Хүүхэд бол цэцэг. Гэвч хиргүй тунгалаг, дэлбээгээ дэлгэн, хорвоо ертөнцийг танин мэдэхээр тэмүүлж буй тэднийг гомдоогсод дэндүү олширч. Алган дээрээ бөмбөрүүлэх үүрэгтэй аав нь алаг үрийнхээ аминд хүрч, хамгийн ойрын хүмүүсийнх нь хийсэн гэм тэдний уйлах шалтгаан болсоор байна. Хүүхдийг бие болон сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, үл тоох, зодох, хүчирхийлэх нь тэдний эрхийг зөрчиж буй хэлбэр. Харин манай улсад энэ талаарх иргэдийн ойлголт тааруу. Нөгөө талаар “Таван салаа боов амсахгүйгээр хүмүүжихгүй” гэх “уламжлал” нь хүүхдийн эрх зөрчигдөхөд нөлөөлдөг. Үнэндээ, хүссэн зүйлээ хийж, хайр халамжид бөмбөрч өссөн хүүхэд хараа хяналттай, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг бодвол биеэ даах, хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх чадвартай байдгийг олон судалгаа нотолдог аж. Хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байгаагийн бас нэг шалтгаан нь хууль хяналтын байгууллагынхны хандлага. Учир нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг “Задгай хувцасласан, гэмт хэрэгтнийг өдөөн хатгаж, хэрэг үйлдэх сэдэл төрүүлсэн” гэдэг нь тэднийг хуулийн байгууллагад хандах зориггүй болгодог.
Мөн ихэнх тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчийн ойр тойрныхон нь байдгаас хүүхэд “Гомдолгүй, худлаа мэдүүлэг өгсөн” гэх мэтээр мэдүүлгээсээ буцдаг аж. Өнгөрсөн онд л гэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 18 хүүхэд гэмт хэрэгт өртжээ. Иймээс хүүхэдтэй ажилладаг хуулийн байгууллагын ажилтны хандлагыг өөрчилж, тэднийг мэдрэмжтэй болгох зорилгоор шүүгч, прокурор, тахар, өмгөөлөгч, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг 30 хүнд “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах НҮБ-ын стандарт” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байгаа билээ. Хэдхэн хоногийн дараа хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг Хүүхдийн баяр болох гэж байна. Энэ өдрийг хүүхдүүд хуруу даран хүлээдэг. Угтаа бол баяр гэхээсээ илүү Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал 1924 онд Женевт батлагдсан цагаас хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болсон түүхтэй. Манай улс эл өдрийг 1952 оноос тэмдэглэж иржээ. Гэвч жилийн 365 хоногийн ганцхан өдөр л хүүхдийн эрх, тэднийг хамгаалах тухай дурдаад өнгөрнө гэдэг өрөөсгөл.
Тэдний эрх хором тутамд, бүр эхийнхээ хэвлийд байхаасаа л зөрчигдөж байна. Сүүлийн хэдэн жилд манай улсад хүүхдээ хүчирхийлсэн гэмт хэрэг аюулын харанга дэлдэж эхэлсэн. Манай улс Хүүхдийн эрхийн конвенцод 1990 онд тав дахь орон болон нэгдсэнээс хойш зургаан жилийн дараа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль баталжээ. Мөн Монгол Улсын хэмжээнд 300 гаруй хуульд хүүхдийн эрхийн холбогдолтой нийт 350 орчим заалт бий ч хэрэгжүүлж буй нь тун ховор. Хүүхэд бүр эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, суурь боловсрол үнэ төлбөргүй хүртэх, эрүүл цэвэр орчинд амьдрах, тэжээллэг хоол хүнсээр хангагдах, амрах, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх эрхтэй гэж хуулиараа зохицуулсан байдаг. Гэвч эдгээр эрхийг тэд бүрэн дүүрэн эдэлж чадаж байна уу, үүнд томчууд бид хэр анхаарч байна вэ. Түр бодоод үзье. Хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль манай улсад хангалттай бий бил үү. Өдөрт гурван ээлжээр хичээллэж, нэг ширээн дээр 3-4- үүлээ чихцэлдэн сууж байгаа нь тэднийг сурах эрхээр хангаж чадаж буй хэрэг үү.
Эмнэлгийн ор хүрэлцэхгүйгээс шалан дээр хэдэн арваараа хэвтэж, өвлийн хүйтэнд хурдан морь унан, баячуудын зугаа болж, машин угааж, тэрэг түрээд хүнд хөдөлмөр эрхэлж байгааг юу гэж ойлгох вэ. Агаар, ус, хөрс гэж авах юмгүй орчинд амьдарч, эрүүл тэжээллэг хоол хүнсээр хангагдах нь бүү хэл ходоод хоосон хүүхдүүд гудамжинд гуйлга гуйгаад сууж байна. Тэдний тоглох талбайгаас бид өдөр бүр хумсалж, аав ээжтэйгээ хамт байх цагаас нь хулгайлдаг. Ийм байж хүүхдийн төлөө “За” гээд хоёр гараа өргөөд бүх зүйлийг нь гэрэл гэгээтэй болгочихсон мэт сууж буйгаасаа ичих цаг иржээ. Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн, төрсөн ээждээ хаягдсан, хамгийн хайртай хүмүүсээсээ хамгийн гүн шарх амсаж энэ хорвоог орхисон бяцхан зүрхнүүдээсээ уучлал гуйя. Адаглаад хүүхдийг хүчирхийлэгчдийг дуугүй өнгөрөхөө больцгооё. “Хал нь гаднаа хайр нь дотроо” гэсэн хуучинсаг үзлээ орхиж, хүүхдээ зодохоо больё. Тэд биднээс ч ухаантай , жижигхэн “том хүн” гэдгийг марталгүй санаж, тэдний үзэл бодлыг сонсож, хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэе. Хүүхэд хүчирхийлэлд автсан ч өөрөө гомдол гаргаж чадахгүйгээсээ болж хохирох явдал их байдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл эцэг эх бид хүүхдэдээ юу тохиолдож буйг ажиглаж, анхаарч, хамгаалахгүй бол тэд биднээс улам бүр холдсоор ирээдүйд гэмт хэрэгтэн болж хувирах магадлалтайг сэтгэлзүйчид анхааруулж байна.
Монголд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага бий ч мөнгө “идэхээс” өөрөөр ажил хийхгүй байгаа нь нууц биш. Ганц жишээ хэлэхэд Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний газар 90 жил болохдоо хүүхдийн төлөө ямар ажил хийсэн бэ. Энэ асуултад тус байгууллагынхан хариулахаас татгалзсан нь тэдний үйл ажиллагаа улам л хаалттай болсоор байгааг харуулж байна. “Бид хэвлэлийнхэнд бэлтгэсэн материалаа л өгдөг. Мэдээлэл өгөх алба ч байхгүй” хэмээн хээв нэг хэлээд сууж буй нь харамсалтай. Гэр бүл, сургууль, цэцэрлэг, асран хамгаалах төв гээд бүхий л орчинд тэднийг хамгаалахын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг бид олон жишээнээс харж, мэдэрч байгаа билээ.
Хэд хоногийн өмнө хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Тэр үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Дэлхий нийтэд хүний эрх, ялангуяа хүүхэд хамгаалах асуудал чухлаар тавигдаж байгаа. Өнгөрсөн онд Хүүхдийн эрхийн конвенцын нэмэлт протоколд би гарын үсэг зурж, 42 дахь орноор элссэн. Энэ конвенцын заалтуудыг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд үүрэг хүлээнэ. Өмнө нь хариуцлагын механизм байгаагүй. Одоо манай улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, конвенцын зүйл заалтуудыг нэг бүрчлэн биелүүлэх хариуцлага хүлээж байгаа. Тиймээс Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нарийн зохицуулалт хийх хэрэгтэй байна. Хамтран амьдрах хэлбэрээс болж, хойт эцэг, эх хүүхдэд харгис хандах нь байдаг л зүйл болох янзтай. Ийм эцэг эхэд хатуухан хариуцлага тооцох хэрэгтэй” гэсэн юм. Энэ мэтээр дор бүрнээ бид нандин бэлэг болсон үр хүүхдээ хүчирхийлэлд өртүүлэхгүй, гэмт хэргийн золиос болгохгүй, эрхийг нь дээдлэн, үүргийг нь хүлээлгэх томоохон хариуцлагын өмнө тулж ирлээ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Хүүхдийн эрх нийгмийн бүхий л салбарт зөрчигддөг
ХЭҮК-ын референт Б.Болорсайханаас хүүхдийн эрхийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Манайд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин хэр байна вэ?
-Хүүхэд хамгаалах талаар нарийвчилсан зохицуулалтгүй улстай харьцуулахад манайх хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэгт анхаарсан хууль тогтоомжтой. Харин хуулиа хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байгаагаас хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. Шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалах үйлчилгээг хэн, яаж хүргэх, түүнд зарцуулах төсвийг хэрхэн хуваарилах талаар зохицуулж, журамлаагүй.
-Хүүхдийн эрх ямар хэлбэрээр, хаана ихэвчлэн зөрчигддөг вэ?
-Хүүхдийн эрх нийгмийн бүхий л салбарт харилцан адилгүй түвшинд янз бүрээр зөрчигдөж байна. Гэр бүлийн орчинд хүүхдийг хүчирхийлэх, хэрцгий харилцах, дорд үзэх, үл хайхрах зэргээр илэрдэг бол гудамж, олон нийтийн газар ялгаварлан гадуурхах, заналхийлэх, гэмтээх, сургуулийн орчинд дарамтлах, дээрэлхэх эсвэл эдгээр үйлдэл хавсрах шинжтэй байдаг.
-Тэдний эрхийг хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?
-Нэн тэргүүнд хүүхдийг насанд хүрэгчидтэй адилхан бодьгал гэдгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх ёстой. Нөгөө талаар таны бүтээсэн амьдралыг үргэлжлүүлэх, эсвэл нураах боломжтой өсч яваа бие махбод, оюун санааны цогц гэдгийг ухаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид хэрхэн харилцаж, ямар туршлага хуримтлуулж өгнө, түүнийхээ үр дүнг хүүхдээсээ харна.
-Гаднын жишиг ямар байдаг бол. Манайд хүүхдийн эрх ихэвчлэн гэр бүлийн орчинд зөрчигдөх хандлагатай байдаг.
-Шведэд гэхэд дан ганц сургуулийн орчинд бус, гэр бүл, олон нийтийн газар, бүр хууль хэрэгжүүлдэг төрийн байгууллагад хүртэл хүүхдийг зодож шийтгэхгүй байх үүргийг хуулиар иргэдэд ногдуулдаг. Зарим хүний хувьд “Таван салаа боов” хүртээснээр хүүхдэд муу зүйл байхгүй” гэж ярьдаг. Гэтэл судлаачид хүүхдийг зодож шийтгэх, хүчирхийлэх нь сэтгэцэд нь нөлөөлж, бусдаас хамааралтай, бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй хүн болох хөрс бүрдүүлдэгийг нотолсон. Аажмаар бусдыг үл тоосон, эсэргүүцсэн, үл хүндэтгэсэн нэгэн болон хувирдаг.
Э.ЭРДЭНЭ, Ч.БОЛОР
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Монголд хүүхдийн эрх яагаад зөрчигдөж байна вэ?
Хан-Уул дүүргийн XV хорооны иргэн Ц.Төмөрбаатар
-Хүүхдээ хазаж, заазуурдсан, амийг нь хороосон хэрэг дуулдах юм. Намайг бага, залууд хүний, өөрийн хүүхдийг зодож нүдсэн, хөнөөсөн хэрэг огт сонсогдож байгаагүй. Би хүүхэд байхдаа настай хүнээс айж эмээдэг л байсан. Одоогийн хүүхдүүд тэгж айхаа больсон юм шиг санагддаг. Зарим хүүхэд үг авдаггүй. Мөн манайхан хүүхдээ асарч, хамгаалахдаа муу байна. Хүнээс мөнгө төгрөг, идэх юм гуйсан тэнэмэл хүүхэдтэй их таардаг.
Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн Б.Амаржаргал
-Манайх гэр хороололд байдаг. Амьдарч буй орчноо ажиглаад байхад ядуу тарчиг амьдрал, эцэг, эх нь архи уудгаас болоод хүүхдийн эрх зөрчигдөж байна. Өвөл нэг орой 23.00 цагийн үед хашаандаа үнсээ асгаж байтал хоёрдугаар ангийн охин, гурван настай эрэгтэй дүүтэйгээ манай хашааны гадаа зогсож байсан. Гэртээ оруулж дулаацуулангаа ажигласан чинь эгч нь манай хүүтэй насаар чацуу юм билээ. Тэгсэн мөртлөө туранхай, тэжээлийн дутагдалтай харагдсан. Тэр хоёрыг төөрчихөөд гадаа явж байна гэж бодсон чинь аав, ээж нь архи уугаад хоорондоо зодолдоод байхаар нь гэрээсээ гараад ирсэн юм билээ. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн чинь аав нь ээжийнх нь үснээс зулгаачихсан зогсож байсан. Би тухайн үед цагдаа дуудсан. Цагдаа нар нөхрийг нь хэлтэс рүүгээ аваад явсан ч тэр хүн маргааш нь бас л согтуу явж байна лээ. Сүүлд эхнэр, хүүхдийг нь Хүүхэд хамгаалах байранд аваачсан ч сар болсон уу, үгүй юү буцаад гэртээ ирсэн. Ер нь баг, хорооны хүүхдийн байцаагч нар гэр хорооллын хүүхдүүдэд түлхүү анхаарах хэрэгтэй.
Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн Ц.Соёлмаа
-Манай байрны урд талын замыг 2007 онд хаасан ч хажуу талд нь шинэ байр ашиглалтад орсны дараа буцаагаад нээсэн. Үүнээс болоод манай байрныхан хүүхдээ гадаа тоглуулж чадахгүй байна. Саяхан тэр зам дээр манай хүүгийн ангийн хүүхэд машинд мөргүүлсэн. Нийслэлийн Авто замын газарт энэ замыг хаагаач гэж хүсэлт тавихаар төв замын түгжрэлийг бууруулахын тулд орон сууцны дундах замаар машин зорчуулахаас өөр аргагүй гэдэг. Ядаж хурд сааруулагчтай болгоосой.
Нийслэлийн 24 дүгээр сургуулийн хүний нөөцийн ажилтан Б.Оюунсүрэн
-Хүүхдийг зөвхөн хоол, хувцастай, боловсрол эзэмшиж буйгаар нь эрхээ бүрэн эдэлж байна гэж ойлгож болохгүй. Хүүхэд цэвэр агаар амьсгалж, эрүүл хөрсөн дээр бойжих эрхтэй. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал монгол хүүхдүүд эрхээ эдэлж чадахгүй байна. Нэг жишээ хэлэхэд нийслэлийн зарим дунд сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Ном, сурах бичиг, ширээ, сандал, дүрэмт хувцас сурагч бүрт хүрэлцэхгүй байна шүү дээ.
Нийслэлийн 24 дүгээр сургуулийн Нийгмийн ажилтан М.Жаргалсайхан
-Манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэнээс хойш дөрвөн жил тутамд тайлангаа явуулдаг болсон. Уг тайлангийн хариуд “Танай оронд хүүхдийн эрх их хэмжээгээр зөрчигдөж байна” гэсэн анхааруулгатай зөвлөмж авдаг. Зарим эцэг, эх хүүхэдтэйгээ дотно харьцдаггүй, тоодоггүйгээс болоод тэд PC тоглоомд донтох зэрэг буруу зүйл рүү их татагддаг. Үүнээс гадна гэр бүлийн таагүй уур амьсгалаас болоод хүүхэд их хохирдог. Гэрт нь хэрүүл, маргаантай байгаа хүүхдүүд хичээлээ хийх, гэртээ харих сонирхолгүй болдог. Тэгээд аажмаар сургуулиас завсардаж эхэлдэг. Мөн гэр бүл салах, байнга маргалддагаас болж гудамжинд гарсан, амьдрахын эрхэнд хулгай хийдэг хүүхэд нэлээд байна. Ах, эгчийнхээ хүүхдийг өргөж авч, өсгөчихөөд хөрөнгө мөнгөний асуудал, гэр бүлийн уур амьсгалаас болж гудамжинд хөөж гаргасан, тухайн хүүхэд сургуулиас завсардсан тохиолдол ч бий.
Т.ДЭН
Харилцуурын цаанаас ХАЛАМЖЛАГЧ
Эх нь голох вий гэхдээ шувууны өндгөнд сүүдрээ тусгахаас ч цэрвэдэг монгол уламжлал бий. Гэтэл өнөөгийн зарим аав, ээж үр хүүхэд нь нийгмийн хар бараан сүүдэрт хучигдан, бяцхан зүрхэндээ зовж шаналж байгааг ч мэддэггүй аж. Аав, ээждээ хэлэхээс айдаг, сайн найзтайгаа хуваалцахаас ичиж эмээдэг зовлонгоо хүүхдүүд ялангуяа охид “Хүүхдийн тусламжийн утас-108”-д аминчилж шивнэдэг юм билээ. “Байна уу эгч ээ. Миний найз бэлгийн хүчирхийлэлд өртсөн юм аа. (Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид ихэнхдээ болсон зүйлийг бусдад тохиолдсон юм шиг ярьдаг аж) Аав, ээждээ хэлбэл алуулах байх. Тэр сэтгэл санаагаар их унасан. Одоо тэр яах ёстойгоо мэдэхгүй байгаа. Та нууц хадгалж чадах уу. Өөр хүнд хэлэхгүй гэж амла. Үнэндээ би бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Гэрийнхэндээ хэлбэл намайг хөөх биз. Би яах ёстойгоо мэдэхгүй байна”. 108 дугаар руу залгасан дуудлага бүрт ийм яриа өрнөдөггүй ч гэлээ холбогдож буй хүүхдүүдийн цөөнгүй хувь нь тохиолдлын болон ураг төрлийн, үе тэнгийнхний дарамтад, хүчирхийлэлд өртсөн охид байв.
Тэд ихэнхдээ энэ явдлыг нуугаад өнгөрдөг. Үүнээс болж хохирогчийн зан авир, амьдралын чиг хандлага өөрчлөгддөг бол гэмт хэрэг хийсэн этгээд бусармаг үйлдлээ дахин давтах зэрэг сөрөг үр дагавартай. Харин өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нд буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхдийн утас ажиллуулж эхэлснээр хүүхдүүд тэндхийн ажилтнуудтай холбогдож эхэлсэн. Ингэснээр 108-ынхан зарим хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж, гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэл ногдуулсан байна. Нэг жишээ дурдахад, нийслэлийн захын дүүрэгт амьдардаг 12 настай охин тус утсанд ханджээ. Тэрбээр бүлэг хүнд хүчирхийлүүлснээ яриад энэ явдлыг нуугаад өнгөрөх бодолтой байгаагаа ахлах сэтгэл зүйчид хэлсэн гэнэ. Сэтгэл зүйч түүнд цаашдаа тохиолдож болох эрсдэлийн талаар, тэр охиныг гомдоосон хүмүүс бусад охинд ч муухай зүйл хийж магадгүйг хэлээд түүнийг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахыг ятгасан байна. Охин сэтгэл зүйчийн үгэнд орсон ч ээждээ энэ тухайгаа хэлэхээс эмээж, ээжид нь хэлж өгөхийг түүнээс гуйжээ.
Сэтгэл зүйч өөрийн харж байгаагүй, зөвхөн харилцуурын цаанаас ярилцсан охины ээжид охинд нь юу тохиолдсон талаар утсаар хэлжээ. Ихэнхдээ ийм тохиолдолд эцэг, эхчүүд хэн нэгэн тоглож байна, худлаа ярьж байна гээд хүлээж авдаггүй гэнэ. Мөн зарим нь болсон зүйлийг сонсоод хав дараад өнгөрөхөөр шийддэг аж. Харин дээрх охины ээж үрд нь юу тохиолдсоныг танихгүй хүнээс сонсоод эхэндээ итгэсэнгүй. Охин нь зовж, шаналж байгааг анзаараагүй байжээ. Тэгээд хорооныхоо Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, буруутай этгээдүүдийг шалгуулахаар болсон аж. “Хүүхдийн тусламжийн утас-108” 24 цагаар хүүхдүүдэд болон эцэг, эхчүүдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, тусламж үзүүлдэг бөгөөд 15 зөвлөгч-нийгмийн ажилтан, таван сэтгэл зүйчтэй. Тус утсыг ажиллуулж эхэлснээс хойш нийт 160 мянган дуудлага хүлээн авчээ. Өдөрт дунджаар 350-400 дуудлага авч, нэг өдөр 1200 орчим хүнтэй холбогдож байжээ. “Хүүхдийн тусламжийн утас-108”-ыг Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд ажиллуулдаг юм билээ.
Өчигдөр тэнд очиход ахлах сэтгэл зүйч Ц.Цолмон, ахлах нийгмийн ажилтан Т.Мөнхсайхан, сэтгэл зүйч Б.Бадамсүрэн, зөвлөгч-нийгмийн ажилтан Л.Дарханцэцэг, Г.Батчимэг нар ээлжтэй байлаа. Утсанд ирсэн дуудлагыг зөвлөгч-нийгмийн ажилтнууд эхэлж аван, ярилцаж байх үедээ тусгай программ дээр холбогдсон хүүхдийн эрсдэлийг үнэлдэг аж. Тэд энгийн зөвлөгөө мэдээллийг өөрсдөө өгдөг. Нэн даруй хамгаалах шаардлагатай (амиа хорлох эрсдэлтэй, гэрээсээ дайжсан, сургуулиас завсардсан, аюулд орсон зэрэг) болон эрх нь зөрчигдсөн хүүхдийн дуудлагыг нийгмийн ахлах ажилтан хяналтад авч шийдвэрлэдэг аж. 108-ынхан Улаанбаатар хот болон 21 аймгийн Онцгой байдлын, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтарч ажилладаг. Дуудлага өгсөн даруйд шаардлагатай байгууллагатай холбогдож шуурхай арга хэмжээ авч өгөх хүсэлт гаргадаг.
Сүүлийн үед 108 дугаарын утсанд ирж буй зорилтот дуудлага нэмэгдэж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай хүүхдүүдийн хөрш, хамаатнууд холбогдох нь ихэсчээ. Үүнээс гадна гэртээ ганцаараа үлдсэн балчир хүүхдүүд, аав, ээж нь тоодоггүй, хайхрах хүнгүй, PC тоглоомд донтсон, муу зуршилд татагдсан, насанд хүрээгүйчүүдийн хорих ангиас гээд олон хүүхэд зөвлөгөө тусламж авахаар холбогддог юм байна. Сэтгэл эмзэглүүлсэн нэг зүйл нь 12-16 насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөж, жирэмсэн болсон тохиолдол хэд хэд байгааг тусламжийн утасны сэтгэл зүйч хэлж байв. Гэлээ ч 108-ынхан тэднийг ойлгож, халуун дотно яриа өрнүүлж, гуйж, аргадаж, зоригжуулж, шаардлагатай тохиолдолд зэмлэх үе ч байдаг гэнэ.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ
Канадад багачуудын айх эрхийг ч хамгаалдаг
Хүүхдэд үндсэн болон хамгаалуулах, боловсрол эзэмших эрх байх ёстой талаар Английн хуульч Уилльям Блэкстоун 1765 онд ярьснаар анх хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн байдаг. Ердөө эрүүл аюулгүй байдал, боловсрол төдийхнөөр яригдаж эхэлсэн хүүхдийн эрх өдгөө үзэл бодлоо илэрхийлэх, айх, сонголт хийх хэмээн өргөжөөд буй. Канадын хуулинд хүүхдийн эрхийг үндсэн, хамгаалуулах, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох гэсэн гурван үндсэн төрөлд хуваадаг гэнэ. Үндсэн эрхэнд эрүүл аюулгүй өсөж торних нөхцөл бололцоогоор хангуулах, боловсрол эзэмших, тоглох, чийрэгжих гэх мэт эрхүүдийг тусгайлан зааж өгсөн байдаг. Тэр ч байтугай эрүүл зөв хоолны дэглэм баримтлах, дулаан оронд унтах, сургууль руугаа хүргүүлэх гэх мэт эрхүүдийг ч багтаасан байдаг аж. Номын санд суухаас эхлээд сургалт дамжаа олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хамрагдах нь ч хүүхдийн эрх тул эцэг эхчүүд хоол хийж, гэр цэвэрлүүлэхийн оронд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нөхцөл боломжоор хангаж, эрхийг нь эдлүүлэх үүрэгтэй хэмээн эрх баригчид нь хуульчилжээ
Тэр ч байтугай Нэгдсэн Улсад хүүхдийг өөрийгөө буруутгахад хүргэхүйц нөхцөл байдалд оруулахыг ч эрхийг нь зөрчиж буй нэг хэлбэр гэж үздэг. Www.humanium.org цахим хуудас 2015 онд “Хүүхдийн эрхийн индексийн хэрэгжилт” хэмээх судалгаа хийж, үр дүнг нь дэлхийн газрын зурагт буулгажээ. Судалгааг тухайн улс орон дахь тав хүртэлх насны хүүхдийн үхэл, төрөлт, боловсрол, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, насанд хүрээгүй хүүхдийг гэрлүүлэх байдал, экологийн нөхцөл, иргэдийнх нь амьдралдаа сэтгэл ханамжтай байгаа эсэх, дайн хүчирхийллийн нөхцөл зэргийг харгалзан үзэж дүгнэлт хийсэн байна.
О.УНДАРМАА