Энэ хүнийг Д.Наранцогт гэдэг. Үндсэн мэргэжил нь сэтгүүлч. Гэхдээ ажил мэргэжил гэхээсээ байгаль дэлхийдээ буян үйлдэж, мод тарьдаг гэдгээрээ олонд илүү танигдсан. Найман аймгийн 41 сумаар явж, 66 мянга гаруй мод тарьсан тэрбээр хамгийн сүүлд хоймор нутаг Хөвсгөлийг зорьж, 6000 мод суулгаад саяхан иржээ. “Байгаль дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг санаачилж, төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авалгүй, сүүлийн таван жилийн турш иргэдийн хандив тусламжаар энэ буянтай үйлсийг хийж яваа, “Нэр төр, эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Наранцогттой уулзаж ярилцлаа.
-Сэтгүүлч мэргэжилтэй хүн яаж яваад байгаль хамгаалагч, эко үйлстэн болж хувирав аа? Энэ талаар яриагаа эхэлье?
-Би 1994 онд Дундговь аймгийн Өндөршил суманд ажиллаж байгаад 1998 оноос аймгийн ЗДТГ-т хэвлэл мэдээллийн албанд, дараа нь “Хүмүүс” сонинд ажиллаж байгаад сүүлд “Монгол туургатан” сонин эрхлэн гаргаж байлаа. Ер нь сэтгүүлч бид чинь аливааг гярхай олж хардаг, болж бүтэхгүй зүйлийг анзаарч, дутагдлыг нь засаж залруулж явдаг шүү дээ. Байгаль орчны өөрчлөлт нүдэн дээр илт мэдрэгдэх болж, үүний эсрэг тэмцье гэж шийдээд “Нэр төр, эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллагаа байгуулсан. Манай төрийн бус байгууллага байгаль орчны чиглэлээр болон хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. 2010 оноос ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг таван ТББ хамтраад “Байгаль дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг Монгол орон даяар өрнүүлсэн юм. Монголд байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллага маш олон байдаг юм байна. Ихэвчлэн янз бүрийн төсөлд хамрагдаж, амь зогоох төдий тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг юм билээ. “Байгаль дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы хүрээнд Монгол орныхоо бүх аймаг, сум, багт очиж, ажиллая. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг зөвхөн мод тариад зогсохгүй энэ талын ойлголтыг иргэдэд ойлгуулъя гэж зорьсон. Иргэдийнхээ оюун тархинд нь эхлээд мод тарья. Тэгээд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэж, мод тарьж, тарьсан модоо заавал ургуулдаг болъё гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлээд бид тав дахь жилдээ явж байна даа.
-Таныг говьд очиж мод тариад тун амжилттай ургуулсан гэж дуулсан?
-Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд найман аймгийн 41 суманд очиж, 66052 ширхэг мод тариад байна. Нийслэлийн Налайх, Багахангай, Багануураас бусад дүүрэгт мод тарьсан. Энэ хугацаанд ард иргэдээс 193 орчим сая төгрөгийн хандив цуглуулж, түүгээрээ энэ ажлыг хийлээ. Цөлжилтөд хамгийн ихээр нэрвэгдсэн говийн аймгуудад бид түлхүү ажилласан. Таван жилийн өмнө энэ аянаа Дундговь аймгийн Өндөршил сумаас анх эхлүүлж байлаа. Яагаад гэвэл нэгд, миний төрсөн нутаг хоёрт, цөлжилтөд маш ихээр нэрвэгдсэн сум. Дээхнэ үед энэ суманд хоёр ч удаа кампанит ажил болгоод мод тарих гээд ургуулж чадаагүй юм билээ. Бүр “мод ургадаггүй сум” гэсэн нэртэй. Бид тэнд 2000 мод тарьсан. Энэ хугацаанд бүгд сайхан ургаж, гурван метрээс дээш өндөртэй болоод байна.
-Саяхан та Хөвсгөл яваад ирсэн гэл үү? Ой тайгатай хангай газар мод тариад гэхээр тань бага зэрэг гайхсан шүү?
-Энэ жил бид дөрвөн аймгийн 10 суманд очиж ажиллаад ирлээ. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал, Рэнчинлхүмбэ суманд очиж 6000 мод тарилаа. Анх Хөвсгөл явна гэхэд тэр их ой тайга, устай газар мод тарьж яах гэсэн юм бэ гэж хүн болгон хэлсэн. Таван жилийн өмнө энэ аяныг эхлүүлж байх үед мэргэжлийн хүмүүс “Монголын цөлжилт урдаасаа хойшоо чиглэж байна. Цөлжилт Дарханы хойд тал, Сэлэнгийн урд ирчихээд байна. Энэ янзаараа хурдацтай явбал 2020 онд Хөвсгөлд хүрээд, Монгол орон бүрэн цөлжих нь” гэж ярьж байсан юм. Гэтэл сая биднийг Хөвсгөлд очиход говиос ч илүү эрчимтэй цөлжчихсөн байсан. Бид говьд мод тарья, говио аваръя гэж ярьдаг. Яг үнэндээ Хөвсгөл маань аврал эрээд амь тавих дөхсөн байна. Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ сум 300 гаруй гол горхитой, битүү ой тайгатай газар. Энэ нутагт бид 4500 орчим мод тарьсан. Намгархаг хөрстэй, харахад нов ногоон ширэг ургачихсан. Яг мод тарих гээд нүх ухахад тэндээс гарч байгаа хөрс нь зүгээр л саарал үнс, түйрэн. Манайхан гадна төрхийг нь харчихаад байгаль нь гоёороо байна, Хөвсгөл маань сайхан байна гэж яриад байдаг. Яг очоод харахаар цөлжчихсөн, төр засаг анхаарлаа хандуулахад болохоор болжээ. Говиос илүү Хөвсгөл маань цөлжчихөж. Удахгүй усгүй, модгүй болчихвол бид юугаа үзэж, харна гэж Хөвсгөлийг зорих вэ. Тийм учраас одооноос эхлээд тийшээ аялж байгаа хүн болгон Хөвсгөлд мод тарих хэрэгтэй. Нэг нь нэг гэхгүй мод тариад байвал Хөвсгөл маань аврагдахад дөхөмтэй болж магадгүй.
-Ямар насны, ямар хэмжээтэй мод таривал ургах нь хурдан байдаг вэ?
-Бид дандаа 1-3 насны нялх мод тарьдаг. Нялх мод тухайн газрынхаа хөрсөнд амархан дасан зохицож ургадаг. Нялх хүүхэд шиг л арчилгаа шаарддаг. Гурван жилээс цаашаа бие даагаад ургачихвал арчилгаа нь багасдаг. Биднийг сая очиход Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга “Нөгөө 5000 мод чинь хаана байна, том машинаар авчрахгүй яасан юм. Ийм жижигхэн мод тарих юм уу” гээд их дурамжхан байсан. Бидний ажил ард түмэнд ойлгуулах байдаг юм, иргэдээ цуглуулчих гэсэн. Нээлтийн үеэр “Би танай суманд 5000 “нярай хүүхэд” авчирч өглөө. Энэ нярай үрсийг амьдруулна уу, булшилна уу өөрсдийн чинь арчилгаа мэднэ” гээд бүх заавар, зөвлөгөөг нь өгсөн. Өмнө нь уулнаас том шилмүүст мод авчраад сумын төвдөө суулгачихсан байсан л даа. Тэрийгээ сайн арчилдаггүй, харахад ногооноороо байгаа хэрнээ мөчир нь шарлаад үхчихсэн байсан. Тэгэхээр ард иргэдэд түлхүү ойлголт өгөх хэрэгтэй.
-Хөдөөгүүр явж 60 гаруй мянган мод тарьсан гэхээр асар их хүч хөдөлмөр, зардал гарсан байж таарна. Энэ бүх зардлыг хаанаас гаргав?
-Анхандаа төрийн бус байгууллагууд маань их идэвхтэй оролцсон. Тал талаасаа нэгдсэн. Гэтэл сайн дурын ажил, ашиг орлого олохгүй болохоор тус тусын зам мөрийг хөөгөөд “Завгүй болчихлоо” гээд чимээгүйхэн алга болчихдог юм байна. Яг үндсэндээ би бараг ганцаараа үлдсэн дээ, энэ ажил дээр. Шантрахгүй зүтгэсэн. Найз нөхөд хийж байгаа ажлыг минь ойлгохгүй “Субботник хийдгээ боль” гэж хэлж байсан. Ямар ч байсан энэ ажлынхаа эцсийг үзнэ гээд тав дахь жилдээ явж байна. Таван жилийн хугацаанд төр засгаас нэг ч удаа, хандив тусламж, төсөл хөтөлбөр гуйж хандаж үзсэнгүй. Зөвхөн иргэдийн хандив тусламжаар л болгож байна. Сүүлийн үед хүмүүс миний ажлыг ойлгодог болсон. Гадаадад амьдарч байгаа монголчууд маань, Монголд ирсэн гаднын иргэд ойлгож, дэмжиж боломжоороо мөнгө хандивладаг болсон. Хандивласан мөнгийг юунд зарсан талаарх тайлангаа гаргаж өгдөг. Сүүлийн үед Монголын нэр хүндтэй, олны танил хүмүүс хамтарч ажилладаг болсон. Таван жилийн хугацаанд 2000 орчим байгууллага бидэнтэй хамтарсан. Мод тарихад хамтарч, сайн дураараа нэгдсэн хүний тоо 30 мянга гарчихаад байна даа. Энэ жил өвөрмонголчууд олноор нэгдсэн. Өнөө жил тарьсан 13 мянган модны ихэнх санхүүжилтийг нь тэд гаргаж өглөө. Тэдний тус дэмээр ажил урагштай л явж байна. Дан ганц цөлжилтийн эсрэг нэгдэх биш, Монголын эмзэг бүлгийнхэнд тусалъя гээд өвөрмонголчууд хувцас илгээж байна. Мод тарихад сайн дураараа оролцсон, хамтарч ажилласан эмзэг бүлгийн иргэдэд бид хувцас өгдөг. Саяхан Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, 6-7 хүүхэдтэй Энхжаргал гээд өрх толгойлсон аавд, мөн тус дүүргийн Аягуль гээд казах эмэгтэйд өвөрмонголчууд гэр авч өглөө.
-Зөвхөн мод тариад орхих биш, арчилж байж ургуулдаг гэдэг. Та бүхэн хөдөөгүүр тарьсан модоо эргэж тойрдог уу?
-Бид тухайн сум, орон нутгийн иргэдтэй байнга холбоотой байдаг. Тарьсан моднууд маань 90-ээс дээш хувийн ургалттай байгаа. Бид тухайн сум, орон нутгийнхантай гэрээ хийдэг. Тэгэхгүй бол сэтгэлийн хөөрлөөр хэдэн мянган мод тариад орхичихвол хариуцах эзэнгүй, үхчихнэ. Хөдөө орон нутагт тарьсан бүх мод маань ургаж байгаа. Харин Улаанбаатарынхан маань залхуу, хойрго. Мод тариулъя гэчихээд арчилж, торддоггүй. Тарьсан моднуудын ургалт жаахан муу шүү. Өнгөрсөн жил ЭХЭМҮТ-ийн хашаанд бид 200 гаруй мод тарьсан. Фэйсбүүкийн “470” группийнхэн, Регбигийн холбооны тамирчид гээд 300-гаад хүн ирж мод тарилцсан. ЭХЭМҮТ-ийн дарга “Бид ургуулаад арчлаад явна” л гээд байсан. Арчилж тордохгүй, услахгүй хэвээр л байна. Өдөр болгон очиж нөгөөдүүлтэй чинь хэрүүл хийдэг. Цаашдаа хөдөө орон нутагт түлхүү анхаарч ажиллаад, Улаанбаатартаа дорвитойхон ганц цэцэрлэгт хүрээлэн байгуулъя гэж бодож байгаа. Энэ жил 29 дүгээр тусгай дунд сургуулийн хашаанд 100 ширхэг, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуульд өвөрмонгол эрдэмтний санхүүжилт, дэмжлэгээр 2000 мод тарьсан.
-Монголд ер нь ямар төрлийн мод хамгийн сайн ургадаг вэ?
-Ер нь сэтгэл байвал бүх төрлийн мод ургадаг. Анх би мод гэж юу байдгийг мэдэхгүй, сэтгэлийн хөөрлөөр л энэ ажил руу орж байсан. Явсаар байгаад одоо ойн инженерийн түвшинд шахуу очсон. Говийн хөрсөнд хүртэл мод сагсайтал ургаад байна шүү дээ. Гол нь тэрийг арчилж тордох сэтгэл л чухал. Бид хэзээ ч албаддаггүй. Сайн дураараа мод тарихаар ирсэн иргэдэд мод тарьсны ач холбогдлыг тайлбарлаж, хажууд нь дуулбал ингэж ургадаг юм, хэрэлдэж зодолдвол гомддог юм гэдгийг тайлбарладаг. Мод тарихдаа нутгийн иргэд, тэнд ирсэн хүмүүсээр “Үлэмжийн чанар”-ыг дуулуулдаг. Энэ дууг сонссон мод илүү сайхан ургадаг гэдэг. Ортой ч юм шиг байгаа юм. Тиймээс бид “Үлэмжийн чанар”-аар аргадаж, модоо тарьдаг. Иргэд ч “Үлэмжийн чанар” дуулах гэж ирдэг болсон. Сая Дундговь аймгийн Сайхан овоо суманд Ганчулуун гэдэг залуутай хамтраад 1000 мод тарьж, “Тэнгэрлэг ээжүүдийн төгөл” байгуулсан. Нутгийнх нь 60-82 насны эмээ нар ирж мод тарьсан. Тэр халуун өдөр эмээ нар ядрахаа мэдэхгүй бууц, элс шороо зөөгөөд л “Үлэмжийн чанар”-аа хангинатал дуулаад л мод тарьцгаасан. Бид бас Сүхбаатарын Түмэнцогт суманд очиж мод тарилаа. Түймэрт газар нутгийнх нь 90 хувь нь шатчихсан, харахад нүд хальтирмаар байсан. Нутгийн залуучууд нь сайн дураараа нэгдсэн. Хар ямаат гээд байгалийн тусгай хамгаалалттай газарт бид 500 ширхэг хайлаас тарьсан.
-Хавар болохоор л та мод тарих гээд хөдөөгүүр явдаг уу?
-Тэгдэг шүү. Хөтөлбөрөө эхлээд гаргана. Аймаг, сумдынхаа удирдлагуудтай ярина. Энэ жилээс хамтран ажиллах газрууд маань ихсээд байгаа. Судалж байгаад үнэхээр мод ургуулах, арчилж, тордох сэтгэлтэй хүмүүстэй газар нь очиж тарья гэж бодож байгаа. Тэгэхгүй бол зарим нь шоу хийгээд “Энд би мод тарилаа” гэж баахан зарлачихаад арчилж тордолгүй хаячихаад яваад өгдөг.
-Тарих суулгацаа хаанаас авдаг вэ?
-Мод үржүүлгийн талбайтай хүмүүсээс худалдаж авдаг. Хүмүүсээс ирсэн хандивын мөнгө маань мод болоод буцаад ургачихдаг. АНУ-д ажиллаж, амьдардаг яруу найрагч Хулганайн Тэргэл бидний ажлыг маш их дэмждэг. Өнгөрсөн жил аав нь бурхан болчихлоо гээд аавынхаа буянд зориулаад “Би суварга бос гомооргүй байна. Мод тариулъя. Та нар Дорноговь явах гэж байгаа бол Хамрын хийдэд мод тариад өгөөч” гэж хандсан. Бид өнгөрсөн жил өгсөн хандиваар нь 100 мод тарьсан юм. Энэ жил тэнд бид Монгол сакура гэдэг 2000 гүйлс Хамрын хийдэд очиж тарьсан. Дорноговийн “Эрхэм андууд” гээд фэйсбүүкийн группэд төрийн алба хашдаг, 30 хүрч байгаа шижигнэсэн залуус байдаг юм. Тэд маань 7-14 хоногт байнга эргэж тойрч, услаад байгаа. Удахгүй тэнд монгол сакурагийн төгөлтэй болох байх. Хаврын хаварт сакура цэцэглэхийг үзнэ гээд Хамрын хийд рүү хүмүүс зорьдог болох байх аа.
Г.ОЮУН