
Улаанбаатарын “цусны эргэлт” хурдасчээ. Өчигдрөөс сургууль, цэцэрлэгүүд хүүхдээ бүртгэж, оюутнууд ч “эх газрыг” чиглэн ирж явна. Ажил, хичээл эхлэхтэй зэрэгцээд тариа, ногооны болц ч гүйцэн, жимс жимсгэнэ, цагаан идээ гээд өдийд хүний хэрэгцээ цөм бүрддэг. Гэвч бид байгалийн ориг бүтээгдэхүүнүүдийг жилийн жилд л хүний шүлс, гудамжны шороо тоосоор “амтлан” идээд хэвшчихлээ. Тэр “амтлагч”-нд мөнгө төлөхдөө ч хотойхгүй юм.
Шар торонд самар, жимс савлачихаад хуванцар шанага, шилэн аягаар хэмжин зарж буй үүргийн худалдаачидтай та тав алхаад л таарна. Гудамжинд ил задгай худалдаа эрхлэхийг хориглосныг тэдэнд сануулахад “Тэр ч хүүхдийн маань сургалтын төлбөр, энэ ч нөхрийн эмчилгээний зардал” гэж ам таглана. “Улирал нь дуусахаар яваад өгөх байлгүй дээ” гээд нэг удаа тэднийг “гээгээд”, арай “том” бизнес хийдэг ганзагын наймаачдыг бид дурандаа буулгалаа.
Баянгол дүүргийн V хороо, X хорооллын автобусны буудал (Саппоро явдаг зүг) орчмыг ганзагын наймаачид хэдийнэ “эрхэндээ” оруулжээ. Нийтийн эзэмшлийн зам, талбайг хэрхэн дээрэмдэж, хууль бусаар худалдаа эрхэлж болдгийн тод жишээг эндээс харж болно. Өнгөрсөн жилээс ганц нэгээрээ бусдын нүд харуулдан, хэд гурван юмаа борлуулчихдаг байсан бол хавраас тэнд худалдаа эрхлэгчид баасан дээр суусан батганууд шиг л овоорох болжээ. Зугтахад амар аргаа ч олсон бололтой.
.jpg)
Худалдаа эрхлэгчид бүгд жижиг, дунд оврын машинтай аж. Тэднийхээ “хамар, хацар” хаана нь л бол хаана бараа, бүтээгдэхүүнээ өрж байрлуулна. Олонх нь машиныхаа тээшийг лангуу болгодог юм билээ. Автобусны буудал дээр өдөрт дунджаар 20 гаруй машинтай хүн гар дээрээс худалдаа явуулдаг гэж ойр хавийнх нь оршин суугчид хэлж байна. Тус дүүргийн иргэн С.Жаргал “Өдөр бүр автобусаар ажилдаа ирж, очдог.
Автобусны буудал орчимд бөгс эргэх зайгүй, хар зах шиг л болж дээ. Цагдаа, мэргэжлийн байгууллагынхныг ирж яваа сургаар эндхийн худалдаачид машиныхаа хаалга, цонх, тээшийг хаагаад, түгжчихдэг. Хэн ч мэддэггүй. Хэдэн машин зогсоолд тавьчихсан юм шиг л харагддаг. Уг нь автобусны буудал орчимд машин түр зогсохыг ч хориглодог шүү дээ. Гэтэл манай эндхийн худалдаачид л дархан эрхтэй бололтой” гэсэн юм.
Тэрүүгээр хэсэг явж, бараа, бүтээгдэхүүн, үнэ ханшийг нь сонирхлоо. Голдуу орос масло, зайдас, зөгийн бал, үзэм, молоко, жигнэмэг, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бараа байдаг аж. ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш манайхан хоёр улсын хооронд ганзагын найман эрхлэн, хотын гудамжаа ийн “чимэх” болжээ.
Дан ганц X хорооллын орчимд ч биш, хаа сайгүй “машинтай худалдаа” цэцэглэчихэж. “Уг нь энд орос чихэр, жимс борлуулдаг байснаа сүүлд Хятадын чанар муутай, хямдхан гутал, хувцас зардаг болжээ. Хажуугаар нь комиссын бараа худалддаг хүн ч олон бий. Автобусны буудлын энэ их хөл хөдөлгөөн дунд хүнсний бүтээгдэхүүн ил задгай заруулаад байж болдог юм уу. Мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийгээч ээ. Ойлгохоо байлаа” гэж иргэн Ч.Хоролоо хэлэв.
Хүмүүсийн уур ундууцлыг барж буй өөр нэг газар нь “Барс” захын арын зам юм. Ялзарч, муудсан ногооны эхүүн үнэр хаа сайгүй ханхалж, булан тохой эргээд хүний өтгөн, шингэн ялгадастай таарах энүүхэнд. Хир буртаг болсон хантаазтай нэгэн худалдагч шороотой гараараа жимс граммлаж өгөхийг хараад дур гутав. Хэдийгээр шинэ ногоо гарчихсан ч үнэ ханш нь хямд гээд шороо тоостой гудамжнаас хоолны газар, хүнсний дэлгүүрийн эзэд, иргэд хүнсээ зөөж болох уу.
Гудамжны гэх архичид нь хүмүүсийг хоёр, гурван шуудай ногоо авангуут гүйж ирээд л “Би хүргээд өгье” гээд үүрч дүүрээд яваад өгөх юм. Өмссөн хувцас, үнэр танар нь ч авах юм алга. Манайхан аминдаа тийм хайргүй улс уу. Хоолойгоороо давуулдаг хүнснээсээ ямар ч үед гар таталгүй, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан, эсэхийг нь нягталж болдоггүй юм байх даа.
Хоёр машин арайхийн зөрдөг “Барс” захын арын тэр нарийн гудамжны хоёр тал, явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамжуудыг ногоочид гартаа оруулжээ. Үүнээс болоод тэр хавийн зам байнга түгжирч, осол гэмтэл ч их гардаг байна. Орой нь ялзарч муудсан ногооны үлдэгдлээ цэвэрлэдэггүйгээс тэрүүгээр нэг өмхий самхай үнэртэж, ялаа батганууд нь ойр хавийн айлуудын цонх, тагтаар дамжин ордог гэж иргэд ярилаа.
“Эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоо үнэндээ алга даа. Өглөө нь ногоо цагаагаа буулгах гээд түжигнэцгээнэ. Оройдоо үнэр танар нь дийлдэхгүй. Хэдэн батган нь дамжлаад аваад явах нь холгүй байдаг” гэж иргэн С.Туул халаглана.
Зохиомлоор бий болсон худалдааны бас нэг гудамж XIII хорооллоос “Сандэй” хүртэл үргэлжилнэ. Жимс, ногооны мухлаг, оймс, дотуур өмд, улавч, байгалийн чулуу, орос бараа гээд тэр орчимд байхгүй зүйл үгүй. Үүн дээр шарсан зайдас, шорлогийн наймаа, гутал засвар “өнгө” нэмнэ.
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг тэдгээр иргэнийг Баянзүрх дүүргийн үйлдвэр, үйлчилгээний мэргэжилтнүүд торгож, хориг тавьдаг ч бас л дийлдэггүй гэнэ. Цагдаа нар ч үүнд хяналт тавих боломжгүй аж. Учир нь тэд хүч хүрдэггүй юм гэсэн. Хэд хоногийн өмнө байгалийн чулуу худалдаж байсан хэсэг хүнийг арайхийн торгоод явуулсан гэх.
Оймс, улавч зардаг Б.Дугармаа “Дүүргийн мэргэжилтнүүд бидэнд зөвшөөрөл өгдөггүй. Тиймээс бараагаа хашаа, хайсанд өлгөж зарахаас өөр аргагүй. Зарим нь бараагаа машины тээшиндээ хийж зардаг. Цагдаа ирвэл тээшээ хаагаад суучихна. Хэрэв зөвшөөрөл өгчихвөл жижиг саравч ч болтугай барьчихна шүү дээ. “Нарантуул” захтай ойр учир бараа гүйлгээ сайтай. Тиймээс л ийм олон хүн энд наймаа хийдэг” хэмээн ярив. Шорлог зардаг жаал хүү “Цагдаа нар наймаа хийж буй хүмүүсийг хөөдөггүй атлаа биднийг яв гэдэг. Уг нь бид жимс, ногоо зардаг хүмүүс шиг хог тарьдаггүй шүү дээ” гэсэн юм.
Өнгөрсөн хоёрдугаар сараас гудамжны худалдаачдад хяналт тавих үүргийг мэргэжлийн хяналтын алба биш, цагдаагийн байгууллага хүлээж буй юм байна. Учир нь Эрүүл ахуйн шинэ хуульд ийм заалт оруулжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Манайх гудамжны худалдаа эрхлэгчдэд хяналт тавихаа больсон. Цагдаагийн байгууллагаас асуу” гээд бардам суусан. Өмнө нь тэд хяналт тавьж, хариуцдаг байхдаа юу хийсэн билээ. Өдий зэрэгтэй гааруулж, цэцэглүүлэхэд оруулсан та нөхдийн “хувь нэмрийг” иргэд мартаагүй л байх.
Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.1-т “Хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах”, 20.1.4-т “Хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд бараа, хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэжээ.
Тэгэхээр нийслэлийн аль ч гудамжинд худалдаа, үйлчилгээ явуулахыг хуулиар хориглосон гэсэн үг. Цагдаа нар хяналт тавьж, хөөдөг ч үгэнд нь орж, үүргээ биелүүлдэг хүн бараг байхгүй гэх. Хэдэн төгрөгөөр торгуулчихаад л “шархаа” нөхнө гээд хэрэлдээд суучихдаг гэж байгаа.
Улсын маань нийслэл хар зах шиг болчихсонд дан ганц худалдаачдыг буруутгах аргагүй. Гадаадад худалдааны гудамжууд нь тусдаа байдаг. Улирлын чанартай бараа, хүнсний бүтээгдэхүүн дэлгэрэх үеэр хувийн аж ахуй эрхлэгчдэдээ зориулалтын талбай гаргаж өгөн, худалдаа, үйлчилгээ явуулахыг нь зөвшөөрдөг юм билээ.
Гэтэл манайд хориод, торгоод, хураагаад л байхаас өөр дорвитой арга хэмжээ авсан нь үгүй. Жимс, ногоо, айраг, цагаан идээ боловсорч гүйцэх энэ үеэр иргэдэд худалдаа эрхлэх дэд бүтцийг нь шийдэж өгмөөр байна. Хавар, зунжингаа тариан талбай дээр бөхөлзсөн, үнээний дэлэн шувтарсан хүмүүс хийсэн ажлынхаа үр шимийг одоо л хүртэж буй. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд бүтээгдэхүүнээ борлуулах боломж, нөхцөлөөр нь хангах, эсвэл худалдааны түр гудамжууд байгуулсан ч болно шүү дээ. Улсын эдийн засагт ч тустай.