Тэдний аймшигт үйлдлүүд нийгмийг цочроон, хүн ёсны төдийгүй гэмт хэргийн ертөнцийн өөрийн гэсэн “хуулийн” заагийг хүртэл зөрчдөг. Тэдний гэмт хэргийн сэдэл бол ердөө л таашаал. Тэрхүү таашаалын үнэ цэнэ хүний амь. Тэд өөрсдийгөө хүн төрөлхтний хамгийн адаг гэдгээ ойлгодог ч, хүн алах аймшигт хүслээсээ хэзээ ч татгалздаггүй. Тэдний нэг нь л хэдэн сая хүнтэй хотыг ч айдаст авахуулж чаддаг. Тэд өөрийн гэсэн арга барилтай, бас өөрийн гэсэн аймшигт түүхтэй. Тэд бол маньякууд.
Новокузнецк бол ОХУ-ын Сибирийн бүсийн том хотуудын нэг. Нэг сая гаруй оршин суугчтай тус хот харьцангуй тайван газар байсан. Гэхдээ 1996 онд гарсан цуврал аллага энэ хотынхны амгалан байдлыг алдагдуулсан юм.
Зуны эхэн сар гарч, сургууль цэцэрлэгүүд амарсан үе байлаа. Байгаль хамгаалах газрын нэгэн ажилтан хотын баруун захаар урсдаг Аба голын эрэг орчим ажиллаж байгаад аймшигтай зүйл олжээ. Нэг биш, хэд хэдэн цогцос. Их биегүй гар, хөл, мөчилсөн цээжин хэсэг гээд бүгд хүүхдүүдийнх аж. Ийнхүү эрэмдэглэсэн цогцоснуудыг голд хаясан байв. Нэг хоногийн дараа дахин хоёр хүүхдийн цогцос олдлоо. Бас л хэдэн хэсэг болгон, мөчилсөн аж. Хоёр өдрийн дотор зургаан охин, гурван хүүгийн цогцос олджээ. Тэднийг гадаа биш, байшинд алж, мөчлөөд дараа нь год хаясан байна гэдгийг шинжээчид анхны үзлэгээрээ тогтоов.
Хохирогч хүүхдүүд эмзэг давхаргынх байлаа. Тухайн он гарнаас хойш Новокузнецк хотод 130 гаруй хүүхэд гэрээсээ дайжсан байв. Тэд эцэг эхийн зодуур, дарамт, архидалтыг тэвчилгүй зугтжээ. Эрлийн баг юуны түрүүнд сэтгэцийн эмнэлэгт бүртгэлтэй өвчтөнүүд, бэлгийн гаж чиглэлтэй хүмүүсийг судалж байлаа. Тэгтэл ердөө хоёр долоо хоногийн дараа 14 настай Лена Сахарова, 15 настай Оля Никитина гэдэг хоёр охин алга болов. Охид хаачсан байж болох вэ. Тэднийг хамгийн сүүлд хотын төвд автобусны буудал дээр харсан гэрч байдаг. Өмнөх хохирогчдын цогцос олдсон болон хоёр охин хамгийн сүүлд үзэгдсэн газрыг мөрдөгчид судлаад гэмт хэрэгтэн хувийн унаатай байх гэсэн хувилбар гаргалаа. Ингээд хувийн тэргэндээ хүүхэд суулгаж яваа бүх жолоочийг шалгах даалгаврыг Замын цагдаагийн газарт өгөв. Арав гаруй хүнийг саатуулан шалгаж, хараандаа авлаа. Хотын цэнгээний газар, клубууд, хар тамхмчдын цуглардаг байр гээд муу зүйл болох магадлалтай бүгдийг шалгав. Хоёр охиныг харсан хүн олдсонгүй. Тиймээс тэднийг барьцаалсан байх гэсэн хувилбар гаргав. Хотод кавказчуудыг хэд хэдэн бүлэглэл байдаг аж. Жижиг сажиг зөрчлөөр баригдсан кавказчууд алга болсон хүүхдүүдтэй ямар ч холбоогүй, хэзээ ч хүн алахгүй гэдгээ хэлж байв. Хэрэв хүүхдүүдийг барьцаалаагүй бол илрүүлэхэд хэцүү нэг хувилбар бий. Тэр бол хүний эд, эрхтэний наймаа. Новокузнецк хот төдийгүй мужийн бүх эмнэлэг, Эрүүл мэндийн төв, анагаах ухааны сургуулиудыг нууц хяналтад авч, мэс заслын эмч нарыг судалж эхлэв. Дотоодын, олон улсын нислэгийн тээшийг ч нарийн шалгах болов. Ямар ч эд мөрийн баримт гарч ирсэнгүй. Алуурчид цогцсыг “чамбай” мөчилдөг гэхээс өөр мэдээлэлгүй мөрдөгчид Новокузнецкийн зэргэлдээх хот, тосгодын Ан агнуурын нийгэмлэгийн гишүүдийг ч судлав. Нэмэр болсонгүй.
Ингээд тав дахь хувилбар буюу хүүхдүүд мухар сүсэгтнүүдийн золиос болсон байх гэсэн таамаг дэвшүүлэв. Мужийн хэмжээнд анхаарал татахуйц тийм 4-5 бүлэглэл байдаг аж. Гэвч шалгалт, судалгаа бас л юунд ч хүрсэнгүй. Гэхдээ өргөн хүрээтэй эрэл хайгуулын үр дүнд гэрээсээ дайжиж, сураггүй болсонд тооцсон байсан олон хүүхэд олдсон нэг сайн талтай. Гэвч мөчлүүлсэн есөн цогцос, алга болсон хоёр охины талаар ямар ч ахиц гарахгүй хэвээр. Алуулсан есөн хүүхэд бүгд нэг дүүрэг, нэг хорооллынх төдийгүй нэг сургуульд сурдаг байсан бөгөөд алга болсон өдөр нь адил байлаа. Нэгэн хүү хамгийн сүүлд тэр есийг барьж буй барилгын талбай дээр байхыг харсан байдаг. Түүнээс өөр гэрч олдсонгүй. Гаж донтнууд хэзээ нэгэн цагт алдаа гаргаж, баригдана гэж найдах л үлдээд байв. Тэд цусанд шунах тусам сэрэмжээ алддаг.
Энэ үед зэргэлдээх Тольятти хотоос “Долдугаар сарын 20-нд цэргийн анги байрлаж байсан хотхоны бункерээс зургаан настай охины цогцос олдлоо” гэсэн яаралтай мэдээ ирлээ. Эрлийн багийн ахлагч тэр хот руу яаравчлан хөдлөв. Зургаан настай бяцхан охиныг хүчиндээд, боож алсан байв. Энэ удаа харин гэрч олджээ. Охиныг тоглоомын талбай дээр нэг эрэгтэй хүнтэй яриад, зогсож байхыг хүн харжээ. Түүний ярьснаар сэжигтний төрхийг бүдүүвчлэн гаргаж, өмнө нь ял эдэлж байсан 30 настай Олег Рылов мөн болохыг тогтоолоо. Тэрбээр хүчингийн хэрэгт сэжиглэгдэн, зургаан сар эрэн сурвалжлагдаж байжээ. Түүнийг баривчлах гэж нэлээд юм болсон аж.
Тольятти хотын захаас нэгэн эр хуурамч мөнгөн дэвсгэртээр наймаа хийх гэж байгаад эргүүлийн цагдаа нарт баригджээ. Бичиг баримтгүй байсан ч, өөрийгөө Николай Ященко гээд, амьдардаг хаягаа ч хэлж. Хуурамч дэвсгэртийн талаар тэрбээр “Би ч мэдээгүй” гэж тайлбарлав. Ингээд зөвшөөрөлгүйгээр хотоос явахгүй гэдгийг сануулаад, гарын үсгийг нь зуруулаад түүнийг тавьж явуулсан байна. Гурав хоногийн дараа Ященкогийн гэрийн хаягаар зарлан дуудах бичиг явуулсны дагуу цагдаагийн газарт өнөөх эрээс огт өөр нэгэн залуу ирсэн нь мөрдөгчдийг сандаргаж, цочоов. Тэрбээр Николай Ященко мөн бөгөөд бичиг баримтаа ч үзүүлэв. Цагдаагийн ажилтнууд өөрийнх нь нэрийг барьсан этгээдийн гадаад төрхийг хэлтэл Ященко “Тэр чинь манай найз Рылов байна шүү дээ” гэж уулга алджээ. Найз нь Новокузнецк явах гэж байсан талаар ч Ященко хэлсэн байна.
Тэгэхээр Новокузнецкийн алуурчин өөр хотоос ирсэн байх нь ээ. Тэр даруй Новокузнецк хот даяар Рыловын зургийг тараав. Гэтэл Тольятти хотоос “Рыловыг баривчилсан” гэж цахилгаан утас илгээжээ. Гэмт этгээд хотоосоо гараа ч үгүй байжээ. Тэрбээр удаах хохирогч эмэгтэйд хүч хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Олег Рылов айлуудын хаалга тогшин, ганц бие эмэгтэй, хүүхэд байвал ус өгөөч, эсвэл түргэн тусламж дуудаж туслаач гэж худал хэлж гэрт нь ороод, бузар үйлдлээ хийсний дараа хохирогчдыг алж, мөнгө, эд хогшлыг нь хулгайлаад явдаг байжээ. Гэхдээ гэмт этгээд Новокузнецкийн тухай огт ярьсангүй. Түүнийг байцааж байх үед Новокузнецк хотоос өсвөр насны гурван охин алга болсон мэдээ иржээ. Хохирогчдын нэгнийх нь толгой олдсоныг ч мэдээлсэн байна. Гурван охин Рыльковыг баригдсанаас хойш алга болсон аж. Новокузнецк хотын хүүхдүүдийг өөр этгээд ангуучилж байгаа нь тодорхой болов.
Гурван охин хамтдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Тэд нэг өдөр гэрийнхэндээ болон эмнэлгийнхэнд хэлэлгүй бүжгэнд орохоор эмнэлгээс оргосон байна. Ер нь өвчтөнүүд эмнэлгийн хоолонд цаддаггүйг мэдсэн мөрдөгчид ойр хавийн дэлгүүр, үйлчилгээний төвүүдийг шалгажээ. Тэд зөв тооцоолжээ. Ойролцоох хүнсний дэлгүүрийн худалдагч гурван охины зургийг хараад таньсан аж. Тэд ус худалдаж авахдаа чанга чанга ярилцаж байсан, мөн нэг хижээл эмэгтэй тэднээс тусламж хүсэхэд дагаад явсан тухай худалдагч тодорхой ярьжээ. Хүүхэд алдаг эмэгтэй цуврал алуурчин гэмт хэргийн түүхэнд гараагүй тул мөрдөгчид хүний наймаа гэсэн таамаг дэвшүүллээ. Харин биегүй болсон толгойны хувьд бусдыг нь айлгах зорилгоор нэгээр нь золиос хийсэн гэдэг хувилбар гаргажээ. Ингээд нөгөөх дэлгүүрт байсан гэх эмэгтэйн төрхийг хар зургаар гаргаад дүүргүүдийн цагдаагийн газарт тараав. Тэгтэл нэгэн хэсгийн төлөөлөгч зургийг хараад л Пионерын гудамжны 52 дугаар байрны 357 тоотын Людмила Спсисивцева байна гэжээ. Түүний талаар хөршүүд нь ам сайтай байсангүй. Тэднийхээс байсхийгээд л ус алддаг, байнга хөгжмөө чанга тавьж түвэг уддаг гэж хэл ам таталдаг тул хэсгийн төлөөлөгч сайн санаж байв. Цагдаагийн бүрэлдэхүүн Спесивцевийн гэрт очиход эзэнгүй байлаа. Тэр эмэгтэй 26 настай Александр хүүтэйгээ хамт амьдардаг боловч, тэр нь Орлов хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөрдөн байцаагчид Списевцевийнхийг байнга ажиглаж байхыг хэсгийн төлөөлөгчид нь үүрэгдээд буцав. Ердөө маргааш нь Пионерын гудамжин дахь 357 тоот айлын талаар орон сууцны контороос гомдол ирэв. Дулааны шугам сүлжээнийхэн халаалтын асуудлаар шалгалт хийж, айлуудаар орох шаардлагатай байхад 357 тоотынх удаа дараа хаалгаа тайлж өгөхгүй байгаа тул хүчээр онгойлгох арга хэмжээ авч өгөх хүсэлт тавьжээ. Гэрийн эзэн хаалганы цаанаас “Би хаалга тайлж чадахгүй. Би сэтгэцийн өвчтэй болохоор ээж гаднаас цоожлоод явсан” гээд байж. Энэ мэдээ эрлийн багийханд тэр даруй хүрэв. Мөрдөгчид Орел хотын сэтгэцийн эмнэлэгтэй холбоо барьж, Александр Спесивцевийн талаар тодруулахад хоёр жилийн өмнө гарсан гэсэн хариулт өгчээ. Эрлийн багийнхан тэднийх рүү яаравчлан хөдөллөө.
Энэ хооронд хэсгийн төлөөлөгч залуу орон сууцны конторын слесарийн хамт Свесивцевийн гэрийн хаалгыг эвдэн орлоо. Амьсгалахын аргагүй өмхий, муухай үнэр хамрыг нь сэтлэх шахав. Унтлагын өрөөний паарнаас хүлээстэй, нүцгэн охин дөнгөж амьтай байлаа. Гэрийн эзэд алга. Хэсгийн төлөөлөгч гэр доторхийг тойруулж хараад, угаалгын өрөө рүү шагайснаа гэдэргээ савж, унан тусав. Усанд ордог онгоцонд гар, хөлгүй цогцос байв.
Паарнаас хүлээтэй хөөрхий охины гар хугарч, хамаг бие нь хөх няц, бас хэвлийдээ хутганы шархтай байлаа. Тэрбээр алга болсон гурван охины нэг аж. Охины анхны мэдүүлэг. “Эмээ хаалганы цоож гацчихлаа, туслаач” гэхээр нь бид гурав дагаад гэр рүү нь явсан” гэлээ. Тэгэхээр эмээ гурван охиныг 357 тоотод авчирсан байх нь. Людмила Спесивцеваг маргааш нь саатуулжээ. Төлөөлөгч хаалга эвдэж байх хооронд түүний хүү Александр цонхоор зугтаж амжсан байлаа. Дөрөв хоногийн дараа өлсөж, даарч, арчаагаа алдсан түүнийг байрных нь гаднаас баривчлав. Гэрээс гардаггүй, ээжийнхээ гарыг хараад сурчихсан, 26 настай эр биеэ дааж амьдрах чадваргүй аж.
Александр 1991 онд Женя гэдэг бүсгүйтэй танилцаж, болздог байжээ. Тэдний харилцаа хэдэн сар л үргэлжилсэн байдаг. Александр бүсгүйд гэрлэх санал тавихад, яагаад ч юм бэ, “Ингэж ярихад арай эрт байна” гээд татгалзжээ. Гэтэл Александр түүнийг шалихгүй зүйлээр шалтаглан зоджээ. Бүсгүй түүнээс салах нь зөв гэж шийдсэн ч хожимдсоноо ойлгожээ. Галзуу эр түүнийг гэртээ бүтэн сар хорьж, элдэв янзаар тамласаар аминд нь хүрсэн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бүсгүй тураалд орсон, цус нь бохирдон халдварласнаас болж нас барсан нь тогтоогдсон байдаг. Бүсгүйн бие тэр чигтээ идээт шарханд баригдсан байсан тул үхлийн жинхэнэ шалтгааныг тогтоож чадаагүй байж ч болох. Алуурчин залууг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж үзжээ. Үүнээс гурван жилийн дараа эмч нарын комиссоос Александр Спесивцевийг эдгэсэн гэсэн магадлагаа гаргаж, эмнэлгээс гаргажээ. Тэрбээр Пионерын гудамжин дахь гэртээ эргэж ирээд, хөгжмөө улам чанга тавих болов. Золгүй Женяг гэртээ хорин, яргалж байхдаа Спесивцев түүний хашгирахыг дарахын тулд хөгжмөө эцэст нь тултал чангалдаг байж. Хөгжмийн нүргэлэх чимээний хажуугаар үе үе эмэгтэй хүний аймшигтай чарлах нь сонсогддог байсан талаар хожим хөршүүд нь ярьсан байдаг. “Манай гэрт л болоогүй бол, манай хүүхдийг л зодоогүй бол” гэсэн хайхрамжгүй, хувиа бодсон зан арваад хүүхдийг хорвоогоос явахад хүргэсэн гэж болно.
Спесивцев сэтгэцийн эмнэлгээс гарахдаа сэтгэлээ асар их үзэн ядалтаар дүүргэсэн байжээ. Эмнэлэгт түүнийг хэрхэн дарамталж, дээрэлхэж байсан нь эрүүл бус сэтгэцэд нь улам муугаар нөлөөлсөн бололтой. Үүний хажуугаар түүнийг бэлэг эрхтэнийх нь өвдөлт зовоож байв. Тэрбээр хэдэн жилийн өмнө нэгэн мэдэмхий нөхрөөр эрхтэнийхээ арьсан доогуур тугалган үрэл суулгуулсан нь ийнхүү шаналгаат өвчин болж хувирчээ. Тэрбээр галт тэрэгний буудлаар эргэлддэг архичид, траншейныханд хямдхан архи авч өгөөд, яриа дэлгэх дуртай байж. Архинд баярласан тэд солиотой эрийн яриаг их л анхааралтай сонсох нь Александрт таалагддаг байв. Тэрбээр ингэж явахдаа тэнд Лена Тругодатай танилцаж, гэртээ урьсан байна. Бүсгүй 357 тоот хаалгаар ороод, хэзээ ч буцаж гархааргүй болсон аж. Сарын дараа өөр нэг эмэгтэй алуурчны занганд орж, амиа алджээ. Гэмт хэрэгтний ярьснаар бол тэр хоёр бүсгүйтэй загас наадуулах гэтэл өнөөх эрхтэн нь болж өгөөгүйд уурлаад, алчихсан гэх.
Алуурчин эр удалгүй хүүхдүүд сонирхох болов. Анхны олзоо удаан хайсангүй. Баригдаж буй барилгын дэргэд тоглож байгаа хэдэн хүүхдийг тамхиар дайлан, итгэлийг нь олж авсан байна. Тэгээд чинээлэг айл тонох санал тавихад хүүхдүүд дагаад явсан байдаг. Алуурчны гэрт ороод хүүхдүүдийн зарим нь хэрэг биш болсныг гадарлаад, хашгирч эхэлжээ. Тэгэхээр нь солиотой залуу 8-13 насны есөн хүүхдийг нүд ирмэхийн зуурт хутгалаад хорвоогоос арчсан аж. Тэгээд үүднийхээ өрөөнд овоолоод, дээрээс нь бүтээлэг хаяжээ. Дөрөв хоногийн дараа цогцсуудаас муухай үнэр ханхалж эхлэхэд Александр ээждээ “Эднийг гаргаж хая” гэж тушаасан гэдэг. 60 нас гарч яваа Людмила Спесивцева цогцсуудыг мөчлөөд, шөнө дөлөөр хоёр хувингаар зөөж, ойролцоох гол руу хаяжээ. Ингэж эх, хүү хоёр “махны машин” болжээ.
Лена, Оля хоёр алга болох үед алуурчин ид донтсон байлаа. Тэрбээр хохирогчдын махаар хооллодог болжээ. Хайрт ээж нь хоолыг нь бэлдэж өгнө. Байцаалтын үеэр Людмила Спесивцева тэр бүхэнд хамаагүй, цогцсуудыг мөчлөөгүй, махаар нь хоол хийж идээгүй гэж мэлзсэн ч, гэрчийн мэдүүлэг өөрийг өгүүлнэ. Алга болсон гурван охиноос амьд үлдсэн Вера “Эхлээд Настяг шууд л алсан. Түүнийг азтай гэж Нина бид хоёр ярьж байсан. Яагаад гэвэл тэр тамлуулж, зовоогүй. Александр “Настягийн цогцсыг мөчил” гэж Нина бид хоёрыг тушаасан. Үгэнд нь орохгүй болохоор тэр биднийг хутгаар сийчсэн. Эмээ Настягийн махаар банш хийгээд бидэнд өгсөн. Бид найзынхаа махыг яаж идэх юм бэ. Харин тэдний нохой Настягийн ясыг мэрж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Энэ бол хөөрхий охины хамгийн сүүлчин мэдүүлэг байв. Тэрбээр долоо хоногийн дараа шархаа даалгүй нас баржээ. Гаж донтон Александр Спесивцев нийт 20 хүний аминд хүрснээ хүлээжээ. Гэхдээ энэ тоо худлаа гэдгийг гэрээс нь олдсон 40 гаруй хос ээмэг, цусаар будагдсан 82 хос хувцас гэрчилнэ. Тэр дунд 3-4 настай хүүхдийн алгын чинээ гутал ч байсан гэдэг.
357 тоотын “махны машин” дээрх хэргүүдээс өмнө 25 жилийг тэртээгээс ажиллаж эхэлснийг мөрдөн байцаалтын үед тогтоожээ. Дөнгөж ашиглатад орсон байрныхан хөршүүдтэйгээ танилцахыг хүсдэг байсан ч Спесивцевийнхэн зожиг, хаалттай айл байжээ. Охин, хүү хоёртой ганц бие Людмила Спесивцева өөрийгөө азгүй хүн гэж насаараа бодож ирж. Түүний ганц баяр баягалан, амьдралын утга учир нь хүү Александр нь байв. Тэрбээр багадаа үргэлж өвддөг байсан тул 12 нас хүртлээ эхийнхээ өвөрт унтдаг байж. Ээж шигээ зожиг, ааш муутай Александр сургуульд ороод ч найз нөхөдтэй болоогүй аж. Түүнд эх нь үзэн ядах сэтгэлээ “өвлүүлсэн” байж болох. Людмила хүүгээсээ эрүүл чийрэг, чадалтай хүүхдүүдийг үзэн яддаг байв. Тэр сэтгэлээ хүүгээсээ ч нуудаггүй байсан гэнэ.
Тэр үед Людмила дүүргийн шүүхэд өмгөөлөгчийн туслахаар ажилладаг байсан бөгөөд гэртээ янз бүрийн хавтаст хэрэг, ялангуяа эрэмдэглүүлсэн цогцсуудын зургийг авчирч үзэх дуртай байв. Тэр бүгдийг хүүдээ ч үзүүлдэг байж. Тийм зургууд хараад хүүд сонин мэдрэмж төрдөг байсан талаар алуурчин ярьсан байдаг. “Хүн алахгүй удахаараа хүүгийн минь бие өвдөж, үхэх гээд байдаг болсон. Хүүгээ л гэсээр нэг мэдэхэд хам хэрэгтэн болсноо хожуу ойлгосон” гэж мэдүүлсэн ээжийг хүүтэй нь нүүрэлдүүлэхэд хийсэн нүглээ бие бие рүүгээ чихэж байсан гэдэг. Людмила Спесивцевад 15 жил чанга дэглэмтэй шоронд хорих ял оноосон бол хэрэг хүлээх чадваргүй гэж үзэн хүүг нь сэтгэцийн эмнэлэгт албадан эмчлүүлэхээр явуулжээ. Тэр эдгэрэх, эсэх нь эргэлзээтэй. Гэсэн ч 2002 онд суллагдсан Людмила хүүгээ эмнэлгээс гаргаж авахаар хөөцөлдөж байгаа гэнэ, бурхан минь.
Н.ЭНХТҮВШИН