
Хэсэгтээ л мартагдаад байсан Төв цэвэрлэх байгууламжийн өмхий гэнэт сэргэж хот даяар тархаад байна. Төрийн ордонд ч хүрсэн бололтой. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог төлөөлж гишүүн Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Батзориг нар өчигдөр уг байгууламжийг “эргэлээ”. “Байдал сайнгүй байгаа” гэж тэндхийн ажилтнууд шогширч байв. Шинэчлэлгүй 52 жил ажилласан тул тоног төхөөрөмж нь хуучирч муудан, доголдох болсон. Тодорхой хэмжээнд арга хэмжээ авч ирсэн ч нэгэнт л хуучирсан тул нэмэр болохгүй байгаа. Улс, нийслэлийн төсвөөр тавьсан шугам хоолой чанаргүйгээс төвлөрсөн шугам сүлжээнд хөрсний ус ихээр орж ирэн хүндрэл учруулж буй зэрэг өмнө нь байсан, одоо ч бий, шинэ байгууламжтай болохгүй бол цаашид ч яригдах хүнд асуудлуудаа Ус сувгийн удирдах газрынхан тэдэнд уламжиллаа.
АСЕМ болохтой холбоотойгоор улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөг гаргаж, Төв цэвэрлэх байгууламжийг засахаар шийдвэрлэсэн. Ажил одоо ч үргэлжилж буй. Уг нь өнгөрсөн долдугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөсөн ч амжаагүй. Засварын ажил өдгөө 80 орчим хувьтай бөгөөд энэ хүрээнд үнэр дарах болон зарим техник технологийг шинэчлэн сайжруулах зэрэг 20 төрлийн ажил багтжээ. Одоогоор гурвыг нь огт эхлээгүй, тав нь үргэлжилж, үлдсэнийг нь амжилттай гүйцэтгэсэн аж. Ирэх арваннэгдүгээр сард бүрэн дуусгах боломжтой гэнэ.
УСУГ-ын ерөнхий инженер Б.Батсүх “Бүх тоног төхөөрөмж хуучирсан, технологи нь хоцрогдчихсон. Бетон хийцүүд эвдэрсэнээс болоод 2014 оны зургадугаар сард байгууламжийг гурав хоног зогсоож байлаа. Байдал одоо ч хүнд байгаа. Цаашид шинийг барих зайлшгүй шаардлагатай. Тэр болтол зогсоочихгүйн тулд хэрхэхээ шийдэх чухал асуудал тулгарсан. Нийт 15 га талбайтай, 44 картанд хоногт 1500 тонн лаг нийлүүлж, байгалийн жамаар хатаадаг. Үнэр их гардаг учраас лагийн талбайг химийн бодисоор үнэргүйжүүлж байна” гэсэн юм.
Хотын дарга асан Э.Бат-Үүл өнгөрсөн өвөл тус байгууламжид очихдоо амны хаалт зүүлээ гэж олон нийтийн сүлжээгээр нэлээд баалуулсан. Тэгвэл энэ удаа гишүүн Ц.Гарамжав, Б.Батзориг нар ядаж амны хаалт зүүгээд ч болсон өмхийн голомтыг харчихсангүй, зугтчихлаа. А.Сүхбат гишүүн ганцаараа танилцав. Хотын баруун хэсгийн иргэд болон тэнд ажиллагсад үнэрийг өдөр тутам “хүртэж” байхад түшээд нэг ирэхдээ бүрэн гүйцэд үзэлгүйгээр, том “юм” ярьж, “Арга хэмжээ ав” гэж загначихаад, дараа нь сураг тасардгийн жишээ нь энэ.
Нэгэнт хуучирсан, дээр нь үргэлж ачааллаасаа хэд дахин илүү бохир ус хүлээн авсаар байгаа энэ нөхцөлд шинэ байгууламж барих зайлшгүй шаардлагатай гэж холбогдох мэргэжилтнүүд, иргэд ч хүртэл өчнөөн жил ярилаа, шаардлаа. Харамсалтай нь, үүнийг биелүүлэх төр, засаг, түшээд одоохондоо алга. Харин үе үе, хэсэг хэсгээрээ очиж, үйл ажиллагаатай нь танилцсан болж харагддаг, олны нүдэнд өртөх хэрэгсэл болгодог жишиг л тогтох нь. Ингэж өөрсдийгөө сурталчилдгаа боливол ямар вэ. Тэнд өдгөө ам биш, гар, ажил хоёр л хэрэгтэй байгаа. Арай гэж нэг ТЭЗҮ-тэй болж, шинийг барихад 370 орчим сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарчихаад буй. Энэ хөрөнгийг улс гаргаж дийлэхгүй тул концессын гэрээгээр бариулахаар шийдвэрлэсэн ч шаардлага хангах аж ахуйн нэгж байгаагүйн улмаас цуцлагдаж, хэн хэзээ, хэрхэн барих нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Үүнийг шийдвэрлэж, тодорхой болгох чинь та нарын жинхэнэ үүрэг юм биш үү?
Хүлээн авч буй усны хэмжээ, химийн бохирдолт нэмэгдсэнээс үүдэн байгууламжийн цэвэрлэгээний түвшин буурч, өчигдөр л гэхэд 75 хувьтай байв. Туул голд хэр “чанартай” ус нийлүүлж буйг энэ үзүүлэлт илэрхийлнэ. Арьс шир боловсруулах, ноос ноолуур угаах зэрэг долоон чиглэлийн 225 үйлдвэр, аж ахуйн нэгж бохироо нийлүүлдэг нь өмхий самхай үнэртэх гол эх үүсвэр болчихоод буй. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан ч өдий хүртэл дагалдах журам гаргаагүй учир үйлдвэрүүдтэй хариуцлага ярьж болдоггүй гэнэ лээ. Ядаж энэ асуудлыг эхлээд шийд л дээ, түшээд ээ.