Царцаа усанд унасан шоргоолж найзаа аврах гэж бөөн явдал болдог тухай үлгэр байдаг даа. Хөөрхий царцаа гахай, царс, хэрээ, өндөг, тахиа, будаа, байшин, оготно, муур, үнээг царайчлан байж, эцэст нь хэдхэн ширхэг хялгастай болдог. Яг л ийм дүр зураг нийгэмд хаа сайгүй байна. Ялангуяа мэдэх, мэдээлэл авах эрхийг боомилогчид өдрөөс өдөрт олширсоор.
Олон нийтэд мэдээлэл дамжуулах үүрэгтэй сэтгүүлч хэмээх над мэтийг үл ойшоосон том дарга нар хөөрхий царцааг гүйлгэдэгтэй адил аашлах нь хэрээс хэтэрлээ. Ингэснээр ганц сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага бус, гурван сая иргэний мэдэх эрхийг зөрчиж байна. Үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод байх ёстой Хүүхдийн төлөө үндэсний газар мэдээлэл өгөхөөс татгалзан, хүнд суртал гаргаж байгаагаас эхлээд л мэдээлэл авах эрхээр хязгаарлагчид мундахгүй нь. Ийм байдал ГХЯ-ны Консулын газарт ч бий.
Захирлаас бусад нь мэдээлэл өгөх эрхгүй. “Дарга л мэднэ. Би хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч болохгүй” гэж бултах мэргэжилтэн цөөнгүй. Улсын болон хувийн нууцад халдаагүй бол аль ч байгууллага иргэдэд, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх ёстой. Гэтэл хуулиас хүчтэй журам гаргасан байгууллага байх юм. Ингэж хэвлэл мэдээллийнхнийг боомилж, ард түмнийг үнэнээс төөрөгдүүлсээр.
Манай улсад чөлөөт хэвлэл үүссэн цагаас өдий хүртэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйд ахиц гарахгүй, байдал дордсоор байна гэж судлаачид дүгнэдэг юм билээ. Татвар төлөгч, жирийн иргэд халааснаасаа гаргасан мөнгөө хэн нэгэн албан тушаалтан “идэж” байгаа, эсэхээс эхлээд мэдээлэл авах, хяналт тавих эрхтэй.
Ч.ТУЯА