Төрийн өмч бол хэний ч өмч биш гэдэг сэтгэлгээ манайхны дунд элбэг. Тиймээс төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүд урамшуулал нэрийдлээр өөрсдөдөө хэдэн арав, зуун сая төгрөг “унагасан” хэрэг өчнөөн гардаг. Захаасаа шүүх, цагдаагийн үүд сахих нь сахиж, зарим нь “аавын” хаалга татаад буй. Гээд хашрахгүй, төрийн өмчийг шамшигдуулдгаараа шамшигдуулж, төрийн албыг төрлийн алба болгон, ахан дүүс, амраг садангуудтайгаа зайдалж байгаад өндрөөс унасан нөхөд ч чамгүй олон. Дэлхийн бүх оронд төрийн өмчит компаниуд байдаг боловч манайхан шиг ийм дураараа, овлигогүй улстөрчдийн тоглоом болгодог нь хэр олон бол. Засгийн газар, Төрийн өмчийн хороо хоёрын дунд олон жилийн турш үл ойлголцол төрүүлсээр буй 164 дүгээр тогтоолыг хүчингүй болгох санал энэ засгийн үед л нааштай шийдэгдэж мэдэх сурагтай. Энэ тогтоолын I, II, III зүйлд төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцааны дийлэнхийг Эрчим хүчний яам, төдөн хувийг Төрийн өмчийн хороо, төдийг нь Сангийн яам эзэмшинэ гэж заасныг хүчингүй болговол олон зүйл өөрчлөгдөх юм байх. Төрийн өмчийн хорооныхон өөрийн мэдлийн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих гээд, ТУЗ-ийг нь шахаж ажиллуулах гэхээр тэр дор нь “Эрдэнэ МГЛ” рүү хоёр том уурхайг шилжүүлсэн гэдэг. Монголын хөрөнгийн биржийн захирлын сонгон шалгаруулалт зарлаад хариугүй тавьдгийн даваан дээр Засгийн газар тогтоол гаргаад, Сангийн яаманд харьяалуулчихсан адармаатай улс төр манайд байдаг.

Уг нь төрийн өмчийг хянах, шалгах, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй, бас хуулиар хүлээсэн үүрэгтэй ганц байгууллага бол ТӨХ. Төрийн өмчийг манадаг хоточ нохойн үүрэг гүйцэтгэх, шаардлагатай үед төмөр нүүрээ үзүүлэх учиртай тэдний үгийг тоож сонсдог газар үгүй хэмээн ТӨХ-ныхон гомдоллодог. Харин шийдлийн Засгийн газрын тэргүүн энэ эмх замбараагүй байдлыг цэгцэлж, “цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд” байлгахаар лүндэн буулгасан. Төрийн албан хаагчид, ялангуяа яам, агентлагын дарга нар төрийн өмчит компаниудын ТУЗ-д багтдаг бичигдээгүй хуулийг өөрчлөх шийдвэр нь амьдралд бодитоор хэрэгжиж чадвал уг нь том хувьсгал болох юм.
Адаглаад төрийн захиргааны удирдах ажилтнууд ТУЗ-ийн дарга, гишүүн байхаар өөрийн харьяаллын компанид давуу эрх олгохын зэрэгцээ төрийн зүгээс дарамт шахалт ирдэг, гол нь хоёр, гурван ажлын дунд аль нэгийг нь орхигдуулдаг. Тухайлбал, эрчим хүчний компаниудын ТУЗ-ийн дарга нарын суудлыг ЭХЯ, замын компаниудынхыг болохоор Зам тээврийн яам нь авах гэж улайран зүтгэдэг. Саяхныг хүртэл эрчим хүний 20 орчим компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг Эрчим хүчний яамны удирдах албан тушаалтнуудаас томилдог байсныг Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу одоо цэгцлээд дуусаж буй гэнэ. Харин тэр дарга нарын оронд салбараа сайн мэддэг мэргэжилтнүүдийг төрийн өмчит компаниудын төлөөллөөр оруулах шийдвэр амьдрал дээр хэрхэн хэрэгжиж, төрийн өмчит компаниудын ТУЗ өмнөхөөсөө яаж өөрчлөгдөж байгааг, хэнийг хэнээр сольсон талаар “Өнөөдөр” сонин уншигчдадаа цувралаар хүргэж буй.
ТӨХ-ны мэдлийн, төрийн өмчит 57 компанийн ТУЗ-ийн хоёр, гурваас бусдад нь өөрчлөлт оруулсан гэх боловч эрэл маань цаашлах тусам мухардах шинжтэй болоод буй нь хачирхалтай. Төрийн өмчийн хорооныхон компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүдийн шинэчилсэн нэрсийн жагсаалтыг үзүүлэх тун дургүй юм. Компаниудаас нь асуухаар “ТУЗ-ийн дарга, гишүүдийн тухай мэдээллийг Төрийн өмчийн хороо л мэднэ” гэх. Мэддэг газар нь тэгвэл ямар гээчийн “өндөг” дарчихсан болоод тэгтлээ бэмбэгнээд байдаг юм бүү мэд. Ямартай ч багагүй эрэл сурал болсны эцэст энэ удаа бид та бүхэндээ МИАТ, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ хэрхэн шинэчлэгдсэнийг хүргэж байна. Эдгээр компанийн ТУЗ-д орохын хэн хүнгүй хүсдэг юм гэнэ лээ. Мөн өнөөг хүртэл ТУЗ-ийн гишүүдээ өөрчлөхгүй явсаар буй хэдхэн компанийн нэг болох “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийг ямар хүмүүс удирддагийг харуулахыг хүслээ. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн тухайд ТУЗ-ийн гишүүдийнх нь 70 шахам хувийг өөрчилсөн гэж сураг дуулдах ч өнөөг хүртэл албан ёсны тогтоол нь ирээгүй байгаа аж.
Л.ГАНЧИМЭГ