
Хөдөөгийн төв суурин газруудад ажиллаж, амьдарч буй хүмүүсийн сэтгэл санаа өдийд хачин ороо бусгаа байгааг сая Дундговь, Төв аймагт томилолтоор очихдоо анзаарахгүй байж чадсангүй. Орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн, “намрын халуун өдрүүд” ид үргэлжилж байгаа учраас тэр юм уу гэтэл бас өөр шалтгаан ч байж.
Хүмүүс зүгээр л амар мэндээ мэдэлцэхдээ хүртэл араас нь залгуулаад “За, юу болж байна вэ. Тэсэж үлдэх шинж байна уу” хэмээн нэгнээсээ асууж байна. Учир нь хөдөөд ажлаас хоморголон халдаг улс төрийн гамшигт үзэгдэл нүүрлээд буй гэнэ. 13 жилийн өмнө нас барсан аав нь Ардчилсан намыг дэмжигч байсан гэдэг шалтгаанаар хүүг нь сая Нийгмийн халамжийн хэлтсээс халсан хачирхалтай явдал Дундговь аймгийн Сайнцагаан суманд болжээ.
Нөхөр нь АН-ын гишүүн учраас жирэмсэн эхнэр нь хүртэл “гэмтэн” болж, төрийн албанаасаа чөлөөлөгдчихөж. Тэр байтугай, эсрэг намынхаа нэр дэвшигчийн фэйсбүүктээ бичсэн нийтлэл, сэтгэгдэл дээр нь хэн хэн лайк дарсныг мөрөөр нь мөшгиж олоод, тэднийг “Ажлаас чинь хална шүү” гэж дарамталсан байх юм.
Ямар сайндаа л УИХ-ын гишүүн, Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбатыг Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын иргэд сонгогчидтой уулзах үеэр Төв халхын дуулалт жүжгийн театрт цугласан олны дунд төрийн албан хаагч дөрөвхөн байх вэ дээ.
“Гуравхан сарын дотор Монгол Улс, монголчууд ямар их өөрчлөгдсөнийг одоо бид бүхэн харж байна. Гэхдээ төрийн албан хаагчдыг буруутгах аргагүй. Тэр хүмүүс ажлаа хийж, амьдралаа залгуулах ёстой. Харин зүгээр л ажил, амьдралаа аваад явж байсан хүмүүсийг ямар их айдас хүйдэст автуулж, эдийн засгаа асар хурдацтайгаар агшааж, бүхнийг эрх мэдлээрээ бярдаж шийддэг захиргаадалтын үе рүүгээ гулсан орж буй төр, засгийн өмнөөс харамсаж байна.
26 жилийн өмнө манай ард түмний тэмцэж олж авсан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн үнэт зүйлийг ийм богинохон хугацаанд үгүй хийсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл” хэмээн Д.Эрдэнэбат гишүүн иргэдтэй хийх уулзалтынхаа эхэнд онцлов. Нээрээ л монгол хүний ажил, амьдрал хийгээд үзэл бодол ийм үнэ цэнэгүй болчихсон юм гэж үү. Төр, засаг солигдох тоолонд хүмүүсийг ажлаас халлаа, чөлөөллөө гэж дуулдаж л байдаг. Гэхдээ арай ч ингэж удам судраар нь хэлмэгдүүлж болохгүй байх аа.
Дундговь аймгийн Мэдээлэл, холбоо харилцааны газрын ахлах мэргэжилтэн асан Г.Баасанхүү “Аймгийн шинэ удирдлагууд бүтцийн өөрчлөлт нэрийн дор нэг байгууллагаас гэхэд 12 хүн халаад, 12 хүн авч байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрыг Гэр бүлийн хөгжлийн газар болгосон нь бүтцийн өөрчлөлт юм гэнэ. Тэгсэн хэрнээ төрийн албанд ямар ч чадваргүй, мэдлэг, туршлагагүй хүмүүсийг томилох юм.
“Тодотгол” гэдэг үгийг ч зөв бичиж чадахгүй хүн манай ИТХ-ын даргаар томилогдсоныг хараад гутарсандаа би сая сайн дураараа ажлаа өгсөн” хэмээн ярилаа. Гадаад, дотоодод гайгүй ажил эрхэлж явсан тэрбээр орон нутагтаа юм хийе гээд Дундговьд сүүлийн хэдэн жил амьдарч буй юм билээ.
Гэтэл манай төрийн албаны ойлгомжгүй, анхиагүй байдал, сонгуулийн солиорол, хийрхэл итгэл сэтгэл рүү нь ус цацжээ. “Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргын ажлаа өгөхгүй бол танай гэр бүлийнхний эрхэлдэг найман нэрийн дэлгүүрийн чинь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно шүү” гэж байгаад Б.Өлзийхишиг хэмээх даргаас албан тушаалыг нь авч дөнгөсөн гайхмаар жишээ олон бий гэсэн.
Ер нь УИХ-ын сонгууль болж өнгөрснөөс хойших гурван сарын хугацаанд орон нутагт нэг ажил маш эрчимтэй, хурдтай хийгдэж буй нь өмнөх удирдлагуудын “улыг шагайх” гэдгийг бидний очсон хоёр аймгийнхан хэлж байлаа.
Тухайлбал, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 273 км авто замыг хэн, хэдий хугацаанд, хэр чанартай тавьсныг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Сайншанд суманд 400 айлын орон сууц ашиглалтад оруулахдаа, малын тэжээлийн үйлдвэр байгуулахдаа хэр зэрэг үргүй зардал “гаргасныг” хүртэл шинэ Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид хууль хяналтын байгууллагынхантай газар дээр нь очиж шалгажээ. Мөн их завтай хүмүүс ээ.
Тэр байтугай, дундговьчуудын орон нутгийнхаа талаарх мэдээ мэдээллийг авдаг ганц гол суваг болох “Дундговь” телевизийн амыг барихаас тэдний ажил эхэлсэн байх юм. “2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар телевизийн тоног төхөөрөмжөө шинэчилж, орчин үеийн тоон системд шилжээд, айлуудын маань дийлэнх нь HD Box төхөөрөмжөө худалдаж аваад байтал манай телевизийг хаачихсан. Одоо тэр тоног төхөөрөмжийг яах юм бүү мэд” хэмээн “Дундговь” телевизийн захирал асан, ахмад сэтгүүлч С.Пүрэвсүрэн халаглаж сууна.
Хөдөөд эрх баригчид олонхоороо түрүү барин, хүч түрэмгийлэх явдал газар авч байгаа учраас тэдэнд толгойгоо нэг мөсөн мэдүүлэхгүйн тулд, нутагтаа эзэн байхын төлөө “Төрд хяналт” гэсэн уриатайгаар орон нутгийн сонгуульд эвсэн оролцож буй АН, МАХН хоёрыг дэмжихээ Төв аймгийн сонгогчид илэрхийлж байлаа.
“Өнгөрсөн дөрвөн жилд орон нутагт хийгдсэн өнгөтэй, өөдтэй бүх ажлыг хянаж, шалгахад манай шинэ удирдлагууд хайран цагаа зарцуулж байна. Гэхдээ бидэнд айх зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд манай Төв аймгийнхан хамтдаа олон бүтээн байгуулалтын гэрч болсон. Хамгийн ойрын жишээ гэхэд л аймгийн Нэгдсэн эмнэлэг, амбулаторийн байр хоёрыг холбосон хүзүүвч барилгыг сая ашиглалтад орууллаа.
Энэ хоёр барилга хоорондоо зайтай учраас яаралтай тусламжийн машинаар ирсэн хүнд хүнийг дамнуурган дээр нааш цааш зөөхөөс эхлээд өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэн, эмнэлгийн ажилтнуудад ихээхэн бэрхшээл тулгардаг байсан. Тэгвэл бид “Шинэчлэгдсэн эмнэлэг-шинэлэг үйлчилгээ” аян санаачилж, гадаад, дотоодын хандивлагчид, ард иргэдийнхээ сайхан сэтгэлийн тусламжийн үр дүнд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт босгон, эмнэлгээ өргөтгөлөө” хэмээн аймгийн Засаг дарга асан Д.Баярбат ярилаа.
Тэдний хийсэн ажлуудаас ард иргэдийн талархлыг ихээхэн хүлээдэг бас нэг зүйл нь Зуунмод суман дахь 1000 айлын орон сууц. Шинэчлэлийн Засгийн газрын үед дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нь шийдэж өгснөөр энэхүү бүтээн байгуулалт эхэлж байсан бол өдгөө 250 айлынх нь байр ашиглалтад оржээ. Орон сууцны энэ хорооллын гол онцлог нь зах зээлийн ханшаас маш хямд буюу ам метрийг нь 980 мянган төгрөгөөр бодож иргэддээ олгож буй юм байна.
Дээрээс нь ипотекийн хөтөлбөрийн ачаар жилийн таван хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэлсэндээ орон нутгийн иргэд ихээхэн баяртай байсан бол одоо түүнийг гацаагаад зогсоочихсон байдаг.
Зуунмод сумын I багийн өндөр настан Г.Шархүү жил гаруйн өмнө энд байранд орсон бөгөөд 35 ам метр, нэг өрөө байрандаа тов хийтэл сайхан амьдарч байна. “Ардчиллыг миний үеийнхэн янз бүрээр л хэлэх юм. Гэвч нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Хүн өөрийн гэсэн өмчтэй, дулаан сайхан орон байртай байна гэдэг жаргал юм. Энэ байр ашиглалтад орсноор манай Зуунмод сумын хүн болгон л аль нэг нам гэж талцалгүй энд орохоор хошуурч байна. Тэгэхээр ямар намын хэн гэдэг дарга хийсэн байхаас үл хамааран, гол нь хүмүүсийн амьдралд үлдэцтэй, хэрэгтэй зүйл байх нь чухал” хэмээн Г.Шархүү гуай ярилаа.
Уг нь амьдралын зарчим ийм л энгийн шүү дээ. Гэтэл манайхан яагаад заавал талцаж хуваагдаад, улстөрчдийн өгөөш болоод байдаг юм бол. Зүүн, баруун мөрөн дээр нь бурхан, буг хоёр сууж байдаг гэдэгт итгэдэг манай ард түмэн сонгуульд ялсан намыг бурхан, ялагдсаныг нь буг чөтгөр шиг гэнэхнээр дагаж хууртдагаа хэзээ болих бол. Одоо сүүлдээ бүр ардчилсан Монголын иргэн үгээ чөлөөтэй хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс хүртэл эмээдэг болоод эхэлбэл цаашид юу болох вэ.
“Ардчилсан нам засгийн эрхийг барьж байхдаа эдийн засаг хэчнээн хүнд байлаа ч чөлөөт зах зээлийг дэмжих, мөнгөний бодлогыг төсвөөс хамааралгүйгээр зөв авч явах, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж ирсэн. Харин одоогийн эрх баригчид “Өмнөх эрх баригчид улс орныг сүйрүүлчихэж. Ёстой хэрэг алга” хэмээн сөрөг хүчин аятай, хэдэн сар гоншгонож, эдийн засгийг хүртэл улстөржүүлэх юм. Үүний горыг бид одоо амсаж байна” хэмээн Д.Эрдэнэбат гишүүнийг хэлэхэд толгой дохин, алга ташиж байсан хүмүүс асуудлынхаа мөн чанарыг ойлгосон гэж найдъя.