Найрсаг гэдэг үгийн утга, мөн чанарыг бараг мартах шахсан үе бий, бидэнд. Өнгөрсөн 20-иод жилийн турш амьдралаа авч явахын тулд хөлөө хүрэх газарт явж, очсон газартаа амьтны адагт орохгүйн тулд хэлээ билүүдэхдээ “билүүдэж”, хэрүүлчийн дамжаанд “суралцаж”, чамгүй туршлага ч хуримтлуулцгаав. “Найрсаг байцгаая” гээд хэлчихвэл гэгээрсэн “хэрэгт” унаж, “Орчин тойрондоо цэвэрхэн, соёлтой амьдарцгаая” гэхээр өөдөөс “Чи ирээд цэвэрлээд өгчих” хэмээн ам таглах энүүхэнд. “Аливаад хүлээцтэй тэвчээртэй хандаж суръя” гэсэн нэгнээ “Социализмын үлдэгдэл минь битгий хэнхэглээд бай. Энэ нийгэмд хэн чадалтай, овсгоотой нь амиа авч үлддэг юм” гэж эрэлхүү дуугаар загнадаг байлаа, улаанбаатарчууд. Шилжилтийн нийгмийн эх захгүй шуурган дунд хөдөөнөөс ирсэн хүрэн бор “индианчууд” бүү хэл, унаган хотынхон хүртэл суурин иргэншлийн соёлоо гээгээд байсан юм. Одооноос харин хотын оршин суугчдын хандлага арай өөрчлөгдөж байх шиг. Бараг жилийн өмнөөс хотын дарга байсхийгээд л “Найрсаг Улаанбаатар” гэж зурагт, радио, сониноор ярихад манайхан тэгтлээ гайхсангүй. Бас “Энэ хэнхэг ёстой нэг дэмийрч байна аа” гэж гоочилсон ч үгүй.
Найрсаг байх нь, хотын соёлд суралцах нь үнэндээ тийм ч аймаар зүйл биш гэдгийг нийслэлчүүд бага багаар ойлгож эхэлж байна. Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэсэн шиг гудамжинд хээв нэг морь хардаг байсан хүмүүсийн зарим нь ичдэг болсон. Машин тэргээ гол дотор угаавал олон нийтийн сүлжээгээр цацаж шараа болгоно гэдгийг эрхбиш мэднэ. Хээр талд давхиж яваад хүссэн газартаа морио чөдөрлөөд орхичихдог шигээ санаж, унаж яваа машинаа хаа сайгүй тавиад байвал ачуулна, нэг бол дугуйг нь түгжүүлнэ гэдгийг ч андахгүй. Хэдэн зуу, мянган жилийн түүхтэй хот суурин газрын соёлд шинэ тутам суралцаж буй нүүдэлчдийн сүрэг одоо л “Улаан зээрд” болтлоо ууж наргиж, Улаанбаатарын гудамжинд орилж, хашгирч болохгүй гэдгийг ойлгож эхлээд байна. Найз нөхдөөрөө уулзалдаад хууч дэлгэх гэсэн залуус архи, шар айрагнаас илүү кофе, шүүс зэрэг амтат ундаа сөгнөдөг болж. Амралтын өдрөөрөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж, дугуй жийн, сагс тоглосон шиг ээ, эрүүл агаарт амарч тухлахыг РС тоглоомын газраас илүүд үзэх хүүхэд, залуус олон болсонд баярлахгүй байх аргагүй. Тиймээс одоо тэдэнд итгэх хэрэгтэй мэт.
Мод тарихаар хугалаад, гоё сайхан гэрэлтүүлэг хийхээр хагалаад, хог тарьж, нус, шүлсээ хаяж, ер хэнээс ч, юунаас ч хамааралгүй мэт дур зогоороо аашилж байсан хүмүүст “Хотод амьдрах гэж байгаа бол иргэний ёсоор хандах хэрэгтэй” гэдэг зарчим үйлчилтлээ хугацаа шаардах учраас ямар арга замаар түүнийг төлөвшүүлэх вэ гэдгийг хотын дарга нар бодох ёстой юм. Үүнд соёл урлагийн нөлөө их гэдгийг гарцаагүй мэдэх Э.Бат-Үүл дарга төв талбай дээр өөрийн биеэр үлгэрлэн оройжин вальс эргэсэн шүү дээ. Амьд хөгжим сонирхогч хэдэн “гаж” залуусын цугларалт гэж олон нийтэд ойлгогддог байсан “Play time” наадмыг өнөө жил хотын мээр сурталчилсан болоод ч тэр үү, утга, агуулга нь арай өөр зүйл гэдгийг нийгэмд ойлгуулж, урьд урьдынхаасаа олон хүн цугласан байж ч мэдэх. Удахгүй ирэх есдүгээр сард урьд нь манайд дуулдаж байгаагүй өндөр шагналын сантай хөлбөмбөгийн тэмцээн Төв цэнгэлдэхэд зохион байгуулах гээд мань хүн төлөвлөчихсөн яваа гэсэн.
Юутай ч тэрбээр “Бид найрсаг улаанбаатарчууд гэдгээ олон улсад харуулах цаг болсон. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл 2020 онд хоёр сая жуулчин хүлээн авч, хотын эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна. 2030 он гэхэд Улаанбаатар таван сая жуулчин хүлээж авах тооцоотой байна” хэмээн зоригтой дуугарсан. Энэ бол иргэддээ итгэж буйн илрэл. Урьд нь Улаанбаатарт сая сая жуулчин хүлээж авна гэдэг бол мөрөөдөл байсан гэхэд хилсдэхгүй. Бүдүүлэг, мэндлэх хүндлэхээс эхлээд наад захын соёлгүй дээрээс нь шунахай, эзэрхэг дээрэнгүй иргэдтэй учраас гадаадын жуулчдыг үргээж, гомдоогоод буцаах вий гэж үе үеийн хотын дарга нарын “яс хавтайдаг” байсан гэдэг. Одоо бол “Welcome to Mongolia” гэж хэний ч өмнө хэлэхэд нүүр улайлгаад байхааргүй иргэдтэй болж байна. Гэхдээ манай хот сая сая жуулчин хүлээж авах хэмжээнд хүртлээ найрсаг байж чадаж байгаа болов уу.
“Сая гаруй хүн амтай метрополис хот гэсэн. Төв талбай дээрээ “Сонгодог урлагийн үдэш” арга хэмжээ зохиосон гэнэ. Өнөө цагийн дэлхийн шилдэг балетчидыг эх орондоо аваачиж тоглуулсан гэхээр Улаанбаатар их сайхан хот байж таарна” гээд Д.Алтанхуягийн нэр, нүүрээр энэ зун манайхыг зорих жуулчид аягүй бол нэмэгдэж таарна. Гэтэл энд тэндгүй ухаад, сэндийчээд хаячихсан зам талбай угтвал яана. Ядаж төв замынхаа засвар, шугам сүлжээний ажлыг хавар эрт эхлээд, эртхэн дуусгаж байвал яадаг юм бол. Хотынхоо өнгө үзэмжийг дээшлүүлэхийн тулд сүүлийн гурван жил Улаанбаатарын гудамжинд нэг наст цэцэг тарьж буй. Түүнийг хүртэл эсэргүүцээд “Татвар төлөгчдийн мөнгийг ганцхан зуны настай цэцгэнд үрлээ” хэмээн сүйд болж байхад Үүл дарга тас гүрийсээр хүмүүст хүлээн зөвшөөрүүлж чадсан шигээ авто замын засвар, цахилгаан, дулааны шугам сүлжээний өргөтгөл дээр ч компаниудад тэгж томормоор юм. Тухайн үед элдвээр чичилж байсан хүмүүс одоо өнгө алагласан тэр сайхан цэцэгсийн дунд тормойтол гоёчихоод зургаа татуулаад явж байгаа. Улаанбаатарчууд гэхээрээ л өвөлдөө утаан дунд, зундаа шороо тоосонд дарагддаг ёстой юм биш, тохилог сайхан орчинд байгаа хүний сэтгэл хүртэл тэнэгэр, цаанаа л өнгө жавхаатай байдгийг тэд мэдэрч буй биз ээ.
Нөгөөтэйгүүр манай шөнийн Улаанбаатар ямархуу дүр төрхтэй байдаг билээ. Шөнийн хоттой танилцаж яваад ядарсан, даарсан жуулчин хөлөө амраагаад, халуун кофе уучих газар үнэндээ л байхгүй. “Шөлөндө”, “Хаан бууз” гээд ганц нэг газар байдаг ч гадаадад аялж, янз бүрийн шинэ сонин зүйл үзэхийн тулд мөнгөө халааслаад ирж буй жуулчдын сэтгэлд нийцэх нь хэр бол. За тэгээд, ганц, хоёр номын санг л эс тооцвол шөнө ажилладаг үйлчилгээний газар гэж манайд бараг байдаггүй нь гачлантай. Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан эрхбиш шөнийн уншлагын танхимтай ч оюутан, сурагчид амрахтай зэрэгцээд хамт амарсан байхыг үгүйсгэхгүй.
Баар цэнгээний газруудын олонх нь 24 цаг гозойнгуут үүдээ дангинатал түгжээд, үйлчлүүлэгчдээ хөөх нь холгүй гаргана. Шөнийн 03.00 цаг хүртэл ажилладаг газар цөөнгүй бий ч үнэн хэрэгтээ согтууруулах ундаагаар үйлчлэхгүй учраас тэнд кола юм уу, ус уугаад бүжиглэх дур манай залууст л гэхээс гаднын жуулчдад лав байхгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Дэлхийн ямар ч томоохон хотод ийм байдаггүй гэх. Тиймээс өмнөх даргын үед тогтоосон эл айхтар “дектатурыг” өөрчлөхөөр журмын төсөл боловсруулж, санал авч байгаа гэдгийг нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийнхэн хэлсэн юм. Баар цэнгээний газруудад тодорхой стандарт, шалгуур тавиад түүнийг нь хангасан аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг ч өөрчилж, өглөө 06.00 хүртэл сунгаж магадгүй гэнэ. Тэгэх хэрэгтэй шүү дээ. Надаас лав санал авбал би хоёр гараа өргөн дэмжинэ. Архи, согтууруулах ундаанд дуртайдаа бус. Их хотын залууст соёлтой газраа, соёлтой үйлчилгээг хүссэн хугацаагаараа авах эрх байх ёстой учраас тэр. Энэ бол аль ч оронд очсон жуулчдын хүсдэг зүйлийн нэг яах аргагүй мөн билээ. Хорьж цагдлаа гээд архинаас гардаг өдийд нийслэлчүүд бүгд “цэвэршиж”, архи, тамхины үйлдвэрүүд дампуурах байлаа. Гэвч тэгээгүй л байгаа биз дээ. Тэгэхээр найрсаг хотынхоо соёлтой иргэдэд итгээд үзэх хэрэгтэй болов уу.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн төсвөөс жил бүр таван хувийг нь зарцуулж байхаар нийслэлийн ИТХ-аас шийдвэрлэсэн. Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөл, алжаал тайлах тав тухтай орчныг бүрдүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэх, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхээр зорьж буй гэсэн. Бүгд биелээсэй билээ. Тэгээд би ч бас найрсаг Улаанбаатарын нэг иргэн нь учраас надад тэр нь “наалдаасай”. Түүнээс биш гаднын жуулчдыг харахаараа нэг өөр, манийгаа үзэхээр “хоёр дахь гараараа” үйлчлээд байдаг газар одоохондоо манайд бишгүй бий. Заримдаа ч гаднынханд найрсаг сайхан хүмүүс болж харагдах гээд монголчууддаа найрсаг бус хандаж, хөлдөө чирчих гээд байх тохиолдол цөөнгүй.
Л.ГАНАА