Өмнөговийн хүүхдүүд үнэхээр азтай. Идэж, ууж байгаа хоол хүнснээсээ шаардлагатай амин дэм авч чадахгүй болсны уршгаар томчууд гэлтгүй хүүхдийн яс хүртэл сийрэгжих болсон энэ цаг үед өдөр бүр сүү, тараг үнэгүй хэрэглэж байгаа учраас тэр. 2013 оны долдугаар сарын 15-наас хэрэгжсэн “Сүү, тараг” хөтөлбөрийн ачаар тэндхийн зургаан сартайгаас нэг ой хүртэлх бүх хүүхэд өдөр бүр 250 грамм сүү, эсвэл тараг уудаг. Мөн аймгийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу ихэр болон жин багатай багачуудад хоёр нас хүртэл нь, насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 16 хүртэл нь сүү, тараг үнэгүй өгдөг. Өнгөрсөн хоёр жилд энэхүү хөтөлбөрт орон нутгийн төсвөөс 200 сая төгрөг зарцуулсан бол энэ онд арай олон хүүхэд мэндэлсэн учраас мөнгөний хэмжээг 120 сая болгож нэмсэн гэдгээ аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъянхорол хэлсэн.
ҮНЭГҮЙ ЮМЫГ ГУЙЛГАЖ АВДАГ ХҮМҮҮС БАС БАЙХ
Даланзадгадын хүүхэд багачуудыг сүү, таргаар хангах ажлыг тендерт шалгарсан “Андгай” компани гэрээгээр гүйцэтгэдэг. Тус компанийн “Бүжин” цех аймгийн төвийн 400 гаруй хүүхдэд өдөр тутам шинэхэн сүү, таргаар үйлчилдэг. Зургаан сар хүрэнгүүтээ өрхийн эмчдээ үзүүлж, жин, өндрөө хэмжүүлээд, “Сүү, тараг хөтөлбөр” гэсэн бичиг бүхий хөөрхөн зурагт дэвтрийн эзэмшигч болсноор, сар бүр тусгай талоноор сүү, тараг авч уух эрхтэй болдог юм билээ. Тэндхийн үйлчлүүлэгчид аав, ээж, эмээ, өвөө, ах, эгчийгээ өдөр бүр сүүндээ гүйлгэж зардаг гэж байгаа. Даанч заримдаа өнөөдүүл нь залхуураад, сүү, таргийг нь авчирч өгөлгүй арваад хоног өнжөөх тохиолдол бишгүй гэнэ.
“Үнэгүй өгдөг болохоор ч тэгдэг юм уу, зарим нь сүү, таргаа ирж авахгүй их гуйлгана аа. Тэгсээр байгаад сарын сүүл болохоор талон нь овоорчихоод, нэг мөсөн дөрөв, таван литр сүү авах гэж зүтгэнэ. Өдөрт нэг хүүхдэд тийм их сүү өгчихөөр дараа дараагийн хүүхдүүд нь хоосон үлдэх учраас аль болохоор цагтаа ирж байхыг захидаг” хэмээн борлуулагч Э.Энх-Оюун ярилаа. Гэхдээ тэгж залхуурдаг нөхөд нь үнэндээ аав, ээж, ах, эгч нар нь гэсэн. Харин дал, ная гарсан өвөө, эмээ нь бол ач, гучийнхаа сүү, таргийг тасалдуулахгүй гэхдээ тун хариуцлагатай байж, өдөр тутам биш гэхэд өнжөөд нэг удаадаа заавал “Бүжин” цех рүү сав бариад харайлгадаг гэхээр залуусынх нь өмнөөс ичмээр юм.
“Хүүхэд тань өдөрт 250 грамм сүү, тараг тогтмол хэрэглэвэл шаардлагатай кальци, амин дэмээ нөхөж, эрүүл чийрэг өсөж, хөгжихөд нь тустай” гэж зүгээр хэлээд өнгөрөх нэг хэрэг. Харин бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө орон нутгаас нь хөрөнгө мөнгө гаргаад, тэр хэрэгцээг бодитоор хангах гэж байхад эцэг, эхчүүд өөрсдөө ийм хайнга, хариуцлагагүй ханддаг нь хачин шүү. Гэхдээ азаар ийм ухамсар муутай хүн цөөн учраас “Сүү, тараг” хөтөлбөрийн ачаар хоол тэжээлийн дутмагшилтай, сульдаатай, туранхай эцэнхий олон хүүхэд өдгөө хэвийн өсөн бойжиж буйг аймгийн Эрүүл мэндийн газрын судалгааны мэргэжилтнүүд онцолсон.
“СҮҮНИЙ ГАЗРЫН ЭГЧ”
“Андгай” компани таван жилийн өмнөөс саалийн үнээний ферм ажиллуулж, өмнөговийнхныг үхрийн сүүний амтанд оруулж буй. Аймгийн төвийн гудамжинд таарсан хэнээс ч “Хүүхдийн сүү, тарагны цех хаана байдаг вэ” гэхэд заагаад л өгнө. Гурав дахь жилдээ энд борлуулагч хийж буй Э.Энх-Оюуныг хаа ч явсан хүмүүс нь андахгүй. “Сүүний газрын эгч байна” гээд гудамжинд хүүхдүүд танимхайрна. Цехийнх нь тухай орон нутгийн зурагтаар гарвал маргааш нь сүү, тараг авахаар ирсэн хүмүүс бөөн баяр хөөртэйгээр ам уралдан ярьцгаана. Арга ч үгүй биз дээ, Даланзадгадын 400 гаруй хүүхдийн хувьд Э.Энх-Оюун “хуурай” ээж шиг нь хүн. Заримдаа тогооч шиг нь, бас хааяа эмч шиг нь байдаг нэгэн.
“Сүү, цагаан идээнд анх оруулж байгаа хүүхдэдээ чихэргүй таргийг тийм хэмжээгээр өгөөрэй”, “Гэдэс нь аягүйдвэл ээдэм өгөөрэй”, “Ээдмээ тэгж хийвэл зөөлөн болдог”, “Хүүхдээ багаас нь битгий амттанаар хооллоорой. Тэгвэл сүүлд цагаан идээнд тийм ч дуртай биш болно шүү” гэхчилэн түмний үрсийн төлөө мэдэх, чадах бүхнээрээ туслахыг тэр хичээдэг. Хааяа хүүхдийнхээ гэдсийг хямраачихаад ирсэн ээж нарыг зэмлэх ч энүүхэнд. Нэг хүүхдийн цаана ар гэрийнхэн нь гэж дор хаяж 3-5 хүн байна гэж бодоход Даланзадгадын оршин суугчдын лав 1500 гаруй нь сүүний газрын энэ бүсгүйг таньдаг байх нь.
БАГАЧУУДЫН СҮҮНИЙ АМТАНД ТОМЧУУД Ч БАС ОРСОН
“Бүжин” цех долоо хоногийн хоёр өдөр тараг, тавд нь хөөрүүлсэн сүүгээр хүүхэд багачуудыг хооллодог. Говийнхон урьд нь ингэний хоормог, ямааны сүүгээр хүүхдээ угжих нь элбэг байсан бол багачуулд хэрэгтэй кальци, амин дэм үнээний сүүнд хамгийн их агуулагддагийг одооноос ойлгож эхэлжээ. Ялангуяа зориулалтын тогоонд, зохих температурт хөөрүүлсэн сүү ширгээснээс илүү амин дэмээ хадгалдаг байна. Тиймээс амин дэм, кальцийн өндөр агууламжтай, органик сүү, тарагнаас илүүчлэн, ард иргэдэд худалдах сонирхол тэдэнд ч, хэрэглэх хүсэл өмнөговийнхонд ч байдаг аж. Өдөрт дунджаар 180-230 литр сүү хөөрүүлээд, үдээс хойш гэхэд юу ч үгүй дуусдаг гэхээр “Бүжин” ямар их хөл хөдөлгөөнтэй газар болох нь харагдана. Амралтын өдөр ч ажилладаг тус цехээр өдөрт дор хаяж 200-гаад хүүхдийн ар гэрийнхэн сүү, таргийг нь авахаар орж, гардаг гэнэ.
Нэг литр сүүг 2500, таргийг 3500 төгрөгөөр ард иргэдэд зардаг гэсэн. Түүнчлэн эднийх зөвхөн хүүхдийн сүү, тараг гэлтгүй, ээдэм, хайлмаг, сүүтэй гурил, жимстэй будаа гэхчлэн цагаан хоолоор хүмүүст үйлчилдэг аж. Намайг тэнд байх 40 орчим минутын хугацаанд сүү, тарагны янз бүрийн сав барьсан хүмүүс тасралтгүй орж ирсээр байв. Нэг хүүхдэд өдөрт хамгийн ихдээ литр сүү л өгдөг юм байна. Тэр нь дөрвөн өдрийн хэрэглээ гэсэн үг. Хүүхдүүдэд сүү, тараг үнэгүй олгож байгаа явдал гэрийнх нь санхүүд ч ихээхэн тус нэмэртэй байдгийг эндхийн үйлчлүүлэгч Л.Дэнсмаа хэллээ.
Тэрбээр хийсвэр хагалгаагаар төрөөд, хөхөнд нь сүү орохгүй байсан тул эхний гурав, дөрвөн сардаа гадаадаас оруулж ирдэг өндөр үнэтэй нэмэлт тэжээлээр хүүхдээ хооллож байжээ. Тэгээд таван сар хүрэнгүүт нь эндхийн сүү, тарганд оруулснаас хойш нэмэлт тэжээлд мөнгө зарцуулахаа байсан гэнэ. Өдгөө есөн сартай охин нь ёстой л “сүү, тарагны хүүхэд” болсон бөгөөд өдөрт олгодог нормон дээр нь байнга нэмүүлж авдаг аж.
Л.ГАНЧИМЭГ