Холоос харахад хоёр хурууны хооронд багтах миний сургууль, дээгүүр доогуур хувцас шунгинасан иргэний дайны талбар өлгүүр, ирц бүртгэгчийн ууртай мөртөлөө энэрэнгүй зан, хоцорсон унтайхайнуудын нэрийн жагсаалт,пормгүй ирсэн нөхөдийн фооз авч авахуулсан фото зураг, онц сурлагатнуудын жагсаалттай нэг самбар дээр.
Нүдээрээ ярилцах шалгалтын анги, нуугдаж явдаг сургуулийн камер, хов жив олонтой багш нарын танхим, дэлхийн III-р дайн өрнөдөг жижигхээн цайны газар, загвар өмсөгчдийн талцаж алхдаг коридор,хосуудын уулздаг хоёр давхарын цонх хүүхдийн шуугиантай сургуульд минь үлджээ. Сургуульд минь их юм бий. Савангийн дуулийн гол дүрийн баатрууд коридороор нэг хөлхөлдөнө. Их ч юм болно. Аманд байсан модон чихэр алга болох нь энүүхэнд. Гарт байсан контик эргээд харахын хооронд "баярлалаа" гэдэг үгээр солигдох нь бүр ч энгийн үзэгдэл. Ариун цэврийн өрөөнд болох охидын ярианы халуун цэг дээр хөвгүүд орж ирж патент алдана.

Хамгийн гэгээн ариун хайр энд өрнөдөг нь нууц биш. Энэ бүх дурсамж минь сургуулийн хашааны А+Г=хайр гэх хайрын үгс, хадны сүг зураг шиг үгсээр дүүрэн хуучирсан муу сандал, хөөцөлдөн тоглон унаж бүдэрч явсан сургуулийн хашаа, өрөөсөн шаахай өлгөөстэй харагдах сургуулийн модонд цууриатан үлджээ...
М.Болор