"Хэрэглээ, ядуурал, сайн сайхан амьдрал” гэсэн сэдвээр шинжилгээ хийсний учир Англи-Америкийн эдийн засагч Энгус Дитонд энэ оны Нобелийн шагнал өгөхөөр шийдсэн юм. Принстоны их сургуулийн эдийн засгийн факультетэд ажилладаг тэрбээр микро эдийн засгийн асуудлаар мэргэжсэн хүн. Тэрбээр хэрэглэгч, хүн амын ядуурал, чинээлэг байдалд судалгаа хийжээ. Хэрэглэгчид сонголтоо хэрхэн хийдэг, иргэдээ чинээлэг амьдруулж, ядуурлыг бууруулахад туслах эдийн засгийн бодлогыг боловсруулахад юу чухал болох тухай ойлголтод түүний энэ судалгаа хувь нэмрээ оруулжээ.
Принстоны их сургуулиас өмнө Бристоль, Кэмбрижийн их сургуульд Дитон ажиллаж байв. Энэ сарын 19-нд Дитон 70 нас хүрлээ.Төдийлөн нэрд гараагүй Энгус Дитонд Нобелийн шагнал өгөх болсон нь өнгөц харахад санамсаргүй явдал мэт санагдаж магадгүй. Үнэн хэрэгтээ бол хэрэглэгчийн байдал хийгээд ядуурлын асуудлаар шинэлэг санаа сэдэлтэй бүхэл бүтэн ажил түүнд бий юм. Тэгэхдээ л түүнд Нобелийн шагнал олгох болсон нь өргөн олон түмний хувьд яалт ч үгүй гэнэтийн явдал байлаа. Энэ онд уг шагналыг авах магадлалтайд Нью-Йоркийн их сургуулийн Пол Ромер, Харвардын их сургуулийн Роберт Барро, Элханан Хелпман, Массачусетсийн технологийн их сургуулийн Дарон Асемоглу нар тооцогдож байв.Энгус Дитон нь 1984 онд Нобелийн шагнал авсан нэрт эрдэмтэн Жон Ричард Николас Стоуны шавь аж. Дитон 1967-1968 онд Английн банкинд, 1974-1983 онд Бристоны их сургууль, 1983 оноос Пристоны их сургуульд ажиллаж байна.
Эдийн засгийн онолыг математик, статистикийн аргатай хослуулдаг эконометрикийн шинжлэх ухаанаар Дитон мэргэшсэн бөгөөд энэ салбартаа Нобелийн шагнал авч буй долоо дахь хүн. Шийдвэр гаргахад хэрэглэх эконометрикийн загвар боловсруулсан Р.Фриш, Я.Тинберген нар 1969 онд анхны Нобель хүртэж байсан бол 2013 онд Л.П.Хансен энэ шагналыг авсан нь эконометрикийн хувьд сүүлчийнх нь байсан юм.Шведийн вангийн академийн үзэж буйгаар бол дунд зэргийн хэрэглэгч орлогоо хуваарлах шийдвэрийг хэрхэн гаргадаг, аливаа барааны эрэлт нь үнэ хийгээд хэрэглэгчийн орлогоос хамаардгийг ойлгоход Дитоны ажил туслах аж. Бүр 1980-аад онд түүний боловсруулсан арга одоо эдийн засгийн онолд ч, практикт ч загвар хэрэгсэл болсоор байна.“Капитал болон эдийн засгийн мөчлөгүүдийн цар хүрээ хэрхэн бий болдгийг тайлбарлахад орлого хийгээд хэрэглээний түвшин хоёрын удаан хугацааны харилцан хамаарлыг ойлгох нь чухал байдаг. Зөвхөн дундаж орлого, хэрэглээ хоёрыг харгалзан үзэх юм бол жинхэнэ харилцааг өнөөдрийн голлох онол тайлбарлаж чадахгүйг 1990 оны хэд хэдэн бүтээлдээ Дитон баталсан юм. Үүний оронд хүмүүс өөрийн хэрэглээний түвшинг дундаж орлого шиг хэлбэлзээд байдаггүй орлогодоо хэрхэн тохируулдгийг авч үзэх нь чухал. Амьдралдаа сэтгэл хангалуун байх нь тодорхой хугацаанд л орлоготой хамт нэмэгдэж байдгийг харуулсан нээлтэд Дитон шууд хамааралтай байгаа юм. Мөнгө тухайн гэр бүлийн хувьд хүн амынхаа үндсэн хэсгээс илүү гараад ирэхээр л түүний үнэ цэнэ унадаг” гэж Нобелийн хорооны танилцуулгад өгүүлсэн байна.
Дитон 1980-аад оны үед бичсэн нэгэн бүтээлдээ бараа тус бүрийн эрэлт нь бүх барааны үнэ болон хувь хүний орлогоос хамааралтай гэсэн бодит байдалд тун ойр тогтолцоог боловсруулсан байна. Үүнийг их уян хатан, энгийн үнэлгээний арга гэж үздэг юм. Тэр үеэс л эрдэм шинжилгээний судалгаа болон эдийн засгийн бодлогын стандарт болж хувирсан энэ арга хэрэглэгчийн татварыг өөрчлөх гэх мэтээр эрх баригчдын хийсэн үйлдэл нийгмийн янз бүрийн бүлгийн сайн сайхан амьдралд хэрхэн нөлөөлдгийг үнэлэх боломж олгосон юм. Хүмүүсийн амьдралыг дээшлүүлж, ядуурлыг бууруулах эдийн засгийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд юуны урьд тодорхой хэрэглэгчдийн шийдвэрийг ойлгох нь чухал байдаг. Тэгвэл Дитоны эконометрикийн загвар нь чухам үүнийг бүрэн хэмжээгээр хийх боломж олгож буй юм.Орост сүүлийн нэг жилд хүн амын бодит орлого 10 хувь, зарим бүс нутагт үүнээс илүүгээр уналаа. Тэгэхлээр хүмүүс юм худалдаж авах нь багассан, авлаа гэхэд хямдыг нь сонгох болсон гэсэн үг. Хэрэглээний зах зээлд шинэ бодит байдал бий болж байна.
Хэрэглээний байдалд ямар ахиц гарч байна, хүн амын ядуу давхаргын дунд бүтцийн ямар өөрчлөлт бий болж байна, ядууралтай хэрхэн тэмцэх вэ гэх мэт асуултад Дитоны загварын тусламжтайгаар хариулт олж болно. Айл өрхүүд тодорхой зурвас цаг хугацаанд өөрийн орлогыг хэрхэн хуваарилж зарцуулдагийг Дитоны боловсруулсан систем харуулсан гэж хэлж болно. Хэрэглээ нь орлогын түвшингээс хамаардаг хэмээх 1950-иад онд бий болсон макро эдийн засагч Милтон Фритмэн, Франко Модильяни нарын суурь загварыг Дитоны хандлага дахин авч үзэхэд хүргэсэн юм. Энэ загвар нь нийт үндэстний түвшинд орлогын өөрчлөлтөөс хамааран зарлага нь өөрчлөгдөж байдаг “дундаж хэрэглэгч” дээр түшиглэсэн юм. Дундаж үзүүлэлтээс зүй ёсоор ялгарч байдаг орлого, зарлагын онцлогийг харгалзан үзэх нь чухал болохыг Дитон баталсан байна.
Профессор Дитоны “Их үсрэлт: Эрүүл мэнд, баялаг, тэгш биш байхын үндэс” нэртэй сүүлчийн ном 2013 онд хэвлэгджээ. Энэ бүтээл их өөдрөг өнгө аястай. Хүн төрөлхтний түүхэнд эрүүлийг хамгаалах салбар болон иргэдийн орлогод сүүлийн 200 жилийнх шиг ийм хүчтэй дэвшил ер гарч байсангүй. Энэ үйл явц хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын ялгааг нэмэгдүүлж байсан нь цөөнгүй ч Дитоны үзэж буйгаар өвчин эмгэг, ядуурлын гүн балчгаас сугарч гарах бүх боломжийг агуулж байв. Тэгэхдээ ядуу орнууд санхүүгийн тусламжтайгаар ийм боломжтой болохгүй, харин гаалийн саад бэрхшээлийг устгаж, хөдөлмөрийн цагаачлалын асуудлыг шийдвэрлэж, халуун орны өвчнийг анагаах эм бий болгож, түүнээсээ эмийн компаниуд ашиг олж байж энэ балчгаас сугарч гарна.Товчлон хэлбэл 1980-аад онд боловсруулсан янз бүрийн барааны эрэлтийг үнэлэх систем, хэрэглээ, орлого хоёрын холбоонд олон жил хийсэн судалгаа, хөгжиж буй орнууд дахь амьдралын болон ядуурлын түвшинг хэмжихэд зориулж 1990-2000 онд хийсэн ажлууд нь Энгус Дитонд Нобелийн шагнал “авч өглөө” гэж хэлж болно.
Англи, Америкийн эдийн засагч Энгус Стюарт Дитон 1945 онд Шотландын Эдинбургэд төрсөн аж. Тэрбээр “Дайны дараах Английн эрэлтийн загвар хийгээд төсөөлөл” (1975), “Хэрэглээний тухай ойлголт” (1993), “Хөгжлийн салбарын бодлогод микро эдийн засгийн үүднээс хандах нь” (1997), “Их үсрэлт: Эрүүл мэнд, баялаг, тэгш биш байхын үндэс” (2013) гэх зэрэг нэрд гарсан бүтээлүүд туурвижээ. Сүүлчийн номоороо 250 жилийн өмнөх үер үү эргэн харж, хөгжингүй орнуудаас хол хоцорсон орнуудад туслах хэд хэдэн санал дэвшүүлсэн аж.