
Уранхай бүрээстэй, тоосонд дарагдсан бор гэрүүд. Бөмбөгдсөн мэт энд тэнд харлах нүхнүүд. Уур савсах овоолго дээгүүр хүүхэд, эмэгтэйчүүд уут, шуудай барин гүйлдэнэ. Нүүр ам нь халтартаж, хир даг болсон хүрэмтэй эрчүүд амсхийх завгүй ажиллах аж. Хажууханд нь ганган жийп, бас хэдэн машин байна.
Нэлээд хэдэн хүн кино үзэж буй мэт өнөөх халтар царайтуудыг харж зогсоно. Дайн, байлдаантай кинонд гардаг шиг дүр зургийг нийслэлийн Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрээс харлаа. Ийм байдалтай болоод удсан гэнэ. Гар аргаар нүүрс олборлогчид энэ газрыг сүйтгэжээ.
.jpg)
Газрын гүн дэх дүр төрх үүнээс ч аймаар, сэтгэл эмзэглүүлэм аж. Тус хороонд 110-аад цооног байна. Хамгийн багадаа 30-40 метр гүн. Цаашлаад 60-80 метрийн гүнээс нүүрсээ гаргадаг аж.
ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийнхны тусламжтайгаар Эрдэнэцогт хэмээх хүний эзэмшлийн цооног руу орлоо. Цооногийн амсар гөлгөр, жаахан л эвгүй гишгэвэл халтирч уначихмаар юм. Зарим хэсэгтээ огцом налуу учраас хагас сууж, галуун цуваагаар явахаас аргагүйд хүрэв.

Зорьсон газартаа дөхөж буй, эсэхээ хонгилын үзүүр дэх гэрлээр баримжаална. Цооногийг нурахаас сэргийлж хэдэн шургаагаар тэвхэлжээ. Уг нь цооногийн дээврийг бүхэлд нь банзаар бэхлэх ёстой юм билээ.

Ингэж явсаар нүүрс олборлодог хэсэгт хүрлээ. Дөрвөн залуу ажиллаж байна. Тэд яг л харх шиг санагдсан. Харх бол ямар ч нөхцөлд амьдарч, юугаар ч гол зогоох онцгой чадвартай амьтан. Бүгчим, агааргүй, жижигхэн нүхэнд ажралгүй ажиллах тэд газар доор цооногийн амнаас ч том “өрөө”-тэй.
Эргэн тойрныхоо нүүрсэн ханыг царил, жоотуугаар цохиж, ковш (нүүрс зөөдөг тэвш)-инд ачаад, дээр хүлээж буй хүмүүстээ дохио өглөө. Гадаа 18 хэм хүйтэн байхад цооног дотор 0-5 хэмтэй байдаг аж. Ган татлагаар холбож, тусгай хөдөлгүүрээр дамжуулдаг ковшийг дээр суллаад эргүүлээд явуулав.






Энэ мэтээр тэд өдөржин ажилладаг. “Хархнууд” үдийн хоолоо идэх, бие засах зэрэг шаардлагаар дээш гарахдаа ковшны ган татлагаас зуурна. Яг л уулын спортын тамирчин шиг тун сурамгай.
Биднийг очихын өмнөх өдөр нэгэн цооногийн хана нурж, дөрвөн хүн шороонд даруулжээ. Тэд Хөвсгөл, Увс аймгаас энд ирж, нүүрс олборлож байж. Аврагчид шуурхай ажиллаж, тэднийг нүхнээс гаргажээ. Азаар айхтар бэртэж, гэмтээгүй аж. 2017 он гарсаар энд таван осол гарч, хоёр хүн энджээ. Нэг нь шороонд, нөгөө нь ковштой нүүрсэнд дарагдаж амиа алдсан байна.
Уурхайд 22 мм-ээс доошгүй диаметртэй ган татлага хэрэгтэй. Гэвч хууль бусаар нүүрс олборлодог хүмүүс голчлон 16, 18 мм-тэйг ашигладаг гэсэн. Энэ хэрээр аюулгүй ажиллагааны баталгаа алдагдах нь ойлгомжтой. Зургаан сар тутамд ган татлагыг шинэчлэх ёстой ч хэрэгжүүлэх нь өдрийн од шиг байдаг тухай тэд ярьсан.
Миний харснаар зарим татлага элэгдэж, нарийхан болоод, хэзээ мөдгүй тасрахад бэлэн болсон байлаа.
Уул уурхайн аврах ангийн ерөнхий инженер Ч.Батбямбаас уурхайд гардаг ослын талаар тодруулахад “Осол олон хүчин зүйлээс шалтгаалж гардаг. Голдуу хүний буруугаас болдог. Ослын дуудлагын дийлэнх нь нурангид дарагдсан, хүчилтөрөгчийн дутагдалд орсноос үүдэлтэй байдаг. Ослын судалгааг харахад хавар, намар ихэсдэг нь анзаарагддаг. Энэ нь уул, геологийн нөхцөл, агаарын даралтаас хамаардаг юм. Олборлолт хийж буй хэсэг газар зүйн хувьд тогтворгүй. Өмнө нь ашиглаж байсан цооногууд өнөө хэр онгорхой хэвээрээ байгаа. Гэтэл уурхайчид ийм цооногийг мэдэлгүй дэргэд нь нүх ухаад, амиа алддаг” гэв.

ЦООНОГИЙН ЭЗЭНД ӨДӨРТ БАГАДАА 100.000 ТӨГРӨГИЙН ТАТААС АВДАГ
Цооног бүр эзэнтэй. Уурхайчдыг алсаас ажиглаж, машиндаа тухлах хүмүүс эзэн нь аж. Өөрөөр хэлбэл, түрүүн “кино үзэж” байсан хүмүүс л дээ, эзэд гэдэг нь. Тэд цооног ашигласныхаа төлөөсөнд сар бүр татвар төлдөг гэж ярьцгаасан. Үнэн, эсэхийг нь мэдэхгүй юм. Үүнийг батлах ч аргагүй.
Нэг цооногт багадаа зургаан хүн ажиллуулна. Нүүрсний чанараас шалтгаалж нэг ковшийг нь 30-40 мянган төгрөгөөр борлуулдаг юм байна. Тэднээс нүүрс худалдаж авдаг хүмүүс тусдаа байдаг юм билээ. 2-3 ковш нүүрс нэг “Портер”-ийн ачааг дүүргэдэг бөгөөд дунджаар 100.000 төгрөг болдог ажээ. Орлогын талыг цооног эзэмшигч, үлдсэнийг нь “хархнуудад” хувааж өгнө.

Налайх дүүргийн иргэн Энхээ “Би энд дөрвөн жил ажиллаж байна. Сайн чанартай нүүрс гардаг учраас манайх нэг ковштойг 40.000 төгрөгөөр борлуулдаг. Манай амны эзэн Налайхынх биш. Орлогоо авах гэж л өдөр бүр ирдэг юм. Дүү нь биднийг хянадаг. Өдөрт арван машин нүүрс худалдвал нэг сая төгрөг олж, тэрнээс багахан нь бидэнд ирдэг. Арвуулаа хувааж авдаг болохоор тэр. Хэрэв Улаанбаатарт нүүрс зарагдахгүй, машин ирэхгүй бол мөнгөгүй харина” гэв.
Уг нь албаныхны ярьдгаар бол Налайхад байгаа зарим цооногийг ашиглах боломжгүй аж. Боломжгүй гэдэг нь аюултай гэсэн үг. Гэтэл үнэн хэрэгтээ тэнд эзэнгүй цооног нэг ч байхгүй. Эзэн нь гэх нөхөд бүгд л “Бид татаас өгдөг. Хууль бус биш” гэх юм. Тэгсэн хэрнээ тэд хариуцлага хүлээдэггүй. Цооногт осол гарахад харин эзэн нь олдохгүй.

Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүн дураараа цооног гаргаад их орлого олдог гэсэн үг. Уурхайчдын ярьснаар нүүрсний зах зээл хумигдаж байгаа ч нэг амныхан өдөрт хоёр машин нүүрс борлуулдаг гэнэ. Тэгэхээр өдөрт эзэн нь 100.000, нэг “харх” 5000-7000 төгрөгийн орлого олдог. Цооногийн эзэд ийм орлого олдог атлаа ган татлагыг солих дургүй байдаг нь дэндүү цэвдэг санагдав.
Тэнд ажиллаж буй хүмүүс эрүүл мэндийн даатгал төлдөггүй учир бэртэж, гэмтэхдээ эмнэлгийн тусламж авч чаддаггүй. Тэгээд цооногийн эзэндээ хэлэхэд “Би эзэн нь биш, мөнгийг нь зөөдөг хүн” гээд гүрийдэг талаар хүмүүс ярьсан.

“ГАЗАР ЦӨМӨРЧ, АЙЛЫН ГЭР НУРЖ БАЙСАН УДААТАЙ”
Өдгөө Налайх дүүрэгт 21 мянган өрхийн 36.400 хүн амьдарч буй. Тэдний нэг хүрэхгүй хувь нь тогтсон ажилтай гэнэ. Орлогын эх үүсвэр нь уурхай. Ажлын байр байхгүй учир бүхий л насны хүмүүс уурхайд ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг аж. Дээр дурдсан өнөөх уут, шуудай барьсан хүүхэд, эмэгтэйчүүд хаягдал нүүрснээс томыг нь түүж, борлуулдаг юм билээ. Өнөөдрийн байдлаар 100 орчим хүүхэд, эмэгтэй ийм байдалтай ажиллаж байна.

Тэднийг “болжморууд” гэдэг аж. Нүүр, ам нь халтартсан жижиг “болжморууд” 70 кг-ын багтаамжтай шуудайг нүүрсээр дүүргээд чирч явах нь өрөвдмөөр. Гэлээ ч яалтай билээ, ингэж байж л ходоодоо тэжээх тэднийг нийгэм маань “гээчихжээ”. Налайхын төвд 40 кг-ын багтаамжтай шуудайнд савласан нүүрс 4000 төгрөгийн үнэтэй. Харин “болжморууд” том шуудайтайгаа 3500 төгрөгөөр худалддаг юм гэсэн. Сургуулийн амралт, хичээлгүй өдрөө тэнд ажилладаг хүүхдүүдэд хууль бус олборлогчид тун дургүй юм билээ. “Болжмор” хараад л хөөж, загнах юм.

Уурхайчин Г.Дашхүү “Ах нь 20 орчим жил уурхайд ажиллаж байна. Манай энд ажил бараг олдохгүй. Тиймээс эр, эмгүй уурхайгаас хоолоо олж байна” гэж ярив. Түүнтэй адил олон жил уурхайд ажилласан хүн цөөнгүй таарав. Сүүлийн жилүүдэд цооногийг суурьшлын бүсэд тултал ухаж буй талаар тэд ярьсан. Уурхайчин Баатар “Дөрвөн жилийн өмнө суурьшлын бүсийн дэргэд цооног ухаж эхэлсэн. Түүнээс хойш төмөр замаа битүүмжилсэн юм. Доогуур нь ухаж, цооног гаргасан гэж ярьдаг. Газар цөмөрч, айлын гэр нурж байсан удаатай” гэв.
Уул уурхайн аврах ангийнхан энэ талаар “Цооногийг суурьшлын бүсэд тултал ухсан байж болзошгүй гэсэн таамгийг бид дэвшүүлсэн. Одоогоор хэмжилт хийгээгүй байна. Хүмүүс цооног ухаад яг нүүрс олборлож байгаа хэсгээ маш том талбайтай болгосон байдаг. Цаашид нүүрсний гарцыг дагаж ухсаар байх учир эрсдэл улам нэмэгдэнэ. Бид Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу арга хэмжээ авдаг ч нүүрсний уурхайд уг журмыг хэрэгжүүлэх боломж хомс. Жонш зэрэг ашигт малтмалын уурхайд л боломжтой. Тэгэхээр аюулгүй ажиллагаа талаасаа авцалдахгүй байгаа нь анзаарагддаг” гэж тайлбарлалаа.

НАЛАЙХЫНХНЫ АВРАЛ НЬ ТЕХНОЛОГИЙН ПАРК БОЛЖЭЭ
Тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Уурхайг хаах боломжгүй. 2013 онд нэг удаа хаасан. Тэр үед дэлгүүрүүд хаалгаа барьж, иргэд хоолгүй хонох болсон. Тиймээс уурхайг нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлагатай. Одоогийн байдлаар 1000 гаруй хүн уурхайд ажиллаж байна. Тэдний 70 орчим хувь нь орон нутгийнх. Бид өнгөрсөн нэгдүгээр сард уурхайчдыг бичил уурхайн хэлбэрт шилжүүлж, эрх зүйн орчныг бий болгох ажил эхлүүлсэн. Зөвшөөрөлтэй уурхайн компаниудтай хамтран ажилласнаар осол буурч, хүний амь эрсдэхгүй. Тэгэхгүй бол дүүргийн иргэд баталгаагүй орчинд ажиллаж байна. Хэрэв дүүрэгт Барилгын материалын үйлдвэр, технологийн парк ашиглалтад орвол 1500-2000 хүн ажилтай болно. Паркийн шавыг тавьсан ч хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод ажил нь эхлээгүй байна” гэв.
Цаг агаар дулаарахаар дүүргийн Тоосгоны үйлдвэрийн ажил эхэлдэг байна. Дээрээс нь тус дүүрэг шар шороо, элс зэрэг барилгын материалын нөөцтэй. Иргэн Л.Шүрэнчимэг “Би жижиг дэлгүүр ажиллуулж, долоон хүн тэжээж байна. Тэдний дөрөв нь эрэгтэй. Гурав нь хорь гаруй настай. Хүүхдүүдээ уурхайд ажиллуулах зориг алга. Яриад байгаа парк ашиглалтад орвол тэд минь ажилтай болно” гээд санаа алдав.

Хууль бусаар уурхайд ажиллаж, амь насаа алдах явдал олширч байгаа учир дүүргийн удирдлагууд жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих чиглэл барьж буй гэнэ. Тус дүүрэг казах иргэн олонтой. Тиймээс каз хийдэг хоёр үйлдвэр бий аж. Хэдэн жилийн өмнө туркчүүд үүнийг нь экспортлох хүсэлт тавьж байжээ. Гэвч тэдний эрэлтийг хангах хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй учир төслийн ажил зогсчээ. Мөн Налайхад арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулах тухай санал ч гарч байна.
Энэ бүгдийг одоогийн удирдлагууд судлах гэнэ. Тус дүүргийн Засаг даргын Үйлдвэр, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Тунгалаг “Манай дүүрэг нийслэлтэй ойрхон, дэд бүтэцтэй учир үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой. Манайд төрийн байгууллагаас өөр ажлын байр байхгүй. Тиймээс иргэд хууль бусаар нүүрс олборлодог. Уг нь манай иргэд гар урлал хийх, хүнсний ногоо тарих чиглэлээр ажиллах сонирхолтой.
Мөн олон айл өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Гэвч борлуулалт байхгүй учир бие дааж чадахгүй байна. Бид жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийн сургалт хангалттай явуулдаг. Хүмүүс ч идэвхтэй хамрагддаг. “Нарантуул” худалдааны төвийн дээл, хувцас зардаг хүмүүсийн олонх нь манай дүүргийнх. Үүнийг цааш нь зохион байгуулалтад оруулах нь л чухал” хэмээн, уурхайгаас өөр газарт хүмүүсийг ажиллуулах боломжтойг онцоллоо.
“Цагаан сараас хойш хүмүүс нүүрс авахгүй шүү дээ. Түүнээс урьтаж хэдэн төгрөг олохын тулд бид шөнө ч ажиллаж байгаа” хэмээн уурхайчид ярьсан. Уурхайгаас өөр орлогын эх үүсвэргүй тус дүүргийн иргэд өөр ажлын байртай болтлоо энд ажилласаар байх болно гэдгээ хэлж байв.
Ийм нэгэн амьдрал нийслэлийн хаяанд буцалж байна. Тэндхийн “болжмор, хархнууд”-ыг хэзээ баталгаат амьдралтай болгох юм бол. Энэ бол та бүгдийн хийх ажил шүү дээ, эрхэм төрийн түшээд ээ.