75 жилийн түүхтэй Циркийн сургууль буюу Монголын циркийн гал голомт, Эх дагинын түүхт Цогчин дуган яг одоо зураг дээрх шиг байдалтай байна. Түймэрт өртөөд дээвэр нь цоорч, харахад нүд халтирам болжээ. Тоног төхөөрөмж, дэвсгэр бэлтгэлийн танхим гээд юу ч үгүй үлдсэн циркчид хэнд, хаана хандахаа мэдэхгүй байна.
ЦИРКЧИДДЭЭ ТУСАЛЦГААЯ
Та цирк үзэх дуртай юу. Адтай алиалагч, үегүй мэт нугарах уран нугараачид, айдас хүргэм өндөр дээр жишим ч үгүй үсэрч наадах акробатчдыг биширдэг үү. Тэгвэл яг одоо сэтгэл гарган туслах цаг чинь ирсэн шүү, хүмүүс ээ!

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн 22.00 цагийн орчимд хуучин циркийн байр шатсан тухай мэдээллийг манай сэтгүүлч хүргэсэн. Байшин нь түүхтэй, дотор нь бэлтгэл хийдэг байсан уран бүтээлчид гавьяатай. Бас тэднийг залгамжлах Монголын циркийн урлагийн ирээдүйг өсгөн бойжуулдаг их өргөө буюу Циркийн сургуулийн бэлтгэлийн байр нь энэ байлаа. Харин одоо 70 хувь нь шатчихсан. Дахиж тэнд циркийн бэлтгэл, сургуулилалт хийж болох эсэх нь эргэлзээтэй. Түүхтэй барилга учраас соёлын өвийнх нь хувьд сэргээн засварлах чиглэлтэй байх шиг байна. Ард нь дахиад циркчид, Циркийн сургуулийнхан гээгдэж үлдэх нь. Тэднийг ХБК-ийн байранд бэлтгэл хийлгэнэ гэсэн мэдээлэл байгаа ч энэ нь хэцүү. Урлагийн сонгодог нэгэн төрөл болох цирк орон зай шаарддаг болохоор жирийн сургуулийн танхимд хичээллэх боломжгүй.
Тэрчлэн Циркийн сургуулийн сурагчдын бэлтгэл хийдэг байсан хивсэнцэр, ширдэг, олс, дээс, батуд, кольц, трапец зэрэг 70 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмж шатчихсан. Циркийн сургуулийн 64 сурагч, 10 багш, тэнд бэлтгэл хийдэг 200 циркчин одоо хаачих вэ. Монголд циркийн аппарат хэрэгсэл хийх үйлдвэр байхгүй. Бүгдийг нь гадаадаас захиалж авдаг.
Циркийн сургуулийнхан болон төгсөгчид нь 75 жилийн ойдоо зориулж, тоглолт хийж олсон мөнгөөрөө дээврээ засаад, хуучин циркийнхээ өнгө төрхийг сайжруулаад байсан юмсан. Одоо тэг цэг дээрээ буучихлаа. Циркт байр маш чухал. Өнгөрсөн жил ХБК-ийн хашаанд Циркийн сургууль барих газар олгож, зураг төслийг нь гаргасан юм билээ. 10 тэрбум төгрөгийн санхүүжилт олговол дотуур байртай, гадаадын болон хөдөө орон нутгийн хүүхдүүдийг сургах боломжтой том сургууль босгох байж. Харамсалтай нь хэтэрхий өндөр өртөгтэй байна гэсний улмаар дотуур байраа хасаж тооцон, долоон тэрбум төгрөг “царайчилсан” ч санхүүгийн хямрал болсон гэсэн шалтгаанаар энэ төлөвлөгөөг хойшлуулжээ.
ХБК-ийн Циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар эхний ээлжинд есдүгээр сард хичээл эхлэхээс урьтаж сургалтад шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдан авахад зориулж хандивын данс нээж, үе үеийн циркчид болон ард түмэн, Төр засгаасаа тусламж хүсэж байгаа.
Төгрөгийн данс: 100100083961 Ю.Гэрэлбаатар
Долларын данс: 100100083973 Ю.Гэрэлбаатар
Боломжоороо туслахыг хүсвэл та түүнийг дэмжээрэй. Түүнчлэн өнөөдөр 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Бодит нөхцөл байдлын тухай хэлж танилцуулахаас гадна 70 гаруй жилийн түүхтэй урлагаа цаашид мөхөөчихгүй үлдээх талаар ярилцах юм байна.
2007 онд Улсын циркийг хувьчилснаас хойш урлагийн сонгодог төрөл болсон циркийг бид гаргуунд нь хаясан. Циркчид үйл ажиллагаа нь тодорхой бус Монголын үндэсний циркээс илүүтэй ахмадуудынхаа хичээл зүтгэл, хөлс, хөдөлмөрөөр боссон хуучин цирк хэмээх гал голомтоо зорин очиж л бэлтгэл хийдэг байсан. Энэ жижигхэн, эртний барилгад 200 гаруй жүжигчин ая, эвээ олж өглөө 07.00 цагаас эхлэн, зарим нь шөнийн 01.00-02.00 цаг хүртэл бэлтгэл хийдэг байсан гээд бод доо. Тэр орой гал гарахад ч жүжигчид бэлтгэл хийж байсан аж. 21.00 цагийн орчим утаа гарч эхэлсэн тул учрыг нь олохоор зүүн талын хаалгаа нээтэл гал авалцаж эхэлсэн гэсэн. Учир нь тэр өдөр “Дашчойлин” хийдийн захиалгаар сантехникийн шугам сольж байсан хүмүүс трубаг гагнуураар тасалж байсан ба цогтой оч маш ихээр үсэрч байсан аж. Ю.Гэрэлбаатар найруулагч тэдэнд “Энэ барилгын хана нь үртсээр хийгдсэн тул гал алдаж болохгүй, сэрэмжтэй байх ёстой” гэдгийг ч анхааруулсан байна.
МОНГОЛД ЗОЧИЛСОН ЦИРКИЙН ТҮҮХ
Хамгийн эртний урлагийн төрлүүдийн нэгд тооцогдох циркийн урлагтай монголчууд 1941 онд танилцжээ. Эртний хадны сүг зургууд, Монголын газар нутгаар аялж байсан аялагчдын тэмдэглэлд цирктэй төстэй спорт, урлагийг хослуулсан урлаг байсныг нотолдог ч 1935 онд Уран биеийн тамирын сургуулиар дамжиж циркийн урлаг Монгол Улсад албан ёсоор бий болжээ. Монгол Улсын Засгийн газар, Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар, Урлагийн хэрэг эрхлэх газрын туслалцаатайгаар 50 гаруй хүнийг 1940 оны тавдугаар сард нэг жилийн хугацаатай суралцуулан төгсгөж, анхны тоглолтыг нь 1941 оны долдугаар сарын 9-нд Яармагийн наадмын задгай талбайд хийжээ. 2000 хүний суудалтай задгай цэнгэлдэх хүрээлэнд цугласан хүмүүс мэргэжлийн монгол циркчдийн анхны тоглолтыг үзэж, алга ташин шагшин магтсан түүхтэй. Түүнээс хэдхэн хоногийн дараа Улсын цирк байгуулах шийдвэр гарч, 1942 онд өвлийн байртай болж, хожим нь 1971 онд 1750 хүний суудалтай циркийн шинэ барилгыг ашиглалтад оруулжээ.
1942 онд шинэчлэн засварлаж Циркийн өвлийн байр болгосон Эх дагинын Цогчин дуганыг Нийслэл хүрээнд 1903 онд барьсан юм билээ. Ихэнх сүм дуганыг нураан устгаж байсан тэр үед Маршал Х.Чойбалсан тушаал гаргаж, Эх дагинын Цогчин дуганыг Монгол циркийн байр болгосноор одоогийн “Дашчойлин” хийд нураагдах аюулгүй үлдэж хоцорсон юм билээ. Тухайн үед эл байрыг циркт өгч бусад дуганыг нь агуулах байдлаар ашиглуулж байсан аж. Мөн сүмийн гол баганыг гүүрийн холбоос хийж циркт зориулан тохижуулсан шийдэл нь Төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэнгийн гавьяа юм.
Д.ГАНТӨМӨР: ГАЛЫН ДҮГНЭЛТ ГАРТАЛ ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ
Хуучин циркийн байр шатсаны дараа БСШУЯ-наас шуурхай хурал зохион байгуулсан байна. Тиймээс бид тус яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөртэй холбогдож тодруулга авсан юм.
- Монголын циркийн урлагийн гал голомт болсон хуучин циркийн байр шатчихлаа. БСШУЯ цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Цагдаагийн газар болон ОБЕГ-аас гарах дүгнэлтийг хүлээж байна.
-Хамгийн багадаа 14 хоногийн дараа дүгнэлт гарна шүү дээ. Тэр болтол хүлээх үү?
-Хуулийн дагуу тэгэх л ёстой.
-Яамнаас ажлын хэсэг гараагүй юү?
-Байхгүй, тэгвэл хууль зөрчинө. Хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Ямар хэмжээний гал гарч, хэр их хохирол учирсныг тодорхойлсны дараа арга хэмжээ авна.
-100 гаруй жилийн түүхтэй барилга учраас соёлын биет бус өв болно. Тиймээс Соёлын өвийн төв, БСШУЯ-наас нэлээд анхаарал хандуулах болов уу гэж найдаж байна.
-Тийм ээ. Намар хүүхдүүдээ хаана хичээллүүлэх, барилгаа хэрхэх зэргээр шийдвэр гаргах л учиртай. Гэхдээ хууль зөрчиж болохгүй. Галын дүгнэлт гарсны дараа энэ тухай ярина.
ЦИРКЧИД ГАЛ ГОЛОМТОО АВРАХААР НЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ
Циркийн сургуулийн 18 дахь төгсөлтийнхөн мөнгөн тусламж үзүүлж, өөрсдөдөө байгаа жижиг аппарат хэрэгслийг сургуульдаа хандивлах тухайгаа мэдэгдэж буй. Түүнчлэн дунд үеийнхний төлөөлөл ч цуглаж, ямар арга хэмжээ авахаа ярилцсан гэсэн. Циркчид маань дор бүрнээ л хичээж байна. Тэднийхээ алдар гавьяагаар бахархаж, Монголын циркчид дэлхийд дээгүүр дүүлж яваад нь талархдаг байсан үзэгчид бид одоо л тэдэндээ гар сунгах учиртай. Монголын цирк алдартай. Энэ бол биднийг тодруулах бас нэг өв. Тиймээс устгахгүйн тулд аварч үлдье. Байртай болгоё.
Ж.СОЛОНГО