
Нээлттэй ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс сонгуулийн хуулийн зөрчлийг арилгах, АН-ын нэр дэвшигчдэд хуулийн зөвлөгөө өгөх зорилгоор хуульчдын багийг ажиллуулж эхэлжээ. Энэхүү хуулийн багт В.Гомбодорж, Х.Номингэрэл, М.Шинэбаяр, Э.Дашдаваа нарын мэргэшсэн хуульчид багтаж байна.
"Нээлттэй ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-ий зохицуулагч В.Гомбодорж "Орон нутгийн ИТХ 7200 мандаттай бөгөөд 15.209 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулийн хороонд нэр дэвшихээр материалаа өгсөн МАН-ын гишүүн биш иргэдийг хууль бусаар буюу маягт дутуу, он сараа тавиагүй гэх зэрэг үндэслэлээр хасаж байна. Өмнөговь аймагт 30, Архангай аймгийн Өлзийт суманд 21 нэр дэвшигчийн нэрийг Сонгуулийн хороо нь хассан байна. Зөвхөн хоёр сумын хувьд өдий тооны хүнийг хасч сонгох сонгогдох эрхийг нь зөрчиж байгаа юм чинь цаашлаад сонгуулийн үеэр хууль бус үйлдэл гарч болзошгүй хэмээн" ярилаа.
Тиймээс хуулийн багаас удахгүй зохион байгуулагдах орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид, тэдгээрийн менежер, хуульчидтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Түүнчлэн МАН-ын нэр дэвшигч, шадар туслагч, ухуулагч нарын сонгуулийн хууль зөрчсөн аливаа үйлдлүүдийг шалгуулах бөгөөд мөн сонгуулийн шат шатны байгууллага болон албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар АТГ болон цагдаагийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх тал дээр ажиллах болон гэв.