УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гишүүдийнх нь өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх, хоёр намын зөвшилцлийн хүрээнд харилцан тохиролцсоны дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж буй Ажлын хэсгийнхнийг шуурхайлуулахыг шаардсан албан бичгийг өнгөрөгч баасан гаригт УИХ-ын даргад хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч, сонгогчдын эрх ашиг хохирч байна гэж үзсэн байна. Тус бүлгийн гишүүд хууль, тогтоомжийн 30 төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн аж. Гэвч тэдгээрийг нь хэлэлцэхгүй байсаар өнөөг хүргэсэн гэнэ.
Тухайлбал, ахмадуудад ач санах агуулга бүхий Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэх тов тогтоолгох хүсэлт илгээсэн ч хариу ирүүлэхгүй байсаар дөрвөн сарын нүүр үзсэнээ дурджээ. Тиймээс малчдын тэтгэврийн насыг наашлуулах, ажилласан жилийг 1.5 жилээр тооцох, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн жилийн орлогын татварыг нэг хувьд хүргэх болон Ард нийтийн санал асуулгын, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, Төрийн албаны, Худалдааны, Алслагдсан бүс нутагт хөнгөлөлт үзүүлэх, бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг шаардсан байна.
Үнэндээ энэ тийм ч шинэ сэдэв биш л дээ. Ардын намынхан 2012 оны сонгуулиар цөөнх болсноосоо хойш ийн гомдоллож байгаа гэхэд болно. Гомдоллосоор байгааг бодоход ахиц гараагүй хэрэг. Гэвч энэ парламентын бүрэн эрхийн хугацаа хэдийнэ талаасаа өнгөрч, нохойн дуу ойртож, бүлгийн дарга С.Бямбацогт шаардлага тавих хүртэлх хугацаанд юу эс болж өнгөрөв. Өнөөдөр шаардуулж буй АН-ынхнаас тэд хамтран ажиллах урилга авсан. Уриалгахнаар хүлээн зөвшөөрч, хамтарсан. Ардын намынхан сайд, яам, агентлаг, Тамгын газар, төрийн өмчит үйлдвэрийн газар, Байнгын болон дэд хороо гээд том, жижиг гэж гололгүй хувааж, хамтарч болох бүхэнтэй хутгалдсан, хувь хүртсэн. Харин өнөөдөр “Урьж, залж авчирчихаад хөөж, туух л дутаж гэнэ” хэмээж сууна. Тэгэхээр энэ хугацаанд наад захын боловч хамгийн гол ажил, үүрэг болох санаачилсан төслүүдээ амь оруулж, хууль болгож чадаагүйн хариуцлагыг Ардын намынхан өрөөлөөс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй юм шиг ээ.
Ялангуяа бүлгийн дарга С.Бямбацогтод энэ хамгийн их хамаатай. Хууль санаачлах эрхтэй субъектүүдээс өргөн мэдүүлсэн төслүүдийн эрэмбэ, дараалал, хэзээ хэлэлцэхийг нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийддэг. Зөвлөлд УИХ-ын дарга, дэд дарга болон Байнгын хороодын дарга, УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нар багтдаг. М.Энхболд Зөвлөлд нэг талаас улс төрийн намын, нөгөө талаас УИХ-ын дэд даргын хувиар гишүүн нь байдаг. Байнгын хороодын дарга нар ч салбар төлөөлж тэнд суудаг. Харин Зөвлөлд намын бодлого, шийдвэрээ ил тод хэлж, хамгаалж, үхэн хатан зүтгүүлэх учиртай хүн бол УИХ дахь намын бүлгийн дарга нар. Гишүүдээ Байнгын хороонд ч төлөөлүүлж чадахгүй, баларч явсан МАН-ынхан Засгийн газарт хамтарсны хүчинд Зөвлөлд харьцангуй олон хүнтэй болсон. Гэвч авторлочих ганц хууль гаргаж чадсангүй. Үүнд С.Бямбацогт буруутай.
Үндсэн хуулийн дагуу УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гурав л хууль санаачлах онцгой эрхтэй. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал болон улс орны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдагийн хувьд Засгийн газрын санаачилсан төслийг дараалал харгалзахгүй хэлэлцэх нь элбэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдож ч хууль санаачлах эрхээ сайтар эдэлж хэрэгжүүлж буй. УИХ төслүүдийг нь хугацаа алдалгүй хэлэлцэж байгаа гэхэд болно. Хамгийн сүүлд гэхэд л энэ сарын 12-нд буюу долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр УИХ-ын даргад өргөн барьсан Үндсэн хуулийн цэц болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ердөө ажлын хоёр хоногийн дараа хэлэлцэхээр дараалалд оруулсан, хэлэлцсэн. Ёстой “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэж үүнийг хэлэх биз. УИХ-ын хууль санаачлах эрхийг намын бүлэг, лообий бүлэг эдэлдэггүй. Энэхүү онцгой эрхийг хувь гишүүн дангаараа болон хэд хэдээрээ хамтран хэрэгжүүлэх боломжтой. Энэ дагуу ч явж байгаа.
Сүүлийн үед гишүүдээс өргөн мэдүүлсэн төслүүдээс дурдвал, Н.Алтанхуяг гишүүний санаачилж, олны анхаарал татаад буй Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 4-нд УИХ-д өргөн мэдүүлж, 12-нд Байнгын хороогоор хэлэлцсэн бол Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг шинэ түвшинд гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг Р.Амаржаргал нарын гурван гишүүн мөн сарын 3-нд өргөн мэдүүлж, анхны хэлэлцүүлгийг хийгээд буй. Уг нь тэтгэврийн зээлийн хүү болон аж ахуйн нэгжийн орлогын татвар бууруулах нь Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг шинэ түвшинд гаргахаас илүү амин чухал, цаг алдалгүй шийдэх асуудал баймаар санагдах юм. С.Бямбацогт бүлгийн дарга “Доголонгийн газар доголон, сохрын газар сохор” байж, “Эр хүний 13 мэх”-ээ хэрэглээд ч болов гишүүдийнхээ төслүүдийг зүтгүүлсэн бол өнөөдөр шаардлага хүргүүлээд суухгүй ч байсан юм бил үү.
Б.НОМИН