Энгийн нэгэн монгол уяачийн нэг өдрийн ажил хөдөлмөрийг уншигч авхай танд танилцуулахаар өнгөрсөн баасан гаригийн өглөө үүр хаяарахтай зэрэгцэн Улаанбаатараас Хүй долоон худаг руу жолоо мушгилаа. Бидний зорин очиж буй Санжаагийн Ганболд гуай будан хонгор үрээгээ Ардын хувьсгалын 90, 91 жилийн ойн баяр наадмаар хязаалан, соёолон насанд нь дөрөвт хурдлуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрч, наадамчин олонтойгоо мэндчилээд үзчихсэн эр. Дээлтэй болгон барилдаад түрүүлдэггүй, дэлтэй болгон уралдаад айрагддаггүй босго өндөр наадамд хурдан хүлгийнхээ торгон жолоог өргүүлэх нь хэн хүнд хялбар тохиодоггүй зол заяа билээ. Бас түүний нэрийн өмнө аймгийн алдарт уяач гэсэн тодотгол бий. Эртнээс эдүгээ хүртэл хурдан хүлэг морио уяж, сойж уралдуулж ирсэн Хүй долоон худагт энэ жил ган нүүрлэжээ. Хамар хатгах хэнз ногоо ч алга. Хувхай цайгаад цаанаа нэг л урамгүй. С.Ганболд гуай Галзуу харын худагаас баруунтай уяа шушгаа засчээ. Зургаан цагийн орчимд бид С.Ганболд гуайн цэнхэр асрын дэргэд дөрөө мулталлаа. Тэрбээр уяа шушганыхаа хавь ойрыг цэвэрлэж байв. Монгол ёсоор мэнд мэдэлцээд, биднийг цэнхэр асартаа урилаа. Том цэнхэр асрынхаа дотор талд майхан барьчихаж. Тэндээ унтдаг гэнэ. Майхнаасаа нарны дэлгэц гаргаж ирээд асрынхаа баруун хурд хэсгээс дүүжлэв. Өдөржин цэнэглэхэд нарны цэнэг хураагуур майхныг нь шөнөжин гэрэлтүүлчихдэг гэж тайлбарлав. Бас ч үгүй цэнэг хураагуур нь чамбай эд аж. Бүх төрлийн гар утасны цэнэглэгч, хөгжимтэй. Хөгжмийг нь тоглуулбал морины дуу хадах аж.

Төд удалгүй уяач Н.Энхбаатар хурдан морьдоо хойд зүгээс тууж ирэв. Усалчихаад ирж буй нь энэ. Арваад морьд асрыг бүслээд авлаа шүү. Зарим нь нуруу шөргөөж байна. С.Ганболд гуай “За хоолоо нэхээд эхэллээ. Тэжээлийг нь өгье” гээд ухасхийв. Морь болгоны толгойд ууттай тэжээл зүүгээд авлаа. Хурдан хүлгүүд овъёосоо амтархан иднэ. Зарим нь ч гялалзуулаад дуусгаж байна. Зарим нь ч аргасан аятай зажилж ядах аж. Тэрбээр “Адуу бүр өөр өөр араншинтай. Хоолоо хурдан, удаан иддэг хүн байдаг шүү дээ. Хүнтэй л адилхан” гэв. Том насны адуунд гурван кг, жижгүүдэд нь арай бага тэжээл өгдөг юмсанж. Хооллож дууссан морьдоо хэцнээс нь уялаа. Уяаныхаа эхэнд улсын наадамд хоёр айрагдсан мөнөөх будан хонгор морио уяв. Дараа нь соёолон, хязаалан, шүдлэн, даагаа уялаа. Тэрбээр энэ жил соёолон, хязаалан, шүдлэн, даага нийлсэн арваад морь сойж байгаа аж. Мөн түүний дүү С.Ганбаатар энэ жилээс морь уяж эхэлжээ. С.Ганбаатар, уяач Н.Энхбаатар нарынхтай нийлээд тэдний шушган дээр 20-иод алтан туурайт хүлэг шилгээх авай.
Морьдоо уясаны дараа асрын үүдэнд олбог дэвсэж, гэрийн жижиг зуухандаа аргал өрдөн цай үйв. Энэ зуураа С.Ганболд гуай зуухныхаа ид шидийг танилцууллаа. Тэрбээр “Яндан нь хоёр салдаг юм. Зуух нь бас хоёр сална. Хоёр ээлжийн тогоотой. Нэгэнд нь цайгаа чанаад, нөгөөд нь хоолоо хийчихнэ” гэж ярилаа. Цай ч тэр дороо буцалж, хээрийн бор цай оочин, боорцог идэцгээв. Тэдний шушга тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, манлай уяач “Дааган Цэндээ” хэмээх Ц.Цэнд-Аюуш, Гов-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Улсын алдарт уяач Т.Гантөмөр, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Улсын алдарт уяач Ц.Гантөмөрийнхтэй саахалт буужээ.

Бидний яриа хөөрөө мэдээж хурдан морь гэсэн сэдвээс хэрхэн холдох билээ. Будан мориных нь хөл “болохгүй”, уралдуулахгүй байгаа гэнэ. Гэсэн ч хурдан үрээнүүдийнхээ эхэнд уяж, хийморийн бахдал болгодог юмсанж. Хөлнийх нь рентген зургийг Нидерланд улсын мал эмнэлэг рүү явуулж оношлуулж, эмчилгээнийх нь аргыг заалгажээ. С.Ганболд гуай “Манайхантай ойролцоо онош тавьсан байна лээ. Удаан хугацаанд эмчлэх арга зөвлөсөн” гэв.
С.Ганболд гэж үг цөөтэй, үл мэдэг инээмсэглэж ярьдаг, дөлгөөн эр “Тунгалаг тамир” киноны Цахиур Төмөрийн дүрийг санагдуулах аж. Улаанбаатар хотод аав, ээжийгээ оюутан ахуйд төрсөн тэрбээр Говь-Алтай аймгийн Халиун суманд хүүхэд насаа өнгөрүүлжээ. Эдийн засагч мэргэжилтэй аав нь Халиунд сум, нэгдлийн даргаар олон жил ажилласан байна. С.Ганболд наймдугаар ангиа төгсөөд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсыг зорьж, техникум төгсөж, цахилгаанчин мэргэжил эзэмшчээ. Сургуулиа төгсөөд удаагүй байтал улс орон зах зээлийн нийгэмд шилжив. Ингээд наашаа цаашаа панз наймаа хийж, борви бохисхийлгүй ажилласны хүчинд чамгүй чадалтай болжээ. Тэр Халиун сумандаа хурдан хүлгийн зоонд дарцаглаж өссөн хүүхэд гэнэ. Бас болоогүй 12 настай хүү аавынхаа нормын морийг уяж явснаа дурсав. Нэг өдөр түүний аавтай үл таних өвгөн ирж уулзжээ. Өвгөн “Нэгдлийн сайн зээрд үрээг агтанд өгчихлөө. Авч үлдэх хэрэгтэй байна. Чи нэг юм бодооч” гэж ааваас нь гуйжээ. Хэдэн хоногийн дараа сартай зээрд үрээ тэдний уяан дээр байв гэнэ. Аав нь өвгөний гуйлтыг биелүүлж зээрд үрээг нутагт нь үлдээсэн юм байж. Ингээд өөрийн нормын морь болгон өртөөний адуунд тавьжээ. Хүү ч зээрд үрээг унах дуртай. Наадам ч дөхөж, тэр жил “Гулжаан” хэмээх Бааран гуайн хурдан морийг унажээ. Бааран гуай соёолон насны морь сойгоогүй байсан тул зээрд үрээгээ уяхыг Ганболд хүүд зөвлөв. Ингээд анх удаа морь уяж, өөрөө унаж хуралдсан түүхтэй гэнэ. 12 настай хүүгийн зээрд үрээ сумынхаа наадамд 12-т давхисан гэнэ лээ.

С.Ганболд гуай 2000-аад оноос Сэлэнгэ аймгийн Орхон суманд газар тариалан эрхэлж эхэлсэн байна. 2005 онд Орхон сумын наадам дөхөж байх үест соёолон насны морины бай мөрийг даахаа амлажээ. Нэгэн залуу ирээд “Та азарганы бай мөрийг даахгүй юм уу. Манай ахын азарга их хурдан байгаа” гэжээ. Тэгэхээр нь “Түрүүлээд ирвэл би бай мөрий өгье” гээд явуулчихаж. Тэгээд нэмж нэг бай мөрий бэлдсэн гэнэ. Наадам ч болж, мөнөөх залуугийн ахын хонгор азарга түрүүлж, С.Ганболд гуай ч байлжээ. Баярласан азарганы эзэн гэртээ очоорой гэж урьсан байна. С.Ганболд тэдний очоод нэг унагатай гүү худалдаж авчээ. Энэ цагаас хойш адуу цуглуулж, морь уяж эхэлсэн аж. 2007 онд овооны наадамд соёолон үрээ нь түрүүлж, мотоциклиор шагнуулсан нь анхны том бай болсон гэнэ. Тэр жилээ нөгөөх хонгор азаргыг найман сая төгрөгөөр худалдаж авчээ. Ингээд эргэлт буцалтгүйгээр “моринд оров” гэнэ. Дарханы наадамд хоёр даага шөвгөрүүлээд баахан урамшжээ. “Хонгор азарга маань Эрдэнэтийн бүсийн уралдаанд хошуу татаж яваад халтираад хөл нь доголчихсон. Дахиж уяагүй ээ. Хонгор азарганы маань төл голдуу эр. Найз нөхдөд бэлэглэсэн, худалдсан төл нь давхихгүй байна гэж сонсогдохгүй л юм” гэв.
Монголын Морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн 2010 онд түүний адууг очиж үзээд “Та улсын наадамд очоод уралдахад айхгүй адуутай хүн байна. Улсын наадамд уралд” гэж ятгажээ. Ингээд Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд бэлтгэн П.Сэргэлэнгийн хамтаар Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн “Талын хүлэгч” галыг бараадан уяа шушгаа хатгасан байна. Будан хонгор үрээ нь сунгаануудад өнгөтэй байлаа. Ц.Дуламсүрэн уяач түүнтэй танилцаж, зааж зөвлөх болжээ. Тэрбээр “П.Сэргэлэн таны хонгор үрээ айрагдана. Гэр барь. Нутаг усныхан чинь хүрээд ирнэ. Та манайд сууж байлтай нь биш” гэж ятгаад би ч гэрээр яах вэ дээ. Энэ олон алтан туурайтан дунд миний үрээ айрагдана гэж юу байх вэ гэж бодож суусан. Тэгээд хүний сэтгэлийг бодоод энэ асрыг авсан юм. Тэр жил П.Сэргэлэн үнэхээр сэтгэл гаргасан шүү. Манлай уяач Ц.Дуламсүрэн наадмын өмнө будан хонгор үрээний уяа сойлгыг тааруулалцаж хоноод өглөө нь баараггүй айрагдана гэж хэлсэн. Би ч эргэлзэж л байлаа” гэж ярив.

Үнэхээр ч будан хонгор үрээ Ардын хувьсгалын 90 жилийн ойн хязаалан насны морьдын уралдаанд айргийн дөрөвт хурдалжээ. “Анх удаа улсын наадамд морь уралдуулаад уйлж ч үзлээ. Инээж ч үзлээ. Эвээ олохгүй гүйж явлаа. Ай даа мөн сайхан шүү. Итгэж ядсаар л байсан даа. Айрагдана гэж бодоогүй хүн чинь олигтой ч хувцас өмсөөгүй. Айрагдсан морьдыг хашаа руу оруулчихсан. Би гэдэг хүн дээл олж өмсчих санаатай машиныхаа арыг ухаад сандчаад байдаг. Үгүй мөн ч...” гэж ярихдаа С.Ганболд гуай таван жилийн өмнөх баярт мөчдөө эргэж очсон мэт жаргалтай байв.
Дараа жил будан хонгор үрээ үнэхээр хурдан байжээ. Хүй долоо худагт буурь зассан уяачид “Энэ түрүүлж ч мэднэ” гэлцэж байж. С.Ганболд гуай “Эхний арваад үрээг зарлаад л байдаг. Миний будан үрээ сонсогддоггүй шүү. За айрагдах ч өнгөрлөө гээд охиноо хөтлөөд алхаж явлаа. Айрагдсан морьдийг хашаа руу хөтлөөд явж байна. Миний хонгор үрээг хөтлөөд явж байна шүү. Яваад очлоо. Цагдаа нар оруулдаггүй. Учир байдлаа тайлбарлаж байж орлоо. Айрагдсан морины хашаа руу оронгуут телевизийн микрофон аманд тулгадаг байна. Морио хэдэд орсныг мэдэхгүй баларсан” гээд инээв. “Тэр жил манлай уяач “дааган” Цэндээ зөвлөж уясан. Цэндээ ах “Урьдын байрыг нь ухраавал шараа болох байлаа. Урагшлуулбал өөрийгөө уяач гэж бодох байлаа. Байрандаа хүрээд ирлээ. Би одоо юу хэлэх вэ” гэж ярилцлага өгсөн байдаг юм. П.Сэргэлэн, Ц.Дуламсүрэн манлай, “Дааган” Цэндээ ах гээд олон сайхан уяач нарт баярлаж явдаг” гэж үргэлжүүлэв. Ингэж будан хонгор үрээгээ хоёр дахь удаагаа айргийн дөрөвт хурдуулжээ. Тэрбээр улсын наадмаас хоёр, аймгийн наадмаас дөрвөн айраг хүртжээ. Мөн сумын наадмаас 20 орчим айраг, түрүү хүртсэн байна.

Бор цай буцлахтай зэрэгцэн эхэлсэн хөөрөлдөөн нар дээр хөөрсөн хойно шувтарлаа. Бугуйн цаг 11-ийг заажээ. Улаанбаатараас дүү С.Ганбаатар нь ирлээ. С.Ганболд гуайн бага охин Г.Отгонзаяа авга ахтайгаа хамт иржээ. Бага охин нь моринд дуртай гэнэ. Байсхийгээд л аав руугаа яардаг, хамт уяан дээрээ хонож өнжөөд буцдаг аж. Орос сургуульд сурдаг охин нь хурдан морины тухай ангийнхандаа ярих дуртай ч цаадуул нь огт ойлгодоггүй гэнэ лээ. “Өнөөдөр соёолон үрээ, дааганы давхил хийнэ. Өчигдөр их насны давхил хийсэн. Орой их насны морио тарлана” гээд С.Ганболд өндийв. Тэдний шушганаас гурван соёолон, мөн гурван дааганы сүүл шуугаад Цагаан хөтөлийн зүг хөдөллөө.
Зам зуурт С.Ганболд гуай соёолонд морьдуулах хүүхэд хайж, утас цохиж явлаа. “Нэг том хүүхэд байгаа. Түүнийг мордуул” гэж найз нь зөвшөөрснөөр хэрэг бүтэв. С.Ганболд “Уяачдад хүүхэд олдохгүй, том бэрхшээл болж байна. Би Б.Бөхбат гэдэг хүүгээр энэ жилээс морио унуулахаар болсон. Бид хоёр гурван жилийн гэрээтэй” гэв. Хүй долоон худагт хурдан морио сойж буй уяачид Цагаан хөтөлд цуглажээ. Тавь гаруй соёолон морь гарааны зүг хөдөллөө. Хориод машин, хоёр гурван мотоцикльтон дагав. Соёолон хоёр тасарч эргэлээ. С.Ганболд гуайн уяаны үрээнүүд сүүлийн хэсэгт үлдэж эргэлээ. Хамгийн сүүлээс нэхэв. Тэдний уяаны гурван үрээ цугтаа хоёр гурван км давхиад цуврав. С.Ганболд ахын саарал үрээ хоёр гурваар нь идэж урагшилсаар барианы зурхайд хүрлээ.
Давхил хийхэд уралдаж, хойно урдаа орох нь гол биш аж. Мориныхоо байцыг харах зорилготойгоор давхил хийдэг гэнэ. Хөлийнх нь эрч, амьсгаа ямар байна вэ, хөлс нь хэр задгайрч байна вэ гэх мэт байр байцыг хараад дараа нь мориндоо тохируулж, ажил хийдэг аж. Давхил хийх нь ч ажил. Ажил гэж тарлах, сунгах, хөлслөх гэх мэт уяа сойлгыг таруулах арга хэмжээг хэлээд байгаа хэрэг.
Даага мордлоо. Хүүхэд олдоогүй учраас нэгийг нь мордуулж чадсангүй. С.Ганболд гуайн дааганууд өмнө нь давхил хийгээгүй гэнэ. Жижиг биетэй будан даага анхны тоосоо үзэхээр гарааны зурхай руу хөдлөх нь тэр. Сурамгай дааганууд год харайгаад л эргэцгээв. Мөнөөх будан хэсэг зогссоноо “Ингэдэг л юм байлгүй” гэсэн янзтай ухасхийгээд араас нь чавхадлаа. Замаасаа гаргасангүй, зан гаргаж хургасангүй тоосон дунд торойлсоор яваад барианд хүрэв. Анхны удаа гэхэд амжилттай, ардаа хэдэн даагатай давхижээ. Газар гантай учраас үнэхээр их тоос босох аж.
Хүй долоон худагийн давхил үд хэвийлгээд өндөрлөв. Хурдан морьдоо хөтлөөд шушга, шушга руугаа зүглэв. Бид ч шушгын зүг “марш”. Уяа шушган дээрээ хүрч очингуутаа С.Ганболд ах “Борцтой шөл хийж өгнө өө” гээд гал тогоо руу ханцуй шамлав. Дүү С.Ганбаатар нь ч хамжилцлаа. Борцтой шөл амтархан идээд хэсэг суутал Хүй долоон худагийн сэвэлзүүр салхи шороон шуургаар солигдов. Борооны өмнө шороо, боохойны өмнө хэрээ гэгч л боллоо. Цэнхэр асрыг нураагаад аваад явчих дөхдөг байгаа. Уяа гадсыг нь чангалж байж авч үлдэв. Тэнгэрээс хур унах гэж, газар дэлхий норохгүй гэж тэмцэлдээд байгаа юм шиг нүүр нүдгүй хэсэг шуурснаа бороо хаялж, тоосыг нь дарж авлаа. Их хүссэн бороо хэсэг ороод арилав. Норсон газар хоромхон зуурт хатаж, дахиад л улаан шороо босох аж.

Энэ зуурт “Азарганы уяа сойлгыг тааруулах хамгийн хэцүү гэлцдэг” гэх мэтээр адуугаа ярьсаар л. С.Ганболд “Уяачийн хөдөлмөр хүнд шүү. Бороонд норно, салхи шуурганд шавхуурдуулна, наранд хална. Гаднын хүн асар майхны хаяагаар шороо бургиулаад сууж байгаа намайг хараад “Энэ их тэнэг нөхөр” гэж бодох байх. Монголчууд ч яах вэ уламжлалт соёл учраас ойлгоно. Заримдаа ч шантрах үе бий шүү. Гэхдээ дуртай, зүрх сэтгэлээ өгсөн болохоор орхиж хэзээ ч чадахгүй” гэв. “Өөрийн ая тухаа бодвол энд байшин барьчихаад зурагт үзээд хэвтээд байж болно л доо. Тэгэхээр гадаа юу болж байгааг сонсохгүй. Майханд байвал адуутайгаа ойр байдаг юм. Наад зах нь адуу шороо идчих гээд айлгана шүү” гэж үргэлжлүүлэв.
Морь уях баян хүний хийдэг ажил гэж ойлгогддог. Өнөө цагийн уяаны арга барил мөнгө хөрөнгө шаарддаг болсон талаар бид хөндлөө. С.Ганболд гуай “Өдөрт 35 мянган төгрөгийн тэжээлээр тэжээж байна. Нэг адууг өдөрт хоёр удаа услахад 1000 төгрөг төлдөг. Нааш цааш явах, морьдоо ачих шатахуун гээд зардал их шүү. Энэ хэдэн амьтныг чинь бусдынхаас дутахгүй л байлгах хэрэгтэй. Гар татаж ер болохгүй. Адуундаа зарцуулах мөнгийг яаж ийгээд л босгодог юм” хэмээсэн. Тариа хэрэглэдэг гэх шүүмжлэлийн тухайд “Шингэн хийх нь байж болох үзэгдэл. Адууны хөлсөөр их хэмжээний эрдэс бодис гадагшилдаг. Түүнийг нь нөхөх гэж шингэн хийдэг хэрэг. Түүнээс биш, хүч чадлыг нь нэмэх гэж хийдэггүй. Дутагдаж байгаа зүйлийг нь нөхөх гэж хийдэг. Хөөрхий энэ амьтад чинь хужирсаад шороо идчихдэг юм” гэсэн хариулт өгсөн. Энэ зуурт Мижээ хэмээх уяач хүрэлцэн ирэв. Тэрбээр Хүй долоон худагийн ойр хавийн нутгаар явж өвстэй газар хайгаад олз муутай буцаж иржээ. Тэрбээр энэ тэрийг хөөрөлдөөд мордов. Шороон шуурга тавьсаар л, өмнөх өдөр давхил хийсэн борлог морийг тарлахаар уяач Н.Энхбаатар тохош зэхсэн боловч шуурга намдахгүй байсан учир хойш тавив. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Н.Энхбаатар уяачтай С.Ганболд өнгөрсөн өвлөөс хамтарч ажиллах болжээ. Н.Энхбаатар 61-ийн гарамд байрлах түүний жүчээг хариуцаж ажилладаг юм байна. Та энд тэндээс хурдан адуу цуглуулдаг уу гэж лавлавал “Цуглуулна. Гэхдээ гүү л цуглуулна. Ах нь 100 орчим адуутай. Миний адуунд Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгэ, Говь-Алтай, Тэсийн голын гүү бий. Өмнө нь хүний хурдан адууг худалдаж авч уяж байсан. Яагаад ч юм хүнээс авсан адуу надад зохицдоггүй юм. Одоо унаган морьдоо уяж байна. Тэр дундаа хонгор азарганыхаа төлийг уяж байгаа. Уяж байгаа морьдын минь хоёроос бусад нь хонгор азарганы төл” гэж хариулсан.
Зургаан цаг болж, морьдоо услав. Долоон цагийн үед “оройны хоол”-ыг нь өглөө. Оройны долоон цаг болонгуут морьд тэжээлээ идэх гээд унгалдаад эхэлдэг аж. Бүр сурчихжээ. Тэжээлийг нь өгөөд уяачийн нөр их ажлын нэг өдөр үндсэндээ өндөрлөлөө. С.Ганболд гуайд хийморьтой сайхан наадахыг ерөөгөөд бид хүлгийн жолоо эргүүлэв.
Хэт барууны сэтгэлгээтэй нэгэн найз минь “Н.Жанцанноров гуай хоёр “бөгс” барилдаад Монгол Улс хөгжихгүй гэж хэлсэн. Ёстой үнэн үг” гэж ярих дуртай. Н.Жанцанноров гуай сайхан хөгжмүүдээ өдөржин тоглоод ч Монгол Улс хөгжихгүй. Харин Монгол Улс байх ёстой юм, монголчууд гэж намхан нуруу, навтгар хамар, онигор нүдтэй хүмүүс байсан юм, байх ёстой юм гэдгийг мэдрүүлэхээр С.Ганболд шиг соёлыг “хамгаалагчид” бороо, шороог үл ажиран сууж байгаа юм.
Т.ЭНХБАТ