
Монголын нийслэлийн гол төв хэсгээс холгүй орших Чойжин ламын сүм музей гадаад, дотоодын аялагчдын сонирхлыг татахуйц, XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн манай улсын уран барилга, архитектур, сүм хийдийн барилга барих дэг жаягийг хадгалж үлдсэн томоохон байгууламж билээ. Энэ музейн барилга, хэрмэн хашаа сүүлийн жилүүдэд муудаж, өнгө үзэмжээ алдахын зэрэгцээ үе үеийн газрын наймаачдын балгаар баталгаажуулж өгсөн газраа ч алдсаар буй.
Газрыг нь булаасан этгээдүүдэд тусалж байсан компанийнхан сүм музейн хашааг эксковатороор мөргөж эвдсэн явдал ч бий. Нэг хэсэг тус музейн хэрмэн хашааг тойроод эр, эм, хөгшин залуугүй бие зассанаас болж хашааны тоосго нь гэмтэж, нурж байсан.
Он цагийн элэгдэл дээр нэрмээс болсон энэ мэт байдлаас болж тус музейн хэрмэн хашаа, бусад хэсгийг зайлшгүй сэргээн засах шаардлагатай болсон юм. Гадаад, дотоодынхны нүдийг хужирладаг энэ газрыг нурсан балгас мэт байлгаж болохгүй биз дээ.

МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСАХ АЖЛЫГ 2010-2015 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Мэргэжлийн хяналтын байгууллага, харьяалах яам, Тамгын газраас Чойжин лам нэрээр олонд танигдсан VIII Богд хааны төрсөн дүү Г. Лувсанхайдавын 1904-1908 онд бариулж ашиглалтад оруулсан сүм музейн барилгыг сэргээн засах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт 2009 онд гаргасан юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2009 оны тавдугаар сарын 12-ны 06-372/239 дугаартай албан шаардлагад “Музейн гадна хэрэм, сүмүүдийн дээвэр нурж, ус нэвчиж байгаа тул холбогдох байгууллагуудад хандан, яаралтай сэргээн засварлуул” хэмээн дурджээ.
Мөн НМХГ-ын улсын байцаагчийн 2010 оны дүгнэлтэд “Уг цогцолборын барилга байгууламжууд нь чулуун суурьтай, хөх тоосгон хана, модон хучилт, шувуун нуруу, шат, шалтай, вааран дээвэртэй, халаалт цэвэр бохир усны системд холбогдоогүй. Цогцолборыг анх барихдаа газар хөдлөлтөөс хамгаалах арга хэмжээ аваагүй учир долоон баллын бүсэд баригдсан барилга нь Барилгын норм, дүрмийн холбогдох шаардлагыг хангадаггүй.
100 гаруй жилийн ашиглалтын явцад үндсэн хийц, бүтээцийг хүчитгэх арга хэмжээ огт авч байгаагүй учир барилгын чулуун суурь гажсан, ... хэрмэн хашааны тоосгон өрөг нэвт хагарсан, зарим үеийн тоосго ус, чийгийн нөлөөгөөр үйрч, суулт үүссэн, цогцолборын бүх барилга, хүндэтгэлийн хаалга, хэрмэн хашааны дээврийн эр, эм ваарнууд хагарсан.
Тиймээс гэмтлийг засварлах, бэхэлж хүчитгэх зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, барилга угсралтын ажлыг түүх соёлын зүйлийг сэргээн засварлах тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар хийлгэх, хууль зөрчиж хамгаалалтын бүсэд барьсан барилгуудыг зайлуулах арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан аж.

Зарим мэдээллийн хэрэгслээр “Чойжин ламын сүмийн хашааны шавар нь унасан ч 100 гаруй жилийн настай хөх тоосго зүв зүгээр байсан. Тиймээс наад талаар нь шавардаад өнгөрөхөөр байхад хуучин байсан хөх тоосгонуудыг царилаар цохиж нураасан” хэмээн бичиж байв. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтэд яалт ч үгүй хэрмэн хашааны тоосгон өрөг нэвт хагарсан, зарим үеийн тоосго ус, чийгийн нөлөөгөөр үйрч, суулт үүссэн гэсэн үг өгүүлбэр байгаа юм. Хавсаргасан зураг баримт нь ч байна.
Мэдээж олон жил болсон түүх соёлын хосгүй үнэт дурсгалуудыг сэргээн засварлах зайлшгүй шаардлага зөвхөн Чойжин ламын сүм музейгээр тогтохгүй хөдөө орон нутагт олон байдаг. Миний л мэдэхийн Богд хааны зуны ногоон ордон, уугуул нутаг Хэнтий аймаг дахь Цэцэн ханы ордны цогцолбор гээд олон эртний барилга байгууламжийг сэргээн засах шаардлага олон жилийн өмнөөс л бий болсон. Тиймээс 2007 онд Засгийн газрын 303 дугаар тогтоол гарч, Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр баталсан юм.
Энэ хөтөлбөрт зориулан улсын төсвөөс 13.1 тэрбум төгрөг тухайн үед зарцуулахаар тусгаж байж. Үүнд дээр дурдсан хоёр ордон болон Чойжин ламын сүм музей зэрэг олон газар багтсан байна. Ингэж оруулахдаа “Чойжин ламын сүм музейн хэрмийн орчимд барилга, байшин барьснаас болж хэрэм хагарч эвдэрсэн, зарим дуганы дээврийн хэсэг хагарч муудсанаас болж борооны ус нэвчдэг, сүмийн модон хийц, өнгө будаг нь маш их муудсан” гэж дээрх хөтөлбөрт хамруулах үндэслэлээ дурджээ. Ингээд эдгээр засварыг хийхийн тулд 2010-2015 онд ажил хийж, 300 сая төгрөг төсөвлөж өгсөн байна.

УЛААН ТООСГО ОРЛУУЛСАН НЬ БАРИЛГЫН ХЭВ ХИЙЦИЙГ АЛДАГДУУЛААГҮЙ ГЭВ
Тус сүм музейн сэргээн засварлах ажлыг “Сүлд уул” компани гардан гүйцэтгэжээ. Түүх соёлын барилга угсралт зэрэг хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг, Монголдоо ганц тус компаниар сэргээн засварлах ажлаа хийлгэсэн нь мэдээж буух эзэн, буцах хаягтай, хариуцлагатай хүмүүстэй хамтран ажиллах, ирээдүйгээ харсан бодлого байсан гэдгийг тухайн үеийн БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаныхан хэлж буй юм.
100 айлын “би чадна”-нуудаар хийлгэвэл эртний түүх соёлын дурсгалыг засах биш, хэмхэлсээр байгаад дуусах байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх буй за.
Тус компанийнхан сэргээн засах ажлаа 2012 оны долдугаар сарын 25-наас эхлэхдээ дээрх яам, музейн төлөөлөл, ЭЦГ-ын түүх соёлын дурсгалт зүйл хариуцсан ажилтан, МХЕГ, НМХГ гээд олон байгууллагын хараа хяналт дор гүйцэтгэсэн байдаг юм билээ. Мөн барилгын сэргээн засах ажил хариуцсан архитектор ч байнга хяналт тавьж байсан аж. Дээр дурдсан сэргээгдэх боломжгүй хөх тоосгоны бутарсан үлдэгдлийг авч хаяхаас өөр аргагүй болсон.

Яагаад гэхээр өнөөдөр XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн технологиор хөх тоосго цохидог газар Монголд нэгээхэн ч үгүй. Оронд нь дахин хөх тоосго олж хийх ч бэрх. Өмнөд хөрш, БНСУ, Япон зэрэг өндөр технологи хөгжсөн газарт дээр үеийн технологиор тоосго цохих боломж бий л байх. Монголд байхгүй учраас нөхцөл байдалдаа тохируулан нурсан хэсгүүдэд улаан тоосго орлуулжээ. Энэ тухайгаа “Сүлд уул”-ынхан хяналт тавьж байсан мэргэжлийн байгууллагуудад тайлагнасан байна.
Энэ талаар архитектор Г.Нямцогт “Уг музейн ханан хэрэм, хашааны сэргээн засварлалтын ажлыг анхны хэв загварыг алдагдуулахгүйгээр хуучин байсан эдлэхүүнээс хэв загварыг авч зассан. Ханан хэрэмний хуучин шавар, тоосгыг буулгаж, улаан тоосгоор сольж, сайн чанартай шавардсан нь хуучин хэв загварыг алдагдуулалгүй, зураг төслийн дагуу сэргээн засварлалтын шаардлага хангаж, чанарын өндөр түвшинд хийсэн байна” хэмээн дүгнэжээ.
БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаныхан ч мөн л зохих журмын дагуу сэргээн засах ажил хийгдсэнийг хүлээн зөвшөөрсөн аж. Тухайн үед ЭЦГ-ын түүх, соёлын дурсгалт зүйл хариуцсан ажилтан “Сэргээн засах ажил, хууль дүрэм, журмын хүрээнд явагдсан. Хөх тоосгыг шинээр цохих боломжгүй учраас улаанаар орлуулсан. Тэгэхдээ газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж хүчитгэх зорилгоор ийм өнгөтэй тоосго хийсэн. Ингэлээ гээд анхны хэв загварыг нь алдуулаагүй шүү дээ. Тухайн үед хөх тоосгыг зарж борлуулсан гэж яригдаж байсан. Бид зохих журмын дагуу шалгахад ийм явдал тогтоогдоогүй.
Зарим хүн ташаа мэдээлэл тараасан болохыг тогтоосон” гэсэн юм. Чойжин ламын сүм музейн хэрмийн ханыг хагархай, хаягдал хөх тоосго, ваар болон түүхий тоосгоор өрж шавардсан байсныг улаан тоосго болгосныг албаны олон хүн, мэргэжлийн байгууллагынхан баталсан. Ингэхээс өөр арга байхгүй нь тодорхой. Тиймээс хэрмийн баганыг хөх тоосгоор, дундах хананд улаан тоосго өрж хуучинтай нь адилхан шавардаж шохойдон засварласан юм байна.
Тус сүм музейг 1961 онд хятадууд зассанаас хойш өөд нь татах нэг ч ажил хийгээгүй байсаар шинэ зуунтай золгосон байгаа юм. Хятадууд ч тухайн үед зарим хэсэгт нь мөн л улаан тоосго хийж байсан юм билээ. Энэ нь түүхий тоосгыг дэлхий даяараа сэргээн засварлах аргыг олоогүйг илтгэж буй юм. Түүхий тоосго гэдэг бол шатаагаагүй тоосго бөгөөд он удаан жилийн явцад элэгдэж нуран овоорсон шавар болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.