
Сүүлийн үед самрын ясаар хийсэн дэр эрүүл мэндэд тустай хэмээн зарах болсон. Иргэдийн дунд ч эрэлт ихтэй байдаг гэнэ. “Самрын ясан дэр нь хүзүү, толгойн өвчнийг намдаана, тархины даралттай хүүхдэд сайн, хушин ойг санагдуулам мэдрэмж төрүүлж, сайхан амраана” гэсэн сурталчилгааны үгтэй зар хаа сайгүй байх болжээ.
Манай улсын байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг хуш мод эзэлдэг. Манайхан хушны самрыг хүнсэнд ихээр хэрэглэж, тэр ч бүү хэл, гүйцэд боловсроогүй байхад нь нэгнээсээ өрсөн түүж, борлуулж байна. Болц нь гүйцээгүй самар давирхай ихтэй учраас нян, вирус амархан татдаг тул халдварт өвчин тараах нөхцөл болдог гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэгэн мэргэжилтэн хэлэв.
Тэгвэл самрын ясан дэр эрүүл мэндэд үнэхээр тустай юу гэсэн асуулт гарч ирж буй. 37 мянга гаруй гишүүнтэй “Mommy Central” группэд нэгэн эмэгтэй “Нөхөр маань самрын ясан дэр хоёрыг авчрахаар нь задалж үзтэл хөгцөрсөн байв. Ээж минь микробиологич хүн учраас хөгц эрүүл мэндэд хортой гэж хэлсэн. Самрын ясан дотор хөгцөрсөн идээ байна. Гадуур хөгцтэй дэр зарж байгаа учраас анхааруулах гэсэн юм. Түүнээс хэн нэгний бизнесийг унагах зорилго агуулаагүй” гэж бичсэн нь сошиалд маргаан дэгдээв.
Түүний постны дор “Тархины даралтад сайн гэхээр нь хүүдээ авч дэрлүүлсэн чинь чийг татаад байсан”, “Манайд хоёр дэр байгаа. Задалж үзнэ ээ”, “Нээрэн самрын яс гэрт хаяж болохгүй, жоом цуглардаг гэдэг шүү дээ”, “Ясыг нь сайн цэвэрлэж, хатаагаад дэр хийвэл ямар нэгэн хоргүй”, “Самрын ясан дэр дэрлүүлээд байсан чинь хүүхдийн минь толгойны хэлбэр хавтгай болчихсон шүү дээ. Ямар ч хэрэггүй юм билээ” гэх мэт эерэг, сөрөг олон сэтгэгдэл хөвөрчээ. Үүнээс улбаалан самрын ясан дэр хүний эрүүл мэндэд үнэхээр тустай, эсэхийг мэргэжлийн хүмүүсээс тодруулахыг хичээлээ.
АШУҮИС-ийн Бичил амь, дархлал судлалын тэнхимийн багш Ч.Баттогтох “Самрын яс өөрөө хөгц, мөөг үүсгээд байгаа юм биш. Чийгтэй орчинд хөгц, мөөг амархан өсөж үрждэг. Цагаан идээ, талх, үр тарианд хүртэл хадгалалтын горим, хугацаа зэргээс хамаарч хөгц, мөөг өсөж үрждэг. Тиймээс хадгалалтын горим, үйлдвэрлэж буй технологиос нь шалтгаалж самрын ясан дэрэнд хөгц, мөөгөнцөр үүсэхийг үгүйсгэхгүй. Нэгэнт ийм болсон бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Эдгээр нь амьсгалын замаар дамжин харшил үүсгэх, багтрааны суурь болох магадлалтай. Өндөр настан, бага насны хүүхэд болон дархлааны тогтолцоо султай хүмүүс дээрх эмгэгт илүү их өртдөг” гэв.
Харин ил задгай хаясан самрын ясанд жоом үрждэг, эсэхийг асуухад “Хэрэв тухайн орчинд жоом байгаа л бол ганц самрын яс ч гэлтгүй хоолны үлдэгдэл, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний хаягдлаар хооллох боломжтой” гэлээ.
“Грийн пинус” компанийн ерөнхий менежер Б.Сугараас энэ талаар тодруулахад “Самрын ясан дэрний технологи их нарийн. Манай дэр 100 хувь самрын яс биш, 20 хувь нь идээний гадуур байрладаг шар хальс байдаг. Энэ хальс нь эрүүл мэндэд нэн тустай. Чанарыг нь алдагдуулахгүйн тулд дэрний уут агаар сайн нэвтрүүлдэг, хэт зузаан биш байх шаардлагатай. Манай компани ийм дэр үйлдвэрлэх эрхтэй ч гадуур гар дээрээс “хулхи” дэр ихээр худалдах болжээ.
Сүүлийн хоёр жил дэр үйлдвэрлэх шаардлага хангахуйц самрын яс бэлтгээгүй. Болц нь гүйцээгүй байхад самар түүснээс болж яс нь чийгтэй байна. Чийгтэй ясаар дэр хийж болохгүй. Гэтэл гадуур самрын ясны хогоор дэр үйлдвэрлэж, хямд үнээр зарах болсон” гэв. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчаас лавлахад “Манайд гомдол ирээгүй учраас шалгасан зүйл алга. Бид хушны самрыг зөвшөөрөлтэй түүж буй, эсэхийг шалгадгаас бэлэн бүтээгдэхүүнд хяналт тавьдаггүй” гэлээ.