Түүнийг Б.Ганзориг гэдэг. ХААИС-ийг мал зүйч, менежментийн мэргэжлээр төгсөөд, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагчаар ажлын гараагаа эхлэн, 22-тойдоо хэлтсийн дарга болжээ. Харин гурван жилийн дараа буюу 24-хөн насандаа Улаанбадрах сумын Засаг даргаар томилогдож, долоо дахь жилдээ энэ албыг хашиж буй. Ийм насандаа Засаг дарга болсон хүн түүний судалснаар Дорноговь аймагт лав байхгүй. Аймгийн төвөөс 135 км-т оршдог тус сумын 90 жилийн ой энэ онд тохиож байгаа юм билээ. Ажлаар Улаанбаатарт ирээд, ойн номоо хэвлүүлэх гээд завгүй явахад нь Б.Ганзоригтой ярилцлаа.
-Их бүгчим, халуун өдөр байна. Танай сумтай харьцуулахад хэр халуун байна вэ?
-Манайх говийн сум учраас их хална. Гэхдээ хот манайхаас дутахгүй халж байна шүү.
-Говьд ус хомс байдаг. Усныхаа хэрэгцээг хэрхэн хангадаг вэ?
-Усаа сумаас 700 метр болон долоон км-ын зайд оршдог хоёр худгаас машинаар долоо хоногийн даваа, баасан гаригт зөөж, түгээдэг юм. Ус зөөж байгаа зардал, жолоочийн цалинг тооцоод, нэг хүнээс ус ашигласны төлбөр гэж сард 1800 төгрөг авдаг. Ер нь говийн суманд ус толгой өвтгөсөн асуудлуудын нэг. Бид усаа шугамаар татах зорилго тавиад, ажиллаж байна. Хөрөнгө, санхүү хүндрэлтэй учраас бадар барьж явна.
-Усны машин ирэх болоогүй байтал ус дуусчихвал яах вэ?
-Хүмүүс хэвшчихсэн учраас хэрэглээгээ зохицуулаад сурчихсан.
-Ингэхэд яаж яваад ийм залуудаа Засаг дарга болчихов оо?
-Би аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт гурван жил орчим ажилласан. Гэтэл 2008 оны намраас сумын таньж мэддэг хүмүүс таарахаараа “Чи сумандаа Засаг даргаар очих гэж байгаа гэл үү” гэх болсон. Надад тийм санаа байгаагүй болохоор гайхаад л өнгөрдөг байлаа. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр олонх болсон нам Засаг даргаа томилдог. Тэр үед сонгууль ч болоогүй байсан. Хүмүүсийн ерөөлөөр ч юм шиг, сонгуулийн дараа нутгийн ах нар, хувь хүмүүсээс “Дүү хүү сумандаа ирж ажиллаач. Дэмжье” гэсэн санал удаа дараа ирлээ. Аймагт өөрийн гэсэн ажилтай байсан учраас удаан бодож, “Үзээд алдъя” гэж шийдсэн. Ингээд арваннэгдүгээр сард хотод ажлаар ирчихсэн байтал бямба гаригт “Сумын ИТХ даваа гаригт хуралдана. Ирээрэй” гэж ярилаа. Орой нь галт тэргэнд суугаад, шөнө нь аймаг орж, өглөө нь унаа хайсаар ням гаригийнхаа орой сумандаа очсон.
Тухайн үеийн МАХН сонгуулиар олонх болчихсон байсан юм. 2004-2008 онд Улаанбадрахын Засаг даргаар ажиллаж байсан хүнтэй бие даан нэр дэвшиж өрсөлдсөн. Үнэндээ надад Засаг дарга болно гээд бэлдчихсэн мөрийн хөтөлбөр байгаагүй. Хамаатныхаа улс төрийн ажилтан хийдэг ахад учир байдлаа хэлээд, өөрөө бодож байгаад, одоо хүнд хэлэхэд ичмээр, бичгийн цаасны хоёр нүүр хүрэхгүй, гурван бүлэгтэй мөрийн хөтөлбөр бичиж, түүнийгээ сумын ИТХ-д танилцуулсан. Ингээд 15 төлөөлөгчийн 12-ынх нь саналыг авч, Засаг дарга боллоо. Хүмүүс “Чи залуу хүн байж. Яах гэж суманд ирж байгаа юм” гэж байлаа. Мэргэжлийн хяналт гэдэг чинь том, бас нэр хүндтэй байгууллага. Би Засаг дарга болсноор аймагт хашиж байсан албан тушаалаасаа хоёр шат буурсан.
-1500 гаруй хүний төлөө ажиллахад 24 нас балчирдах юм уу?
-Хүмүүс надад итгэсэн учраас би тэр итгэлийг нь даах ёстой. Залуу хүн дарга хийх хэцүү юм билээ. Өөрөөсөө хэдэн арван насаар ах, эгч хүмүүс, үеийнхэнтэйгээ ажиллана. Зарим нь “Хэзээ чи ийм болчихсон” юм гэнэ. Би зан төлөв, харилцаа, үйл хөдлөл бүрээ хянадаг байлаа. Тэгж өөрийгөө хүмүүст таниулж, байр сууриа тогтоохгүй, урсгалаараа яваад байвал миний үгэнд орох, намайг хүндлэх хүн байхгүй, миний санасан бодсон ажил урагшлахгүй байсан. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөвхөн нэг чиглэлээр бус байгаль орчин, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан нь надад их туршлага болсон.
Манай өвөө Бавуудорж бригадын дарга, эмээгийн өвөг эцэг Гэлэгжамц Улаанбадрахын намын үүрийн даргаар олон жил ажилласан. Тэдний маань буян заяа, үйл хэрэг надад нөлөөлсөн байх. Хүмүүс ч удмыг минь харж, сайн дарга болно гэж итгэж, энэ албанд томилсон байх гэж би боддог.
-Тэгвэл таны өдий зэрэгтэй яваа нь удмынх уу, аль эсвэл хичээл зүтгэлийн үр дүн үү?
-Хэдий удам байгаад ч өөрөө хичээж, зүтгэхгүй бол амжилтад хүрэхгүй. Энэ бол миний хичээл, зүтгэлийн үр дүн.
-Ажлаа хаяад суманд очсон тань хэр зөв шийдвэр байсан бэ?
-Ард түмэн, нутаг орныхоо төлөө өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж, бодож санаснаа хийж байгаадаа баяртай байдаг. Хувийн амьдралдаа нэг хэсэг алдаж, онож явлаа. Би суманд, манай хүн аймгийн төвд ажиллаж байсан. Гэр бүлийн хоёр өөр газар амьдрах дэмий юм билээ.
-Танд ашиглалгүй өнгөрүүлсэн боломж, амжуулж гаргаагүй шийдвэр бий юү?
-Тэрийг тэгчих байж дээ, тэгсэн бол гэж бодогддог л юм. Манай суманд нэгдлийн хөрөнгө, зочид буудлын зориулалттай хоёр давхар барилга байсан юм. Удирдлагаар нь болж бүтэхгүй хүн тавьснаас болж, тэр нь хөрөнгө завшин, банкны өрөнд тавьчихсан байдаг. Би орон нутгийнхаа өмчийг авах гэж олон удаа хөөцөлдөөд чадаагүй. Хэрэв авчихсан бол засаад, нэгдүгээр давхрыг нь үйлчилгээний, хоёрдугаар давхрыг нь орон сууцны зориулалтаар ашиглах боломж байсан даа гэж харамсдаг. Энэ л миний ашиглаж чадаагүй боломж.
-Засаг дарга болсондоо харамсаж, болоогүй нь дээр байж дээ гэж бодох үе байсан уу?
-Болоогүй нь дээр байж гэж бодоод ч яах вэ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэж үг байдаг. Нэгэнт зориод ирсэн учраас эцсийг нь үзэх ёстой. Нөгөө талаас би зүгээр нэг ажил хийгээгүй, төрийн алба хашиж байна шүү дээ. Би зарчимч байхыг хичээдэг. Засаг дарга болоогүй байсан бол тэгж амьдрах байсан байх даа гэх бодол нэг бус удаа төрж байсан.
-Хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Амьдрал ахуйд тань хүрэлцдэг үү?
-Өмнө нь гар дээрээ 700 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Одоо нэмэгдээд, 800 мянга орчим болсон. Орон нутаг төв сууринг бодвол зардал багатай. Гэхдээ дарга хүнд зардал их. Төөрсөн, будилсан гээд хүмүүс тусламж хүсэж ирнэ. Тэр бүхэнд боломжоороо тусална. Их, бага хэмжээгээр зардал гардаг.
-Одоо хэнтэйгээ амьдардаг вэ?
-Эмээтэйгээ амьдардаг. Эмээ маань 80 гарсан настай хүн бий. Сумаас өгсөн албаны байр байдаг ч эмээ насаараа гэрт амьдарчихсан учраас байшинд идээшдэггүй. Эмээгийнхээ аяыг дагаад, хамтдаа гэрт амьдарч байгаа.
-Ашигт малтмалтай сумын удирдлагуудыг үнэтэй машин унадаг гэдэг юм билээ. Та алба болон аминдаа ямар машин унадаг вэ?
-Албандаа УАЗ-469 машин унадаг. Хувьдаа унаагүй.
-Боловсрол, туршлага хоёрын аль нь чухал вэ?
-Аль аль нь байх хэрэгтэй. Гэхдээ туршлага илүү чухал юм билээ. Элээсэн оймсны тоо олон байх тусмаа л сайн.
-Ажил гэсээр залуу насаа гээчихсэн юм шиг санагддаг уу?
-Би ажлаа нэг номерт тавих гээд байдаг зантай. Намайг ингэж сургасан хүн бол аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга байсан Оюунцэцэг. Тэрбээр надад “Ажил нэг номерт, амьдрал араас нь дагадаг юм” гэж хэлж байсан. Одоо бодоход энэ нь нэг бодлын буруу. Ажил, амьдралаа хамтад нь авч явах хэрэгтэй. Оюунцэцэг даргаас би их зүйл сурсан, баярлаж явдаг.
-Тантай уулзчихаад энэ асуултыг асуухгүй бол болохгүй. Танай суманд өнгөрсөн жилүүдэд гажигтай төл төрсөн мэдээлэл их гарсан. Үүнийг урантай холбож тайлбарлах хүн олон гарч, Чингисийн талбайд уран олборлохыг эсэргүүцсэн жагсаал хүртэл болж байлаа. Гажигтай төл төрсөн шалтгааныг олсон уу?
-Ураны хайгуул, олборлолт хийх зөвшөөрлийг тухайн үеийн Ашигт малтмалын газар 1997 онд “Арева”-гийн охин компани “Кожеговь”-д олгосон. Ингэж судалгааны ажил эхэлж, 2006 оноос өрөмдлөг, хайгуулын ажилдаа орсон байдаг. Харин 2011 оноос манай сумын Аргалант багт гажигтай тугал төрлөө гэх мэдээлэл гарсан. 2012 оноос бид шат шатны мэргэжлийн байгууллагад хандан, тэд судалгаа хийж, дараа жил нь иргэдийн хүсэлтээр УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад өргөх бичиг хүргүүлсэн юм. Үүний дагуу Ерөнхий сайд захирамж гарган, 100- гаад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, ус, агаар, хөрс гээд бүх зүйлд шинжилгээ хийсэн. Манай суманд амьдарч байгаад Сайншанд сумын Зүүнбаян багт шилжсэн Д.Норсүрэн гэдэг айлын 20-иод тугал үхсэн байдаг. Шинжилгээний хариу “Селенээс болж хордсон” гэж гарсан.
Казахстан улс манайхтай адил газар доор уусган олборлох аргаар уран олборлож байгаа юм билээ. Цаг агаарын хувьд ч ижил төстэй учраас “Кожеговь” компани зардлыг нь гаргаж, сумын ИТХ-ын даргаар ахлуулан, манай сумын баг бүрээс хоёр малчин, Сайншанд сумын Зүүнбаян сумаас хоёр, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй баг Казахстанд очиж, уран олборлолтын явцтай танилцаад ирсэн. Явсан хүмүүс уран ямар ч хор нөлөөгүй юм байна гэж байсан. Гэсэн ч бид олон улсын байгууллагаар хөндлөнгийн судалгаа хийлгэх хүсэлт “Кожеговь” компанид тавьснаар, өнгөрсөн арванхоёрдугаар сараас “Хил хязгааргүй агрономич, малын эмч нар” гэх олон улсын байгууллага, Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоотой хамтран хоёр жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж байна. Энэ дундын хоршоо “Кожеговь” компанийн лицензийн талбай байрлах Аргалант багт хоёр жилийн хугацаанд хонь, ямаа, тэмээнд тарилга, угаалга, боловсруулалт, халдваргүйжүүлэлт үнэгүй хийнэ. “Хил хязгааргүй агрономич, малын эмч нар” байгууллага сумын хэмжээнд хоёр жилийн хугацаанд дуудлага, үзлэгийн хөлс авахгүйгээр ажиллана. Зөвхөн эмийнх нь зардлыг л малчнаар гаргуулж байгаа.
-Энэ жил гажигтай төл төрсөн үү?
-Гажигтай гурван төл төрсөн. Сүүлд хоёр нэмэгдсэн байх. Эмч нар заримыг нь “Гажигтай”, заримыг нь “Дутуу төрсөн байна” гэсэн. Эдгээр төл нэг айлынх биш. Сумаас урд, хойно гээд өөр өөр газар бэлчдэг. 120 мянган малтай суманд гажигтай ийм тооны гажигтай төл төрж болно гэсэн. Хэвлэлээр гараад байсан шиг хүн хордсон гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас надад өгөөгүй.
-Сонгууль дөхөж байна. Засаг даргаа үргэлжлүүлэн хийх үү, аль эсвэл аймагт хүч үзэх үү?
-Сонгуульт хугацаандаа ажлаа хариуцлагатай хийнэ. Харин сонгогчид бүхнийг шийднэ.
-Сумын 90 жилийн ойн хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Манай сум энэ жил аймагтаа ганцаараа ойтой. Улаанбадрах сумын уугуул иргэд болон ажиллаж, амьдарч байгаа хүмүүс тусалж байна. Ойн хүрээнд чамгүй ажил хийж байгаа. Тухайлбал, төрийн байгууллагуудынхаа байрыг засаж тохижуулан, хүндэтгэлийн хаалга барьж байна. Мөн наадмын цогцолбор талбайтай болж байгаа. Түүнчлэн гудамжны гэрэлтүүлгийг шинэчилж, стандартын цооногтой жорлонтой болсон. Жорлонгоо дүүрэхээр булдаг байсан бол одоо бохирыг нь соруулдаг боллоо. Сумын хэмжээнд ийм 40 жорлонг айлууддаа хуваарилж өгсөн. 90 жилийн хур хог буюу 21 га газрын хогийг дарж, цэвэрлэлээ. Одоо бага зэрэг ажил үлдсэн.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ