Усанд живэх, ууланд төөрөх, түймэрт өртөх, нурангид даруулах зэрэг аминд аюул учирсан үед бидэнд хэн тусалдаг вэ. Ах дүү, амраг садан нь биш, нэг удаа зүс харж, нэр мэдэхгүй ч тэд л биднийг авран хамгаалахаар очдог. Тэд бол онцгой байдлын аврагчид. Тэдний нэг нь 18 наснаасаа бусдыг авран хамгаалах буянт үйлсэд дурлаж, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид 18 жил тасралтгүй ажиллаж яваа Төрхүүгийн Баяраа юм. Тэрбээр үргэлж анхдагчдын нэг байсаар иржээ. Онцгой байдлын салбараасаа анх удаа Өмнөд Судан улсад Энхийг сахиулахаар мордож байсан бол ОХУ, БНСУ руу бас л зорилго нэгт нөхдөө төлөөлөн сургалтад сууж, туршлага судалж байв. Амьдралд дөнгөж хөл тавьсан 18-хан наснаасаа өдийг хүртэл тэрбээр 40 гаруй хүний алтан амь аварч, бусдын эд хөрөнгийг аюул гамшгаас хамгаалсаар ирсэн юм. Түүний амьдрал, ажлын онцлогийн талаар хүргэе.
АРВАН ХЭДЭН НАСАНДАА ХҮНИЙ АМЬ АВАРСАН НЬ АВРАГЧ БОЛОХОД НӨЛӨӨЛЖЭЭ
1992 оны зун. Хичээл сургууль амарсан дэлгэр зуны нэгэн өдөр Т.Баяраа бяцхан охины амь аварчээ. Цахилгааны гэмтсэн утаснаас болж шатны төмөр бариул цахилгаанжсан байж. Үүнийг мэдэлгүй төмөр бариулаас тас зуураад, тусламж гуйн орилж байсан жаахан охиныг үснээс нь татан холдуулж, цахилгаанд цохиулж, амиа алдахаас аварсан байна. Охины эцэг эх түүнд хязгааргүй их баярласнаа илэрхийлж, амттанаар шагнахад Т.Баяраа өөрийгөө баатар болсон мэтээр төсөөлж, хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж байсан гэдэг. “Арван хэдэн насандаа анх хүний амь аварсан маань аврагч болоход нөлөөлсөн” гэж тэрбээр дурсан сууна.
Т.Баяраагийн бага нас IV хороололд өнгөрчээ. 1979 онд II төрөх эмнэлэгт мэндэлсэн, Улаанбаатар хотын уугуул нэгэн. Гэхдээ түүний аав Ц.Төрхүү Сүхбаатар аймгийн Халзан, ээж Л.Оюунгэрэл нь Хэнтий аймгийн Баянхутагийнх. Аав нь барилгын цэргийн ангид насаараа ажилласан бол ээж нь цэцэгчин мэргэжилтэй. Тэрбээр, нийслэлийн 32 дугаар дунд сургуулийг төгсөөд их, дээд сургууль гэж хошууралгүй энгийн хэрнээ эгэлгүй тустай ажил хийхээр шулуудсан нь тухайн үед Зэвсэгт хүчний 122 дугаар анги буюу одоогийн Аврах тусгай ангид хөл тавьсан явдал. “Онцгойгийн ангид аврагч бүртгэж байна” гэсэн зараар тус газарт очиж шалгуултал “Нуруу намхан, бие жижиг байна, тэнцэхгүй” гээд явуулжээ. Гэвч азаар ч юм уу, эзээр ч гэх үү араас нь дуудан, аврагчийн ангид бүртгэсэн байна. Тэрбээр мөн Хилийн цэргийн 151 дүгээр ангид хөгжимчнөөр бүртгүүлээд тэнцсэн байж. Гэвч хөгжимчин бус аврагчийн ажлыг илүүд үзжээ. Тэндээс л амьдралын гараагаа эхэлж, усчин аврагч болсон хүүгийн “аварна тусална, хамгаална” гэсэн цагаахан хүсэл нь амар хялбар биелээгүйг тэрбээр онцлон ярив.

“УНДЛААД СУУЖ БАЙТАЛ ҮХСЭН ХҮНИЙ ЦОГЦОС ГЭНЭТ БОСООД ИРСЭН”
Т.Баяраагийн хамгийн анх гүйцэтгэсэн ажил нь Туул голд живж, амиа алдсан хүний цогцсыг уснаас гаргах байжээ. Тухайн үед одоогийнх шиг багаж техник хангалттай байгаагүй учраас усан дотор хөлөөрөө тэмтэрч явж, цогцсыг олдог байж. Тэгж яваад цогцсон дээр гишгэчихэж. Хамаг бие нь арзайж, айж сандарсан тэрбээр уснаас огло харайн үсэрч гараад харсан зүгтээ зугтсан гэдэг. Түүнийг ийн зугтсан хойгуур олон жил ажилласан туршлагатай аврагчид нөгөө цогцсыг гаргажээ. Үүний дараахан хамт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн аврагч нь усанд живж амиа алдсан харамсалтай явдал болжээ. Түүний цогцсыг уснаас гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх амаргүй ажил бас л түүнд ногдов. “Усанд ам гарч болохгүй. “Усчин хүн усандаа” гэдэг муухай үг бий” гээд тэр хүний цогцсыг уснаас яаж гаргаснаа ярилаа. Өмнөхөө бодвол арай л туршлагажсан тэрбээр хэсэг нөхдийн хамт цогцсыг төвөггүй олоод голын эрэг дээр гаргажээ. Ингээд цагаан даавуугаар бүтээж тавьчихаад хажууд нь унд цай уугаад сууж байтал нөгөө цогцос гэнэт босоод ирсэн гэнэ. Зүрх нь амаараа гарчих шахсан тэрбээр хожим хамаг бие нь усаар дүүрсэн хүн халуун наранд хөөхөөрөө хий нь гарч, хагас суусан байдалтай хөшдөг болохыг мэдэж авчээ. Ус үер гэлтгүй нуранги, ган зуд, түймэр, цасан шуурга гээд байгалийн бүхий л гамшгийн үеэр түүн шиг шижигнэсэн залуус зориг зүрхэндээ эрдэж нойр, хоолгүй зүтгэдэг. Усанд живсэн хүнийг амьд гаргана гэдэг маш ховор аж. Учир нь усанд хүн хэдхэн хормын дотор живдэг бол түүнд тусламж хүртэл хэдэн цаг бүр хэдэн хоног шаардагддаг. Манай улсад Аврах тусгай анги ганцхан байдаг учраас хөдөө, орон нутагт хүч хүрэлцэхгүй дуудлагад тэд л явна. Сэлэнгэд нэг хүн усанд живлээ гэхэд ОБЕГ-т дуудлага ирж, тэр нь Аврах тусгай ангийнхны сонорт хүрснээр хэдэн зуун км газарт байх өнөөх хүнд тусламж хүргэх гэсээр байтал байдал бишдэх нь ойлгомжтой. Аз тохиож яг живж байхад нь аврагчид таарч туслахгүй л юм бол амьд гаргана гэдэг боломжгүй.
Монголчууд үхсэн хүний цогцсонд хамаагүй хүрдэггүй ч онцгой байдлын аврагчдын өдөр бүр хийдэг ажил нь болохоор яалтай. Т.Баяраа л гэхэд гурван настай хүүхдээс эхлээд 76-тай эмээгийн цогцсыг олж, ар гэрийнхэнд нь өгч, ядаж бүрэн бүтнээр нь оршуулахад тусалжээ. Энэ бүхнээс сэжиглэж, айгаад байвал аврагчид бүгд сэтгэл мэдрэлийн өвчтэй болох байсныг ч тэр нуугаагүй. Усчин аврагчид гол усаар хамаагүй тоглож, нааддаггүй, загас ч барьдаггүй аж. Харин очсон нуур, голын уснаас магнайдаа хүргээд, тэргүүн дээрх алтан соёмбо, төрийн сүлдэндээ итгэж залбирдаг гэнэ.
1990-ээд оны дундуур байгалийн гамшигт өртөн амиа алдсан хүмүүсийн цогцсыг аврагчид өөрсдөө цагдаагийн байгууллага болон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгдөг байсан бол одоо цогцсыг гаргаад л тэдний ажил дуусаж, үлдсэнийг нь цагдаагийн байгууллагынхан гүйцэтгэнэ. Т.Баяраа 2000 онд Туул голд осолдож, амиа алдсан гурван настай хүүхдийн цогцсыг уснаас гаргаж, өвөр дээрээ тавиад хот орж, цагдаад хүлээлгэж өгч байсан удаатай.
Живсэн, төөрсөн, сураггүй алга болсон, осолдож эндсэн гээд гашуун зовлон тохиолдсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулздаг болохоор сэтгэл санааны дайралтад өртөх нь их. “Өдий болтол олдоггүй. Ажлаа хийж чадахгүй юмнууд” гэж харааж загнах нь энүүхэнд. Үүний хажуугаар хүйтэн ус, хүчтэй цасан шуурганд жиндээд ирэхэд халуун хоол цай бариад угтах хүн ч цөөнгүй. Дуудлагаар очоод эхний ээлжинд ар гэрийнхнийх нь хүсэлтээр хэлсэн газарт нь сураггүй болсон хүнийг хайж өгдөг аж. Усанд осолдсон хүнийг оллоо гэхэд эхлээд бусдадаа нууц байдлаар дохио өгдөг юм байна. Тэгэхгүйгээр “олчихлоо” гээд хашгирвал ар гэрийнхэн нь ус руу гүйж орчих гээд хэцүү байдаг гэж ажлынхаа онцлогоос бяцхан нууц задалсан юм. Усанд урссан хүн 150 гаруй км явчихдаг, бүр хил гарсан тохиолдол цөөнгүй байдаг учраас эрэн хайх ажиллагаа хурдан шуурхай болдоггүйг учирласан.
АНХНЫ ХАРЦААР ДУРЛАСАН ЭХНЭРТЭЙГЭЭ НЭГ АЛБАНД ЗҮТГЭЖ ЯВНА
30 насны босго шүргэтлээ ажлаас өөрийг бодохгүй, дуудлагаас дуудлагын хооронд гүйж явсан Т.Баяраа нэгэн бүсгүйд анхны харцаар дурласан нь эхнэр Э.Золзаяа нь. 2008 онд шалган нэвтрүүлэх пост дээр жижүүр хийн зогсож байтал гунхсан сайхан бүсгүй инээмсэглэн мэнд мэдэхэд өөрийн эрхгүй түүнд ховсдуулсан гэдэг. Хэд хоногийн дараа нөгөө бүсгүй Аврах тусгай ангид холбоочноор ажилд орсон аж. Ингээд л жижүүрийн дэвтрээс гар утасных нь дугаарыг олж авч холбогдон, эр хүний 13 мэхээ хэрэглэсний эцэст эхнэрээ болгож чаджээ. Нэгэн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа учраас бие биенээ сайн ойлгодог ч ажилдаа түүртэн ганц охиноо“орхигдуулах” гээд байдаг талтай гэнэ. Түүнийг охиныг Б.Цэлмэг гэдэг бөгөөд одоо дөрвөн настай. Тэрбээр үеийнхнээсээ их хэрсүү. Аав ээжийгээ өглөө болгон үнсээд, ажлаа сайн хийхийг захин өвөөтэйгөө гэрээ сахин үлддэг гэнэ.
ӨДӨРТ ХЭДХЭН ШИРХЭГ ЖИГНЭМГЭЭР ГОЛ ЗОГООДОГ БАЙЖЭЭ
2012 оны долдугаар сард Т.Баяраа Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн I ээлжинд явжээ. “Онцгойгийн албандаа хүн аврах гэж ажилладаг бол армид хүн хөнөөх үүрэгтэй явж байлаа. Одоогийнхтой харьцуулахад тэр үед Өмнөд Суданд харьцангуй тайван байсан. Хэн нэгэн түрүүлж буудвал бид хариу буудна. Түүнээс нааш эхэлж буудах эрхгүй. Гэхдээ аминд нь хүрэх газар буудахгүй. Дараа нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үүрэгтэй. Бид ОХУ, БНСУ, Балба, Энэтхэг зэрэг орны алба хаагчтай хамт үүрэг гүйцэтгэж байлаа” гэв.
Тэд Өмнөд Судан улсын Беньтю хотын төв баазад байрлаж байсан бөгөөд эхний ээлжийнхэн учраас дараагийн ээлжийнхнээ тав тухтай байлгах үүднээс тохижилтын ажил голдуу хийжээ. Үүний зэрэгцээ харуул хамгаалалт, усан эргүүлд явдаг байсан аж. Эхний хэд хоног Өмнөд Суданы аагим халуунд дасах гэж багагүй зүдэрчээ. Сүүлдээ шөнөдөө 20 гаруй хэмийн дулаан байхад ч даардаг болсноо дурссан. Тэнд агааржуулагч л аминд орох бөгөөд цахилгаан тасарсан үед үгээ хэлдэг байж.
Монголын багийнхныг НҮБ-аас хоол хүнсээр хангаагүй байгаа гээд өглөө, өдөрт хэдэн ширхэг жигнэмэг, оройн хоолонд аяга будаа, ганц ширхэг махтай, өгдөг байж. Халуун бүгчим, дээр нь идэх хоолгүй байсан болохоор тэд хэд хоног “нүднээс гараад” хэцүүхэн байж. Харин сарын дараа НҮБ-аас хоол хүнсээр хангажээ. Тэнд байхдаа хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийг долоо хоногт нэг удаа ууж, элдэв өвчнөөс хамгаалах тариа хийлгэдэг байжээ. “Дэлгүүрт байдаг маникан шиг гозойсон хар хүмүүсийг анх харахад их сонин санагдсан. Суданы хүүхдүүд цэргийнхний хогийн цэгт хаясан хоолны үлдэгдлийг түүж амь зогоож байгааг хараад үнэхээр өрөвдсөн” хэмээн тэрбээр ярьсан юм. Энхийг сахиулахаар очсон монголчууд их дайчин. Энд тэнд буудалцаан болсон газар руу явуулах гэхээр гадаадууд хойшоо суучихна. Харин манайхан “Би явъя , би явъя” гэдэг хэмээн тэрбээр ярилаа.

Тэрбээр сүүлийн гурван жил БНСУ, ОХУ руу явж, сургалтад сууж юм үзэж нүд тайлаад иржээ. Олон улсын тэмцээнээс манай аврагчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. “Багаж техник нь л илүү болохоос мэдлэг, ур чадварын хувьд манайхан дутахгүй” гэж Т.Баяраа ам бардам хэлсэн. Манай улсад аврагчдын дадлага сургуулилалт хийх томоохон цогцолбор шаардлагатайг тэрбээр онцолсон юм. Саяхан манай улсад болсон INSARAG олон улсын сургалтын үеэр нүүр улайснаа нуугаагүй. Учир нь гадаадын олон орны алба хаагчдад дээшээ авирах шат, газар доогуур ухсан цооног, нуранги байдалтай болгосон бетоноос өөр үзүүлж харуулаад нүүр тахалчих юм олдоогүй гэнэ. Эрдэнэт хүний амь, эд хөрөнгийг авран хамгаалдаг онцгойгийнхон ийм л бааз түшиглэн бэлтгэлээ хийдэг байна. Мөн тэрбээр “Жил болгон байгууллагаас мөнгө гаргаж аврагчдаа төв бассейнд сургуулилалт хийлгэдэг. Үүний оронд Аврах тусгай ангийн гадна талбайд бассейн бариад өгчихвөл хэрэгтэй байгаа юм” гэв.
Арван хэдэн насандаа хүний амь аварч аврагч болсон Т.Баяраа өнөөдөр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын дарга, офицер болжээ. Энэ хүрэх зам бартаатай байсан. Гэхдээ тэр харанхуйгаар тэмтчиж бус, бусдад гэрэл гэгээ, амьдрал хайрласаар ирсэн юм. Урсгал усанд осолдсон хүнийг аврах гэж яваад унасан модонд тээглэж, өөрөө толгойдоо хүнд шарх авч байжээ. Хэнтий аймгийн Дадал суманд түймэр унтрааж явтал салхи гэнэт эргэж, онгоцны дуу мэт нүргэлсэн чимээтэй улаан гал хуйлраад бүслээд ирсэн гэнэ. Долуулаа явсан тэд хоёр хоёроороо салж, түймэр унтрааж байсан 20 литр усаа бие бие рүү асгаж, дүрэлзэж байгаа галыг сөрж гүйжээ. Ингэж амьд үлдэж. Цасанд боогдон осгох гэж байсан олон нялх хүүхэдтэй хүмүүсийг эсэн мэнд олж, эрүүл энх дулаан газар бараадуулсан нь одоо ч санаанаас нь гардаггүй гэнэ. Өнөөдөр Т.Баяраа олон аавын хөвгүүдэд аврагч байхын баяр бахдал, үүрэг хариуцлагыг хэлж зааж, зөвлөж явна. Дуудлагад явсан тэднийхээ араас өөрөө явснаасаа илүү санаа зовоод, тайван сууж чадахаа байжээ. Одоо ч гэсэн тэрбээр яг л 18 настай үеийнх шигээ ажилдаа дурласан, бусдыг авран хамгаалах гэсэн их хүслээр жигүүрлэж явна.
Ч.БОЛОРТУЯА