шороон замыг хатуу хучилттай болгохгүй бол хүнд даацын машинуудын тээвэрлэлтээс үүдсэн шороо тоосон дунд хүн амьдрах байтугай мал бэлчих арга алга. Суурьшлын энэ бүсэд нийслэлчүүдийн хэрэгцээний 30 хувийг хангадаг хүнсний ногооны талбай бий. Тоосжилтыг зогсоохгүй бол нийслэлчүүдийн хүнсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрлээ байгаа. Тиймээс энэ асуудлыг яаралтай нэг талд нь шийдэхгүй бол байдал хүндрэхээр байна” хэмээн ярив. Нийслэл, дүүрэг, хорооны иргэдийн хурал болон Засаг дарга нар жил бүрийн хавар тогтоол, шийдвэр гаргаж, хайрга, дайрга олборлогчдод арга хэмжээ авна гэдэг. Гэвч энэ бүхэн нь цаасан дээр үлдэж одоо бүр улиг болчихоод байна. 2013-2015 онд хороо, дүүрэг, нийслэлийн Засаг дарга зэрэг бүх шатны байгууллагууд Туул тосгоны дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн тогтоол, шийдвэр гаргасан баримт өмнө минь байна. Хамгийн сүүлийнхээс нь дурдъя. 2014 оны тавдугаар сарын 15. Хан–Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг Хүнд даацын тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоож, хяналт тавьж, ажлыг эрчимжүүлэх тухай А/154 тоот захирамж гаргажээ.
Үүгээр хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийхийг түр хориглож, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хяналтын цэгт цагдаагийн алба хаагчдыг хуваарийн дагуу тогтмол ажиллуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар авсан арга хэмжээ, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Нямсүрэн, Замын цагдаагийн тасгийн дарга М.Отгонбаяр, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга Р.Отгонжаргал нарт үүрэг болгосон байна. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Байгаль орчин, хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал эрхэлсэн орлогч А.Отгонбаатарт даалгажээ. 2014 оны дөрөвдүгээр сарын 18. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл А/293 тоот захирамж гаргаж, энэ асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын дарга зэрэг холбогдох албан тушаалтнуудад мөн л үүрэг болгожээ. Энэ захирамжийн хоёр дахь заалтад байгаль орны нөлөөллийн үнэлгээний дагуу эвдэгдсэн газрын хэмжээг тогтоож, тухайн талбайн 75-аас доошгүй хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлгэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал тавихыг тухайн үеийн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа нарт даалгасан байна.
Гэтэл энэ захирамж өнөөдрийг хүртэл Туул тосгонд хэрэгжсэнгүй. Хэрэгжилтэд нь хэн ч хяналт тавьсангүй. Байдал бахь байдгаараа үргэлжилж бас л бичиг цаас, тогтоол шийдвэр шидэлцсээр байна. Нийслэл, дүүргийн Засаг даргын, ИТХ-ын энэ мэт тогтоол, шийдвэр, захирамжууд амьдралд хэрэгжихгүй цаас болон үлдсээр байгаагийн цаад шалтгаан нь юу вэ? 2015 оны дөрөвдүгээр сарын 20. Энэ өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлаас мөн л дүүргийнхээ Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг нарт хүсэлт тавьжээ. Уг хүсэлтэд бас л өнөө хүнд даацын тээврийн хэрэгслийг нийтийн эзэмшлийн авто замаар явуулахгүй байх, маршрутын дагуу технологийн замаар тээвэрлэлт хийлгэх, суурьшлын бүс дундуур тээвэрлэлт хийж буй 2.5 км замыг хатуу хучилттай болгох зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Энэ хүсэлт, шаардлагад дүүргийн Засаг дарга нар бас л нэг захирамж, тогтоол гаргах байх.
Харин тэр нь хэрэгжихүү гэдэгт эргэлзэхээс өөр арга алга. Туул тосгоныхонтой холбоотой асуудал цаасан дээр бол “сайн” хэрэгжиж байна. Маш чухал үүрэг даалгавар өгч, хариуцлага тооцон, асуудлыг шийдвэрлээд л байгаа. Харин амьдрал дээр, бодит байдал дээр дарга нарын өгсөн үүрэг даалгавар хэрхэн хэрэгждэгийг Туул тосгоны энэ үйл явдал харуулсаар байна. Дарга нар “цаасан” дээр үүрэгдсээр, мундагдсаар байтал тус тосгоныхны эрх ашиг, эрүүл мэнд хохирсоор гурван жил өнгөрлөө. Тэд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд зам хааж тэмцсээр 33 хонов. Төрийн холбогдох байгууллагуудаас хэн нь ч уулзсангүй, анхаарал ч хандуулсангүй. Тэд уг нь олборлогч компаниудын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоохыг огт шаардаагүй. Зөвхөн Туул тосгоны оршин суугч 6000 орчим хүний эрүүл мэнд, эрх ашгийг хүндэтгэж, стандартад нийцсэн хатуу хучилттай авто зам тавьж өгөхийг л хүсэж байна шүү дээ, дарга нар аа.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ