2011 онд Хятадад “Авлигатай тэмцэх, нам, Засгийн газрын түвшинд авлигад автахгүй аппарат бий болгох талаарх хүчин чармайлт” гэсэн нэртэй Цагаан ном гаргаж, энэ үйл хэргийг өөрийн ажлын чухал хэсэг болгож буйгаа Хятадын Засгийн газар зарласан юм. Авлигын эсрэг хийх тэмцлээ зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэлтэй хамт явуулсан нь их үр дүнтэй болж буй гэж үздэг аж. БНХАУ-д зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийг судалдаг Синь Янь захиргаадал-командлалын тогтолцоог зах зээлийн эдийн засгийн системд ямар ч хувилбараар шилжүүллээ гэсэн зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига гэх мэт дагалдах сөрөг үзэгдлүүд түгээмэл гарч ирдэг хэмээн тэмдэглэсэн байна. Хятадын өөр нэг судлаач Сюй Кай 1953-1978 оны хоорондох 25 жилийн хугацаанд Хонконг, Макао, Тайванийг оролцуулалгүйгээр авч үзэхэд Хятадад зохион байгуулалттай гэмт хэрэг үндсэндээ байсангүй гэж бичсэн байх юм. Хятадын эдийн засагт өөрчлөлт хийсэн өнгөрсөн зууны 70-аад оны эхнээс эх газрын Хятадад зохион байгуулалттай гэмт хэрэг эрс өссөн аж.
1970-аад оны эцэс, 1990-ээд оны эхээр Хятадад хүнд, онц хүнд гэмт хэргийн тоо хурдтай нэмэгдэж, түүн дотор бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн эзлэх хувь хэмжээ ихэсч, ялангуяа томоохон хотуудад гэмт хэргийн бүлэг олноор бий болжээ. Гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн үед 1983 оны наймдугаар сард тэнүүлчин, цагаачдаас бүрдсэн бүлгүүдийн эсрэг тэмцэх зорилгоор “Хүчтэй цохилт” хэмээх кампанит ажлыг орон даяар өрнүүлэв. 1990-ээд онд бүлэглэн хэрэг үйлдэгчид ихэд олширч, үйл ажиллагааны хүрээ нь ч тэлж, хотод төдийгүй хөдөөд, гол замууд дээр ийм бүлэглэлүүдийн шинжтэй “хамт олны” дотор чанарын өөрчлөлт ч бий болж иржээ. Яваандаа тэдний зохион байгуулалт нь нарийсч, үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэр нь тэлж, гадаадын гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хэлхээ холбоо тогтоохыг эрмэлзэх болж, үйлдэх гэмт хэргийн төрөл нь ч өргөжин, техник хангамж, зэвсэг нь сайжирч, гэмт хэргийн бүлэглэлүүдийн хяналтад байдаг хөрөнгө ч гэж бий болж ирсэн байна.
Хонконг, Тайванийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байсан Солонгос, Япон, Англи, Америкийн гэмт хэргийн бүлэглэлүүд нэвтэрч орж ирсэн нь эх газрын Хятадад зохион байгуулалттай гэмт хэрэг “цэцэглэх” явдалд хүчтэй нөлөө үзүүлэв. Түүнээс гадна дэлхийн хар тамхи үйлдвэрлэлийн үлэмж хэсгийг эзэлдэг Лаос, Тайландын залгаа хилийн “алтан гурвалжингийн” нутаг дэвсгэрээс Юнь Нань муж, Хятадын далайн эрэг орчмын хотуудыг дайран өнгөрч цааш Тайвань, Хонконгоор дамжин эцсийн борлуулалт хийдэг газар хүрдэг хар тамхины Хятадын суваг бий болсон нь зохион байгуулалттай гэмт бүлэглэл эрчимтэй өсөж өндийх чухал хүчин зүйл болсон байна. Шинэ зууны эхнээс Хятадын зохион байгуулалттай гэмт хэрэг хөгжлийнхөө илүү өндөр түвшинд гарсан гэж үзэж болно. Гэмт бүлэглэлийн үйл ажиллагааны хүрээ ч нутаг дэвсгэрийн хувьд
томорч, идэвхтэй оролцогчдын тоо ч хэдэн зуугаар тоологдох хэмжээнд хүрсэн байна. Удирдлага, зохион байгуулалтын хувьд ч нарийн дэг жаягтай болж, орчин цагийн үйлдвэрийн газруудын зиндаанд очжээ. Үйл ажиллагаанд нь бизнес, гэмт хэрэг хоёр сүлэлдэж байх болсон байна. Тэр ч бүү хэл гэмт хэрэг, эрх мэдэл хоёр ч хоорондоо холбогдох нь цөөнгүй. Нэг талаас Хятадын төрийн ажилтнууд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд орооцолдох нь нэмэгдэж, нөгөө талаас гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчид нь төр, засгийн бүтцэд өндөр албан тушаалд очих болжээ.
“Авлига авлаа гээд цаазлаад л байх юм, гэтэл авлига нь улам нэмэгдээд л” гэж орчин цагийн Хятадыг шүүмжлэгчид, ялангуяа либерал ардчилсан үзэлтнүүд ярих болсон байна. Хятадын шинжээчдийн үзэж буйгаар жил бүр авлигад өгч буй эдийн засгийн алдагдал нь ДНБ-ий 13-17 хувьд хүрч улсын санхүүгийн 20 орчим хувь нь төрийн шударга бус албан хаагчдын халаасанд орж байсан аж. Төсвийн хөрөнгөнөөс жил бүр зориулалтын бусаар зарцуулж буй мөнгөний хэмжээ 8.5 тэрбум доллараас давж байна гэнэ. Мөн авлигачдын дэмжлэгтэйгээр гэмт хэрэгтнүүд 25 тэрбум орчим доллар “угааж” байдаг байна. ХКН-ын сахилгын комиссын баримтаар бол сүүлийн 30 жилд намын 4000 гаруй түшмэл хилийн чанад руу зугтаж гарсан бөгөөд тэд 50 тэрбум юань (7.1 тэрбум доллар) авч явсан нь дунджаар нэг, оргодолд 100 сая юань (14.2 сая доллар) ногдож байна гэж 2010 оны нэгдүгээр сард “The Epoch Times” сонинд бичиж байжээ. Статистикаас үзвэл 2007 онд л Хятад улс тансаг зэрэглэлийн эд агуурс худалдаж авахад зарцуулдаг мөнгөний хэмжээгээр дэлхийд гуравт орж байв. Энэ худалдан авагчдын ихэнх нь намын ажилтнууд байсан аж.
2000-2010 онд Хятадад авлигын хэргээр төрийн 10 мянга орчим ажилтныг цаазалсан гэх мэдээ Оросын хэвлэлд элбэг үзэгддэг. Тийм болохоор энэ нь өсгөсөн тоо байж мэднэ. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын баримтаар бол XXI зууны эхээр Хятадад жил бүр 1000-аас доошгүй хүн цаазалж байжээ. Эдний дотор алуурчин, мафийн толгойлогч, хар тамхины бүлэглэлийн удирдагч, цэргийн алба хаагч, улс төрийн гэмт хэрэгтэн ч багтана. Харин авлигачид тэдний дунд цөөвтөр, 2010 оны дүнгээр Хятадад төрийн дээд албан тушаалын 11 хүнд дээд хэмжээний ял өгч, насаар нь хорихоор шийтгэсэн байх юм. Тэдний авсан авлигын хэмжээ дунджаар 10 сая юань (1.4 сая доллар) байсан нь 2009 оныхоос 20 хувиар нэмэгдсэн хэрэг. Мужийн хийгээд түүнээс дээш түвшний эрх мэдэлтэй явсан эдний долоо нь цаазлагдаж, дөрөв нь насаараа шоронд хоригдох ял авчээ. Тэдний нэг нь Ардын дээд шүүхийн орлогч дарга байсан Хуан Суню. Тэрбээр 5.1 сая юань (728.5 мянган доллар) хууль бусаар олсон байж. Гуандун мужийн Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга асан Чэнь Шаоци хамгийн их авлига авсан этгээд гэгдсэн бөгөөд хууль бус замаар 29.6 сая юань (4.2 сая доллар) авсан байв.
Хятадын Эрүүгийн хуульд зааснаар бол төрийн ажилтны хууль бус орлого нь 100 мянган юаниас (14.3 мянган доллар) давсан байвал 10 юм уу түүнээс дээш жилийн болон бүх насаар нь хорих ял өгдөг аж. Нөхцөл байдал хүндрүүлэх шалтгаантай бол бүх хөрөнгийг нь хураагаад цаазаар авах нь ч бий. Тэгэхдээ энэ шалтгааныг авч үзэх нь нэн ховор. Тухайлбал, албан ёсны баримтаас үзвэл сүүлийн долоон жилд мужийн болон түүнээс дээш түвшний 58 албан тушаалтны хэргийг шүүжээ. Тэд нийтдээ 50-300 удаагийн үйлдлээр 100 мянгаас дээш юанийн хахууль авсны ердөө гуравт нь цаазлах ял оноосон байна. Бээжин хотын захирагчийн орлогч Лю Чихуаг 2010 онд цаазалжээ. Тэрбээр Бээжингийн зүүн хойд захын их сургуулиудын дүүрэгт байх “Хөөсөнцөр хөндий”-г долоон жил удирдсан аж. Түүнээс гадна 2008 оны Бээжингийн олимпоос ихээхэн ашиг олсон байдаг. Далдуур учирдаг бүсгүйгээ барилгын нэгэн компанийн захирал болгочихоод Олимпийн объектуудаас ашигтайг нь түүгээр бариулж, бас газар олгосныхоо төлөө хахууль авч байжээ.
Эрх мэдлийн дээд эрэмбэд байдгаас авлигын дуулиантайхан хэрэгт орооцолдогсдын дотроос бүх Хятадын ардын төдөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Чэн Кэцегийн нэрийг дурдалгүй өнгөрч яахин болох билээ. Гуанси мужийн амбан захирагч байхдаа ихээхэн хэмжээний хөрөнгө завшиж, бизнес эрхлэгчдэд хууль бус дэмжлэг үзүүлж хариуд нь 4.5 сая доллар авсан байдаг. Түүний энэ хэрэг Гуанси мужид авлигын урт гэгч сунжирсан цувааг хөвж гаргаж ирсэн байна. 500 гаруй мянган доллар халаасалсан Гуйян хотын захирагч Ли Чэнлун цаазлуулсан. Чэн Кецегийн хэргийн хүрээнд авлигатай тэмцэх газрын ажилтнууд найман сая шахам доллар завшсаныг илрүүлжээ. 1377 ажилтны үйл ажиллагаанд шалгалт хийж 756 нь намын шийтгэл хүлээж, 73-ыг нь эрүүгийн хариуцлагад татсан байна.
Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Дунин хотын захирагчийн орлогч байсан Чэнь Синлуань 2010 оны арванхоёрдугаар сард цаазаар авахуулах ял авав. Тэгэхдээ уг ялыг гүйцэтгэх хугацааг нь хоёр жилээр хойшлуулсан аж. Тэрбээр авлига авсан, олон нийтийн сангийн хөрөнгө үрэн таран хийсэн хэрэг үйлдсэн байна. 1999-2008 онд төрийн алба хашиж байхдаа хахууль хэлбэрээр хувь хүнээс 21.87 сая юань (3.3 сая доллар) авч, сангаас 16.5 сая юань (2.5 сая доллар) үрсэн байжээ. Чэнь Синлуань хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж, хууль бусаар өөрийн болгосон мөнгөө эргүүлж өгсөн учраас оноосон ялыг гүйцэтгэх, хугацааг хоёр жилээр сунгасан аж. Хятадад цаазын ялыг даруй гүйцэтгэх хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах гэсэн хоёр янзын шийтгэл байдаг юм байна. Хэрэгтэн этгээд үнэн сэтгэлээс гэмшиж, мөрдөн байцаах ажилд дэмжлэг үзүүлж, цаазыг хойшлуулсан хугацаанд биеэ үлгэр жишээ болгохуйцаар авч байвал цаазын ялыг сольж болдог аж.
Хятадын төрийн мэдлийн томоохон корпорацуудын нэг “China National Nu¬cLear Corporation”-ыг удирдаж байсан Кан Жисинь 2010 оны арваннэгдүгээр сард насаараа хоригдох ял авчээ. 2004-2009 онд тус корпорацыг толгойлохдоо хахуульд бараг нэг сая доллар авсныг нь шүүх тогтоосон байна. Бээжин хотын нисэх онгоцны буудлыг удирддаг улсын компанийг тэргүүлж байсан Ли Пэйлинд 2009 онд цаазын ял оноов. Түүний хахуульд авсан, зарж үрсэн мөнгөний хэмжээ 16 сая доллар хүрсэн байв.
Хууль сахиулах байгууллагуудаас ч авлигын хэргүүд илэрсээр байна. Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд генерал Ли Цижоу автомашин, нефть бүтээгдэхүүн зэрэг гурван тэрбум долларын бараа дамлан худалдсан хэрэг үйлдсэн гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон болохыг илрүүлэв. Сямынь хотын цагдаа, гаалийн байгууллагын 200 шахам ажилтан энэ хэрэгт орооцолдсон байлаа. Хүнсний бүтээгдэхүүн, эмийн зүйлийн чанарын хяналтын газрын дарга байсан Чэн Сяонойг буудан хороолоо. Хятадын эдийн засгийн томоохон бүс байдаг Шэньчэнь хотын дарга авлигын хэрэгт холбогдон 2010 онд баривчлагдав. Түүнийг цаазын ял хүлээж буй гэлцэнэ.
Төрийн томоохон албан тушаалтан төдийгүй ажил нь сайн яваа бизнесмен, орон нутгийн олигархиудын зүрх чичирч байх болсон байна. Тус улсын хамгийн залуу саятан эмэгтэй У Ин 2009 оны эцсээр цаазын ял сонслоо. Циньхуа хотын дунд шатны шүүх 28 настай түүнийг хуурч мэхлэх замаар 384 сая юань (56 сая доллар) авсан гэж үзэж дээд ял өгсөн байна. Хувийн бизнесээ гоо сайхны салон ажиллуулж эхэлсэн У Ин өөрийн гэсэн холдингтой болсноор орон даяар нэр алдар нь түгжээ. Түүний холдинг зочид буудлын бизнес, их дэлгүүр, интернэт-кафе, машины наймаа эрхэлж, барилгын материал үйлдвэрлэж, угаалгын газрын сүлжээтэй болсон аж. Энэ эмэгтэй өндөр хувь, ашиг амлан 184 хөрөнгө оруулагчаас олон сая мөнгө татаж чаджээ. Олсон мөнгөө тэрбээр хувийн хэрэгцээндээ зориулсан байна.
Хятадын нефть-химийн үйлдвэрлэлийн аварга том “Sinopec” гэдэг дэлхийд томд орох компанийн тэргүүн байсан Чэнь Тунхай цаазаар авахуулах ял сонссон. Харин гүйцэтгэх хугацааг нь хоёр жилээр хойшлуулсан аж. Хувийн хөрөнгө нь 6.3 тэрбум доллараар үнэлэгддэг, Хятадын хамгийн баян хүн гэгддэг Хуан Гуаньгог 2009 оны эцсээр баривчлав. Түүнийг “эдийн засгийн ноцтой гэмт хэрэгт" сэжиглэжээ. Түүний ахыг бас баривчилжээ. Эцэст нь өгүүлэхэд Москвагийн их сургуулийн профессор Владимир Андрияновын хэлснээр шийтгэлийг чангаруулснаар Хятадад авилга, зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоож чадаагүй юм гэхэд хазаарлан барьж дөнгөж байна. Хятадын Статистикийн хорооны явуулсан санал асуулгаар авлигын эсрэг, худалдагдахгүй төрийн аппарат бий болгохын төлөө хийсэн тэмцлийн үр дүнд олон нийтийн сэтгэл ханамж 2003 онд 51.9 хувь байсан бол 2010 онд 70.6 хувь болжээ. Авлигыг ямар нэг хэмжээгээр тогтоон барьсан гэж үзэх хүний тоо 68.1 хувь байснаа 83.8 хувь болсон байна.
1.5 тэрбум хүнтэй Хятад улсын хувьд олныг хамарсан эмх замбараагүй байдлаас сэргийлэхийн тулд хатуу ширүүн хандах, цаазлаад байх нь авахаас аргагүй арга хэмжээ байж болох юм. Бусад улсын хувьд “авлигачдыг алаад бай” гэх нь тийм ч тохиромжтой арга биш байх.
И.РЭНЧИНХАНД