
2016 оны УИХ-ын сонгууль 20 хоногийн дараа болж монголчууд сонголтоо хийх гэж байна. Энэ удаагийн сонгуулийн хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 100 хувийн ирцтэй баталсан юм.
2011 онд баталж байсан Сонгуулийн тухай хуулийн 60.1 дүгээр заалтад “Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” хэмээсэн байдаг. Гэвч энэ удаагийн сонгуулийн тухай хуулинд тус заалтыг эрх баригчид бүрэн орхигдуулж баталсан байлаа. Санаатай орхигдуулсан хуулийн цоорхойг ашиглаж Сонгуулийн хуульд ямар ч өөрчлөлтийг дураар оруулж болох гарц эрхэм гишүүдэд нээгдсэн юм. Үүнийгээ хууль тогтоогчдын зүгээс тайлбарлахдаа “Хуулийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор энэ заалтыг хассан. Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж байхад Хуулийн тухай хууль батлагдаад 2016 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр байсан тул Сонгуулийн тухай хуулиа нийцүүлсэн. Хуулийн тухай хуулиар хэр баргийн хуулийн төслийг өргөн бариад хэлэлцэхгүй” гэж байлаа.
Маргаан дагуулсаар 2016 оны тавдугаар сарын 4-нд ажлын бус цагаар УИХ хуралдаж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, жижиг 76 тойрог бүхий можритар хувилбартай болгож орхив. Ингэснээр түүхэнд анх удаа санал хураалтаас сар гаруйн өмнө хуульдаа гар хүрсэн анхны парламент болов. Уг нь тэд хуулийг өөрчилснөөр хэн нэгэн гишүүн намын далбаан дор хавчуулагдан гарч ирэхгүй гэж үзжээ. Гэсэн хэдий ч Сонгуулийн тухай хуулийг сөхөж үзвэл хэд хэдэн цоорхой байгааг онцлон хүргэж байна.
1. Шинэ нэр дэвшигчдэд халтай сурталчилгааны цөөн хоног
Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа явуулж болох нийт хугацаа 17 хоног. Өмнөх хуульд нэр дэвшигч сурталчилгаагаа сонгуульд нэр дэвшсэн өдрөөсөө хойш явуулж, санал өгөхөөс 24 цагийн өмнө дуусгадаг байсан билээ. Сурталчилгааг цөөн хоног болгосны сул тал нь аливаа бусармаг үйлдэл, хуурамч мэдээ мэдээлэлд хариу үзүүлэх, зөвөөр тайлбарлах боломжийг хязгаарлаж байгаа юм. Мөн 17 хоногийн хугацаанд олонд танигдаагүй нэр дэвшигчид өөрсдийгөө таниулж амжихгүй. Парламентад суудалгүй нам, бие даагчдын хувьд голдуу шинэ хүмүүс байгаа шүү дээ. Сурталчилгааны хоног анх 45 хоног байсан бол 21 болж, одоо бол үндсэндээ 17 хоног л болсон. Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөх бүрийд ийнхүү шинэ нэр дэвшигчид олонд өөрийгөө таниулах боломжийг багасгаж байгаа нь улс төрийн акулуудад л ашигтай биз ээ.
2. Өгсөн санал маань үнэлэгдэхгүй хаягдах магадлалтай
Нэр дэвшигч намынхаа нэрээр сонгогчдоос багагүй хэмжээний санал авсан ч тойрогт өрсөлдүүлсэн нөхдөөс нь нэг ч ялалт байгуулаагүй бол намд өгсөн сонгогчдын санал юу ч биш болох тухай агуулга Сонгуулийн хуулинд байгаа юм. Тодруулбал тус хуулинд "Нам, эвсэл нь нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан бөгөөд олонхын сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан байх ёстой, чадаагүй бол намд өгсөн саналыг нь хуваана" хэмээн зааажээ. Өнөөх намд өгсөн багагүй хэмжээний санал огт үнэлэгдэхгүй хаягдах боломжтой аж
3. Хаана ч хэнд ч санал өгөх боломжтой.
"Сонгогч оршин суугаа газрынхаа харьяа сонгуулийн хэсгээс өөр сонгуулийн хэсэгт шилжиж сонгуульд оролцох боломжтой" гэсэн хуулийн заалт бий. Уг нь сонгогч бүрийг сонгуульд оролцуулахаар тус хуулийн заалтыг мөрддөг хэдий ч энэ нь хуулийн цоорхой болжээ. Учир нь аль нэг нэр дэвшигч өөрийн дэмжигчдээ дэвшиж буй тойрогтоо түр урвуулж өөртөө санал өгүүлэх бүрэн боломжтой аж.
4. Интернэт орчинд сурталчилгаа явуулах илүү өргөн боломжтой
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол сонгуулийн сурталчилгаа явуулахад чухал нөлөөтэй боловч орчин үед интернэт ашиглаж сурталчилгаа хийх нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг эрх баригчид хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг аж.
Энэ хуулийн 83.4-т “Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана” гэжээ. Мөн хэвлэл, сонин сэтгүүл захиалагчийнхаа овог нэрийг товчлохгүй, гаргацтай дурдах ёстой бө телевиз, радио нэвтрүүлэгийнхээ эхлэл төгсгөлд заавал захиалагчыг дурдах ёстой. Эс бөгөөс тус байгууллагын тусгай зөвшөөрлийг зургаан сараар түтгэлзүүлнэ хэмээн заажээ. Энэ нь интернэт орчинд сурталчилгаа явуулах илүү өргөн боломж харагдаж байгааг харуулж байна. Бусад мэдээллийн хэрэгсэл шиг тоо хэмжээ, агуулга, хэлбэр заагаагүй. Мэдээллийн сайтууд нэр дэвшигчийн баннер байрлуулж болно. Видео, аудио, текст, зураг, ярилцлага, мэдээ, нийтлэл гэхчлэн бүхий л төрлийн сурталчилгааг явуулахыг хориглоогүй байгаа юм.