“Сумын наадмын талбайг өдөржин тойрох морьдоос суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу” гэж ардын уран зохиолч Д.Пүрэвдорж шүлэглэсэн нь бий. Хөх униартай хөдөө нутагт нээрэн л эмэгтэй, эрэгтэйгүй сайхан морь унаж наадацгаадагсан. Сум цаашлаад баг хүртэл хэр чинээндээ тохирсон наадам хийнэ шүү дээ. Сайхан зассан эмээл, хөнгөн хөлтэй, явдалтай морь наадмын чухал гоёл. Наадмаар унах морио хагсраана, дэлийг засна. Ингэж морио өөртэйгээ адил гоёно доо. Сумын наадам яагаад ч юм сайхан санагддаг. Бөх, морьд нь байгалиараа, ахуйгаараа байдаг учраас тэр биз.
Манай ангийнхан гэж 20 гаруй морьтон наадмаар хэлхэлддэгсэн. Хорин морьтон зэрэгцээд явахад сумын төвийн гудамж нарийддаг ч, хэнийх нь морь хурдныг үзэх гэж тарлана. Арваад жилийн өмнө ийм л байлаа. Хүн бүр наадмаар морь унадаг байж. Сумын наадмын талбайг тойруулан зоосон модон хэцэнд морьд багтаж яддаг тийм л сайхан байлаа. Урьдын юм ул болж, сумын наадмын өнгө өөрчлөгджээ. Хөгшин, залуу, эмэгтэй, эрэгтэйгүй хятад мотоцикль, япон машин хөлөглөж наадацгаадаг болсон, орчин цагийнхан. Наадмын талбайг тойроод улаан, ягаан, хар, ногоон мотоцикль ирийж харагддаг болсон байна лээ.
Бидний эрийн гурван наадамтай орчин цагийн техник зохицохгүй нь ойлгомжтой. Үндэсний баяраа хэлбэр, агуулгыг нь бүрэн цогцлоож тэмдэглэвэл сайхансан. Уг нь биднийг морьтон монгол гэдэг дээ. Сумынхаа наадмаар мотоцикль биш, морио унаж наадацгаая. Хаа сайгүй морь унахаа больсон сураг сонсогдох юм. Малаа мориор хариулахгүй, мотоциклиор малаа адгуулж байгаа хүмүүс яаж ч наадмаараа морь унах вэ? Гэвч биднийг дэлхийд морьтон монгол гэж мэднэ. Бидний түүхийг адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Бүдгэрсээр байгаа адууны соёлоо авч үлдэхийн тулд үндэсний баяр наадмаараа ч болтугай морио унадаг болцгооё.
Т.ЭНХБАТ