Монголд улс төржөөгүй салбар гэж алга. Ерөөс улс төргүйгээр амьдарч болохооргүй болсон юм даг уу даа. Малчны хотонд хүртэл эхнэр, нөхөр хоёр намаараа талцан, салж сарних дээрээ тулж байгаа бол ах, дүүс ч үүнээс болж тангараг тасарсан тохиолдол бий. Ер нь хүүхдээ цэцэрлэг, сургуульд элсүүлэхээс эхлээд ажилд ороход хүртэл намын харьяалал хардаг гэнэ. Үүнээс үүдэлтэй асуудал баг, сум, аймгийн төвд элбэг гардаг аж. Тэр ч бүү хэл, төрийн аливаа тусламжийг иргэдэд намын харьяаллаар нь үзүүлдэг гэсэн. Угтаа төрийн албан хаагч нам бус байх ёстой. Гэвч аймаг, сум, дүүргийн Засаг даргаар аль нэг намын анхан шатны нэгж дэх хурган дарга томилогддог учраас өөрийнхөө гар хөл, нэг намын нөхдөө дэргэдээ ажиллуулдаг. Өөрийг нь эсэргүүцэх, шүүмжлэх хүн байхгүй байх нь мэдээж даргад ашигтай. Яг ийм систем Монголыг бүхэлд нь бүрхчихэж. Үүний баталгаа нь засаг өөрчлөгдөх бүрт солигддог төрийн албан хаагчид. УИХ-ын сонгуулийн дараа тэд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймдэг.
Их, дээд сургуулийн захирал, Удирдах зөвлөлийн гишүүд, эмнэлгийн дарга нарыг л гэхэд салбар хариуцсан сайд нь томилдог. Энэ эрүүл бус тогтолцоог шийдлийн Засгийн газрын тэргүүн халахаар ханцуй шамласан ч бүрэн эрхийнхээ жил гаруйн хугацаанд бүтээчихнэ гэдэг юу л бол. Манайд улсын болон хувийн 100 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаагаас 16 нь төрийн өмчийнх. Сургуулиуд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Удирдах зөвлөлтэй байх ёстой. Гэхдээ Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Үндэсний тагнуулын академид ийм зөвлөл байдаггүй. Эдгээр нь хүчний байгууллагад хамаардаг учраас Удирдах зөвлөлийн үүргийг салбарын яам нь гүйцэтгэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн зохион байгуулалт, бүтэц, шаардлагатай хөрөнгийг яам нь шийддэг гэсэн үг. Түүнчлэн Удирдлагын академи Удирдах зөвлөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тус академи төрийн албан хаагчдад сургалт явуулдаг, онцгой чиг үүрэгтэй учраас тэр.
Сургалтын төлөвлөгөөг нь БСШУЯ гаргадаг бөгөөд үйл ажиллагаа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хамаардаг аж. Их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлийн гишүүдийн 51-60 хувийг үүсгэн байгуулагч нь томилж, үлдсэнийг нь сургуулийн багш, оюутан, төгсөгчийн төлөөлөл бүрдүүлдэг. Энэ жишгээр төрийн өмчийн 12 сургуулийн үүсгэн байгуулагч нь төр учраас Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг БСШУ-ы сайд томилно. Нэг хүн хэдэн ч сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн байж болох аж. Тухайлбал, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар тус бүр гурав, Дээд боловсролын хэлтсийн дарга таван сургуулийн Удирдах зөвлөлд багтдаг. Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа салбарынх нь сайд албаа хэр удаан хашихаас хамаарна. БСШУ-ы сайд шаардлагатай тохиолдолд буюу хүссэн үедээ Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг солих эрхтэй. Удирдах зөвлөлийн гишүүд тогтмол цалин авдаггүй, сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэж байгаа. Зөвхөн хуралд оролцсоныхоо төлөө бага хэмжээний мөнгөн урамшуулал авдаг гэсэн. Сургуулийн санхүүжилт, төсөв батлах, жилийн эцсийн тайлантай танилцах, төлбөр тогтоох л үүрэгтэй. Цалингүй, ахиж дэвших боломжгүй энэ албанд улстөрчид “дурлах” болсны шалтгаан нь сургалтын төлбөр байж мэднэ.
Учир нь сургуулиудад төлбөрөө нэмэх зайлшгүй шаардлага тулгардаг ч, засаг баригчид ард түмэнд таалагдахын тулд төлбөрийг “хазаарладаг”. Хазаарын үүргийг мэдээж Удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл гүйцэтгэнэ. Зөвлөлийн гишүүдийг улс төрөөс ангид байлгахын тулд хууль гаргах хэрэгтэй, эс бөгөөс тэд хэзээ ч сайн дураараар суудлаасаа буухгүй гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байна. Түүнчлэн олон нийт, оюутнуудын саналаар, аль эсвэл нийгэмдээ үнэлэгдэхүйц, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ажил олгогчийг томилдог болох хэрэгтэй гэж тэд үзэж байна. Бид МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, АШУИС, СУИС, Монгол, Германы Ашигт малтмал, технологийн их сургууль, “Ховд” их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдийг өмнөх хоёр цувралаараа танилцуулсан.
Тээврийн дээд сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэхээр өмнөх бүрэлдэхүүнийг нь хүчингүй болгосон ч одоогоор томилж амжаагүй байв. Иймээс энэ удаа Кино урлагийн дээд сургууль, “Дорнод” дээд сургууль, Хөгжим бүжгийн коллежийн Удирдах зөвлөлийн гишүүдийг танилцуулж байна. Кино урлагийн дээд сургуулийн 51 хувь нь төр, үлдсэн нь хувь хүний эзэмшилд байдаг. Иймээс төрийн өмчит компани шиг Төлөөлөн удирдах зөвлөлтэй бөгөөд бусад сургуулиас ялгаатай нь компанийн төлөөлөл, хөндлөнгийн хяналттай юм билээ.
“ДОРНОД” ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
I. Төрийн төлөөлөл
1. Б.Ургамалцэцэг Ерөнхий сайдын нийгмийн асуудал хариуцсан зөвлөх
2. Д.Эрдэнэчимэг БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
3. Ж.Оюунбаатар Хэнтий аймгийн Засаг дарга
4. П.Лхагвасүрэн Сургалтын төрийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч
5. Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Засаг дарга
6. Н.Алтанцэцэг Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
7. Б.Өлзий-Од Монголын оюутны холбооны Нийтийн тээврийн хэлтсийн дарга
II. Багшийн төлөөлөл
8. Б.Оюун-Эрдэнэ “Дорнод” дээд сургуулийн нийгмийн ажилтан (Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга)
9. Б.Доржпүрэв “Дорнод” дээд сургуулийн Түүх, философийн багш
10. Б.Энхбаяр “Дорнод” дээд сургуулийн сургалтын албаны дарга, орос хэлний багш
III. Оюутны төлөөлөл
11. Ж.Ууганцэцэг “Дорнод” дээд сургуулийн II курсийн оюутан
12. Р.Батзаяа “Дорнод” дээд сургуулийн Оюутны холбооны дарга

ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
I. Төрийн төлөөлөл
1. Л.Лувсанжамц БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын дарга
2. Д.Цэрэнсамбуу Улсын драмын эрдмийн театрын дарга
3. Ч.Даваасүрэн Улсын филармонийн дарга
4. Б.Гантулга БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга
5. Л.Отгонсүрэн БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн
6. Д.Гантөмөр БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч
7. Г.Цоггэрэл Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын захирал
II. Багшийн төлөөлөл
8. Г.Ганчимэг Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын мэргэжлийн багш
9. Ч.Чинбат Хөгжим бүжгийн коллежийн цөөхүүл хөгжмийн тэнхимийн багш, удирдаач
10. Б.Зоригт Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн багш
III. Оюутны төлөөлөл
11. Б.Батцэцэг Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийн IV курсийн оюутан
12. Б.Мөнхбаяр Хөгжим бүжгийн коллежийн оюутан морин хуур хөгжмийн ангийн I курсийн оюутан
IV. Төгсөгчийн төлөөлөл
13. Ч.Саранчимэг “Цүки хаус” компанийн Захирал

КУДС-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
I. Төрийн төлөөлөл
1. П.Эрхэмбулган БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга (Удирдах зөвлөлийн дарга)
2. Ж.Ганбаатар БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын мэргэжилтэн
3. Д.Тунгалагтуул Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн
II. Сургуулийн төлөөлөл
4. КУДС-ийн Сургалтын албаны дарга Г.Мөнхжаргал (Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга)
III. Компанийн төлөөлөл
5. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, “Эс Ти Эс” компанийн төлөөлөгч Б.Галаарид
6. ТВШ компанийн төлөөлөгч Ж.Бямбасүрэн
IV. Хөндлөнгийн хяналт
7. Т.Бат-Оргил “Реформ” клубийн Удирдах зөвлөлийн гишүүн
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
П.ЭРХЭМБУЛГАН: Нэг сургуулиас 100 мянган төгрөг авсан бол их юм
БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулганаас зарим зүйлийг тодрууллаа.
-Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг БСШУ-ы сайд томилдог. Та МУИС, ШУТИС, АШУҮИС, Монгол, Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, КУДС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга юм билээ. Саналаараа энэ сургуулиудын Удирдах зөвлөлд ордог уу, эсвэл сайд томилоод байдаг хэрэг үү?
-Сургуулийн Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг сайдын тушаалаар томилдог. Тэр нь заавал боловсролын салбарын хүн байх албагүй. Тухайн сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой хүмүүсийг томилдог. Жишээ нь, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлд ШӨХТГ-ын даргыг сайдын тушаалаар томилсон байдаг. Энэ нь сургалтын төлбөрийг тодорхой шатлалтай нэмэх шаардлага гарахад ШӨХТГ-аас зохицуулалт хийж, шийдвэрлэх зорилготой. Дээд боловсролын хэлтсийн дарга тодорхой түвшинд шийдвэр гаргах эрхтэй учраас БСШУ-ы сайд намайг эдгээр сургуулийн Удирдах зөвлөлд оруулсан.
-Сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүд ихэвчлэн боловсролын салбараас ангид хүмүүс байх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Боловсролын салбарын бус хүмүүс гэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороонд ажилладаг хүмүүс байгаа. Бусад нь аль нэг яамны Төрийн нарийн бичгийн болон нэгжийн дарга нар.
-Удирдах зөвлөлд яагаад заавал дарга нар байдаг юм бэ. Ажлаа мэддэг, боловсрол хариуцсан мэргэжилтэн нь байж болдоггүй юм уу?
-Төр төлөөлж байгаа учраас хариуцлага хүлээх, шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн байх ёстой. Мэргэжилтэн байхаар ямар нэг асуудал хэлэлцэхэд “Дарга нартайгаа зөвлөлдье” гэх байдлаар шийдвэр гарахгүй цаг алддаг. Иймээс тухайн асуудал хариуцсан, шийдвэр гаргах түвшний хариуцлага хүлээсэн хүмүүсийг Удирдах зөвлөлд оруулах бодлого баримталдаг.
-Зөвлөлийн гишүүд хуралд оролцсоноор мөнгөн урамшуулал авдаг гэсэн. Та энэ олон сургуулийн Удирдах зөвлөлд байсныхаа төлөө жилд хэдэн төгрөг авдаг вэ?
-Сайн мэдэхгүй байна. Үнэндээ, би тооцож үзээгүй. Нэг сургуулиас 100 мянган төгрөг авсан бол их юм. Нэг сургууль жилд хамгийн багадаа хоёр удаа хуралдана. Сүүлийн жилүүдэд сургуулиуд харьцангуй олон удаа хуралддаг болсон. Миний гишүүнээр нь ажилладаг сургуулиудын Удирдах зөвлөл жилдээ таваас доошгүй удаа буюу хоёр сард нэг удаа хуралддаг.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ