ТЭД
Байгалийн баялгаараа баяжсан орнуудын жишээг өнгөлөгч Саудын Арабт ч бас улстөрчдийнх нь толгой өвддөг аж. “Цаашид яаж хөгжих вэ” гэсэн асуулт тэднийг ид зовоож байна. Манай гаригийн хамгийн баян тансаг иргэдийн ажил амьдралыг бодлогоор хөтөлж явна гэдэг нь манайхны нүдээр бол дийлдэшгүй ачаа байж таарна. Хэд хоногийн өмнө Францын нийслэл Парист Уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр зохион байгуулсан олон улсын хуралд оролцохдоо газрын тосны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Саудын Араб улсын Газрын тосны яамны сайд Али Наими “Газрын тос, нүүрс, байгалийн хий зэрэг шатах ашигт малтмал алсдаа хэрэгцээгүй зүйл болно гэдгийг манай улс тодорхой мэдэж байгаа бөгөөд тэр үе 2040-2050 онд ирэх болов уу” хэмээжээ. Британийн өдөр тутмын “Файнаншл таймс” сонин Наими сайдын энэ мэдэгдлийн талаар “Газрын тосны орон Саудын Араб хүртэл баялгийнхаа алс хэтийг ийнхүү дүгнэж буй нь онцгой хэрэг” гэж мэдээлжээ. Үүнээс үүдэн Саудын Араб газрын тосны олборлолтоо үе шаттайгаар багасгах болов уу гэсэн таамгийг олон улсын шинжээчид гаргасан байна.
Али Наими сайд түүнчлэн “Саудын Араб нарны болон салхины эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болох төлөвлөгөөтэй. Бид ирээд үйд шатах ашигт малтмалын оронд цахилгаан эрчим хүч экспортлогч орон болно” гэсэн нь олны анхаарлыг татжээ. Зөвхөн Саудын Араб бус, улсынх нь төсөв газрын тосны экспортоос бүрддэг Булангийн орнууд хэдэн жилийн өмнөөс цөмийн болон нарны зэрэг эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах бодлогыг эрчимжүүлж байгаа билээ. Тэдгээр орон цөлийн бүсэд оршдог, хоногт нар ээх хугацаа урт зэрэг нь нарны эрчим хүч үйлдвэрлэхэд тохиромжтой шийдэл юм. Наими сайд мөн энэ өдрийн хурал дээр “Нарны эрчим хүчийг шатах түлштэй жишвэл эдийн засгийн хувьд харьцангуй хямд төсөр бөгөөд шатах түлшний ханш унасан ч нарны эрчим хүчний үнэ цэнэ буурах тухай бодол төрж байсан удаагүй” хэмээжээ. Саудын Араб улс хоногт олборлож буй 10 орчим сая баррель нефтийнхээ дөрөвний нэгийг дотооддоо зарцуулдаг бөгөөд энэ хэрэглээ нь аажмаар өсөн нэмэгдсээр байгаа аж.
Олон улсын банк санхүүгийн хөрөнгө оруулагч “Сити групп”-ийн тайлангаас үзвэл, Саудын Араб өнөөгийн хэв маягаар цааш хөгжвөл 2030 он гэхэд газрын тосоо гадаадаас импортлохоос өөр аргагүйд хүрнэ. Тиймээс шатах ашигт малтмалыг нөхөх байгалийн эх үүсвэр олох явдал Саудын Арабын нэн тулгамдсан асуудал, хөгжлийн эмзэг цэг болоод байна.
БИД
Саудын Арабын сайдын мэдэгдлийг дэлхийд нүүрлэсэн бодит байдал гэж шууд ойлгож болохоор санагдана. Улс орнууд “Цаашид яаж хөгжих вэ” гэсэн бодлого бодож байхад Монголын улс төрд өнөө л “Би юү, чи юү” гэсэн жижиг эрх ашиг мөлхсөөр байна. Ингэхэд Монгол Улсын ирээдүйд дэлхийн чиг хандлага хамаатай юм болов уу. Аль эсвэл бид 20- 30 жилийн дараа өнөөдөр бодоогүй, хийгээгүй зүйлийнхээ төлөөсийг үүрэх үү. Эрчим хүчний хувьд Монгол Улс 2020 онд нийт хэрэглээнийхээ 20 хувийг, 2030 онд 30 хувийг буюу нар, салхи, усны эх үүсвэрээс хангах зорилт тавьсан тухай мэдээлэл бий. Хачирхалтай статистик. Монгол Улсын газрын тосны баталгаат нөөц одоогийн байдлаар 300 гаруй сая тонн бөгөөд олборлолт сүүлийн таван жилд арав дахин нэмэгдэж, 2014 оноос дотоодын хэрэгцээгээ хангахуйц хэмжээнд хүрэв. Монгол Улс шатахууны бие даасан байдлаа хангахад өдөрт 50 мянган баррель үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байхад л болно гэсэн тооцоог Америкийн мэргэжилтнүүд хийсэн байдаг. Одоо манай улс нэг улиралд хоёр сая баррель газрын тос олборлож байгаа нь дажгүй үзүүлэлт. Хэдийгээр энэ нь монголчуудын одоо хэрэглэж байгаа шатахууны хэмжээнээс хоёр дахин их тоо боловч илэрсэн нөөцтэй харьцуулбал маш өчүүхэн үзүүлэлт юм.
Тиймээс Монгол Улс газрын тос импортлогч бус, экспортлогч орон байх бүрэн боломжтой. Гэтэл бид газрын тос, нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь гадаадаас худалдан авсан хэвээр бөгөөд 2030 оноос энэ импортыг тэглэх алгуур төлөвлөгөөтэй сууж байна. 2015 оны эхний улирлын байдлаар манайхаас гадагшилж буй гурван ам.доллар тутмын нэг нь нефть, химийн бүтээгдэхүүн, шатахуун худалдан авахад зарцуулагдаж байна гэсэн тооцоог үндэсний статистикчид гаргалаа. Жил тутам өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ бодвол бид ойрын 15 жилд үүнээс хэд дахин ихийг гадагш урсгах нь тодорхой. Монгол Улс зөвхөн өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын шатахуун хэрэглэсэн бөгөөд энэ хэмжээний мөнгөөр нефть боловсруулах хоёр ч үйлдвэр дотооддоо барьчих боломжтой байв. Монгол Улс алт, зэс, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд эхний 15-д бичигддэг. Баталгаатай зэрэглэлээр тогтоосон газрын тосны нөөцийн хэмжээгээр 33 дугаарт жагсах болсон. Эрдэс баялаг, ашигт малтмалын сацуу мал аж ахуй, газар тариалан гээд эрчимтэй хөгжилд нэмэр үзүүлэх эдийн засгийн уламжлалт салбарууд ч бий.
Одоо бид нүүрсээ яаж ухах ухаанаа ч олохгүй ухнатаж хэвтэнэ. Дэлхий ертөнц хөрсөн дорх баялгаас ангижирч, нар, салхи, ус ашиглах дэвшилт технологийн эрин рүү шилжлээ. Монгол орон өнгөрсөн зууны бэрхшээлээсээ ч салах чадваргүй, эрчим хүч, шатахууны хомсдолтой, хөгжлөөс хол хоцорсоор байна. Цаг алдвал хэчнээн их газрын тос байгаад нэмэргүй болох болгоомжлолыг арабчууд харжээ. Газрын тосны нөөц болон олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Саудын Араб аль хэдийн 20-30 жилийн дараах эдийн засгаа бодож, нөөцөө бэлдэж байхад Монгол юу бодож, хэний ирээдүйг бэлдэж байна вэ? Монголчууд чинээлэг амьдралыг Арабын баячуудынхтай зүйрлэдэг. Үүнд атаархаж хорссон өнгө аяс гэхээсээ бидний хувьд хэзээ ч биелшгүй үлгэр гэх хийсвэрлэл цухалздаг юм.
Оюутолгойн гэрээг байгуулахын өмнөхөн буюу 2009 онд эрх баригч намын дарга С.Баяр Монголоо Өмнөд Солонгос шиг үсрэнгүй хөгжүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байлаа. Монгол орны хөгжлийн байдал одоогийнх шиг буурай байж болохгүй гэсэн санаа нь хүмүүст тун ч таалагдсан. Түүний дараах Ерөнхий сайд С.Батболдын илтгэлүүдэд Монголын хөгжилд Сингапурын замналаас сурах, шууд хуулбарлах зүйл их байгааг дурдсан нь олонтаа. Ийнхүү Монголын улстөрчдөд эх орноо Солонгос шиг, Сингапур шиг өндөр хөгжилтэй болгохыг хүсэмжилдэг ядаж романтизм байсан нь саяхных. Одоо бол бүр романтизм нь ч алга. Өдгөө Оюутолгой, Тавантолгойн хөрсөн дээр Монголын удирдагчдын хэн нь ч эх орныхоо ирээдүйн хөгжлийг Саудын Арабтай зүйрлэж зүрхлэхгүй байгаа нь урагшгүй ноёдын маань доройтол. Монгол оронд Саудын Араб шиг хөгжих боломж байдгийг тэд бүгд мэддэг атлаа үүний төлөө хөдлөх лидер нь ч алга.
Б.ЭНХЦЭЦЭГ