
Японы RIKEN Үндэсний шинжлэх ухааны хүрээлэнд дархлал судлаачаар ажилладаг, анагаах ухааны доктор Д.Нямбаяр “Nature” сэтгүүлд нээлтийн нэгдүгээр зохиогч буюу эрдэм шинжилгээний төслийн гол удирдагчийн нэрээр бүтээлээ хэвлүүлсэн тухай бид мэдээлсэн.
Тэрбээр дархлааны эсийн нэгэн төрөл, байгалийн “алуурчин” Т эсийн ялгаран хөгжих арга замын талаар нээлт хийсэн аж. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-NKT эс ямар онцлог, үүрэгтэй вэ. Энэ эс ялгаран хөгжих арга замын талаарх нээлтийнхээ тухай тайлбарлаж өгнө үү?
-Байгалийн “алуурчин” Т (NKT) бол дархлалын системийн гол эсүүдийн нэг юм. Юуны өмнө дархлалын системийн тухай тайлбарлах нь зүйтэй болов уу. Дархлал бол биеийг эрүүл байлгах нөхцөл бүрдүүлэн, гадаад болон дотоод “дайснаас” хамгаалдаг, цагдаа, цэргийн үүрэг гүйцэтгэдэг гэж болно.
Энэ хамгаалах систем нарийн зохион байгуулалттай, одоог хүртэл тайлагдаагүй нууц ихтэй. Дархлалын тогтолцоог ерөнхийд нь өвөрмөц, өвөрмөц бус гэж хуваадаг. Өвөрмөц бус дархлалын эсүүдийг зүйрлэвэл, нум сум, сэлмээр зэвсэглэсэн цэргүүд. Биед нэвтэрсэн халдвар буюу “дайсныг” хамгийн түрүүнд илрүүлж, тэмцдэг боловч зэр зэвсэг нь хязгаарлагдмал.
Хуруунд өргөс орвол хэд хоногийн дараа хавдаж, идээлдэг. Энэ нь арьсанд орсон эмгэг төрөгч буюу “дайсныг” олон цэрэг бүсэлж, бүх биеэр тархахаас хамгаалан тулалдаж буйн илрэл. Өөрөөр хэлбэл, бие махбодын хамгийн эхний хамгаалалтын шугамд буй эсүүдийг өвөрмөц бус дархлалын систем гэнэ.
Үүний дараагийн хамгаалалтын шугамд буй эсүүд нь хамгийн орчин үеийн зэвсэгтэй, тусгайлан бэлтгэгдсэн дайчид буюу нэлээд өндөр хөгжсөн хамгаалалтын тогтолцоо юм. Гадна төрх, нэр нь тодорхой дайсныг дарах үүрэг гүйцэтгэдэг ийм эсүүдийг өвөрмөц дархлалын тогтолцоо гэдэг. Ийм тогтолцооны Т лимфоцит эс нь сэрээ булчирхайд боловсордог. Байгалийн “алуурчин” Т (Натурал киллер Т) эс нь Т лимфоцитын нэгэн төрөл.
Т эсээс ялгаатай нь өвөрмөц болон өвөрмөц бус дархлалын тогтолцооны гүүр болдог, хөлбөмбөгтэй зүйрлэвэл холбон тоглогчийн үүрэгтэй.
Бие махбодын дархлаа зохицуулгад чухал үүрэг гүйцэтгэдэг уг эсийг манай судалгааны багийнхан 1986 онд нээсэн. Уг эс нь дархлалын тогтолцооны эмгэг, тэр дундаа харшил, үрэвсэл, аутоиммуны өвчнүүд, хорт хавдар зэргийн үед чухал ач холбогдолтой гэдгийг сүүлийн 30 орчим жилийн турш олон улсын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн нотолж байна. Эрүүл хүний биед дархлалын эсийн тоо нарийн хяналт дор байдаг.
Нас, хүйс, удамшил, гадна орчны нөлөө, өвчлөл гэх мэт олон хүчин зүйлээс болж тоо нь өөрчлөгддөг, тайлагдаагүй асуудал олон бий. NKT эс хэрхэн үүсэн, хөгждөг нь эрдэмтдийн дунд “халуун” сэдвүүдийн нэг байсаар ирсэн. 2001 онд Америкийн судалгааны багийнхан үүний ялгаран хөгжил хэрхэн явагддагийг анх судалж, томоохон бүтээл нийтэлсэн.
Уг онолоор бол NKT нь бусад Т эсийн адил ялгаран хөгждөг хэмээн дүгнэсэн байдаг. Энэ нь NKT эсийн ялгаран хөгжлийн тулгуур онол болж, одоо хүртэл үүнийг дэлхий нийтээрээ мөрдөж ирсэн. Гэхдээ NKT-гийн бусад T эсээс ялгарах чухал онцлог, шинж чанарыг тайлбарлах боломжгүй, баригдмал онол байсан юм. 16 жил мөрдсөн уг онолыг өөрчилж, шинэчилсэн нээлтээ баталгаажуулан дэлхийн эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлэхэд бид 10 жил зарцууллаа. NKT нь Т эсүүдээс эрт ялгаран хөгждөг. Тиймээс Т эсүүдээс өөр онцлог, шинж чанартай болдог байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
-Энэ нээлт ямар өөрчлөлт авчрах вэ?
-NKT эсийн ялгаран хөгжлийн тухай бидний суурь мэдлэгт ач холбогдолтой. “Уг салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан бүтээл болжээ” гэж эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн. Энэ чиглэлээрх суурь мэдлэг хэдий нэмэгдэнэ, тэр чинээгээр дархлалын эсүүдийн тухай илүү ойлголттой болно. Үндэсгүй мод байдаггүй шүү дээ. Суурь шинжлэх ухааны мэдлэг хэрэглээний шинжлэх ухаанаар дамжин хүн төрөлхтний тусын тулд ямар нэг хэмжээгээр ашиглах материалыг бэлдэж, шинэ боломжуудыг нээдгээрээ чухал ач холбогдолтой.
Миний бүтээлийн мэдээлэл ирээдүйд хорт хавдрын эсрэг эсийн эмчилгээнд ямар нэг хэмжээгээр тус болно гэж найдаж байна. Бидний судалгааны дүнд нээсэн, ялгаран хөгжлийн шинэ замаар үүсэн бий болсон NKT эсүүд голчлон элгэнд байдаг. Энэ нь хавдрын эсийг устгах чадвар өндөртэй интерферон гамма цитокиныг ихээр ялгаруулдаг болохыг туршилтаар баталсан.
Судалгааны үр дүнгээс эрдэмтэд нэг чухал асуудлын хариуг олбол түүнээс хэдэн арван асуулт ургадаг. Тиймээс уг эсийг шинэ өнцгөөс улам нарийвчлан судлах шаардлага бий болж буй.

-Судалгаа хийхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай. Та энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэв?
-Японы Засгийн газраас санхүүждэг, Үндэсний шинжлэх ухааны хүрээлэнгийн статустай манай байгууллага байгалийн болон анагаахын шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлэх судалгаа, шинжилгээ хийдэг. Байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Би Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны эрдэм шинжилгээний төслийн хөрөнгөөр хоёр ч удаа шагнуулж, судалгааныхаа зардлын нэг хэсгийг олсон. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд судалгаандаа барагцаалбал гурван сая орчим ам.доллар зарцуулсан.
-Одоо ямар шат дамжлага хүлээж байгаа вэ. Амьдралд нэвтрүүлэх боломж хэзээ бий болох бол?
-NKT эсийг идэвхжүүлэх замаар хорт хавдрын эсрэг дархлалын эсийн эмчилгээний аргыг Японд хэрэглэх зөвшөөрөл 2011 онд авч, манай судалгааны баг “Чиба” үндэсний их сургуулийн дэргэдэх эмнэлэгт профессор Накаяама, Мотохаши нартай хамтран туршилт хийж эхэлсэн. Одоо клиникийн туршилтын гуравдугаар фазын эмчилгээ, судалгаа эхлүүлэх гэж байна.
Тухайн өвчтөнд агуулагдаж буй NKT эсийн тооноос уг эмчилгээний үр дүн хамаардаг нь тогтоогдсон. Тиймээс ийм эс цөөхөнтэй өвчтөнүүдийн NKT-г өсгөх, лабораторийн нөхцөлд бүтээснийг нэмж биед нь оруулах замаар хавдрын эсрэг эсийн эмчилгээний үр дүнг сайжруулах арга зам эрэлхийлж, энэ чиглэлээр судалж буй. Миний суурь судалгааны ажлын үр дүн хавдрын эсрэг үйлчилгээтэй уг эсийг олшруулах болон лабораторийн нөхцөлд өсгөх шинэ технологи боловсруулахад хэрэг болох байх.
-Ийм чиглэлээр судалгаа хийдэг байгууллага олон уу. Олон улсын эрдэмтэд таны удирдсан төслийн тухай ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-АНУ, Япон, Герман, Франц, Австрали, Хятад тэргүүтэй улсын 400 гаруй судлаач энэ салбарт ажиллаж байна. Хүчтэй өрсөлдөгчтэй байх нь шинжлэх ухааны салбарт их чухал. Яагаад гэвэл миний бүтээлийг хамгийн сайн ойлгож үнэлэх хүмүүс бол өрсөлдөгч. Оюун ухаанаараа өрсөлдөхөөс гадна бие биедээ зөвлөж тусалж, дэмжиж, бүтээлчээр шүүмжлэн хэлэлцэх нь сайн бүтээл гарахад түлхэц болдог.
Энэ салбарт өрсөлддөг, гадаадын хэд хэдэн эрдэмтнээс баяр хүргэсэн захидал ирсэн. Манай хүрээлэнд генетикийн маш нарийн шинжилгээ хийдэг эрдэмтэн Охарагийн удирдсан баг бидэнд маш их тусалсан. Мөн манай хүрээлэнгийн Анагаах ухааны төвийг үүсгэн байгуулагч, захирал Танигүчи, Америкийн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэн А.Зингер, Нью-Йоркийн их сургуулийн профессор Д.Литтман, Колумбын их сургуулийн профессор Ф.Константини нар энэ судалгааны ажилд үнэлж баршгүй туслалцаа үзүүлсэн.
-Судалгаагаа Монголынхоо төрөөс дэмжүүлэн цааш үргэлжлүүлэх боломж хэр байдаг вэ?
-Эдийн засгийн хямралтай ийм үед суурь шинжлэх ухааны удаан хугацааны тогтвортой төслийг улсаас дэмжинэ гэдэг бараг боломжгүй байх. Гэхдээ төр, засгаар дэмжүүлнэ гээд хүлээгээд байсангүй. Би 2015 оноос АШУҮИС-д зочин профессор, Цөм лабораторийн зөвлөхөөр ажиллаж байна.
Эх орондоо анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чадах бүхнээ зориулах хүсэлтэй. Дашрамд дурдахад, RIKEN хүрээлэнд боловсруулж буй, хавдрын эсрэг дархлааны эсийн эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг эх орондоо нутагшуулахаар АШУҮИС-ийн захирал Батбаатартай хамтран ажиллаж байна. Ингэснээр Монголын анагаах ухааны хөгжлийн түвшнийг дэлхийн тэргүүлэгчийн хэмжээнд хүргэх үүд хаалгыг нээнэ.
Энэ нь одоогоор зөвхөн RIKEN хүрээлэнд хийж буй судалгаа. Энэ чиглэлээр япончуудтай хамтарч ажиллаж чадвал манайх дэлхийд анхдагч орны нэг болно. Судалгаагаа гүйцэд боловсруулж дуусаагүй учир монгол эрдэмтэн, эмч нарын оролцоотой жинхэнэ утгаар нь инновац хөгжүүлэх боломжтой.
-Яагаад дархлалын чиглэлээр судалгаа хийдэг болсон бэ?
-Тайлбарлаж, эмчилж чадахгүй өвчин олон байдгийг Монголд оюутан байхдаа мэдсэн. Яавал ийм өвчнүүдийг эмчлэх вэ гэж бодож, өөрийгөө хөгжүүлэн ном, сэтгүүл уншиж эхэлсэн. Гуравдугаар дамжаанд дархлал судлалын тухай лекцэнд суугаад, энэ л миний хайж байсан, хиймээр байгаа судалгааны чиглэл гэдгийг ойлгосон.
Тэр лекцийг уншсан Батбаатар багштай уулзаж, анхных нь шавь болж байлаа. Ингээд 2001 онд сургуулиа төгсөөд Японы Хоккайдогийн үндэсний их сургуулийн дархлал судлалын тэнхимд докторантурт сурсан.
-Монголын олон мундаг эрдэмтэн гадаадад ажиллаж буй. Тэд эх орондоо ажиллах гэхээр тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгөний боломж тааруу байдаг. Энэ байдлыг өөрчлөх цаг нь ирсэн үү, эсвэл одоогоор шаардлагагүй гэж бодож байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Шинжлэх ухаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, төрийн бодлогоор хөгжүүлэхгүй бол үеийн үед байгалийн баялгаа гадагш хямд гаргаж амь зогоодог, импортлогч улс хэвээр үлдэнэ. Шинжлэх ухааны салбар хөгжсөнөөр монголчууд оюун ухаанаараа дэлхийгээс мөнгө олох боломж байгаа гэж би боддог. Мэдээж энэ тийм амар бүтэх ажил биш. Удаан хугацааны тогтвортой бодлого, хөрөнгө оруулалт шаардлагатай.
-Тэгвэл Монголоос инновацыг ямар байдлаар, дэлхийд хэрхэн гаргах боломж байна вэ?
-Монголд инновацыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх суурь одоогоор тавигдаагүй гэж би ойлгож байна. Ерөнхий шинжлэх ухааны хөгжлийн түвшнээрээ дэлхийнхтэй эн зэрэгцэж байж, олон улстай өрсөлдөх хэмжээний инновацын төслүүд биеллээ олох нөхцөл бүрдэнэ.
-Гадаадад олон жил ажиллаж буй хүний хувьд Монголын хөгжлийн талаар ямар бодолтой явдаг бол?
-2001 онтой харьцуулахад үнэхээр үсрэнгүй хөгжсөн. Манай улсын ирээдүй надад гэрэл гэгээтэй харагддаг.
-Цаашдын зорилгоосоо хуваалцана уу?
-Мэдлэг, чадвараа эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд зориулах чин хүсэлтэй. Юуны түрүүнд дархлал судлалын суурь онолын шинжлэх ухааны төслөө, одоо боловсруулж буй эмчилгээний арга технологио Монголдоо нутагшуулан, хүн амын эрүүлийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй. Бас эх орондоо туурвисан нээлт, бүтээлээр дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулах юм сан гэж боддог. Биелэх цаг мөдхөн ирэх байх аа.