
Сүүлийн таван жилд манай улс агаарын бохирдолтой тэмцэхэд 130-140 тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа бий. Гэтэл агаарын бохирдол буурсангүй, харин ч жил ирэх тусам нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрээд буй. Тиймээс Засгийн газраас утаатай тэмцэх шат дараалсан арга хэмжээг аван хэрэгжүүлж байгаа юм.
Юуны өмнө эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлэхээр болж Улаанбаатар хот, төвийн бүсийн 13 аймгийн гэр хорооллын иргэд 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх болсон. Энэхүү шийдвэртэй холбогдуулан халаагуур болон түүний шинэ шийдлүүдийг илэрхийлэх хандлага иргэдийн дунд бий болсон. Тэгвэл эрчим хүч, халаагуур, эдийн засаг, агаарын бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой нэгэн төхөөрөмжийг "Ховдтул" ХХК-ийнхан бүтээсэн байна. Тус төхөөмжийн талаар “Усны судалгааны төв Монгол усны түншлэл” ТББ-ын Захирал, ШУТИС-ын профессор Д.Басандоржтой ярилцлаа.
-Уснаас хуйлралтын аргаар дулаан үйлдвэрлэх технологийн судалгааг хийсэн. Энэхүү судалгааны тань үр дүн юу байв?
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн 5-6 жилийн турш судалгаа хийж ирсэн. 2016 онд улсын төсөвт 67 тэрбум төгрөгийг зөвхөн халаалтад зориулан төсөвлөсөн байсан. Энэ 67 тэрбум төгрөгийг хэрхэн 37 тэрбум олгон бууруулж, үлдсэн 30 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулдаг болгох вэ гэсэн инновацийн төсөл санаачлаад явж байсан.
Ингэхдээ хямд аргаар дулаан үйлдвэрлэх боломжийг хайж ирсэн. Учир нь өнөөдөр манай улсад ашиглагдаж байгаа дулааны халаалтын систем нь ТЭЦ-3, ТЭЦ-4 шиг хэт их эх үүсвэр дээр төвлөрүүлчихсэн байгаа юм. Хэт их төвлөрөл авилгалыг бий болгож, олон асуудлыг араасаа “чирдэг” учраас бие даасан шийдэлтэй, аль болох овор хэмжээ багатай дулааны эх үүсвэр шаардлагатай гэдгийг ойлгосон.
Нүүрс бол бидэнд хангалттай их бий. Гэхдээ боловсруулаад ахуйн хэрэглээнд ашиглах гэхээр их зардал гарч байгаа. Иймд уснаас дулаан үйлдэрлэх технологийн судалгааг хийж эхэлсэн. Судалгааны явцад торнадо хар салхи гэдэг зүйл гарч ирсэн. Үүний учир шалтгааныг судлаад явж байтал хуйлралтын маш их энерги үүсдэг гэдгийг олж мэдсэн. Тус энергиэр кавитацийн аргаар дулаан үүсгэж болохыг ойлгоод судалгаагаа 2011 онд хийгээд хэд хэдэн удаа туршилтад оруулсан. Туршилт ч амжилттай болсон.
-Судалгаанаас гаргаж авсан төхөөрөмжөө “Утааны эсрэг” үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмнэлттэй хэмээн танилцуулж байсан. Илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү?
-Судалгааг хийж байх явцад усны түлхэлцлийн хүчнээс ижил цэнэгтэй ионууд түлхэлцэж дулаан гаргах боломжтой бөгөөд амьдрал дээр ашиглаж болох юм байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, “Цэнэгт-Ус” төхөөрөмж нь утаа гарахгүй, усны молекул хоорондын түлхэлцлийн хүчнээс 86 градус хүртэл дулаан үйлдэрлэж, халаалт, халуун усны хэрэглээг хангаж байна.

Энэ нь нэгэн айлд багахан хэмжээний дулааны станц байгуулж байна гэсэн үг. Үүнд ердөө 10-20 литр ус л шаардлагатай. Төгрөгөөр тооцож үзвэл 10-20 төгрөг гэсэн үг. Иймд Түлээ, мод, нүүрс шатаахгүйгээр өрхийн орлогыг ч нэмэгдүүлэх боломжтой гэж үзээд үйлдвэрлэж эхэлсэн.
-Энэхүү төхөөрөмж нь ямар зарчмаар хэрхэн ажилладаг вэ?
-Зарчим бол их энгийн. Усны түлхэлцлийн хүчээр дулаан үүсгэдэг. Эрчим хүчний анхны энерцийн хүчийг цахилгаанаар өгч байна гэсэн үг. Цаашлаад гаднах агаарын температураас хамаарч тухайн айлын гал түлэх ажиллагааг компьютер буюу ухаалаг төхөөрөмж маань гүйцэтгэж байгаа юм. Хүйтэн байвал галаа түлнэ, дулаан байвал зогсоно. Ямар ч хог хаягдал гарахгүй, энгийн, бүрэн автомат ажиллагаатай.
-Хэчнээн эрчим хүч хэмнэх боломжтой вэ?
-Тухайн объект дулаан алдагдал бага байвал маш бага эрчим хүч зарцуулагдах болно. Дээд тал нь 2000 метр кв, харин хамгийн бага нь 30 метр кв талбайг халаах зориулалттай. Өөрөөр хэлбэл, таван уурын зуухны 50 киловатт хүчээр ажиллаж байна.
Хэмжээний хувьд хоёр янз бий. Бага хэмжээтэй нь 150-180 орчим метр кв талбайг халааж чадна. Туршилтыг өнгөрсөн оны есдүгээр сарын 15-наас Чингэлтэй дүүргийн хоёр цэцэрлэг, Сүхбаатар, Налайх дүүргийн тус тус нэг цэцэрлэг, мөн Тахилтын нэг цэцэрлэг гээд нийт таван уурын зуухыг байршуулаад өнөөдрийг хүртэл ажиллуулахд ямар ч асуудал гараагүй.
Түүнчлэн өдөр бүр ямар хэмжээний цахилгаан зарцуулж, дулааныг үйлдвэрлэж, халааж байгаа вэ гэдэг судалгааг хийж байгаа. Ингэх явцад цаг агаар огцом хүйтрэх үеэр хоногт 20 киловатт цахилгаан зарцуулж байсан. Төгрөгт шилжүүлбэл хоногт 2600 төгрөг зарцуулж байна гэсэн үг.
Харин гэр хорооллын айл өрхөд хамаагүй бага тусна. Ийм замаар нийслэлийн агаарын бохирдлыг багасгаж болно гэж харж байна. Одоогийн байдлаар 3:80 буюу 3 паззын 380 хүчдэлээр хийж байгаа. 220-ын хүчдэлээр ч амжилттай туршиж чадсан.

-Үйлдвэрлэлийн нөхцөлд ямар тооцоо судалгаа хийгдсэн бэ. Үнийн хувьд?
-Зах зээлд зарагдаж буй уурын зуухны үнэтэй харьцуулж үзсэн. Их зөрүү гараагүй. Үнэ тоо хэмжээнээс хамаардаг. Мэдээж нэг ширхэгээр үйлдвэрлэж гаргавал өртөг өндөр тусна. Нэгжийн үнэ 720 орчим долларын үнэтэй. Харин 1000-10.000 ширхэгийг үйлдвэрлэвэл үнэ хямдарна. Монгол Улс жил бүр Монгол Улс жил бүр 33 тэрбум төгрөгийн мод түлээ, 55-60 тэрбум төгрөгийн нүүрсийг ашигладаг гэсэн судалгаа байдаг. Тухайлал, 33 тэрбум төгрөгийн мод түлээ, 55-60 тэрбум төгрөгийн нүүрсийг ашигладаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс ийм хэмжээний байгалийн нөөцийг хэмнэх боломжтой гэсэн үг.
-Нарны эрчим хүчээр ажиллах боломжтой гэсэн?
-Өдрийн цагт нарны эрчим хүчийг ашиглан хоногийн 16 цагт халаагаад, бусад үед цахилгаан эх үүсвэрээ ашиглаж, өрхийн төсвийг ч хэмнэх боломжийг бүрдүүлж өгч байгаа. Хэдийгээр шөнийн тарифыг тэглэсэн ч цаана нь асар их хэмжээний эрчим хүч, ТЭЦ-4-ийн нүүрсний хэрэглээг өсгөж байгаа хэрэг юм. Тухайн өрхөд ачаалал мэдрэгдэхгүй ч улсын хэмжээнд дарамт үүсгэж байгаа учир зөв шийдэл биш юм үзэж байна.
-Үйлдвэрлэхэд хэр их хугацаа шаардагдах вэ?
-Хэрэв бүх эд ангиуд байвал өдөрт 40-50 ширхэгийг угсарчих хүчин чадалтай. Гэвч төхөөрөмж үйлдвэрлэхэд шаардлагатай нарийн түүхий эдүүд монголд үйлдвэрлэгдэхгүй байгаа учир дандаа гаднаас захиалж авчрах шаардлагатай. Бидний ганц бүдэрч буй асуудал бол зах зээл байхгүй, худалдан авагчгүй байгаа явдал. Хэрэв Засгийн газартай хамтарч ажиллах юм бол агаарын бохирдол, эдийн засаг, эрчим хүчийг цогцоор нь шийдэх боломжтой юм.
Харин технологийн хувьд эрчим хүчний хэмнэлттэй байж чадна. Учир нь уснаас түлхэлцлийн хүчээр дулаан үйлдвэрлэхээрээ цаашаа цахилгаан зарцуулах шаардлагагүй болдог.
-Уурын зуухуудын туршилт хийгдсэн юм байна. Харин энгийн айл өрхийн туршилтыг хэзээ, ямар байдлаар хийхээр төлөвлөж байгаа вэ?
-“Агаарын бохирдлын эсрэг” үзэсгэлэн худалдаанд оролцоход иргэд гол төлөв 30-50 метр кв талбайг халаах төхөөрөмж хайж байсан. Тиймээс 50-60 метр талбайд 220-ийн хүчдэлтэй төхөөрөмжийг туршиж үзсэн. Ингэхэд энгийн цахилгаан халаагууртай харьцуулж үзэхэд цахилгааны зарцуулалт хоёр дахин бага гарч байсан. Нөгөөтэйгүүр ердөө 10 литр ус л ашигласан. 1 литр ус 1 төгрөг байдаг. Тиймээс 10 төгрөгийн л материалын зардал гарч байсан гэсэн үг. Үүнээс гадна дахиад таван ханатай гэрт туршилт хийхээр төлөвлөж байгаа.
