Мусс, капкейк, жүржээр амталж шарсан тахиа гээд л өндөр зэрэглэлийн зоогийн газрын цэснээс л нэрийг нь уншиж болох хоол, амттанг арван настай охид хийдэг гэвэл итгэх үү. Ээж, аавдаа, эрх жаахан дүү нартаа илчлэг хоол, амттай бялуу бэлдчихээд “Хоолондоо” хэмээн дууддаг бяцхан охидыг “Kid’s sweet kitchen” сургалт бэлдэж байна. Бямба гариг бүр 11.00 цагаас эхлэн хичээллэдэг хүүхдэд зориулсан хоолны сургалт манайдаа анхдагч нь. Тиймдээ ч хоол хийх дуртай багачууд бямба гаригийг тэсэн ядан хүлээдэг гэсэн. Нэг удаа 10-15 хүүхэдтэй хичээллэдэг сургалтын үеэр зууш, салат, үндсэн хоол, амттан зэрэг 4-5 төрлийн хоол, амттан бэлтгэх арга заадаг аж.
Фэйсбүүкийн “Sweet kitchen” группын удирдагч Б.Тэмүлүний зохион байгуулж буй сургалтад наймаас дээш насны хүүхдүүд хамрагдах боломжтой. Одоогоор таван удаа хичээллээд буй бөгөөд ихэвчлэн 10-12 насны охид суралцдаг. Олон хүүхэд цугласан газар шуугиан тасардаггүй жишгээр эл сургалт ч бас инээд хөөр, дуу хөгжөөнтэй өрнөдөг аж. Тооны давтлага, монгол хэлний хичээлээс ялгаатай нь хүүхдүүд урьд өмнө огт зохион байгуулж байгаагүй онцгой сонин сургалтад сэтгэл ихэд догдолсон байдалтай ирдэг гэнэ. Тиймдээ ч бяцхан суралцагчдыгаа өхөөрдөж, аргадахын зэрэгцээ үймүүлж, шуугисан үед нь чанга дугарах тохиолдол ч бий хэмээн багш нь ярьсан.
Хүүхдэд зориулсан сургалт учир Б.Тэмүлүн багш заах хоолныхоо хийх арга төдийгүй хоолны орц, найрлагад ч онцгой анхаардаг. Хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд тустай, тэжээллэг, амин дэм эрдэс бодисоор баялаг зөв хүнсийг орцонд нь нэмэхээс гадна хичээлийн завсарлагаа, үдийн цайны цагаар хэрэглэх боломжтой зуушийг түлхүү заадаг гэсэн. Тиймдээ ч охид сургалтаас зөвхөн хоол хийх аргыг бус, зөв хооллолт болон эрүүл хүнсний талаар арвин мэдээлэлтэй харьдаг байна. Хийх хоолны онцлогоос шалтгаалан сургалтын хугацаа 3-4 цаг үргэлжилдэг. Хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар 40-60 минутаас ихгүй байдаг тул охидоо залхаж, анхаарал сарних хандлагатай болмогц хоолны, хүнсний бүтээгдэхүүний нэр хэлэх тоглоом тоглож толгойгоо сэргээгээд авдаг гэнэ. Харин “баян ходоод” нь хоол хийх үеэр бохирдсон сав суулгыг угааж цэвэрлэдэг уламжлалтай. Сургалтынх нь талаар багш Б.Тэмүлүнээс доорх хэдэн асуултад хариулт авлаа.
-Сургалт бүр л өөрийн гэсэн онцлог давуу талтай байдаг. Хоолны сургалтанд сууснаар хүүхдүүд өөр ямар дадал чадвар эзэмшдэг вэ?
-Ихэвчлэн бага ангийн хүүхдүүд суралцдаг тул би хоолны жор хэрхэн бичих аргыг ч нарийвчлан зааж өгдөг. Орц гэж юу болох, хийх аргыг хаана яаж бичих талаар охиддоо зааж өгдөг юм. Ингэснээр охид маань хоолны жор бүхий ном, сэтгүүлээс орц гэж юу болохыг, хийх арга нь хаана байдаг гээд тэр бүр бусад хүн зааж өгдөггүй жижиг зүйлст суралцдаг. Энэ нь хэдийгээр тийм том зүйл дадал биш боловч хэвшүүлж чадвал хойшдоо ямар ч асуудалд цэгцтэй нямбай ханддаг болдог.
-Хүүхдэд зориулсан сургалт насанд хүрэгчдийнхээс онцлогтой байдаг байх.
-Хийхэд хялбар хоол байх ёстойгоос гадна орц найрлага нь ч илүү баяжуулсан тэжээллэг байдаг. Түүнчлэн хүүхдэд зориулсан ширээ сандал, шарах шүүгээ хүртэл байх шаардлагатай болдог юм байна. Тиймээс цаашдаа энэ ажлаа өргөжүүлж сургалтын төв болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэндээ нэг хүүхэд бие дааж хоол хийх боломж нөхцөлийг бүрдүүлнэ. Одоогоор охид маань хамтарч хоолоо хийж байгаа.

-Ихэвчлэн охид сургалтад суудаг уу?
-Дараагийн сургалтад хоёр хүү суралцахаар бүртгүүлсэн байгаа. Өмнө нь нэг хүү сууж байсан.
-Хөвгүүд санаачилгаараа бүртгүүлсэн үү?
-Сая бүртгүүлсэн нэг хүү бол хоол хийх дуртай учир ээжээсээ зөвшөөрөл авч бүртгүүлсэн байсан.
-Дунд сургуульд хоол хийхийг заадаггүй юм болов уу?
-Би суралцагч хүүхдүүдийнхээ бүртгэлийг хийдэг юм. Ихэвчлэн “Сант”, “Олонлог”, “Шинэ Монгол” сургуулийн сурагч хамрагддаг. Тэднээс “Шинэ Монгол” сургуульд технологийн хичээл дээр зарим нэг салат хийх аргыг зааж өгдөг гэсэн. Бусад сургуульд бол хоол хийхийг хичээлийн хөтөлбөрт тусгаагүй байдаг юм билээ.
Сургалтад суусан охид хэр сэтгэл ханамжтай байдаг юм бол? Тэд бүр “Энэ сургалт хэзээ дуусна тэр хүртэл хамрагдана” хэмээдэг юм билээ. Хичээлийн төгсгөлд “Сургалт ямар болсон бэ” хэмээн асуувал “Гоё болсон”, “Маш их таалагдсан” хэмээн ам уралдуулан хариулах вий. Тэдний сэтгэгдлийг сонсохоор тус сургалтын хичээлүүдэд алгасалгүй суусан “Сант” сургуулийн тавдугаар ангийн сурагч Ц.Сондортой ярилцлаа.
-“Kid’s sweet kitchen” сургалтад суугаад ямар ямар хоол хийж сурсан бэ?
-Мусс торт, төмсний нухаш, хавчуургатай талх гээд 10 гаруй нэр төрлийн хоол, зууш, амттан хийж сурсан.
-Хичээл дээр сурсан хоолоо гэртээ хийдэг үү?
-Дүү нартаа панкейк буюу шарвин хийж өгдөг. Хоёр дүү маань миний хийсэн шарвинд их дуртай. Бас хамаатнууддаа хоол, амттан хийж өгдөг. Хоол хийж байх үед үеэлүүд маань гал тогооны өрөөнд орж ирээд “Би юу хийх вэ” гээд л ажилд оролцдог юм. Гэхдээ надад ганцаараа хоолоо хийх нь илүү тухтай байдаг.
-Яагаад?
-Хоол хийхэд хамгийн чухал нь төлөвлөгөө гаргах, тогтсон цагаа мөрдөх юм. Хүмүүс саад болоод байвал төлөвлөж байснаа мартаад хоолоо түлж эсвэл түүхийрүүлэх тохиолдол гардаг. Махаа болж байх үеэр төмсөө шарах гэх мэт нэг зэрэг олон зүйл хийж байхад цагаа нарийн тооцох хэрэгтэй байдаг юм. Тиймээс тайван байх хэрэгтэй. Аяган бялууг 25 минут шарах шүүгээнд жигнэдэг. Хэрэв 15 минут жигнэвэл гаднаасаа биетэй болсон мэт харагдавч дотроо түүхий байна. Ингэж түүхийрүүлж, эсвэл хэт болгож түлэхгүйн тулд тогтсон цагаа нарийн баримтлах хэрэгтэй.
-Том болоод тогооч болох уу?
-Би том болоод ээж шигээ мундаг эзэгтэй болно. Тийм учраас л энэ сургалтад суусан. Мэргэжлийн хувьд тооны гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд суралцдаг учир эдийн засагч болно гэж боддог. Гэхдээ хийх дуртай зүйлээ дагавал тогооч болно.
-Сургалтад суусан нь гэртээ хоол хийж сурахаас илүү үр дүнтэй байж чадаж байна уу?
-Чадсан. Би өөрийнхөө хийсэн хоолыг гадаадын бичлэгтэй харьцуулж алдаа дутагдлаа олж хардаг юм. Гэхдээ энд тухайн хоол, зууш, амттан хийх нарийн технологийг сурч авсан учир сэтгэгдэл их өндөр байгаа.