Д.ДЭНСМАА
Доктор (Ph.D)
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэл, орчуулгын зохиол зэрэг голлох уран бүтээлээс нь бүрдсэн дөрвөн боть ном уншигчдын гар дээр саяхан очлоо. Энэ нь бүтээлчийн, олон арван бүтээл туурвилын нэгээхэн хэсэг нь юм.
“Сөгдөж айлтгая” (шүлэг, дууль, найраглал) тэргүүн дэвтрийн “Цаг цагийн дууль буюу яруу сайхныг хөрөглөн бүтээгчийн тухайд” хэмээх өмнөтгөлд Д.Цоодолын тухай утга зохиол судлаач, зохиолч, доктор До.Цэнджав нүдэнд харагдаж, гарт баригдахаар өгүүлсэн нь “номон доторх ном” мэт онцгой сэтгэгдэл төрүүлэв.
Энд, Д.Цоодол гэдэг хувь уран бүтээлчийн бусдаас ялгарах “онцгойрч ханхайн харагдах” шинж, хүн чанар, хоржоонтой үг хэл, бичих туурвих, ярих унших авьяас мэдрэмж, өвөрмөц төрх, зан аалийг нь хүртэл шүлэг найргийнх нь дотоод гадаад мөн чанар, ур хийц, утга сургамжтай нь уялдуулж, найраг шүлэг, тэр тусмаа дуулийнх нь талаар тодруулж, жишээ баримттайгаар гаргасан байна.
Энд өгүүлэхдээ: ... “Дандаа л хүчгүй дорой талд, үргэлж өөвийж бөөвийж яваа олны талд, шүлгээрээ өмгөөлж хамгаалж, халхалж, зүрхнийх нь өчүүхэн ховдолд гэрэл асааж явдаг нь түүнийг жинхэнэ шударга уран бүтээлч болохыг харуулна...
...Ер нь түүнийг ертөнцийн олон өнгийг зурахаар Монгол хэмээх их гэрийн дотор хурц тод өнгөтэй будаг бүхий бийр бариад зогсож байгаа, “Яруу найраг хэмээх дуурийн театр”-ын хөрөг зураач гэж болно. Гэхдээ хүний хөргийг дотор сэтгэлийг нь уудлан, бодол санаа, алдаа оноо, олон өнгийг гаргаж зурна гэдэг бол Монголын яруу найргийн нэгэн олз омог, зөвхөн энэ найрагчийнх гэмээр маш сонирхолтой хуудас болж байгаа юм...” хэмээн До.Цэнджав бичжээ.
“Дуулж дуусдаггүй орчлон” (хүүрнэл зохиол) дэд дэвтрийн өмнөтгөлд: “Эгэл бүхэн эрхэмсэг” хэмээн энэ цагийн хүүрнэл зохиолын томоохон төлөөлөгч С.Пүрэв сэтгэлийн үгээ бичжээ. Д.Цоодол бол яруу найрагч, зохиолч төдийгүй сэтгүүлч, дуун хөрвүүлэгч бөгөөд зөвхөн яруу найрагт ч биш хүүрнэл зохиолын төрөл зүйлд ч “дуулиан тарьж” явааг нь онцлоод, өөрөө ч, бүтээл нь ч “эгэл хэрнээ эрхэмсэг” болохыг бас “эгэл, эрхэмсэг”-ээр өгүүлсэн байна.
Түүний зохиолын дүр бүхэн нь амьдралаас эхтэй, өөр өөрийн ааш араншин, хувь заяатай амьд хүмүүс байдгийг С.Пүрэв олон баримтаар өгүүлээд, “...Д.Цоодолын шинэ бүтээлийг унших бүртээ илүү дутуу зангүй, тэгэхдээ ухаантай, учиртай, гүндүүгүй монгол хүмүүстэйгээ золгож, халуу дүүгсэн гэрт нь ороод явчих шиг санагдана. Түүний зохиол бүтээлийн баатрууд хаа нэгэн газар нүүр учирч, эртний анд дотно болцгоосон мэт сэтгэлд дотно өөриймсүү байдаг...
...Би Цоодолынхоо... үндэсний үзэл сэнгэнэсэн, хашир инжааны ёсоор дархалсан, асар энгүүн чөмөгтэй номуудыг уншихдаа амьдрал ямар гээч баян, хүмүүс хэчнээн агуу эрхэмсэг, амь зуух арга ухаандаа монгол хүн хэр зэрэг уужим амгалан юм бэ гэдгийг олж хардаг юм...” гэж бахархаж, бахаджээ. Ийнхүү С.Пүрэв, Д.Цоодол зохиолчийн хүүрнэл бүтээлийн талаар өөрийн бодлоо хэлээд зогсоогүй, эрдэмтэн судлаачид, үзэг үйлс нэгт уран бүтээлч нөхдийнх нь үнэлгээ дүгнэлтийг нь ч тодруулсан байна.
“Зуун жилийн уяа” (хөрөг, эсээ, дурсамж, тэмдэглэл, ярилцлага) гутгаар дэвтрийг нягтлан тунгаасан Монголын сэтгүүлзүйн нэртэй төлөөлөгчийн нэг Т.Баасансүрэн, сэтгүүлч, уран нийтлэлч Цоодолын талаар уг гарваль, ур чадвар, утга агуулгатай нь баримтаар нотлон, тод томруун өгүүлжээ. Энд бичсэнийг уншаад нинжин сэтгэл, нийтлэл хоёр хэлхээ холбоотой ч юмуу даа гэж бодогдлоо. Уг язгуурын хүнлэг сайхан сэтгэл, уул юмаа гүнзгий мэдэх байдал, уран хийгээд үнэн бичих авьяас билиг цогцолж байж гэмээнэ сая хүний оюун сэтгэлийг эзэмддэг, ухааруулж сэхээрүүлдэг “Нийтлэл” гэгч энэ, нийт хүнд энгийн юм шиг хэрнээ нэр хүндтэй, хариуцлагатай агуу зүйл сая бүтдэг бололтой.
Т.Баасансүрэн: ...”Д.Цоодолыг монголчууд торгомсог яруу найрагч, хүүрнэл зохиолч гэдгээр нь илүү сайн мэднэ. Харин нинжин сэтгэлт нийтлэлч, уран зохиолын мастер орчуулагч гэдгийг нь хүн бүр анзаардаггүй байж магадгүй. Тэгвэл тэр өөрийн аж төрсөн эрин зуундаа цагийг эзэлсэн том уран нийтлэлч мөн гэдгийг энэ ном надад батлан өгүүлэх шиг санагдсан. Эл дэвтрийг уншаад Та үүнд бүрэн итгэх болно...” гээд ажлын гараагаа сурвалжлагчаар эхэлж, сэтгүүлзүйн ертөнцөд хэрхэн орж, дээшилж дэгжиж, улмаар Монголын төр, засаг түүний сэтгүүлзүйд оруулсан хувь нэмрийг нь “асуудал дэвшүүлсэн зарим өгүүллүүд нь төрийн бодлогод орж тусгагдсан...” гэж өндөр үнэлсэн, бас тэрбээр төвийн хэвлэл мэдээлэл, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн уран бүтээлийн тэргүүн дээд шагналтан болохыг нь ч өгүүлсэн байна.
Сэтгүүлч, сэтгүүлчийнхээ талаар сэтгэлд шингэж, санаанд буутал ийнхүү бичжээ.
“Алсаас залсан рашаан” (шилмэл зохиолын орчуулга) дөтгөөр дэвтрийн өмнөтгөлд: -“Цоодол яруу найрагч. Цоодол хүүрнэл зохиолч. Цоодол дуун хөрвүүлэгч. Цоодол сэтгүүлч, нийтлэлч. Бурхан заримд нь эдгээрийн ганцыг нь ч заяагаагүй мөртлөө Дөнгөтийн гэж бидний заавал цоллодог Цоодолд дөрвийн дөрвөөр нь цогцлоочихсон байж байдаг...” гэж үгээ эхлүүлсэн нэрт дуун хөрвүүлэгч Го.Аким, түүний орчуулах эрдмийн талаар бичсэнээ “Булгисан судсыг онохуй” хэмээн нэрийдсэн байна.
Го.Аким бичихдээ: -...Үнэндээ аль ч зохиолчийн бүтээлийг дуун хөрвүүлнэ гэдэг тэр зохиолчийн судсыг барина гэсэн үг. Хүнд чинь олон судас байдаг, тэр нь янз бүр цохих нь мэдээж шүү дээ. Мөн зохиолч бүрийн судас өөр өөр лугших нь бас мэдээж. Орчуулахад “булгичих” гээд байгаа, тэр янз бүр булиглаж байгаа “судсыг оноход” л дуун хөрвүүлэгчийн билиг тодорно гэсэн үг юм даа...” гээд цааш нь, утга зохиолыг нэлээд өөр өнцгөөс нь хардаг шүүмжлэгч, судлаач С.Энхбаяр хүү: “... Д.Цоодол гуайн уран бүтээлийн нэгэн хүндэтгэл төрүүлдэг салбар бол яах аргагүй түүний орчуулгын зохиолууд билээ” гэж үнэлсэн нь буй. Тэр үнэн юм... гэсэн байна.
Д.Цоодол өөрөө уянга, сэтгэлийн яруу найрагч бөгөөд гадаадын зохиолчдоос голдуухан сэтгэлийн уянгыг хөглөдөг, тухайлбал: А.Чехов, К.Паустовский, Р.Акутагава, Ги де Мопассан, Омар Хайям... гэх мэт зохиолчдын бүтээлийг барьж авдаг тухай олон сайхан жишээг энд дурджээ. Үүнийг уншаад би, хүний сэтгэлийн утсыг хөндсөн заавал нэг юмыг олж харж, онож хөрвүүлнэ гэдэг, тэр чинээгээр хүнд нэгийг бодуулж, нөгөөг ухааруулна гэдэг, ялангуяа яруу тансгийг яруу тансгаар нь амттай шимүүстэй нь уншигчдад “хүртээнэ” гэдэг зөвхөн тэр гүрний хэлийг гүнзгий сайн мэдэх хийгээд эх хэлнээ буулгах авьяас билгээр хязгаарлагдахгүй, нөгөө л сэтгэл хүсэл, сэрэл мэдрэмжээс давсан, мань мэтийн мэдэхгүй, гадарлахгүй тэр л нандин, нинжин “онохуйн” эрдэм авьяас буй заа гэж бодлоо.
Орчуулагч, орчуулгын тухай, бас орчуулагчийнхаа тухай бичихдээ, Акутагавагийн “Аалз” өгүүллэгийн орчуулгыг жишээ татаад: -“... Гайхалтай! Цоодолын маань орчуулга энэ ээ. Өөрөөр хэлбэл, дуун хөрвүүлж байгаа зохиолчийнхоо булгиад байгаа судсыг онохын эрдэм энэ ээ. Амьд морийг амьдаар нь арилжсан нь энэ ээ!...” хэмээн дуу алджээ. Ц.Дамдинсүрэн: “Аливаа зохиолд хүний сэтгэлийг хөдөлгөх чадал буй. Түүнийг орчуулж чадахгүй бол амьд морийг үхсэн мориор арилжсантай адил” хэмээснийг Аким хамгийн тэргүүнд өгүүлсэн нь өөрсдийн мөрдлөг болгодог “амьд морийг амьдаар нь арилждаг” эрхэм чадварыг хэлсэн төдийгүй өнө хойчийн дуун хөрвүүлэгч залууст ч тустай хэмээн бодсоных буй заа. Энэ эрхэм орчуулагчид бол Да эрдэмтний захиа сургамжийг үйлсээрээ ч нотолж яваа, үр хойчдоо ч дамжуулж яваа нь эргэлзээгүй...
Энэ мэтээр, эдгээр боть номын тухай, түүний эргэн тойрон дахь сайхан яриа хөөрөө, үнэлэмж өгүүлэмжийн талаар бичье гэвэл мөхөс миний цаг, цаас, мэдлэг, чадал аль аль нь хүрэхгүй нь мэдээж юм. Тэгсэн хэрнээ “баавгайт чихрээ багын андтайгаа хуваадаг” сэтгэлгээгээр сэтгэл татсан сайхан номыг сөхөж уншаад, сэжүүрхэн хуудаснаас нь ч болов “хуваалцах” гэсэн нь “хэл загатнасан” явдал гэдгийг номын хорхойтнууд нэгэнт ойлгох учраас магадгүй, Д.Цоодолын эдгээр бүтээлийг хараахан уншиж амжаагүй байгаа хүмүүст сонин байж ч магад.
Дөрвөн ботийн үүдийг сөхөж, үгийг нээсэн Монголын утга соёлын дээрх нэрт төлөөлөгчдийн бичсэнээс харахад Д.Цоодол найрагчийн энгийн эгэл, хүний төлөө, тэр тусмаа эгэл боргил хүмүүсийг энэрч хайрладаг сэтгэл, алдаа оноог гярхай ажигладаг, шогч мэдрэг зан, авьяаслаг чанар... гээд л хувь хүнийх нь олон сайхан шинжийг өгүүлсэн нь нэг хүн хэлсэн мэт яв цав таарсан байх юм.
Тэгэхээр хувь уран бүтээлчийн хэн болох нь, ямар хүн байх нь уг бүтээлийн чанар чансаанд ч, уран зохиолын судлал шинжлэлд ч хамааралтай гэж бодогдоно. Сэтгэлээс сэтгэлд хүрдэг нандин нинжин, үгийн урлаг болох уран хийгээд уянгалаг яруу бүтээл өөрөө мөн л тийм нандин эрхэмсэгт дүйцэж байж сая хүмүүний сэтгэлийг соронзон мэт татдаг байх. Энд би элдэв шинжилгээ дүгнэлт хэлэх гэсэнгүй. Харин нутаг амьтай, ард амьтай энэ зохиолчийн уг сэтгэл, ур хийц, уран авьяас шингэсэн зохиолоос өнөө цагийн бид шүүж шүүрч үзвэл эргэцүүлмээр эмзэглэмээр, ухаармаар сэхээрмээр юм их байна шүү гэж бодсоноо цухас дурдъя гэж бодсон юм.
Нөгөө л, сайхан юмаа муу муухай болчих вий, нутаг орон минь, зан заншил минь, хүн минь, мал минь сэвтчих вий, устчих вий гэсэн сэтгэлийнх нь угт хөндүүрлэж явдаг түгшил, хүнээрээ монголоороо бай, “араа бод оо” гэсэн хэн бүхний толгойд тогхийтэл, сэртхийтэл хэлсэн түншил, энэ бүхэн нь билиг авьяасаар нь, бийр бэхээр нь бичигдээд л байдгийг төр засаг минь ч мэдрээсэй, түмэн олон минь ч мэдээсэй гэж бодсон юмаа...
Дуулж дуусдаггүй орчлон бол Д.Цоодолын уран бүтээлийн мөнхийн сэдэв болсон монгол нутаг, хөдөө тал, хөдсөн дээлтэй хөх өвгөд, хөл нүцгэн борхон жаалууд, мал сүрэг, малчин ард юм. Энэ бол үнэхээр дуулж дуусашгүй орчлон. Тэрбээр нэгэнтээ: -Би ч нутаг руугаа л харж хуцаж боргож байдаг халтар банхар юм даа... гэж хэлж байсан сан. Түүний шог ч юм шиг ёжтой хэлсэн энэ үгийн цаана эх нутгаа, газар шороогоо, мал сүргээ, малчин олноо хайрласан, өмгөөлсөн, хойч дараачаа бодсон нэг л сайхан, тийм гэхийн аргагүй нинжин сэтгэл сүү шиг асгарч байдаг.
Д.Цоодолын төрж өссөн нутаг бол Төв аймгийн Бүрэн хэмээх бүлээн дулаан нэртэй сум. Энэ нутгийн ард түмэн цаанаа л нэг учир начиртай санагддаг. Тэрбээр Бүрэнгээ бүрэн байлгах сан, бүх Монголоо бүтэн байлгах сан, мал минь байвал Монгол минь байна, Монгол минь байвал дэлхий байна гэж боддог нь үг бүхнээс нь, бүтээл бүхнээс нь мэдрэгддэг.
Утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор профессор Ч.Билигсайхан агсан: -“Аль ч үеийн бүх юмыг нь үзэхэд, хүнд ухаан задарна гэж нэг цаг байдаг юм, тэр нь энэ Цоодолын хувьд болчихоод байна. Тэрбээр бас нүүдлийн соёл иргэншлийг хамгийн тууштай хайрлаж, хамгаалж бичсээр байгаа хүн...” гэснийг “Өдрийн сонин”-ы нэгэн дугаараас уншиж байснаа би санаж байна. Үнэхээр тэр, үгээрээ, үйлсээрээ үндэстнийхээ төлөө, үр хойчийнхоо төлөө тэмцсээр ирснийг үзэг нэгт нөхөд нь ч, үнэнч олон уншигчид нь ч мэднэ ээ.
Бутны нөмөрт хоргодон хярсан бүжин туулай шиг хөдөөх хэдэн бөмбөгөр бор гэр, түүн дотор амьдарч байгаа, хэдэн малынхаа араас өдөр шөнөгүй шогшсон бөөвгөр хэдэн малчид маань л Монголыг монголоор нь байлгаж байна шүү дээ. Эд бол өмнө нь ч Монголыг авч ирсэн, одоо ч авч яваа улс шүү гэж бодно. Гэтэл одоо газар шороо энд тэндгүй сийчигдэж, ургамал ногоо хатаж, ус агаар бохирдож, хэдэн мал нь хүнтэй юутайгаа зутарч, уух ус, идэх өвсгүй болж байна даа гэж бухимдана. Монголыг монгол байлгаж байгаа бүхнээ, малаа, малчнаа хайрлахсан, хамгаалахсан гэж халаглана. Энэ хэдэн мал, малчид байхгүй бол Монгол ч бас байхгүй гэж эмзэглэнэ. Энэ бүхэн түүний “дуулсаар ирсэн”, “дуулсаар байгаа”, хойшид ч “дуулсаар байх” орчлон юм.
Д.Цоодолын хөдөөгөө дуулсан, хүнээ дуулсан хүүрнэл зохиолыг уншихад өтөг бууц, өрөм зөөхий, аргалын утаа, адуу малын үнэр ханхийж, өвөөгийнхөө гэрт орох шиг, эмээгийнхээ гараар илбүүлэх шиг зөөлөн дулаан аяс мэдрэгдэж, өвөг дээдсээс үр ачдаа зуун зууныг дамнуулан хүргэж ирсэн үгэн шастир тэр аяараа цээжинд урсана. Сэтгэл нь бүтээлдээ шингэж, бүтээл нь эргээд бидний сэтгэлийг сүлж байгаа нь тэр ээ. Нөгөө л До.Цэнджавын хэлснээр, “уран зураач” энэ хүний, үнэнийг үгээр зурсан тэр зургийн өчүүхэн ганц татлага, зурлага, цэг төдийхөн ... бийрийн торгон үзүүр шүргэсэн тэр л хэнд ч ажиглагдамгүй хэрнээ, анзаарсан хүний хараа сэтгэлд бууж байгаа бүхэн заавал нэгийг бодуулна. Үгээр зурж, амилуулж, бүтээж байгаа нь тэр юм. Тухайлбал “Хонгор Намнан” өгүүллэгт: ... “Гэрийн баруун хаяанаас сойсон аарцны хүүдийнээс шар сүү хааяа нэг дуслах, хоймрын авдар дээрх хөлтэй орос цаг түг түг цохилохоос өөр чимээ аниргүй. Хаяагаар орох салхиар агь, саяхны бороонд сэргэсэн ногооны үнэр сулхан ханхалж, үл мэдэг сэрүү татах нь аятайхан. Тооноор харан хэвтэхэд тэртээ дээр хөх тэнгэр, өнгө өнгийн үүл нэг л мэдэхэд байрандаа үгүй болж, оронд нь бас нэгэн үүл гараад ирчихсэн байна. Эсвэл тэнгэр улам хол, улам хөх өнгөтэй болж, тэнд нэгэн бараан шувуу элин халин эргэлдэн ниснэ”... гэжээ. Ийм л чимхлүүр хэрнээ чингэлэгт ч багтамгүй том, чамин хэрнээ цаанаа л бүхнийг тодруулж тодосгож байгаа чамбай дүр дүрслэлийг илэрхийлнэ гэгч зохиолч “зураачийн” өнгө будгийн мэдрэмж, өөрийнх нь мяндсан авьяас юм.
Цааш нь: “...Харин ажсан хүнд гэрийн нь чагтага их содон, чагтага нь нэл хялгас гэсэн үг. Хялгас бүрийг нэг нэгээр нь таньдагсан бол тэр бүгдийн цаана нэгэн бүтэн тууж байгаа гэсэн үг. Адууны наймаанд хэд хэдээр нь үрсэн, морины талд өгсөн, их бага наадамд уяж байсан, сайвар жороо, хатиртай, найр цэнгэлийн газар өөрийнхөө цорын ганц гоёлд бодож явсан сайхан морьдын дэл сүүлний хялгаснаас энд бий юм. Мөн ч олон сайхан хүлэг эмээллэж, олон голын уснаас амсан магнайдаа хүргэж, олон хурдны хөхөл сүүл боож, тохом найр зөндөө л хийжээ гэж бодоход Намнанд сайхан байлаа...” гээд л уншихад үг бүхний нь ширхэгчлэн имэрч тэмтэрч үзвэл өнөө л “хялгас бүрийг нэг нэгээр нь таньдагсан бол тэр бүгдийн цаана нэгэн бүтэн тууж байгаа” гэсэн шиг нь үг бүхнийх нь цаана гүн утга, гүнзгий санаа, ёстой л бүхэл бүтэн үүх түүх оршном.
Зохиолыг уншихад, шар сүүний дуслах, цагны дуугарах чимээ чихэнд сонсогдож, ногооны үнэр хамарт сэнгэнэж, сэрүү татах нь биед мэдрэгдэж, хөх тэнгэр, өнгө өнгийн үүл, бараан шувуу хүртэл өнгө дүрээрээ нүдэнд харагдаж, чагтаганы хялгас бүхэн хурууны үзүүрт тэмтрэгдэж, сүлэрсэн аагтай цай тагнайд амтагдах шиг болно. Ингэж үгийг сонсгож, үнэрлүүлж, харуулж, мэдрүүлж, амтлуулж, таван мэдрэхүйн таашаалыг нарийн хүртээх увидсыг эзэмшсэн энэ уран бүтээлчийн зохиолыг унших хувь та бидэнд тохиосон нь их хишиг. Зураг мэт өгүүлэмжтэй тансаг бүтээлийг унших бүр таван мэдрэхүйгээс цааш ахиж, түүний гүн дэх эрдэнэс баялгийг далдаас нээн гаргах зургаа дахь мэдрэхүй ч хөгжиж тэлэгдэх жишээтэй. Уншина гэдэг ийм л гайхалтай, бүтээнэ гэдэг тийм л гайхамшигтай.
Энэ “жаахан” өгүүллэгийн “том оо” гэгч санааг бүгдийг бичих аргагүй. Насаараа л адуугаа гэж явсан, хонхор дүүрэн хонгор адуут нөгөө муу Хонгор Намнан, хайртай ганц хүүгээ адууны үйлдвэр нутагтаа байгуулна гэдгийг дуулаад, цаад утга учир нь ч юу билээ “адуу” гэдэг үг “агуу” санагдсан юм байлгүй яаж баясаж баярлаж байгааг уншихад ... нөгөө том санаа улам томроод л явчихна...
Д.Цоодолын зохиолыг уншиж байхдаа, оюутан ахуй цагт Цэндийн Дамдинсүрэн гуайтай хийсэн нэгэн уулзалтыг саналаа. Их гүүш Да багштан бидэнд, зохиол бүтээл уншихдаа нарийн няхуур ажигламтгай байх тухай захьсан юм. Тэрбээр хэлэхдээ: -“Зохиол бүтээлийн үйл явдлыг л зөвхөн дагаж, инээх газар нь инээж, бухимдах газар нь бухимдаж унших нь өрөөсгөл. Зохиолд өгүүлэгдэж байгаа үг, үйлдэл, дүр, дүрслэл бүхнийг анзаарч нягталж уншиж бай. Сайн зохиолчийн бүтээлд илүү нуршуу үг, дэл сул яриа, ашиггүй дүр дүрслэл байдаггүй, байх ч ёсгүй. Мэдрэг бай! Жишээ нь л гэхэд, зохиолчийн бичсэнээр гэрийн хананд нэг сэлэм өлгөөтэй байгаа л бол тэр ямар нэгэн чухал зүйлийг өгүүлж байгаа хэрэг. Тэр сэлэм зохиолын үйл явдалд оролцож, зохиолчийн хэлэх гэсэн санаа бодлыг илэрхийлнэ. “Алтан загасны үлгэр”-ийн далайн усны давалгаан, эмгэний шуналын өсөлт хоёрыг харьцуулж хар л даа ...” гэх мэтчилэн олныг өгүүлж билээ.
Түүн шиг Д.Цоодол зохиолчийн дээр өгүүлсэн “чагтаганы хялгас”-ын тухай, тэр хялгас бүхний цаана буй “эзэн” буюу адууны тухай бодол гэхэд л хонгор адуугаараа нэршиж овоглотлоо нутгаа, дээдсээ, ёсоо, малаа хайрласан “Хонгор Намнан”-г илэрхийлж байгаа юм. Үүн шиг нарийн ширийн юмыг Цоодолын уран бүтээлийн хаанаас нь ч харж болно. Ний нуугүй хэлэхэд зарим хүмүүсийн бүтээлээс, Да багшийн хэлснийг бодож, ажиглая гэх аваас төдий л гоц гойд юмыг олж анзаарч чаддаггүй нь уншигч бидний ч, уран зохиолчийн ч хэн хэнийх нь алдаа эндэл байж болох юм.
“Нулимс холоос харагдахгүй”, Зугаатай өдөр”, “Угаасан эсгий малгай”, “Навтарга”... гээд л ер бүх зохиолоос монгол хүний үнэнч шударгуу чигч шулуун зан, энэрэл хайр, эх нутаг, элгэн саднаа гэсэн мах цусанд шингэсэн уугуул бодол сэтгэл, бэрхшээлийн өмнө сөхөрч сөгддөггүй ясны хатуу чанар, монгол хүний холч голч, ухаан харагдана. Түүний хажуугаар амьдралыг шорвог гашуун болгож байгаа бусармаг явдал, буруу тэрслүү хүмүүсийн үг үйлдэл ч эгдүүцэл зэвүүцлийг хүргэнэ. Үнэн шударга байх сан, юмыг өнгөн талаас нь л харахгүй юм сан, өвгөд дээдсийнхээ “өр лүү өшиглөж” ясыг нь өндөлзүүлэхгүй юм сан, хоцрогдож гээгдэхгүйг хичээх сэн, зугаа цэнгэл гэсэн маань зулгуйдал, хаягдал биш байгаа... гэх мэт хувь, хувьсгалгүй бодмоор, өөрсдөөсөө асуумаар юм их байна лээ.
Дүр бүхний нь цаана эзэн, үг бүхний нь цаана үнэн харагдаж, заримдаа зохиолчийн өөрийнх нь хөгжилтэй үг, хөөтэй явдал үзэгдэж, ханагар дүнэгэр далайцтай санаа нь өөрийг нь илэрхийлж, зарим газар нь өрөвдөн хайрлаж, зарим газар нь харуусан халаглаж, түс хийтэл ч инээмээр, түр азнаж ч бодлогоширмоор амьдралын олон өнгө аяс холилдон сүлэлдэн байвч эцэст монгол хүний мөс жудаг, мөн чанарын агуу нь уншсан мэдэрсэн хэн бүхнийг эгээрүүлж сэхээрүүлж, хойшдын зам мөрийг нь тэгшитгэнэ. Ийм жишээ олныг хэлж болно. Ийм болохоор л “сэтгэл зүрхний инженер” гэгддэг уран бүтээлчдийн хэлсэн үг, хийсэн урласан нь хэчнээн жилийн уртад ч элэгдэж баларшгүй мөнхийн хутгийг олдог буй заа.
“Инээд бол нинжин сэтгэл” гэж Л.Толстой хэлсэн байдаг. Инээднийх нь ч цаана, хоржоонтой хошин үгнийх нь ч цаана, эмзэглэл эгдүүцлийнх нь ч цаана нинжин сэтгэл гэрэлтэх сайхан бүтээлийг уншихад ухаан тэлж, урам нэмнэ. Улс орноо хөгжүүлье, мандуулъя гэж хоосон цэцэрхэж хашгирах биш, уураг тархиараа тунгаан бодож, уужуу ухаанаараа алсаа харсан ухаалаг үйл бүтээх сэн гэж уншсан хэн бүхэнд бодогдоно.
Уншаад л эхэлбэл салахын аргагүй энэ номыг нэг л мэдэхэд дуусгачихаад, эргээд л хуудас бүрийг нь буцааж тойруулж эргүүлнэ. “Эргэж ирэхэд ээж сайхан, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан” гэдэг дээ. Эргэн дахин уулзмаар ээж шиг минь ном, эргүүлж тойруулж мөлжмөөр шим шүүстэй бүтээл сайхан. Би л лав дахин дахин уншина, та ч бас тэгэх байх, тийм сэтгэгдэл төрдөг юм билээ. Ердийн л юм, ерөнхий л юм бичлээ, та нар минь уншаад нарийн ширийнийг нь аяндаа мэднэ ээ.
“Ярих хүнтэйгээ дуугүй өнгөрөх нь нөхрийг алднам. Ярихгүй хүнтэй хэлэлцэх нь үгээ алднам. Ухаантай хүн нөхрөө ч үл алднам, үгээ ч үл гээнэм” гэсэн эртний үгийг бодож, уншигч тантай “дуугүй өнгөрөмгүй” санагдаж, эрхэм найрагчийн ч, эгэлгүй бүтээлийн ч аль алиныг “алдаж боломгүй” бодогдож, ухаант хүн эс гэхэд уншигч хүний хувьд, Дөнгөтийн Цоодолын дөрвөн ботийг дөнгөж “сөхөх” төдийд төрсөн зурвасхан сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцахад ийн буюу.