ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ж.Дугаржавтай ярилцлаа.Тэрбээр утаагүй түлш гарган авах судалгаа хийж, түүнийгээ үйлдвэрлэлд хэдийнэ нэвтрүүлээд буй аж. Төр, засгийн удирдлагуудаас эхлээд иргэд хүртэл урин дулаанд агаарын бохирдлын талаар таг мартаж, өвөл дөхөхөөр л санадаг. Энэ хугацаанд утааг бууруулахад шаардлагатай бодлогын, судалгаа шинжилгээний ажлаа гүйцэтгэх ёстой гэж тэрбээр үзэж байгаа юм. Түүнтэй судалгааных нь ажил болон цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар ярьсан юм.
-Та утаагүй түлшний хэрэглээг хангах боломжтой түлш үйлдвэрлэн, агаарын бохирдлыг бууруулж болох талаар судалж, патент авсан гэсэн байх аа?
-Монгол орны нүүрсний экологийн чанарыг үнэлж, био түлш, нүүрс, хагас коксжуулсан түлшний технологи, барьцалдуулагч буюу холбогч материалтай холбоотой арав орчим шинэ шийдэл боловсруулан, дөрвөн патент авч, “Баялаг эрдэнэ цом” компанитай хамтран үйлдвэр байгуулсан. Цэвэр түлшний хамгийн сайн хэлбэрийн нэг нь ургамлын гаралтай био түлш. Бидний боловсруулсан шийдлүүдийн олонх нь био түлш, био холбогч буюу шахмал түлшийг барьцалдуулагчтай холбоотой технологи. Патентуудыг нэвтрүүлэх сонирхолтой үйлдвэртэй хамтран ажиллахад бэлэн. Хүхэр, хүнд ба хортой элементүүд агуулдаггүй, үнс хаягдал багатай нь био түлшний давуу тал. Илчлэг нь хүрэн нүүрснээс илүү. Агаарын бохирдолд ихээхэн анхаарал хандуулдаг болсон өнөө үед дэлхийн олон оронд сүрэл, үртсээр хийдэг био түлшийг ирээдүйтэйд тооцож байна. Гэвч нөөц нь хязгаарлагдмал, цуглуулж, тээвэрлэхэд хүндрэлтэй зэргээс шалтгаалан өртөг өндөртэй болдог тал бий. Биотүлш төдийгүй био холбогч буюу барьцалдуулагч хийж болно гэж дээр дурдсан. Шахмал түлш үйлдвэрлэлийн бэрхшээлтэй асуудлын нэг болох холбогч буюу барьцалдуулагчийг сүрэл, үртэс, цаас, аргал зэрэг био материалаар хийсэн тохиолдолд чанар нь сайжрах төдийгүй үнэ нь буурах боломжтой.

-Био түлш хийх боломжтой хамгийн элбэг материал юу вэ?
-Манай улсад био түлшний хамгийн их нөөцтэй түүхий эд нь сүрэл гэж үзэж болно. Монгол Улс 2014 онд 480.000 тонн улаан буудай хурааж авснаас 400.000 тонн орчим сүрэл гарсан. Энэ нь Улаанбаатар хотын түлшний хэрэгцээг бүрэн хангах хэмжээний түүхий эд. Үр тарианы үйлдвэрлэлд сүрлийг хөрсөнд булж, бордох технологи нэвтрүүлснээс өөр зориулалтаар ашиглах боломж хомсдож байгаа. Гэсэн ч бүгдийг нь биш, гарсан сүрлийн 20 орчим хувийг нь ашиглахад л утаагүй түлшний үйлдвэрлэлд томоохон дэвшил гарна. Уг нь нийт 80.000 тонны хүчин чадалтай сүрэл, үртсэн түлшний 4-5 үйлдвэр байгуулахад л цэвэр түлшний асуудал цэгцэрчихнэ шүү дээ. Үүнд ойролцоогоор 10 сая орчим ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо бий.
-“Баялаг эрдэнэ цом” компанитай хамтран үйлдвэр байгуулсан гэсэн. Тус компани өдгөө хэрхэн ажиллаж байна вэ?
-ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн 2012 оноос “Баялаг эрдэнэ цом” компанитай хамтран цэвэр түлшний үйлдвэр байгуулахаар хөөцөлдсөн. Үр дүнд нь өнгөрсөн онд Чойрт өдөрт 20 тонн хагас коксжуулсан шахмал түлш хийх үйлдвэр байгуулсан. Нүүрс бэлтгэх, хагас коксжуулах, шахах бүрэн дамжлагатай. Бүтээгдэхүүнээ 2014-2015 оны өвөл Улаанбаатар хотын айл өрхөд төдийгүй металл боловсруулах болон шохойн зарим үйлдвэрт нийлүүлсэн. Уг үйлдвэрийн бүтээгдэхүүн нь шахмал түлшний стандарт болох MNS 5679:2014-ийн шаардлагад бүрэн нийцэж байгаа. Энэ онд үйлдвэрийнхээ хүчин чадлыг өргөжүүлэх зорилгоор өмнөхөөсөө өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж авчран угсарч суурилуулах, түүхий эдээ нөөцлөх, технологио зүгшрүүлэх зэрэг ажил хийж байна.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй түлш, утаагүй зуух хэрэглэх тухай цөөнгүй жил ярилаа. Энэ чиглэлээр ажилладаг судлаачийн хувьд төрөөс явуулж байсан бодлогыг хэр зөв зүйтэй байв гэж үзэж байна вэ.
-Энэ тухай одоо л ярих хэрэгтэй. Нүүрс бол халууны нөлөөгөөр хатуу, шингэн, хийн бүтээгдэхүүн үүсгэж задардаг, шатсаных нь дараа хүхэрлэг хий, тортог, үнс тоос гарч, утаа, манан үүсдэг. Мөн хүнд, хортой элементүүдийг агаарт цацдаг. Тэдгээрээр хүн, амьтан амьсгалж, хөрс, ургамал бохирдож байна. Үүнийг бууруулах аргын нэг нь утаагүй буюу цэвэр түлш мөн. Эрдэмтэн мэргэжилтнүүдээс эхлээд бизнесийн хүрээнийхэн, иргэд хүртэл олон санаачилга гаргасан ч үр дүн муутай байгаа нь үнэн. Төр засгийн бодлого тогтворгүй, тууштай биш байгаагаас тэр юм.
-Өнгөрсөн жилүүдэд утаагүй түлшний цөөнгүй үйлдвэр байгуулах тухай ярьж байсан. Өдий хүртэл үйл ажиллагаа нь төдийлэн өргөжөөгүй, айл өрхийн хэрэгцээг хангаж чадахгүй, хүрэлцээ муутай байх шиг. Уг нь манай улсад утаагүй түлшний хэд хэдэн үйлдвэр байдаг гэх сураг бий.
-МАК-ийн хагас коксын үйлдвэр, “Шарын гол энерго”, “Нако түлш” зэрэг багагүй туршлага хуримтлуулсан үйлдвэр бий. “Баялаг эрдэнэ цом”, “Дэрст хотгор”, “Хур туг”, “Хөх чоно” компани шинээр ийм үйлдвэр байгуулсан. Хамгийн гол нь энэ ажилд хөрөнгөө зарсан бизнесмэн, зүгширч мэргэшсэн инженер, туршлагатай ажилчид бүрдлээ. Уг үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн дөт зам болох үндэстэй.
-Утаагүй түлш, зуух нэмэр болохгүй нь. Гэр хорооллын айлуудыг орон сууцанд оруулахаас өөр арга алга гэж сүүлийн үед ярих нь их болсон.
-Чадахгүй байгаагаа боломжгүй гэж үзэж болохгүй. Битгий бууж өг гэсэн үг ч байдаг биз дээ. Түлшний найрлага, шатаалтын горим, муу зуухтай зэрэг шалтгаанаар гарч байгаа хий нь тоос, тортог, үнс, угаарын хий, хүхрийн ба азотын оксидууд, хүнд хортой элемент агуулсан байдаг. Ингэж бохирдсон, хар өнгөтөй хийг утаа гээд байгаа хэрэг. Харьцангуй бага бохирдсон, өнгөгүй хий гаргадаг түлшийг цэвэр буюу утаагүй гэж хэлж болох юм. Утаагүй түлш үйлдвэрлэх технологи хүнд, гадаадаас суудлын машин авч байгаа юм шиг шууд хэрэглэх боломж хомс. Тодорхой бодлого, технологи хэрэгтэй.
Цэвэр түлшний үйлдвэрийн технологийн үндсэн дамжлагууд нь түүхий эдийг бутлах, угаах, баяжуулах, хагас коксжуулах, хатаах, шахах, савлах процесс байдаг. Нүүрсийг угааж эрдэсгүйжүүлэх нь түлшийг цэвэр болгох ач холбогдолтой. Угааснаар нүүрсэн дэх хорт болон цацраг идэвхт бодисуудын агуулга буурч цэвэршдэг юм. Сүүлийн үед нүүрсийг хуурай аргаар баяжуулах сонирхол ихээхэн нэмэгдэж байгаа. Гадаргын усны нөөц муутай манай оронд хуурай баяжуулалтын технологийг эзэмшиж, тэр дундаа цэвэр түлшний үйлдвэрлэлд нэвтрүүлэх онцгой ач холбогдолтой. Гэхдээ энэ нь манайд төдийгүй олон улсын түвшинд ч шинэлэгт тооцогдож байгаа шүү дээ.
-Техник технологийн ямар асуудал байгаа юм бэ. Манай орны нөхцөлд шийдэж болох юм уу?
-Утаагүй түлш нь шингэн, хий байдалтай байж болно. Гэхдээ үүнийг манай оронд хэрэгжүүлэх боломж одоогоор байхгүй учраас эхний ээлжинд хатуу түлшээ сайн хийх шаардлагатай. Сайтар шахсан, бат бөх, зөөж тээвэрлэх болон шатаахад бутардаггүй байвал сайн түлш мөн. Тэгвэл утаа бага гарна. Тиймээс түлшийг шахах үйл ажиллагаа нэлээд ач холбогдолтой байдаг юм. Манайд байгаа үйлдвэрүүд шахах процессоо төдийлэн сайжруулж чадаагүй. Шахах процесст чухал ач холбогдолтой хүчин зүйл нь холбогч буюу барьцалдуулагч материал болон даралт байдаг. Шахах төхөөрөмжүүдийг даралтаар нь бага, дунд, өндөр гэж ангилна. Бага нь нэг ам см-т 500 хүртэлх кг, дунд нь 600-1200, өндөр даралтынх нь 1200-2500 кг даралт үзүүлдэг. Төхөөрөмжийн даралт өндөр болох тусам холбогчид тавих шаардлага буурна. Өндөр даралтын шахагчаар хүрэн нүүрсийг холбогчгүй шахсан ч болдог. Манай үйлдвэрүүдийг 400 кг-аас дээш даралтын шахагч төхөөрөмжтөй болгосон тохиолдолд түлшний чанар сайжирна. Холбогчоор нефть-битум, нүүрсний давирхай зэрэг төрөл бүрийн байгалийн ба нийлэг хуванцар, цавуурхаг бодис ашиглаж байгаа. Сүүлийн үед үйлдвэрлэгчид хийсэн холбогчийнхоо жинхэнэ найрлагыг нууцлах болсон. Зарим газар шахмал түлшний бат бөх чанарыг нэмэгдүүлж, шаталтыг сайжруулах зорилгоор түлшинд нэмэлт бодис хольдог боллоо. Манайд ийм зориулалттай Солонгосын “Cleаn coal” гэдэг бодис оруулж ирж туршин, тодорхой хүрээнд хэрэглээнд нэвтрүүлж байсан. Уг нь муугүй үр дүнд хүрсэн ч, дэмжлэг дутсанаас орхигдсон тал бий.
-Манай улсын нөхцөлд агаарын бохирдлыг бууруулахад шингэн ба хийн түлш хэрэглэх нь хэр зөв шийдэл гэж та дүгнэж байна вэ?
-Ойрын жилүүдэд л лав тийм боломж бүрдэхгүй, учрыг тайлбарлана гэвэл багагүй хэмжээний лекц унших шаардлагатай. Манайд байгалийн хий, нефтийн үйлдвэр байхгүй. Нүүрсийг хийжүүлээд гаргасан хийг утаагүй түлш болгон ашиглана гэж зарим хүн ярьдаг. Ийм боломж хомс. Нүүрсний хий нь илчлэг багатай, шингэрүүлж хадгалах, ашиглах боломжгүй. Хүрэн нүүрсийг агаар, уураар хийжүүлэхэд гарах хийн дундаж илчлэг нь импортолж ашигладаг шингэрүүлсэн хий буюу нефть-химийн аж үйлдвэрийн үнэтэй бүтээгдэхүүнээс бараг 10 дахин бага. Нүүрснээс гарах ямар ч хийг үүнтэй адилтгаж болохгүй. Харин металл боловсруулах, барилгын материалын үйлдвэрүүдийн технологийн түлш, эрчим хүчний цэвэр түлш болгон ашиглах боломж, ирээдүй бий.
Ч.МӨНХЗУЛ